Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 183/2016/00791/И |
Дугаар | 183/ШШ2017/02167 |
Огноо | 2017-10-11 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2017/02167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Э
Хариуцагч:Д.О нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 72.364.800 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, хариуцагч Д.Э*******, Д.О******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Э*******, Д.О******* нартай 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 48.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, Х*******, *******3 тоот хаягт байрлах 45.7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан. Зээлийн мөнгийг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Д.Э*******т гардуулж өгсөн ба хариуцагч зээлийн үйл ажиллагааны шимтгэлд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 240.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1.800.000 төгрөгийг хүүгийн төлбөрт шилжүүлж, дутуу байсан тул үлдэгдэл төлбөр болох 184.000 төгрөгийг мөн өдөр тушаасан байдаг. Үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй. 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зээлийн төлбөр төлөхийг сануулж байсан. Зээлийн гэрээнд хариуцагч нар нь эхлээд зээлийн гэрээний хүүг төлж байгаад төгсгөлд нь зээлийн үндсэн төлбөрийг төлөхөөр тохирсон байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Д.Э*******, Д.О******* нараас үндсэн зээлд 48.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт /2016.3.22-ноос 2016.8.16 хүртэл/ 8.444.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.788.800 төгрөг, нийт 58.732.800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан. Гэрээндээ сарын хүүг 5%-иар гэж тохирсон боловч дээрх хугацааны хүүг сарын 4%-иар тооцож нэхэмжилсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахад зээлийн гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй, нэг ч төгрөг төлөхгүй мэтээр тайлбар гаргаж, шүүх хуралдааныг олон удаа хойшлуулсан. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 13.632.000 төгрөгөөр нэмэгдүүлж, энэ нь 2016 оны 08 дугаар сарын 16-наас 2017 оны 01 дүгээр сарын 03-ныг хүртэл 4 сар 22 хоногийн хүүний төлбөр бөгөөд сарын хүүг гэрээнд зааснаар 5%-иар тооцож, 13,632,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 72.364.800 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, шаардах эрхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь тус ББСБ нь Д.Э*******, Д.О******* нарын хүсэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байгуулсан ба нэг удаа хугацааг сунгасан боловч зээлдэгч нар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, улмаар Д.Э******* нь найдваргүй зээлдэгч болж, Монгол банкны бүртгэлд орчихвол дахин зээл авах боломжгүй болно, энэ зээлийг чөлөөлж өгөх хүн байвал олж өгөөч дахин гэрээ байгуулмаар байна гэж хүсэлт тавьсан учраас Ч.Ч******* гэж хүнээр зээлийг нь чөлөөлүүлсэн. Энэ зээлийг чөлөөлөх болсон нь Ч.Ч******* нь тус ББСБ-д байр түрээслэдэг байсан ба манай захирал Д.Б*******, Ч.Ч*******, Д.Э******* нар уулзаж, тохиролцоонд хүрч, Ч.Ч******* Д.Э*******ийн өмнөх зээл болох 40.000.000 төгрөг ,түүний хүүг нэмэж, нийт 48.000.000 төгрөгийг төлж, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинээр зээлийн гэрээ байгуулж, 48.000.000 төгрөгийг авсан. Энэ нь Д.Э*******ийн өөрийнх нь хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн бөгөөд хамгийн гол нь хугацаандаа зээлийн төлбөрийг төлсөн гэдгийг харуулах гэж Д.Э*******ийн хийсэн ажил болохоос үүнийг ББСБ-аас албадсан зүйл байхгүй. Хариуцагч Д.Э******* нь зээлийн мөнгө болох 48.000.000 төгрөгийг авсан бөгөөд хөлөө хугалж таяг тулсан, олон дахин нааш цаашаа явж чадахгүй байна гээд мөнгөө хадгалуулаад явсан байдаг. Ингээд манай ажилтан Т.Мтай Д.О******* 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсний дараа мөнгийг авахаар тохирч, нотариат дээр очиж, зээл болон барьцааны гэрээг гэрчлүүлж, улсын бүртгэлийн газар руу явсан байдаг. Д.О******* өөрийн гараар өргөдөл бичиж улсын бүртгэлд бүртгүүлэхээр өгсөн. Улмаар 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээл болон барьцааны гэрээ бүртгэгдэж, одоо худалдах худалдан авах гэрээгээ цуцалъя гээд ахин нөгөө нотариат дээр очсон байдаг. Энэ талаар гэрч тодорхой мэдүүлдэг. Мөн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн кассын баримтаар хариуцагч нь зээлийн мөнгийг авсан, 2016 оны 03 дугаар сарын 25-нд шимтгэлийн мөнгийг төлсөн нь баримтаар харагдаж байна. Д.