Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 71

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч М.Энхбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 201611000471 дугаартай хэргийг 2017 оны 4 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 1-3 насны 2 хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 сарын 03-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2007 оны 7 сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 сарын 30-наас 2016 оны 10 сарын 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт орших “Адгийн Овоо” гэх газарт байсан иргэн *******ийн Ниссан патрол маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, машины эд ангиудыг нь салган авч бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйл байхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг Булган сумын 3 дугаар баг “Адгийн овоо” гэх газар руу очиход ******* ахын машин зогсож байсан, би ганцаараа буугаад ******* ахын машины хойд талын цонхыг тохойлдож хагалаад хаалгыг нь онгойлгоод хамрыг нь сөхөж 2 ширхэг аккумлятор, дараа нь радиатор, урд 2 их гэрэл 2 ширхэг, ар талын их гэрэл 2 ширхэг, хөгжим, баруун толь, дугаар зэргийг нь аваад Ч.Батсайханы машины хойд талд хийгээд аймгийн төв рүү хөдлөөд Хэрлэн сумын 5 дугаар баг “Дэхт” гэх газарт номер, аккумлятор зэргийг нь буулгаад хаяж байтал араас машины гэрэл тусахаар нь цаашаа хөдлөөд нилээн явж байгаад машин тэрэг харагдахгүй болохоор нь авсан эд зүйлээ буулгаад хаясан юм. ...Би ******* ахын машины эд ангийг салгаад хаячих санаатай байсан, харин хулгай хийж зарж үрэх санаа байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: *******ийн хувьд худаг усны асуудлаас болж хүний эд хөрөнгийг эвдэж, сүйтгэж байгаа нь үнэхээр ёс зүйгүй асуудал юм. Гэхдээ залуу хүний хувьд ухаарах байх гэж бодож байна. Би хохирол төлбөртөө 13362000 төгрөгийг бэлнээр бүрэн авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүргэн, жолооч нар 2016 оны 10 сарын 31-ний өглөө 09 цагийн орчимд аймгийн төвөөс миний машиныг ачиж авч ирэх гээд кран аваад очиход тээврийн хэрэгслийн эд ангийг тонож авсан байсан. ...Би алдагдсан эд зүйлийн үнэлгээг жагсаалтаар гаргаж өгсөн. ...Би өөрийн машинаа засаж сэлбэхээр Улаанбаатар хотод очиж “Моннис моторс” гэх ниссан маркийн машины сэлбэг хэрэгсэл оруулж ирдэг газартай очиж уулзан алдагдсан эд зүйлийн үнийн судалгааг хийж бичгээр гаргуулан авсан бөгөөд машины урд болон хойд номер, төмөр суурьтай 380000 төгрөг, урд салхины шил 1473500 төгрөгөөр үнэлнэ. Би тухайн үнийн судалгааг бичгээр гаргаж өгнө. Надад учирсан хохирлыг тухайн судалгаанаас гаргасан машины сэлбэгний 11568200 төгрөг болон миний машины эд зүйл алдагдсанаас хойш цагдаа нартай хоёр удаа Булган сумруу явсан бензиний мөнгө болох 192000 төгрөг, мөн Улаанбаатар хот руу өөрийн машинаар явсан бензиний мөнгө 480000 төгрөг, кран хөлсөлж Булган сумаас тээврийн хэрэгслийг авч ирүүлсэн 350000 төгрөг, миний хар өнгийн куртка 150000 төгрөг, нийт 13360200 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51, 53/

Бичгийн нотлох баримт:

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-30, 32-33, 35, 38/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31, 34, 39/

-Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 43-44/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46/

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэг хавсаргах тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-49/

-Хохирогч *******ийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 51-53/

-Моннис моторс компаниас ирүүлсэн сэлбэгийн үнийн санал /хх-ийн 54/

-Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлан /хх-ийн 85/

-*******ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 106-108, 110-111/

-Шүүгдэгч *******ийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121-132,

-Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 177/

-Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох санал хүргүүлэх тогтоол /хх-ийн 153, 145/

-Өмгөөлөгч М.Энхтуяагийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчид сонгосон ялын талаар гаргасан санал /хх-ийн 161/

-Сэжигтэн, яллагдагчид холбогдох зарим үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 210/ зэрэг болно.

  Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт орших “Адгийн Овоо”гэх газарт тавиатай байсан хохирогч *******ийн өмчлөлийн “Ниссан патрол” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, машины эд ангиудыг нь салган авч бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Үүнд: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 сарын 03-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 7 сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд түүний ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байх тул дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид гэм хорын хохиролд нийт 13362000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзбэл зохино.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс 4 тооны адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 сарын 18-ны өдрийн, “Бичил Глобус групп” ХХК-ний эзэмшилд байгаа "Субару Форестор" маркийн 71-97 ДОР улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг тус тус хүчингүй болгож, эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ниссан патрол” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын никель нүүр 1 /нэг/ ширхэг, хар өнгийн машины хөгжим 1 /нэг/ ширхэг, урд талын их гэрэл 2 /хоёр/ ширхэг, ар талын их гэрэл 2 /хоёр/ ширхэг, машины баруун талын толь 1/нэг/ ширхэг, хар өнгийн радиатор 1/нэг/ ширхэг зэрэг эд зүйлүүдийг шүүх хуралдаанд шинжлэн судлах явцад хохирогч нь надад учирсан хохирлыг шүүгдэгч бүрэн төлсөн тул буцааж авахгүй, харин шүүгдэгчид өгөх нь зүйтэй гэсэн тул дээрх эд зүйлүүд болон бахь 1 /нэг/ ширхэг, отверк 1/нэг/ ширхэг, түлхүүр 9 /ес/ ширхэг болон иргэний үнэмлэхийн лавлагааг зэргийг шүүгдэгч *******ид тус тус буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******ид оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 13362200 төгрөгийг төлсөн/ болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтаны засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Ниссан патрол” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын никель нүүр 1 /нэг/ ширхэг, хар өнгийн машины хөгжим 1/нэг/ ширхэг, урд талын их гэрэл 2 /хоёр/ ширхэг, ар талын их гэрэл 2 /хоёр/ ширхэг, машины баруун талын толь 1 /нэг/ ширхэг, хар өнгийн радиатор 1/нэг/ ширхэг,  бахь 1 /нэг/ ширхэг, отверк 1/нэг/ ширхэг, түлхүүр 9 /ес/ ширхэг болон баримт бичгээр хураагдаж ирсэн иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг ялтан *******ид буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ийн эзэмшлээс 4 тооны адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн, “Бичил Глобус групп” ХХК-ний эзэмшилд байгаа "Субару Форестор" маркийн 71-97 ДОР улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг тус тус хүчингүй болгож, эзэмшигч нарт нь буцаан олгосугай.  

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******ид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2017 оны 5 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******ид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                               Б.ЭНХБААТАР