Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
Хэргийн индекс | 122/2022/0005/З |
Дугаар | 122/ШШ/2022/0011 |
Огноо | 2022-09-27 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 122/ШШ/2022/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Б.Батцэцэг, Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн Э.Өнөрбаяр, Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн З.Ганцэцэг, Баруун-Урт сумын 2 дугаар багийн иргэн Б.Гансувд, Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Э.Номин-Эрдэнэ, Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн У.Эрдэнэбаатар, Баруун-Урт сумын 5 дугаар багийн иргэн П.Сарнайцэцэг, Баруун-Урт сумын 2 дугаар багийн иргэн Б.Нэргүй, Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн М.Нандинцэцэг, Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Б.Мөнхцэцэг нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эс Ви Жи Жи” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Y-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Б.Сүхжаргал /ЛЕ88020212 регистртэй/-ын өмчлөлд Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Өнөрбаяр, нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.Батцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонзул, Г.Оюунжаргал, гуравдагч этгээд Б.Сүхжаргал, гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтантуяа, нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар нь Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Эс Ви Жи Жи” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Y-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл, мөн иргэн Б.Сүхжаргал /ЛЕ88020212 регистртэй/-ын өмчлөлд Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Нэхэмжлэгч нар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зүүн бүсийн худалдааны төв”-д талбай өмчлөгчид болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зүүн бүсийн худалдааны төв”-ийн А-50, В-52 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг “Эс Ви Жи Жи” ХХК-ийн нэр дээр бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн Y-1213004981, Y-1213004982 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, мөн уг худалдааны төвийн А-49 тоот хаяг /зүүн урд хаалганы зүүн талын хэсэг/-т байрлах талбайг иргэн Б.Сүхжаргалын /ЛЕ88020212/ өмчлөлд бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1213004578 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч нар нь “Эс Ви Жи Жи” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Y-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл, мөн иргэн Б.Сүхжаргал /ЛЕ88020212 регистртэй/-ын өмчлөлд Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3164 дугаартай дүгнэлтээр “Эс Ви Жи Жи” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 7 дугаар баг, Зүүн бүсийн худалдааны төв байрны А-50, В-52 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1213004981, Y-1213004982 дугаартай бүртгэлүүдийг түдгэлзүүлж, мөн уг худалдааны төвийн А-49 тоот хаяг /зүүн урд хаалганы зүүн талын хэсэг/-т байрлах талбайг иргэн Б.Сүхжаргалын /ЛЕ88020212/ өмчлөлд бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1213004578 гэрчилгээтэй талбайн өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн байна.
Нэхэмжлэгч нар нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Бид Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутагт байрлах Зүүн бүс худалдааны төвд талбай худалдаж авсан өмчлөгч нар билээ.
Уг худалдааны төвийг “Эс Ви Жи Жи” ХХК нь 2013 онд барьж ашиглалтад оруулсан ба доторх талбайг 100 гаруй үл хөдлөх эд хөрөнгө болгон бүртгүүлж өмчлөгч нарт худалдсан. Уг худалдааны төвийн өмчлөгч “Эс Ви Жи Жи” ХХК биш энэ талаар бүртгэл байхгүй.
Гэтэл барилгын зурагт 4 ариун цэврийн өрөө уг худалдааны төвийн баруун талд, зүүн урд хаалганы хажууд нийтийн эзэмшлийн талбай төлөвлөсөн байсан. Гэтэл барилгын зураг төсөлд заасан 4 ширхэг ариун цэврийн өрөөний 2-ыг нь буулгаж “худалдаа үйлчилгээний зориулалтаар” гэж өөрийн компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд 2022 оны 2 дугаар сард бүртгүүлсэн, мөн барилгын зураг төсөлд заасан худалдааны төвийн нийтийн эзэмшлийн талбай буюу иргэд чөлөөтэй зорчих зориулалтын коридорын хэсэгт “худалдаа үйлчилгээний зориулалтаар” гэж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гүйцэтгэх захирал О.Лхамсүрэнгийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Б.Сүхжаргалын өмчлөлд бүртгүүлэн гэрчилгээг гаргуулсан байна.
Бидний дундаа хамтран өмчлөх барилгын бүрдэл хэсэг болох ариун цэврийн өрөө, чөлөөтэй зорчих зориулалттай худалдааны төвийн коридорыг Улсын бүртгэлийн байгууллага нь хууль зөрчин “Эс Ви Жи Жи” ХХК, уг компанийн гүйцэтгэх захирлын хамаарал бүхий этгээд болох Б.Сүхжаргал нарын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийсэн нь бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.
