Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/02063

 

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч И.Гэрэлчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Шинэбаяртай 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр танилцаж, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү Ш.Бишрэлт төрсөн. Гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь зан харилцаа таарч тохирохгүй, бие биенээ ойлгохгүй байснаас болсон юм. Эвлэрүүлэх хугацаа авах шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн жил тусдаа амьдарч байгаад дахин эргэж нийлж хамт амьдрах гэж оролдсон боловч бүтэлгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

            Хариуцагч Б.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Гэрэлчулуун бид хоёр 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр танилцаж, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд бидний дундаас 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү Ш.Бишрэлт төрсөн. И.Гэрэлчулууны хэлж байгаа бүгд үнэн, бид зан харьцааны хувьд таарч тохирохгүй байснаас хамт амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                         

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

  Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

   Б.Шинэбаяр, Б.Шинэбаяр нар 2013 онд танилцаж, гэр бүл болж, гэрлэлтээ 2014 онд албан ёсоор батлуулсан байх бөгөөд тэдний дундаас 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүү Ш.Бишрэлт төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

          Б.Шинэбаяр, И.Гэрэлчулуун нар зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ үл ойлголцох байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд орсон боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан тохирч, маргаангүй байх тул И.Гэрэлчулуун, Б.Шинэбаяр нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй. 

 

   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д... “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” хэмээн заасан ба хүү Ш.Бишрэлтийг эх И.Гэрэлчулууны асрамжид үлдээхийг хариуцагч Б.Шинэбаяр хүлээн зөвшөөрсөн, талууд энэ талаар маргаагүй байх тул хүү Ш.Бишрэлтийг эх И.Гэрэлчулууны асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

  Зохигчдын дундаас төрсөн хүү Ш.Бишрэлт нь бусад хүүхдийн адил эрх эдлэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тухайн хүүхдийн эцгийн хувьд түүнийг тэжээн тэтгэх үүрэгтэй тул хуульд зааснаар хүүхдийг сар бүр эцэг Б.Шинэбаяраар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

 Гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

                  ТОГТООХ нь:

     1.Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Бат-Эрдэнийн Шинэбаяр, Хатиган овогт Идэрчулууны Гэрэлчулуун нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

           2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 8 дугаар сарын 09-нд төрсөн хүү Ш.Бишрэлтийг эх И.Гэрэлчулууны асрамжид үлдээсүгэй.

 

           3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 8 дугаар сарын 10-нд төрсөн хүү Ш.Бишрэлтийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Шинэбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

 

           4.Гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

           

    5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Шинэбаяраас 100.200 төгрөгийг гаргуулж И.Гэрэлчулуунд олгосугай.

 

     6.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   

             

                        ДАРГАЛАГЧ                                     Д.ДАВААСҮРЭН