Э******* мөнгийг аваагүй бол дээрх баримтад гарын үсэг зурахгүй байх байсан. Мөн зээлийн шимтгэл төлж, 2016 оны 4 дүгээр сарын 22-нд хүүнд мөнгө төлөөд байгаагаас харахад мөнгө зээлж авснаа баталж байна. Иймд зохигчдын хооронд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-д зааснаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, мөн хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ байгуулагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл талуудын хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээний дагуу нэхэмжлэх шаардах эрхгүй байна. Иргэний хуульд гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хэрэв талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа юм бол шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүүг бодох боломжгүй болно. Тиймээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргах эрхгүй байна. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг хариуцагчийн хүсэл зоригийн дагуу хийгдэж байгаа гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримт байхгүй бөгөөд хариуцагч нар нь хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд хууль дээдлэх, шударга ёсны талаар заасан байдаг. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 3 зүйлд зааснаар өөр бусад хууль болох энэхүү хууль зөрчилдсөн тохиолдолд илүү нарийвчилсан хуулиар зохицуулна, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн үйл ажиллагаа нь хуулиар тогтоогдсон хэмжээнд явагдсан эсэх талаар ярих нь зүйтэй байх. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд... Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл Банк эрх бүхий этгээдээс энэ зээлийг Д.Э*******т олгоогүй. ББСБ-аас 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээг цуцлах албан бичиг явуулаад байдаг нь гэрээгээ цуцалсан асуудал байгаа. Нөгөө талаас гэрээнээс татгалзах гэдэг нь эрх зүйн үйлчлэлийг нь байхгүй болгох буюу гэрээ байгуулагдаагүй гэх ойлголт. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үед хүү тооцож байгаа үйлдэл нь буруу байгаад байгаа юм. Нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа Д.Э*******т зээлийн мөнгийг өгсөн, Д.Э******* нь мөнгийг хадгалуулж үлдээсэн тэгээд Ч.Ч******* авсан гэж тайлбарлаж байгаа нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Тэгэхээр энэ зээлийн мөнгийг ББСБ-аас шууд Ч.Ч*******ад өгөөд байгаа юм. Хуульд зээл авах хүсэлтийг хариуцагч нар нь илэрхийлсэн байхыг шаарддаг, түүний дараагаар ББСБ-аас зээлийг олгож гэрээгээ байгуулах ёстой. Гэтэл хариуцагч нараас зээл авах хүсэлтийг огт гаргаж байгаагүй. Өмнө байгуулсан гэрээнд 40.000.000 төгрөгийг авах хүсэл зоригийг илэрхийлсэн зүйл байгаа. Гэхдээ 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг байгуулахыг илэрхийлсэн зүйл огт байхгүй. Зээлдэгч нь огт хүсэлт гаргаагүй байхад түүнийг үндэслэж зээл олгох шийдвэр гарч гэрээ байгуулах зүйл байхгүй. Зээлийг бизнесийн зориулалтаар олгож байна гэж олгосон байж зориулалтын бусаар ашиглаж байгааг нь мэдсэн бол буцааж шаардах эрхтэй бөгөөд ингэж олгож болохгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх буюу хуулиар тогтоосон эрх хэмжээг зөрчиж болохгүй гэж заасан байхад зээлдэгчийн хүсэлтийг үндэслээгүй, зээлдэгчид хувийн хэрэг нээхгүй, Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн эсэх нь ч тодорхойгүй хууль бусаар орлого олоод байгаа юм. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны талаар тодорхой заасан, мөн хуулийн 12 дугаар зүйлд хориглох үйл ажиллагааг заасан буюу тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Гэтэл өөрсдөө зээл чөлөөлүүлээд байгаа юм. Гэтэл ББСБ-д ганц зээлийн үйл ажиллагааг зөвшөөрдөг. Энэ нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар өөр үйл ажиллагаа эрхэлж байна гэдэгт хамаарч байна. Тус байгууллагаас хариуцагчид зээлийг өгөөгүй байж өгсөн мэтээр тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д... Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д.. Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д... Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө гэж заасан байдаг. Гэтэл ББСБ-аас хариуцагч нарыг айлгаж дарамтлах байдлаар ийм зүйлийг хийлгэсэн байж одоо шүүхэд Д.Э******* нь Ч.Ч*******ыг сайн таньдаг гэж худал мэдүүлж байгаа нь зохисгүй юм. Анх 20.000.000 төгрөгийн зээл авчихаад одоо эргээд 70.0 гаран сая төгрөг болгож төлөх нь шударга ёсонд нийцэхгүй. Бидний зүгээс зээлийн хүүгийн шимтгэл төлөх хүсэл зориг байгаагүй, төл гэхээр нь төлчихсөн зүйл байгааг хэлэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ЇНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Э*******, Д.О******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 72.364.800 төгрөг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Д.Э*******, Д.О******* нар нь М******* ББСБ-тай 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 48.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, Д.О*******ийн өмчлөлийн Х*******, *******3 тоот хаягт байрлах 45.7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаанд тавьсан нь зохигчдын тайлбар болон талуудын хооронд байгуулсан ЗГ2016/12, 2016/12 тоот зээл болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.
