Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 41

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                                                                                                                                                                                                                     

Улсын яллагч Г.Амарсайхан 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр                                                                                                                                                              

Шүүгдэгч М.Гантулга, Б.Бямбаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гантулга, Б.Бямбаа нарт холбогдох 201717000043 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар

 

1974 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,   ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт  тус аймгийн Уулбаян  сумын 1 дүгээр  багт оршин суух,  ял шийтгэлгүй /ЛК74062811/ регистрийн дугаартай, Хорол овгийн Магванжавын  Гантулга.    

 

1977 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн  хамт Уулбаян сумын 1 дүгээр багт оршин суух,  ял шийтгэлгүй /ЛК77121017/ регистрийн дугаартай, Зээрднүүд овгийн Бажуудайн Бямбаа.    

 

                                       Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ 

 

Шүүгдэгч М.Гантулга нь  Б.Бямбаатай бүлэглэн  тээврийн хэрэгсэл ашиглан  2017 оны 01 дүгээр сард Уулбаян сумын нутаг дэвсгэрээс  иргэн Х.Моломжамцын 6 тооны адууг бэлчээрт байхад нь хулгайлан авч  бусдад 8.900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, 

Шүүгдэгч  Б.Бямбаа нь М.Гантулгатай бүлэглэн  тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 01 дүгээр сард Уулбаян сумын нутаг дэвсгэрээс  иргэн Х.Моломжамцын 6 тооны адууг бэлчээрт байхад нь хулгайлан авч  бусдад 8.900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч М.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 сард би Бямбаагийнд очоод, Бямбаа бид хоёр мотоцикльтой яваад адуу хөөж сум руу оруулж айлын гадаа махалсан. 6 адуунаас 4 адууг махалсан гэв. 

 

Шүүгдэгч Б.Бямбаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг гэртээ байхад Гантулга ирээд хоёулаа ойрхон мордоод ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр мордоод хэдэн адуу таарахаар нь туугаад сум руу явсан. Өөр ярих зүйл байхгүй гэв.

 

          Хохирогч Х.Моломжамц мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ:  “...Манайх Түвшинширээ сумын 2 дугаар багт оршин суудаг хар азарга /зүрх тамгатай/, хонгор гүү /том загасан тамгатай/, халтар гүү /ихэр арвай тамгатай/, хээр гүү /загасан тамгатай/, зэгэл даага /загасан тамгатай/ бүгдээрээ ташаан толгой дээрээ Х үсгэн хайчтай нийт 6 адуугаа Уулбаян сумын баруун талаас Хэмхрүү  гэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 25-ны үед алдсан юм. Хэмхрүү гэх газар нь манай адууны бэлчээрлэдэг газар юм. Адуугаа сураглаад олоогүй тухайн үед шуурга шуураагүй, сүүлд адуу хулгайлсан эздийг тогтоосон талаар Мөнххаан сумын хэсгийн төлөөлөгч Мөнхтөр надад хэлсэн. Миний хохирлыг М.Гантулга, Б.Бямбаа нар барагдуулсан тул надад гаргах гомдол санал байхгүй...гэх  /хх-ийн 16-19 хуудас/,

 Гэрч Т.Гантөмөр мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ:..Би тэр өдөр хониндоо явчихаад 12 цагийн орчимд  ирэхэд М.Гантулга, Э.Нацагдорж нар хар зүсмийн азарга, хонгор гүү 2-ыг унагачихсан нядалж байсан. Дараа нь гуяндаа загасан тамгатай хээр гүү, хонгор гүүг нядална гэж байсан. Би Гантулгаас энэ ямар учиртай юм гэхэд танай хүргэн Гантөмөртэй наймаа хийж байгаа юм гэж байсан. ... гэх   /хх-ийн 28-29 хуудас/

 Гэрч Б.Гөлөгсайхан мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ: ... 2017 оны 01 дүгээр  сард байх М.Гантулга надад 2 удаа ирж адууны мах зарсан. Ямар зүсний ямар адууны мах хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санахгүй байна. ... гэх /хх-ийн 30-31 хуудас/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 69 хуудас/

-  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл,  /хх-ийн 63-64, 67, 75-76 хуудас/

    

-  Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65, 68 хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 66, 70 хуудас/

 

        -Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн Засаг даргын Б.Бямбаагийн оршин суугаа газрын талаарх тодорхойлолт. /хх-ийн 61 хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн Засаг даргын М.Гантулгын  оршин суугаа газрын талаарх тодорхойлолт. /хх-ийн 73 хуудас/

 

-  Б.Бямбаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 60 хуудас/, 

 

-М.Гантулгын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 74 хуудас/ зэрэг болно.

 

  Шүүгдэгч М.Гантулга, Б.Бямбаа нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын эхээр Уулбаян сумын нутаг дэвсгэрээс хохирогч  Х.Моломжамцын 6 тооны адууг бэлчээрт байхад нь хулгайлан авч  8 900 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Гантулга, Б.Бямбаа  нарын  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд, хохирогч Х.Моломжамц гэрч  Т.Гантөмөр, Б.Гөлөгсайхан нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

Шүүгдэгч М.Гантулга, Б.Бямбаа нарт  холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй  хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул  М.Гантулга, Б.Бямбаа нарыг  бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ.  

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахад М.Гантулга, Б.Бямбаа нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1,  55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Бямбаагийн эзэмшлийн Dayun маркийн 15-99 ХЭЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч М.Гантулга, Б.Бямбаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч  Х.Моломжамц гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч М.Гантулга, Б.Бямбаа нар нь бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Мөрдөн байцаагчийн  2017 оны 02-р сарын 18-ны өдрийн өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор  битүүмжлэгдсэн Б.Бямбаагийн эзэмшлийн  6.000.000 төгрөгийн үнэ бүхий 4/6 метрийн харьцаатай модон байшин, мөн 2017 оны 04-р сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх  тогтоолоор битүүмжлэгдсэн М.Гантулгын эзэмшлийн 3 000 000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адуу зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгож, Мөрдөн байцаагчийн  2017 оны 02 дугаар сарын 18-ны тогтоолын Б.Бямбаагийн эзэмшлийн Dayun маркийн 15-99 ХЭЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  битүүмжлэлийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Гантулга, Б.Бямбаа нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, энэ гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч бүрэн нөхөн төлөгдсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэмт хэрэг  үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан  шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй  гэж шүүх үзэв.                                         

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  297, 298  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                    

                                                                                                                                                                        

1. Шүүгдэгч М.Гантулга, Б.Бямбаа нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.Гантулгын нэр хөрөнгөнөөс 100.000 төгрөг хурааж, 2 / хоёр/ жил 6 /зургаан/ сарын  хорих ялаар, шүүгдэгч Б.Бямбаагийн нэр хөрөнгөнөөс 100.000 төгрөг хурааж, 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан М.Гантулга, Б.Бямбаа нарт оногдуулсан 2 жил 6 сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлйин 49.2-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Бямбаагийн эзэмшлийн Dayun маркийн 15-99 ХЭЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.

 

5. Ялтан М.Гантулга, Б.Бямбаа нар нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  Мөрдөн байцаагчийн  2017 оны 02 дугаар сарын 18-ны тогтоолын ялтан Б.Бямбаагийн  эзэмшлийн  6.000.000 төгрөгийн үнэ бүхий 4/6 метрийн харьцаатай модон байшинг битүүмжилсэн битүүмжлэлийг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор  ялтан М.Гантулгын эзэмшлийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адууг битүүмжилсэн  битүүмжлэлийг хүчингүй болгож,  Мөрдөн байцаагчийн  2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор бүтүүмжилсэн Б.Бямбаагийн эзэмшлийн Dayun маркийн 15-99 ХЭЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээсүгэй. 

 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д заасныг журамлан ялтан М.Гантулга, Б.Бямбаа  нарт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/  жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар хянан харгалзсугай. 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан М.Гантулга, Б.Бямбаа нарт хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь  Цагдаагийн газарт мэдэгдсүгэй. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан М.Гантулга, Б.Бямбаа  нарт авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА