Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 157/ШШ2021/00161

 

 

                                                                                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод байрлах, ... регистрийн дугаартай “МХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн ...сумын ...дүгээр багт оршин суух, ...регистрийн дугаартай Ө  овогт Т-н Д-д холбогдох 7,238,230.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н , хариуцагч Т.Д /онлайнаар/ нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “М  Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М  г ” ХХК-ийн захирал Т.Д  нь “М  Х” ХХК-ийн харилцагч бөгөөд бараа бүтээгдэхүүн худалдан авах явцдаа хугацаа хэтрэлтийн 7,238,230.65 төгрөгийн өглөг үүсгэсэн. “М Х ” ХХК-ийн зүгээс 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хоёр талын хооронд үүссэн худалдааны авлагын санхүүгийн баримтуудаар баталгаажиж, харилцан тооцоо нийлж Тооцооны үлдэгдлийн баталгаа хийгдэн, баталгаажсан төлбөл зохих дүн болох 7,158,461 төгрөгийг 2020 оны 12-р сарын 20-ны байдлаар бүрэн барагдуулахаар төлбөр барагдуулах хуваарь гаргасан боловч хуваарийн дагуу төлөлтийг барагдуулаагүй өнөөдрийг хүртэл компанийг хохироож байна. Иймд хариуцагч Т.Д-с үлдсэн 7,238,230.65 /долоон сая хоёр зуун гучин найман мянга хоёр зуун гучин төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжилж буй үнийн дүнд хүү болон алданги тооцоогүй болно” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М  Х ХХК 2019-2021 оны авлагын дэлгэрэнгүй тайлбарыг гаргасан. Дээр нь  2020 он, 2021 онуудад Т.Д  эгчтэй тооцоо нийлсэн акт зуруулаад төлбөр төлөх график гаргасан. Тухайн үед энэ хүн өөрөө үнийн дүнгээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Одоо 4.000.000 төгрөгөөр бууруулаад үүнийгээ 10 сарын хугацаанд төлнө гэж байгаа нь манайд хохиролтой байгаа учраас уг нэхэмжлэлийг гаргасан.Т.Д  эгчийн 2019 оны эхний байдлаар 6.315.039 төгрөгийн өглөгтэй байсан. Энэхүү өглөгийг барагдуулахгүй явсаар байгаад 2019 оны12 дугаар сарын 27 гэхэд  6.988.230.65 төгрөг болсон. 2020 оны 01 дүгээр сараас эхлээд манайхаас худалдан авалт хийдгээрээ хийсэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар өр авлагын байдал 7.158.430.65 төгрөг болсон. Үүнийгээ тооллогын баталгаа хийгээд өөрийнх нь төлөлтийн график хийгээд гарын үсэг зуруулж авсан. Тэгээд 2021 ондоо багтаагаад төлөх ёстой байсан боловч энэ үнийн дүнгээсээ хасахгүй 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 7.238.230.65 төгрөг болгосон бөгөөд үүнээс хойших хугацаанд эргэн төлөлт орж ирээгүй. Манай компанийн зүгээс худалдан авалт хийх гэрээндээ 30 хоногийн хугацаатай зээлээр олгоно. Түүнээс дээш хугацаатай болох юм бол хугацаа хэтэрсэн зээлд тооцогддог. Энэ хүнээс бид нар ямар нэг хүү тооцоогүй. Зөвхөн өөрийнх нь худалдаж авсан барааны үнийг нэхэмжилж байгаа” гэв.

Хариуцагч Т.Д  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие энэ ажлыг 38 дахь жилдээ хийж байна. Энэ хугацаанд урьд нь өр төлбөрт орж байгаагүй. Энэ компанитай харилцаж олон жил ажилласан боловч тухайн үед байсан ажилчдын болон өөрийн хариуцлага анхааралгүйгээс болж үүссэн энэ төлбөр нь эрхлэгч байсан У-д ямар ч тооцоогүй бөгөөд хамгийн сүүлд 400,000 төгрөг өгөөд тооцоо нийлэн өр төлбөргүй болсон. Мөн эм олгогч З-гийн хувийн данс руу эмний мөнгийг хийдэг байсан зэрэг шалтгаанууд байгаа тул 4 сая төгрөгийг сардаа 400,000 төгрөгөөр төлөхөөр бодож байна. Жич: сумын хүн ам цөөн, суманд 2 эмийн сантай, бага орлоготой байдаг зэрэг шалтгаануудыг харгалзан үзнэ үү” гэжээ.

Хариуцагч Т.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өмнө ажиллаж байсан У дээр сая гаран төгрөг гарсан байсан. Энэ дээр гарсан зүйл мэдэгдэхгүй байна. Мөн З  гэдэг ажилчны хувийн дас руу мөнгө хийдэг байсан. Түүнийгээ би сайн гаргаж ирж мэдэхгүй байна. Энэ хоёр хүний данс руу мөнгө хийсэн нь маргаантай байгаа. Надад арай 7,000,000 гаран төгрөг гарахгүй байх. Миний бодлоор 4,000,000 гаран төгрөг байгаа гэж бодож байна. Би У-той өчигдөрхөн ярьж асуусан. Тэгэхэд надтай ямар ч өр авлагын асуудал байхгүй. Би ажлаасаа гарахдаа Моностой тооцоогоо дуусгаад ажлаа өгсөн гэж ярьсан. З-ийн хувьд би хүний хувийн данс руу халдаж болохгүй учраас харах боломжгүй байна. ... Манай суманд  хоёр эмийн сан ажилладаг хүн ам цөөн жижигхэн учраас борлуулалт муутай. Миний зүгээс хувааж өгөх саналтай байна. Ер нь компани миний гаргаад байгаа саналыг цааш нь уламжилж зөв тоо баримтыг гаргуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад 

      ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “М Х ” ХХК нь хариуцагч Т.Д-д холбогдуулан 7,238,230.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг буюу 4,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргав.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасан.

            Зохигчийн тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ, /хх-н 4-5 хуу/, Авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-н 11 хуу/ зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. Нэхэмжлэгч талаас эм, эмнэлгийн хэрэгслийг хариуцагчид 30 хоногийн хугацаатай зээлээр олгодог, гэрээндээ мөн энэ талаар дурдсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын 6,988,230,65 төгрөг нь 2019 онд үүссэн авлага бөгөөд энэ хугацаанд хамаарах гэрээ хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахаар зааж, дээрх журам зөрчигдсөн тохиолдолд Иргэний хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэхээр заасан. Өөрөөр хэлбэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ердийн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.  

Хариуцагч нь 7,238,230.65 төгрөгийн өр үүсээгүй, зарим төлбөрийг барагдуулсан гэх татгалзал, тайлбараа баримтаар нотлоогүй, тэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон шүүхэд гаргаж өгсөн эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ, төлбөр барагдуулах хуваарь батлах тухай баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, авлагын  дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн дээрх татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж дүгнэв.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулсан.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хэлэлцэн тохиролцсон үнийг шаардах, шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн байх тул хариуцагч Т.Д-с эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ 7,238,230.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М Х ” ХХК-нд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

              ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Ө  овогт Т-н Д-с 7,238,230.65  (долоон сая хоёр зуун гучин найман мянга хоёр зуун гуч зууны жаран тав) төгрөг гаргуулан “М  Х ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,762 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Т.Д-с улсын тэмдэгтийн хураамж 130,762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М Х ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Р.БАТБАЯР