Учир нь бид 1 ариун цэврийн өрөөнд өдөрт талбай өмчлөгч 60 гаруй хүн, худалдааны төвөөр үйлчлүүлдэг 100 гаруй хүн, нийт өдөр бүр 200 орчим иргэн дугаарлалт үүсгэх зэргээр эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангадаггүй. Энэ тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 17-03-015/03 албан шаардлага гарсан. Бид ариун цэврийн өрөөний төлөвлөлт зориулалтыг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
Мөн худалдааны төвийн коридорын хэсэгт талбай өмчлүүлж олон тооны хөлдөөгч зэрэг ажиллуулснаар бид зуны улиралд агааржуулалт байхгүй маш хүнд нөхцөлд ажилладаг.
Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасныг тус тус зөрчиж улсын бүртгэлийг хийсэн гэж үзэж байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бид гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу 2022 оны 03 дугаар сарын 28-нд хандсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын хяналтын байцаагчийн 2022.05.11-ний өдрийн 3164 тоот дүгнэлт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2022.05.19-ний өдрийн 07 тоот албан шаардлага гаргасныг Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.
Бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн дээрх дүгнэлтэд “Эс Ви Жи Жи” ХХК-ийн өмчлөлд Y-1213004981, Y-1213004982 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19.4.1, мөн хуулийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.7-д заасныг тус тус зөрчиж хийгдсэн байна гэж дүгнэжээ. Харин Б.Сүхжаргалын өмчлөлийн Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн эрхийн бүртгэлийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хариу өгсөн. Хууль зөрчиж бүртгэл хийгдсэнээс болж Зүүн бүс худалдааны төвд талбай худалдан авсан өмчлөгч бидний эрх ашиг хөндөгдөж байна.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу ”Эс Ви Жи Жи” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Y-12130049818 Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг, иргэн Б.Сүхжаргал /ЛЮ88020212 регистртэй/-ын өмчлөлд Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн нарын төлөөлөгч Б.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг худалдааны төвийг “Эс Ви Жи Жи” ХХК 2013 онд барьж ашиглалтад оруулсан ба доторх талбайг 100 гаруй үл хөдлөх эд хөрөнгө болгон бүртгүүлж өмчлөгч нарт худалдсан. Уг худалдааны төвийн өмчлөгч Эс Ви Жи Жи ХХК биш энэ талаар бүртгэл байхгүй. Гэтэл барилгын зурагт 4 ариун цэврийн өрөө уг худалдааны төвийн баруун талд, зүүн урд хаалганы хажууд нийтийн эзэмшлийн талбай төлөвлөсөн байсан. Гэтэл барилгын зураг төсөлд заасан 4 ариун цэврийн өрөөний 2-ыг нь буулгаж худалдаа үйлчилгээний зориулалтаар гэж өөрийн компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд 2022 оны 2 дугаар сард бүртгүүлсэн, мөн барилгын зураг төсөлд заасан худалдааны төвийн нийтийн эзэмшлийн талбай буюу иргэд чөлөөтэй зорчих зориулалттай коридорын хэсэгт худалдаа үйлчилгээний зориулалтаар гэж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг Гүйцэтгэх захирал О.Лхамсүрэнгийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Б.Сүхжаргалын өмчлөлд бүртгүүлэн гэрчилгээг гаргуулсан байна.
Бидний дундаа өмчлөх хамтран өмчлөх барилгын бүрдэл хэсэг болох ариун цэврийн өрөө, чөлөөтэй зорчих зориулалттай худалдааны төвийн коридорыг Улсын бүртгэлийн байгууллага нь хууль зөрчин Эс Ви Жи Жи ХХК, уг компанийн гүйцэтгэх захирлын хамаарал бүхий этгээд болох Б.Сүхжаргал нарын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийсэн нь бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.