Д.Э*******, Д.О******* нар зээлийн төлбөрөөс 2.000.000 төгрөг төлж, өөр төлөлт хийгээгүй гэх ба нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч нараас үндсэн зээлд 48.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 8.444.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.788.800 төгрөг, нийт 58.732.800 төгрөг нэхэмжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 08 дугаар сарын 16-наас 2017 оны 01 дүгээр сарын 03-ныг хүртэл 4 сар 22 хоногийн хүүний төлбөр нэмэж нэхэмжлэлийн шаардлагаа 13.632.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 72.364.800 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Харин хариуцагч Д.Э*******, Д.О******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчдын хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул зээлийн гэрээний дагуу мөнгө нэхэмжлэх шаардах эрхгүй, хэрэв талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа юм бол шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүүг бодох боломжгүй болох тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргах эрхгүй гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.
Д.Э*******, Д.О******* нар нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус ББСБ-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 40.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан байх ба зээлдэгч нар төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс М******* ББСБ ХХК-ийн удирдлага /гүйцэтгэх захирал Д.Б*******/, Д.Э*******, Ч.Ч******* нар уулзаж, тохиролцсон нь зохигчдын тайлбар, гэрч Ч.Ч*******ын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд зээлдэгч нарын зээлийг иргэн Ч.Ч*******аар чөлөөлүүлж, /Ч.Ч******* Д.Э*******, Д.О******* нарын өмнөх зээлийг төлж/, улмаар 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинээр зээлийн гэрээ байгуулж, 48.000.000 төгрөгийг Д.Э******* авсан нь мөн өдрийн зохигчдын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөнгө хүлээлгэн өгсөн баримт, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн үйлчилгээний шимтгэлд 240.000 төгрөг төлсөн баримт, түүнчлэн тэрээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн хүүнд 1.816.000 төгрөг, мөн өдөр зээлийн хүүгийн үлдэгдэлд 184.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг төлсөн кассын орлогын баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчдын хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулсан боловч мөнгийг бэлнээр аваагүй гэж тайлбарлаж байх боловч гэрч тус компанийн нягтлан бодогч асан Т.М, зээл чөлөөлсөн гэх Ч.Ч*******, зохигчдын тайлбар мэдүүлэг, Д.О******* тус компанийн нягтлан бодогч Т.М нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, дээрх гэрээг гэрчилсэн нотариатын баримт, уг гэрээг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр цуцалсан тухай баримт, Д.Э******* нь тус ББСБ-аас 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр авсан 40.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн кассын орлогын баримт зэргээс дүгнэж үзэхэд Д.Э******* нь Ч.Ч*******аар өмнөх зээлээ төлүүлж, уг зээлийн гэрээний харилцаа дуусгавар болж, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дээрх зээл болон барьцааны гэрээний дагуу 48.000.000 төгрөгийг зээлж авсан нь нотлогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д заасан дагуу зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж хуульд нийцүүлэн хийсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т.. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, 452 дугаар зүйлийн 452.2-т… Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч төлөөгүй хугацааны хүүнд нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1.3-т... Зээлийн үндсэн хүүгийн хэмжээ нэг сарын 5%, зээлдэгч нь зээлийн хүүг энэхүү гэрээний хавсралт №1-д заасан хуваарьт өдөр төлбөл гэрээнд заасан хүүгээс 1%-ийн хөнгөлөлт эдлүүлэн тухайн сарын хүүг 4%-иар тооцно гэж тохирсон байх ба зээлдэгч нар 2016 оны 4 дүгээр сарын 22-нд хүүнд 2.000.000 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй боловч нэхэмжлэгч тал 2016 оны 03 дугаар сарын 22-ноос 2016 оны 08 дугаар сарын 16 хүртэлх хугацааны хүүг сарын 4%-иар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2016 оны 08 дугаар сарын 16-наас 2017 оны 01 дүгээр сарын 03 хүртэл сарын хүүг /гэрээнд заасан дагуу/ 5%-иар тооцож нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.
Иймд зээлдэгч нараас үндсэн зээлд 48.000.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 22-ноос 2016 оны 08 дугаар сарын 16 хүртэлх хугацааны хүү 8.944.000 төгрөг нэхэмжилснээс зээлдэгч нарын төлсөн 2.000.000 төгрөгийг хасаж, 6.944.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 20%-иар тооцож, 1.388.800 төгрөг, нийт 56.332.800 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 16-наас 2017 оны 01 дүгээр сарын 03 хүртэлх 4 сар 18 хоногийн хүү /48.000.000х5%/=2.400.000, /2.400.000х4 сар18хоног/=13.248.000 төгрөг, нийт /56.332.800+13.248.000/=69.580.000 төгрөгийг гаргуулж, М******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.784.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Х*******, *******3 тоот хаягт байрлах 45.7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 69.580.800 төгрөгийг гаргуулж М******* ББСБ ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э*******, Д.О******* нараас 69.580.800 төгрөгийг гаргуулж, М******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.784.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Д.О*******, Д.Э******* нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Х*******, *******3 тоот хаягт байрлах 45.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 69.580.800 төгрөгийг гаргуулж, М******* ББСБ ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 677.815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О*******, Д.Э******* нараас 505.854 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН