Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/49

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гаргасан гомдлоор Б.Э-д холбогдох эрүүгийн 2026000000196 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Монгол улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Хорь түмд овгийн Б.Э

 

Б.Э нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00 цагийн орчим өөрийн байшингийн үүдэнд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хутгыг зэвсгийн чанартай ашиглан Б.Б-г зодож цээжний хөндий нэвтэрсэн шарх, тархи доргилт, зүүн нүдний зовхи хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

           Анхан шатны шүүх шүүгдэгч Хорь түмд овгийн Б.Э-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 2600000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн фудволк 1 ширхгийг устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдолдоо: Миний бие нь шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 2020 оны 08 дугаар сарын 18-ны 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга суманд Б.Б-г хутгаар биед нь гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгүүлэхэд шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 374 дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд амаар болон бичгээр дахин шинжилгээг шүүх шинжилгээний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулах хүсэлтийг удаа дараа өгсөн боловч хүсэлтийг хангаж өгөлгүйгээр ял оногдуулсанд гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтийг яагаад эс зөвшөөрч байна вэ гэвэл хохирогч Б.Б тухайн хэрэг гарснаас 1 цаг орчмын дараа Уянга сумын эмнэлэг дээр очиж их эмч Дөлгөөнөөр шархандаа цэвэрлэгээ хийлгэж 2 оёдол тавиулсан, маргааш нь 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт очиж их эмч Гангамөрөн, Батсайхан нарт үзүүлэн эмчилгээ хийлгэж хэвтсэн. Эмчлүүлж байх явцад эмчлэгч эмч нартай миний бие уулзаж хохирогчийн биеийн байдлыг асууж тодруулахад биеийн байдал хэвийн, шарх нь хөнгөн гэж хэлсэн. Хохирогч 9 хоног хэвтэж эмчлүүлж эмнэлгээс гарахад эмчилгээний төлбөр 450000 төгрөг гарсан. Эмчлэгч эмч өвчтөний биеийн байдал хөнгөн учир эмчилгээний төлбөр 450000 төгрөг боллоо. Хэрэв хүнд гэмтэлтэй байсан бол эмчилгээний төлбөр 1000000 төгрөгнөөс дээш гараад явчихдаг гэж хэлж байсан. Мөн өвчтөний түүх буюу стор дээр хийсэн эмчилгээ нь хохирогчийн цээжний хөндийд нэвтэрсэн хүнд гэмтэлд хийсэн эмчилгээ байхгүй бөгөөд хөнгөн гэмтэлд хийдэг эмчилгээ бичигдсэн байсан. Эдгээр зүйлээс дүгнэлт хийхэд хохирогч нь хөнгөн гэмтэлтэй байсан нь харагдаж байгаа юм. Хохирогчийг хөнгөн гэмтэлтэй байсныг анх оёдол хийсэн Уянга сумын их эмч Дөлгөөн, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмч Гангамөрөн, Батсайхан, эмчилгээний түүх зэрэг зүйлс нотлоно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах бололцоогоор хангаж өгнө үү гэжээ.   

 

Прокурор Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд дахин шинжээч томилуулах талаар албан ёсоор хүсэлт гаргасан асуудал байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхэд өмгөөлөгч П.Өнөрболдоос шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулмаар байна гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс хангахгүй орхисон. Гомдолд дурдсан асуудал болох эмч нар 450000 төгрөгийн эмчилгээ хийсэн учир энэ нь хөнгөн гэмтэл юм. Хэрвээ хүнд гэмтэл байсан бол 1 сая төгрөгийн эмчилгээ хийх ёстой байсан гэдэг. Тэдгээр эмч нар нь шинжээчийн дүгнэлт гаргадаг эрх бүхий албан тушаалтан биш. Ир үзүүр бүхий гадны зүйл хүний бие рүү нэвтэрч орвол Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3 дугаар зүйлийн тодорхой зүйл заалтуудад заасны дагуу хүнд хохирол болж байгаа. Магадгүй нэвтрээгүй зүсэгдсэн шарх байгаа тохиолдолд хөнгөн хохирол болно гэдгийг дурдах нь зүйтэй. 374 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж юуг үндэслэж гэмтлийн зэргийг хүнд хохирол гэж үзснийг тайлбарлуулсан. Шинжээч эмч нь дүгнэлтийнхээ үндэслэл хэсгийг шүүх хуралдаан дээр тайлбарласан. Мөн шинжээч эмч мэдүүлэг өгсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Магадгүй энэ хүн хэвлий хөндий, цээжний хөндийн эд эрхтэн рүү нэвтэрч ороод уушгийг хатгасан бол мэдээж эмчилгээний зардал их гарна гэдэг нь зөв. Гэхдээ наана уушгинд арай хүрэхгүй ч гэсэн нэвтэрч орсон шарх хий үүсгэсэн. Эмчилгээ хөнгөн байна гэдэг нь шинжээчийн дүгнэлт хөнгөн гарна гэсэн асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ял шийтгэл оногдуулсан байгаа. Энэ асуудал өнөөдөр өөрчлөгдсөн буюу шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байдал бий болж байгааг анхаарах хэрэгтэй ... гэв.