Учир нь бид 1 ариун цэврийн өрөөнд өдөрт талбай өмчлөгч 60 гаруй хүн, худалдааны төвөөр үйлчлүүлдэг 100 гаруй хүн, нийт өдөр бүр 200 орчим иргэн дугаарлалт үүсгэх зэргээр эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангадаггүй. Энэ тухай аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 17-03-015/03 албан шаардлага гарсан. Бид ариун цэврийн өрөөний төлөвлөлт зориулалтыг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
Мөн худалдааны төвийн коридорын хэсэгт талбай өмчлүүлж олон тооны хөлдөөгч зэрэг ажиллуулснаар бид зуны улиралд агааржуулалт байхгүй маш хүнд нөхцөлд ажилладаг. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасныг тус тус зөрчиж улсын бүртгэлийг хийсэн гэж үзэж байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар УБЕГ-т бид гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу 2022 оны 03 дугаар сарын 28-нд хандсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын хяналтын байцаагчийн 2022.05.11-ний өдрийн 3164 тоот дүгнэлт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2022.05.19-ний өдрийн 07 тоот албан шаардлага гаргасныг Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн дээрх дүгнэлтэд Эс Ви Жи Жи ХХК-ийн өмчлөлд Y-1213004981, Y-1213004982 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19.4.1, мөн хуулийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.7-д заасныг тус тус зөрчиж хийгдсэн байна гэж дүгнэжээ. Харин Б.Сүхжаргалын өмчлөлийн Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн эрхийн бүртгэлийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хариу өгсөн. Хууль зөрчиж бүртгэл хийгдсэнээс болж Зүүн бүсийн худалдааны төвд талбай худалдан авсан өмчлөгч бидний эрх ашиг хөндөгдөж байна.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Эс Ви Жи Жи ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Y-12130049818 Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг, иргэн Б.Сүхжаргал /ЛЕ88020212 регистртэй/-ын өмчлөлд Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгч Э.Өнөрбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Зүүн бус худалдааны төв нь агааржуулалт байхгүй,”Orange Bakery” байсан талбайг Б.Сүхжаргал авч хажууд нь зайрмагийн 2-3 хөлдөөгч ажиллаж байгаа учир хөдөлгөөний урсгалыг хаасан байгаа гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Зүүн бүс худалдааны төвийн ариун цэврийн өрөөний хийц зориулалтыг өөрчилж худалдаа үйлчилгээний зориулалттай болгож үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан. Өнөөдөр Хаан банкны барьцаанд 2 ариун цэврийн өрөө байгаа. Ариун цэврийн тухай хуулиар эрүүл аюулгүй орчинд ажиллах ажлын нөхцөлөөр хангуулах, үйлчлүүлэгчид ариун цэврийн боломжит нөхцөлөөр хангуулах эрх нь зөрчигдөж байгаа. Зүүн бүс худалдааны төвд 60-70 хүн өдөр болгон худалдагчаар ажиллаж байгаа, 98 хувь нь эмэгтэй хүмүүс байдаг. Зүүн бус худалдааны төвд нэг ариун цэврийн өрөө ашиглалтад байгаа. Уг ариун цэврийн өрөөнд эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, үйлчлүүлэгч бүгд ордог. Ариун цэврийн өрөөний угаалтуурын хажууд нь эрэгтэй бие засах газар байгаа. Нөгөө хоёр ариун цэврийн өрөөний зориулалтыг өөрчилж оффисын зориулалт болгож өөрсдөө сууж байгаа, нэгийг нь оёдлын зориулалттай, хүн түрээсэлж байсан. Одоо хаалттай байгаа. Үсчний зориулалтай худалдсан хэсэгт маргахгүй байгаа шалтгаан нь 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг, өглөөнөөс орой хүртэл ажилладаг учир ойрхноос үйлчилгээ авах юм. Эмэгтэйчүүд тусдаа нойлд ордог болгомоор байна.
Зүүн бус худалдааны төвийн урагшаа харсан хоёр хаалганы зүүн талын хаалганы зүүн талд иргэн Б.Сүхжаргалын өмчлөлийн талбай байгаа. Барилгын зургаас харахаар уг талбай нь нийтийн эзэмшлийн буюу хүмүүс чөлөөтэй зорчих коридорын хэсэг болж харагдаж байна. Барилгын зурагт хаана лангуу байх, хаана ариун цэврийн өрөө байх талаар маш дэлгэрэнгүй зурсан байдаг. Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс уг барилгын зургийг нотлох баримтаар ирүүлсэн байсан. Хүмүүс чөлөөтэй зорчих хэсэгт яагаад лангуу байрлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр агааржуулалт байхгүй зуны цагт 3-4 ширхэг том хөлдөөгч ажиллаж, хөлдөөгчийн сэнс үлээдэг учир тэр хавьд сууж байгаа өмчлөгч нарт маш халуун байдаг. Мөн тэр хэсэгт “Oronge Bakery”, зайрмаг зардаг учир байнгын хүмүүс шавж байдаг, тэр хэсгээр хүмүүс чөлөөтэй зорчих боломжгүй. Бид нар хаалганы зүүн талд түгжрэл, гацаа үүсээд байгаа болохоор барилгын хүнээс асуухад ямар нэгэн болзошгүй аваар ослын үед хүмүүс чөлөөтэй зорчиж гарах боломжтой байдлаар бид коридорын хэсгийг барилгын зурагт зурдаг. Зориулалтын бусаар лангуу байрлуулж болохгүй ийм хэрэг Сүхбаатар аймагт гарч байсан гэж хэлсэн. Энд ар гэрээ авч яваа эмэгтэй хүмүүс байгаа. Эд нар эрсдэлээс айж байгаа. Өнөөдөр Зүүн бус худалдааны төвийг даатгуулъя гэхээр Сүхбаатар аймагт даатгах газар байхгүй байна. Даатгалын байгууллага ийм эрсдэлтэй газрыг даатгахгүй гэдэг. Ийм учраас хүмүүс хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахын тулд чөлөөтэй зорчих, тусдаа ариун цэврийн өрөөнд орохын тулд нэхэмжлэл гаргаж байгаа. Хэн нэгэнтэй муудаж, өс хонзонгийн сэдэлтээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан байгаа. Барилгын зориулалтыг хууль бусаар өөрчилж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан нь өмчлөгч нарын өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ юугаар тогтоогдож байна гэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” 106.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан байгаа. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэж заасан байдаг. Нэг том худалдааны төвд олон өмчлөгч хамтран дундын өмчлөлөө өмчлөх харилцааг нарийвчлан хуулийн зохицуулсан зохицуулалт өнөөдөр байхгүй.
Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэж байна. Энэ нь шүүхийн практикт тогтсон байгаа. Уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт “Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээш бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж зааснаар барилгын коридор, ариун цэврийн өрөө нь дундын өмчид хамаарч байна. Мөн уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө” гэж заасан байна. Улсын бүртгэлийн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандаж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “Хараат бус байх” гэж заасан байгаа. Би бүртгэлийг хараат хийгдсэн гэж үзэж байна. Учир нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.3 дах хэсэгт барилгын зураг төслийг зориулалтын бусаар өөрчлөхийг хориглоно гэж заасан. Бүртгэгчид барилгын зургийг өгөөд байхад план зургийг үндэслэж бүртгэсэн нь хараат гэж үзэж байна. Батлагдаагүй зураг ашигласан нь өнөөдөр хэлэлцүүлгийн шатанд батлагдаж байна. Үнэн зөв бүртгээгүй учраас улсын байцаагч бүртгэлийг түдгэлзүүлсэн байгаа. Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасан байгаа. План зураг бол барилгын зураг биш учраас нотлох баримтад суурилаагүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь хэсэгт “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Улсын бүртгэгч газар дээр нь очиж үзсэн гэж байна. Барилгын суурь зургийг үзэж зөрүүг арилгах ёстой байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.5 дахь хэсэгт “барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг”-ыг хавсаргана гэж заасан байгаа. Барилга байгууламжийн зураг төсөлд план зураг орохгүй. Уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” бол бүртгэхээс татгалзаж буцаана гэж заасан байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад Хаан банканд бүртгэл түдгэлзүүлэх талаар мэдэгдсэн. Хаан банк барьцааг солиулах боломжтой байсан. Баруун-Урт сумын сум хөгжүүлэх санг гуравдагч этгээдээр оруулж ирсэн бөгөөд бүртгэл түдгэлзүүлэхийг шүүхээс мэдэгдсэн. Сум хөгжүүлэх сангаас барьцааны гэрээ үйлдсэн, барьцааг бүртгүүлсэн талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй учир Б.Сүхжаргалыг өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэдэгт эргэлзэж байна.
Гуравдагч этгээдийн эрх ашиг хохирсон гэж үзвэл иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа. Хууль бус актыг хүчингүй болгосноор өмчлөгч нарын дундын өмчлөлөө чөлөөтэй хэрэгжүүлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлаар хангагдах эрх ашиг нь сэргэнэ. Мөн сэргээх талаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэр бүхий 10 иргэний гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. “Эс Ви Жи Жи” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Y-1213004981, Y-1213004982 улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №3164 тоот хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа.
Иргэн Б.Сүхжаргалын нэр дээр бүртгэлтэй Ү-1213004578 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №3164 тоот хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Тухайн эд хөрөнгөтэй холбоотой шүүх хяналтын шатны захирамж гараагүй байх тул захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх боломжгүй.
“Эс Ви Жи Жи” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Y-1213004981, Y-1213004982 улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд нь Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/202247590605 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, иргэн Б.Сүхжаргалын Ү-1213004578 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаатай байна. Иймд эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүчингүй болгох шийдвэр гаргавал барьцаалагчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөхөөр байна.
Миний хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийг баримталж Эс Ви Жи Жи ХХК-аас бүрдүүлэх ёстой бүх материалыг авч хуулийн дагуу бүртгэл хийсэн. Зүүн бус худалдааны төвд очиж үзэхэд үйлчилгээ явуулахад тохиромжтой оффис байж байсан. Уг оффис нь зүүн бүс анх ашиглалтад орох үед байж байсан. Мэдүүлэгт хавсаргасан план зургаас нь харахад ариун цэврийн зориулалт гэж байгаагүй. Мөн нөгөөдөх нь ч гэсэн үйлчилгээ явуулахад тохиромжтой харагдаж байсан. Иймд улсын бүртгэлийг гаргаж өгсөн гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Сүхжаргал нь 2020 онд Улсын бүртгэлийн хэлтэст Зүүн бүс худалдааны төв дээр 7 метр квадрат үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гээд баримт, материалыг өгсөн. Эс Ви Жи Жи ХХК нь 3000 метр квадрат эзэмшлийн газар дээрээ 2800м2 үйлчилгээний зориулалтай объектыг барьж иргэн, аж ахуй нэгжид захиалгын гэрээгээр худалдсан байгаа. Үүний дагуу Б.Сүхжаргал 2020 онд хуулийн дагуу баримтаа бүрдүүлж үл хөдлөхийн гэрчилгээ авсан байгаа. Эс Ви Жи Жи ХХК нь 2022 онд хуулийн дагуу баримт материалаа бүрдүүлээд үйлчилгээний зориулалтай объектод гэрчилгээ авсан. Тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.13 дахь хэсэгт “шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах” гэж заасны дагуу улсын бүртгэгч Б.Одонзул тухайн объектод очиж танилцсаны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
10. Гуравдагч этгээд “Эс Ви Жи Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Лхамсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Эс Ви Жи Жи” ХХК нь тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 122/ШЗ2022/0068 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч Б.Батцэцэг нарын нэхэмжлэлтэй хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Эс Ви Жи Жи” ХХК-ийн Y-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг хүссэн захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна.
Манай компани нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 00326039 тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 3000 мкв газартаа худалдаа үйлчилгээний зориулалт бүхий “Зүүн бүсийн худалдааны төв”-ийн барилгын ажлын төслийг эхлүүлж 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн СҮ-01/2014 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар” бүрэн ашиглалтад оруулсан. Тус барилга нь манай компанийн балансад үндсэн хөрөнгийн бүртгэлтэй бөгөөд Сүхбаатар аймгийн Татварын хэлтэст үл хөдлөх хөрөнгийн татварыг тогтмол төлж ирсэн. Иймд дээрх иргэд нь манай компанийн Иргэний хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхэд халдсан үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор үнийг төлнө гэсэн үндсэн эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан.
Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж хууль ёсны эзэмшигчийн эрхийг, 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан байхад нэхэмжлэгч эдгээр хүмүүсийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй хууль бус гэж үзэж байна.
11. Гуравдагч этгээд Б.Сүхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Сүхжаргал би тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 122/ШЗ2022/0068 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч Б.Батцэцэг нарын нэхэмжлэлтэй хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Эс Ви Жи Жи” ХХК-ийн Y-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг хүссэн захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна.
Миний хувьд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах Зүүн бүсийн худалдааны төвийн А-49 тоот 7м2 талбайг 2014 оны 1 сарын 05-ний өдрийн худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээгээр 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлбөр тооцоо төлж авсан.
Уг байршилд 2014 оноос эхлэн тухайн үеийн эзэмшигч нар Оранж бэйкэри түрээсэлж явдаг ба өдийг хүртэл түрээсийн гэрээгээр түрээсэлж явж байгаа болно.
2018 онд “Эс Ви Жи Жи” ХХК-ийн Зүүн бүсийн худалдааны төв нь шинэ эзэмшигчтэй болсноор А-32, А-33, А-34, А-35, А-36, А-37, А-38, А-39, А-40, А-41, А-42, А-43, А-44, А-45, А-46, А-47, А-48, А-49, А-50 тоотуудыг шинээр лангуу хийж худалдсан. Тэр үед энэ өмчлөгч нарын адил төлбөрөө төлөөд өмнөх эзэмшигчээс худалдаж авсан байтал “Эс Ви Жи Жи” ХХК-ийн захирал болох миний эхнэр О.Лхамсүрэнтэй 2022 онд байгууллагын маргаан үүссэний улмаас хувийн өш хонзонгийн сэдэлттэй миний хувийн өмчид халдаж байна гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор үнийг төлнө гэсэн үндсэн эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан.
Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж хууль ёсны эзэмшигчийн эрхийг, 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан байхад нэхэмжлэгч эдгээр хүмүүсийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй хууль бус гэж үзэж байна.
Миний хувьд хууль ёсны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан. Үүнийг хэн нэгэн өөрийн эрх ашигт нийцүүлэн миний өмчлөлийн эрхэд халдах үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч нараас миний овог болон регистрийн дугаарыг алдаатай нэхэмжлэл гаргасан байна.
Намайг худалдаж авахаас өмнө буюу 2014 оноос “Orange Bakery” уг талбайг түрээсэлж байсан. Би 2020 онд худалдаж авч хажууд би зөвхөн зайрмаг зарж байгаа. 2-3 хөлдөөгч ажиллуулсан зүйл байхгүй. Өмнө нь “Orange bakery” түрээсэлж байхад хэл ам хийдэггүй байсан. Зүүн бус худалдааны төвтэй маргаан үүсгэснээс болж миний лангууг хүчингүй болгох гэж байна. Би энэ хүмүүстэй адилхан захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгөө төлж авсан. Зүүн хаалганы баруун талд утас засварын Тайвнаа гэж хүн лангуу гаргуулж авсан байгаа. Тэр хүмүүсийн эрх ашиг нь адилхан хөндөгдөх байх гэв.
12. Гуравдагч этгээд ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтантуяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Батцэцэг нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Эс Ви Жи Жи” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Y-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл, мөн иргэн Б.Сүхжаргал /ЛЕ88020212 регистртэй/-ын өмчлөлд Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт тус банк бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан бөгөөд дараах агуулгаар тайлбар гаргаж байна.
Тус банк нь иргэн У.Баярхүүтэй 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд, уг зээлийн гэрээний барьцаанд Ү-1213004981, Ү-1213004982 дугаарт бүртгэгдсэн “Эс Ви Жи Жи” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 7-р баг Зүүн бүсийн худалдааны төвийн А-50 тоот 14 мкв, В-52 тоот 13 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалагдсан. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлэх” шаардлагыг хангасан учир хүчин төгөлдөр гэрээ байна. ХААН банк ХХК буюу барьцаалагч нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд хийгдсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт тус тус зааснаар “эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх зарчмыг хангасан гэж үзэж, эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллийг үндэслэж барьцааны эрхийг олж авсан бөгөөд барьцааны эрх дуусгавар болох хуульд заасан нөхцөл бүрдээгүй байна.
Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар барилга байгууламжийн техникийн улсын хяналтыг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлдэг. Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т зааснаар барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь “барилга байгууламжийн зураг төслийн хэрэгжилтэд хяналт тавих” үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар “”барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах” эрхтэй болохыг хуульчилсан байна. Иймд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө буюу “Зүүн бүсийн худалдааны төв”-ийн барилгыг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн СҮ-01/2014 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар” бүрэн ашиглалтад оруулсан байх тул барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага “Барилгын тухай хууль”-д заасан хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж улмаар барилга барихтай холбоотой зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу баригдсан гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Б.Батцэцэг нар нь “Эс Ви Жи Жи” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Y-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд эдгээр хөрөнгүүдэд улсын бүртгэл хийгдсэнээр нэхэмжлэгч нарын ямар эрх, ашиг хөндөгдсөн нь тодорхойгүй байна.
Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэл нэхэмжлэгч нарын ямар эрх ашгийг хөндсөн, бүртгэл хүчингүй болсноор ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй бөгөөд эд хөрөнгийн улсын бүртгэлд холбогдох хууль, бүртгэл нь үнэн зөв байх зарчимд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
13. Гуравдагч этгээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын засаг даргын тамгын газар, “Сум хөгжүүлэх сан”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Батхүрэл овогтой Сүхжаргал нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар/01 тоот гэрээний дагуу “Явуулын түргэн хоол үйлдвэрлэх” чиглэлээр хөнгөлөлттэй зээл авч 7 дугаар баг, А зэрэглэлийн лангуу Д-000703140, Ү-1213004578 дугаартай хөрөнгийн зээлийн барьцаанд тавьсан.
Иймд тус шүүхэд гаргасан дээрх барьцааны хөрөнгийг холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
14. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагадаа, бид Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт байрлах Зүүн бүс худалдааны төвд худалдааны талбай худалдан авсан өмчлөгч нар. Бидний дундаа хамтран өмчлөх барилгын бүрдэл хэсэг болох ариун цэврийн өрөө, чөлөөтэй зорчих зориулалттай худалдааны төвийн коридорыг Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн байгууллага нь хууль зөрчин “ Эс Ви Жи Жи ” ХХК, иргэн Б.Сүхжаргал нарын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийгдсэнээс болж өмчлөгч бидний эрх ашиг хөндөгдөж байна. Ариун цэврийн өрөөний зориулалтыг өөрчилснөөр өмчлөгч нар эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байна гэж маргаж байна.
15. Хариуцагч Сүхбаатар аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэс тайлбартаа, “ Эс Ви Жи Жи ” ХХК-ны Y- 12130049818, Y-1213004982 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүд нь ХААН банкны барьцаанд, иргэн Б.Сүхжаргалын Y-1213004578 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө нь Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаатай байгаа тул дээрх бүртгэлүүдийг хүчингүй болговол барьцаалагчийн эрх хөндөгдөхөөр байна. Бүртгэл үнэн зөв хийгдсэн гэж маргаж байна.
16. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох ;
-“Эс Ви Жи Жи ”ХХК-ны Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 2013 оны шифрийн 49/13 дугаартай батлагдсан зураг төсөл /план зураг/-ийн хуулбар[1],
-“Эс Ви Жи Жи ” ХХК-ны Худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 2013 оны шифрийн 49/43 дугаартай батлагдсан зургийн “Өрөөний тодорхойлолт”-д заасан ариун цэврийн өрөө байсан хэсэгт Сум дундын шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл[2],
-Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай “ Зөрчил арилгуулах тухай” шаардлагын хуулбар[3],
-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3164 дугаартай “Бүртгэл түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийн хуулбар[4],
-“Эс Ви Жи Жи” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Зүүн бүс худалдааны төв байр А-50 тоот хаягт байршилтай 14м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-1213004981 дугаарт бүртгэлтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааны хуулбар[5],
-“Эс Ви Жи Жи” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Зүүн бүс худалдааны төв байр В-52 тоот хаягт байршилтай 13м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-1213004982 дугаарт бүртгэлтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааны хуулбар[6],
- Иргэн Б.Сүхжаргалын өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Зүүн бүс худалдааны төв байр А-49 тоот хаягт байршилтай 7м. кв талбайтай улсын бүртгэлийн Y- 1213004578 дугаарт бүртгэлтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааны хуулбар[7], нэхэмжлэгч нарын нэхэмжлэл тайлбар, өмгөөлөгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гуравдагч этгээдүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд мэдүүлсэн тайлбар зэргийг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр Б.Батцэцэг нарын 10 иргэний нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, “ Эс Ви Жи Жи ” ХХК-ны өмчлөлд улсын бүртгэлийн Y-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэл, иргэн Б.Сүхжаргалын өмчлөлд Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгож, түүнчлэн энэ маргааныг шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс хураамжийг төлүүлж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
17.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 7 дугаар баг, Зүүн бүс худалдааны төвийн А50 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 14 м.кв талбайг “Эс Ви Жи Жи” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22-22970 дугаартай мэдүүлэг, 2022 оны 2/4 тоот албан бичиг, 2021 оны 001 дүгээр хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, гэрчилгээний хуулбар, -“Эс Ви Жи Жи ”ХХК-ны Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 2013 оны шифрийн 49/13 дугаартай батлагдсан зураг төсөл /план зураг/-ийн хуулбар, фото зураг, тэмдэгтийн хураамж тушаасан баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.Одонзул 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Эс Ви Жи Жи ХХК-ны өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Y-1213004981 дугаарт анх бүртгэж гэрчилгээ олгосон,
