Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 52

 

 

Б.Түмэндэлгэрт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолтой Б.Түмэндэлгэрт холбогдох эрүүгийн 1936003130253 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 18ы өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, прокурор Т.Өсөхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал  нар оролцов. 

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, Ховд аймгийн Жаргалант сумын 04 дүгээр багийн 25 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, эмэгтэй, урьд ял шийтгэлгүй, Луужин овгийн Бямбажавын Түмэндэлгэр нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын өмчилд бүртгэлтэй “Chongoing Hongli” загварын улаан өнгийн мотоциклийг итгэмжлэн хариуцаж байхдаа 2018 оны 12 дугаар сард иргэн Х.Дэмидэд зарж бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Луужин овогт Бямбажавын Түмэндэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Түмэндэлгэрт хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Түмэндэлгэрт оногдуулсан торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Б.Түмэндэлгэрээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 600000/зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Түмэндэлгэр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нар давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно, мөн хуулийн 3-д бичмэл нотлох баримтыг эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл  үйлдэн хуулбарлан авна гэх хуулийг зөрчсөн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Энэ нь эд хариуцагч Б.Түмэндэлгэрийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн мотоциклийг амаар тоолсон гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг үнэлсэнд гомдолтой байна.

Хавтаст хэрэгт Ховд аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай 133 дугаартай тогтоол, болон тогтоолын хавсралтад Ховд аймаг дахь Цагдаагийн газрын тамга дарагджээ. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Ариунбилэгийн мэдүүлгээр улсын төсвөөр худалдан авалт хийсэн нь тогтоогдоогүй байна. Уг мотоцикль нь улсын дугаартай эсэх, эзэмшигч өмчлөгчийн бүртгэлийн талаарх лавлагааг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна.

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай 133 дугаартай тогтоолын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр данс хөтөлж Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дансанд бүртгэж орлогод хүлээн авсан гэх нотлох баримт нь эргэлзээтэй он сараас нь харахад тодорхой байна. Мөн хавтаст хэрэгт Сумдын Засаг даргын тамгын газрын блансад бүртгэх мотоциклын мэдээлэл, ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл зэрэг нотлох баримтуудыг нөхөж гарын үсэг зуруулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Түмэндэлгэрийг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоол нв хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.                                                                                                               

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Түмэндэлгэрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ховд аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор нь Б.Түмэндэлгэрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг даргын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 9 дүгээр сард  өөрт нь хариуцуулж олгосон Бүгд Найрамдах Хятад Ард  Улсад 2018 онд үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli “ маркийн улаан өнгөтэй мотоциклыг 2018 оны 12 сард Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн иргэн Х.Дэмидэд 1.600.000 төгрөгөөр худалдан борлуулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө,эд хөрөнгийн эрхийг  завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Түмэндэлгэрийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Түмэндэлгэр нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын Б/21 дүгээр захирамжаар   Жаргалант сумын  Бугат багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд түүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд албан хэрэгцээнд ашишлуулах зориулалтаар Жаргалант сумын Тамгын газраас 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д 2018 онд үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн иргэн Х.Дэмидэд 1.600.000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ариунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... манай Жаргалант сумын 12 багийн Засаг дарга тус бүрт 1 ширхэг нийт 12 ширхэг мотоциклыг албан хэрэгцээнд ашиглуулахаар өгсөн, …Багийн засаг дарга нарт өгсөн мотоциклуудыг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр CTS программ буюу байгууллагын өмчид бүртгэж авч байсан.”гэх мэдүүлэг /1 хх-18-19х, 234х/

  Гэрч Х.Дэмидийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ховд аймагт багийн дарга хийдэг манай нутгийн Бямбажавын охин Түмээ гэх эмэгтэйгээс мотоциклоо унахгүй юм чинь зарчих гээд 2018 оны 11 сард 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан.600.000 төгрөгийг мотоцикл авахдаа өгсөн. 1сая төгрөгийг Түмээгийн авга ах Амилагаас ав гэж хэлсэн.2019 оны 10 сарын үед Б.Түмэндэлгэр утсаар ярьж буцааж авах гэсэн юм гэж ярьж байсан, би өөр хүнд зарсан гэж хэлсэн. Хүнд зүгээр мотоциклоо хэрэглүүлдэг хүн гэж байхгүй шүү дээ... гэх мэдүүлэг /1хх-27-28х/

 Гэрч Н.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн ”Hongli” маркийн мотоциклийг 2019 оны 7 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн иргэн Дэмид /Дээмээ/ гэх хүнээс 3 адуугаар сольж авсан.  Равдан гэх хүн ирээд нэг эмэгтэй хүнтэй яриулсан. Тэр эмэгтэй мотоциклио Равданд өгөөд ачуулаад аймагруу явуулчих гэж хэлсэн. Мотоциклийг цагаан өнгийн портер машин дээр ачаад аваад явсан. Хоёр гурван хоногийн дараа аймаг орж тэр эмэгтэйтэй уулзаж мотоциклын үнэ 1.600.000 төгрөг бэлнээр авсан...гэх мэдүүлэг /1хх-23х/

 Гэрч Ж.Доржравдангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.Түмэндэлгэр над руу 2019 оны 11 сард яриад Баасанжаваас мотоцикл аваад ирээч гэсэн. Тэгээд би тухайн мотоциклыг портер машин дээр ачаад аймгийн төвд байдаг Б.Түмэндэлгэрийн хашаанд аваачиж өөрт нь өгсөн... гэх мэдүүлэг /1хх-29-30х/

  Гэрч Б.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны зун байх улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулахаар манай багийн 12 Засаг дарга нарт Хонгли маркийн улаан өнгийн мотоцикл  өгснийг Жаргалант сумын складанд хийж байгаад хэд хоногийн дараа Тамгын газрын дарга Д.Ариунбилэг албан ёсоор өөрийн биеэр бүх Засаг дарга нарт хүлээлгэн өгөөд автомашины  хувийн хэрэг нээж, ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгө ашиглалтын хөрөнгө дээр бүртгээд Жаргалант сумын орлогод бүртгэж авсан. 2019 оны 4 сарын 01-ны өдөр  хөрөнгийн тооллого хийсэн. Тухайн мотоциклыг нүдээр харж тоолоогүй, Б.Түмэндэлгэр мотоциклоо авчирч үзүүлээгүй хашаанд байгаа гэж байсан... гэх мэдүүлэг /1хх-220х/

  Гэрч Ц.Ганданповронгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны зун байх сайн санахгүй байна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн сумдын багийн Засаг дарга нарт “Хонгли” маркийн мотоцикль хүлээлгэн өгснөөс манай суманд 12 ширхэгийг өгснийг складанд хадгалж байгаад Жаргалант сумын өмчид бүртгээд тамгын газрын дарга Д.Ариунбилэг, нягтлан бодогч Өсөхбаяр, ярав Өлзийсайхан нар багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн. Тухайн мотоциклууд төрийн өмчийн мотоциклууд юм.. гэх мэдүүлэг /1хх-221х/

  Үнэлгээ тогтоосон шинжээчийн...”Hongli” маркийн мотоцикль 2.200.000 төгрөгийн үнэтэй ...гэх дүгнэлт /1хх-41х/

 Б.Түмэндэлгэрийн 5845581044 тоот ХААН банкны депозит дансны хуулганд 2018.06.12 өдөр 5863022380 данснаас 600.000 төгрөгийн орлого орсон тухай .../1хх-86х/

  2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нягтлан бодогч Өсөхбаярын албаны компьютерт үзлэг хийсэн “... код 00090, мотоцикль 12, дүн 27.588.000.00, нийлүүлэгч Протек ХХК, байгууллагын нэр-Хо Жаргалант сум ЗДТГ-2018,09,03 гэсэн огноотой мотоцикль-нэгж үнэ- 2.299.000, тоо ширхэг-12 гэснээр үзлэг дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-222,223х/

 Жаргалант сумын орлогын баримт дугаар-0000001 /1хх-228х/

 Жаргалант сумын эд хариуцагч Б.Түмэндэлгэрийн эд хөрөнгө тоолсон бүртгэл 2019.04.12-ны өдрийн /1хх-230х/

Авто машины хувийн хэрэг/1хх-232-233х/

  Ховд аймгийн багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын тендерийн материал /1хх-237-2хх161х/

Багийн Засаг дарга нарыг унаажуулах тендерийн бичиг баримтууд болон “Протек” ХХК шалгарч Ховд аймгийн орлогч даргатай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ /2хх-113х/

  “Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаартай тогтоол, мэдээлэл /2хх-164-166х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн авсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар   нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх, шүүгдэгч Б.Түмэндэлгэрт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон   дээрх нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Түмэндэлгэр нь албан ажлын хэрэгцээнд зориулан түүнд  Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас  хүлээлгэж өгсөн мотоциклыг захиран зарцуулах эрхийг  олгогдоогүй байхад бусдад 1.600.000 төгрөгөөр худалдаж, өөрт нь хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшсан болох нь тогтоогдсон байх тул  шүүгдэгч болон  түүний өмгөөлөгч нарын “...хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах  шинэ нотлох баримтыг цуглуулах,нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүй.” гэсэн агуулгатай давж заалдах журмаар гаргасан гомдол  үндэслэлгүй байна. 

  Иймд шүүгдэгч Б.Түмэндэлгэр болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан   гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Түмэндэлгэр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                  ШҮҮГЧИД                                         М.НЯМБАЯР

 

                                                                                            Д.КӨБЕШ