 

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хохирогчийн биед гэмтэл учруулаад анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлж Уянга сумын эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Дараа нь эмчтэй холбоотой байж хохирогчийн биеийн байдлыг асууж, эмч нараас мэдээлэл авч байсан. Тухайн үед хохирогч надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан санаа зовох зүйлгүй гэж хэлж байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлт гарч хохирогчийн амь насны хувьд хүнд гэсэн дүгнэлт гарахаар нь би хүлээн зөвшөөрөөгүй. Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хангаж өгөөгүй. Тухайн үед би хууль зүйн туслалцаа буюу өмгөөлөгч аваагүй байсан. Хэрэг прокурорт шилжсэний дараа өмгөөлөгч авч өмгөөлөгчөөрөө дамжуулан дахин шинжээч томилуулах хүсэлт гаргуулсан боловч прокурор хүлээж аваагүй мөн татгалзсан хариу өгсөн. Шүүхийн шатанд мөн адил бичгээр хүсэлт гаргахад шүүх мөн адил хүлээж аваагүй шийтгэл тогтоол гарсан. Одоо ч мөн адил дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлттэй байна. Миний хувьд хутга цээжний хөндийд нэвтэрсэн гэдэгт эргэлздэг. Түүнээс гэм буруугаа зөвшөөрөхгүй байгаа юм биш гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч гомдолдоо үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харин шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэх шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Энэ асуудалд шүүгдэгч нь одоо хүртэл хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байдаг. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхэд өмгөөлөгч П.Өнөрболдоор дамжуулан дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан хэдий ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаж шийдвэрлэлгүй татгалзсан байдаг. Хохирогч нь анх ямар байдалтай эмнэлэгт очсон, ямар тусламж авсан, хэвтэж эмчлүүлсэн бол аль шатлалын эмнэлэгт, ямар тасагт хэд хоног эмчлүүлсэн, төлбөр зардал яаж гарсан зэргийг хуулийн дагуу эмчлэгч эмч нараас гэрчээр асуух шаардлагатай. Мөн өвчтөний шинжилгээ, оношилгоо, өвчтөний түүхийг хэрэгт нотлох баримтаар хэрэгт хавсаргах шаардлагатай. Тэдгээр баримт хэрэгт байдаггүй. Шинжээч дүгнэлтдээ рентгэн шинжилгээний хариуг үндэслэсэн гэж тайлбарласан боловч уг баримт хэрэгт байдаггүй. Дээрх байдлууд нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр хэргийн бодит байдлыг тогтоох, нотлогдвол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байна. Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Нөгөө талаар шүүгдэгч Б.Э-н хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй. Хохирогч Б.Б-н эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх шинжээчийн дүгнэлтийг хөдлөшгүй баримт гэж үзэхэд учир дутагдалтай. Дээрх нотлогдвол зохих баримтууд, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулж хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эдгээр ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа учир анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. Мөн шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Шинжээчээс 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэг авахад ... үзүүлэгчийн зүүн суганы дунд шугамаар 7-8 дугаар хавирганы түвшинд үүссэн шарх нь рентген шинжилгээний хариунд зүүн хавирга өрцний синус мохоо гэх байдал, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан шинжилгээний хариунд зүүн плеврт 1.6 см зузаантай шингэнтэй. Шархны түвшинд хавирга завсрын булчинд d=2.7см х 1.5см ЭХО негатив зах байна гэсэн учир шинжилгээний хариу болон биеийн бодит үзлэгийг үндэслэн 374 дугаартай дүгнэлтийг гаргасан, анхан шатны шүүх хуралдаанд шинжээч ... хэвлийн хөндийн рентген, хэт авиан шинжилгээгээр үзүүлэгчийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд шингэн хурсан нөхцөл байдлыг тогтоосон. Үүнийг үндэслэн 374 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан талаараа тус тус мэдүүлжээ.

Харин 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 374 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ ... бодит үзлэг хийхэд ...зүүн суганы дунд шугамаар 7-8 дугаар хавирганы түвшинд 1.2x0.2 см шархтай тус шархыг тойрсон 18.2x6.7 см талбайд хөхөлбөр өнгийн цус хурсан, бусад биеийн хэсэгт ил харагдах гэмтэл байхгүй,

хэт авиан шинжилгээний хариунд зүүн плеврт 1.6 см зузаантай шингэн байна. Шархны түвшинд хавирга завсрын булчинд d=2.7см x 1.5см ЭХО негатив зах байна/ цус байхаар/, уушгинд голомтот болон нэвчдэст сүүдэргүй. Зураглал ердийн. Уг өргөсөөгүй. Баруун синусууд чөлөөтэй. Зүүн хавирга өрцний синус мохоо. Зүрхний сүүдэр хэвийн гэж тэмдэглэжээ.

 

Дээрх шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээр шинжээч нь хэвлийн хөндийн рентген, хэт авиан шинжилгээний хариунд үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 374 дугаартай дүгнэлтээрээ хохирогч Б.Б-н биед хүнд хохирол учирсан болох талаар дүгнэлтээ гаргасан гэж үзэхээр байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт болох хэвлийн хөндийн рентген, хэт авиан шинжилгээний баримт нь хэрэгт авагдаагүй, шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа талаараа мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байхад /хх-ийн 53хуу/ уг асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.  

 

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байхад хохирогчид хүнд хохирол учирсан гэх шинжээчийн дүгнэлтийг дангаар үнэлэх боломжгүй байгаа гэх тайлбар үндэслэлтэй байна. Мөн мөрдөн байцаалтанд шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Э-д холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаан, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.