18. Дээрх худалдааны төвийн В52 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 13 м.кв талбайг, Эс Ви Жи Жи ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22-22969 дугаартай мэдүүлэг, 2022 оны 2/2 дугаар албан бичиг, 2021 оны 001 дүгээр хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, гэрчилгээний хуулбар, “Эс Ви Жи Жи ”ХХК-ны Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 2013 оны шифрийн 49/13 дугаартай батлагдсан зураг төсөл /план зураг/-ийн хуулбар, фото зураг, тэмдэгтийн хураамж тушаасан баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.Одонзул 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Эс Ви Жи Жи ХХК-ны өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Y-1213004982 дугаарт анх бүртгэж гэрчилгээ олгосон,
19. Мөн дээрх худалдааны төвийн А-49 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 7 м.кв талбайг иргэн Б.Сүхжаргалын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 22-15123 дугаартай мэдүүлэг, өргөдөл, Эс Ви Жи Жи ХХК-ны 2020 оны 36 дугаар албан бичиг, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаартай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ, “Эс Ви Жи Жи ”ХХК-ны Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 2013 оны шифрийн 49/13 дугаартай батлагдсан зураг төсөл /план зураг/-ийн хуулбар, фото зураг, тэмдэгтийн хураамж тушаасан баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.Одонзул иргэн Б.Сүхжаргалын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Y-1213004578 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон нь дээрх үйл баримтуудаар тус тус нотлогдож байна.
20. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт ; улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь хэсэгт ; улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах, 19 дүгээр зүйлийн 19.4.1 дэх хэсэгт ; улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, 19.4.3 дахь хэсэгт ; . . . нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт ; . . . журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзах, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт ; мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана, Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт “... мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг . . . тулгаж нягтална” гэсэн байхад хариуцагч Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.Одонзул нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хуулийн дээрх заалтуудыг зөрчиж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 7 дугаар баг, Зүүн бүс худалдааны төвийн А50 тоот хаягт байрлах 14 м.кв талбай, В52 тоот хаягт байрлах 13м.кв талбайг тус тус Эс Ви Жи Жи ХХК-ны өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Y-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэсэн, мөн А-49 тоот хаягт байрлах 7 м.кв талбайг иргэн Б.Сүхжаргалын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Y- 1213004578 дугаарт бүртгэж шийдвэрлэсэн байна.
21. Тодруулвал, “Эс Ви Жи Жи” ХХК, иргэн Б.Сүхжаргал нараас улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийн бүртгэл хийлгэхээр ирүүлсэн материалд Зүүн бүс худалдааны төвийн барилгын анхны зураг болох 2013 оны шифрийн 49/13 дугаартай зургийг хүргүүлсэн байхад улсын бүртгэгч уг нотлох баримтыг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй байна.
22. Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтанд Зүүн бүс худалдааны төвийн А50, В52 тоот хэсэгт ариун цэврийн өрөө байхаар , А49 тоот хэсэгт иргэд чөлөөтэй зорчих талбай байхаар төлөвлөгдсөн байжээ.
23. Нөгөө талаас, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Зүүн бүс худалдааны төвд байршилтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд[8]-ыг нэхэмжлэгч нарын зүгээс хэргийн материалд хавсарган ирүүлсэн, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нэхэмжлэгч нар нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч нар болох нь нотлогдож байна.
24. Иймд ариун цэврийн өрөө, нийтээр эзэмших чөлөөтэй зөрчих талбайд худалдаа үйлчилгээний зориулалтаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх, эрүүд аюулгүй орчинд ажиллах эрх зөрчигдөж байна гэж дүгнэн нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна гэж үзлээ.
25. Иргэн Б.Сүхжаргалын хувьд захиалгын гэрээтэй байх тул өөрт учирсан хохирлоо “Эс Ви Жи Жи” компаниас иргэний журмаар шаардах боломжтой байна.
26. Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 16 дугаар зүйлийн 16.1.7, 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.3, 19.4.10, 19.4.13, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Эс Ви Жи Жи” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Y-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэл, иргэн Б.Сүхжаргалын өмчлөлд Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь хэргийг эцэслэн шийдвэрлэтэл хүчинтэй болохыг дурдсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 208-219 дэх тал
[2] 2 дугаар хавтаст хэргийн 3-5 дэх тал
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 143-145 дахь тал
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 201 дэх тал
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24, 26 дэх тал