Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/00254

 

 

 

2019 оны 1 сарын 14 өдөр Дугаар102/ШШ2019/00254 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

нэхэмжлэгч:

нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:

холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт нийт 12.228.536 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Уянга хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн зээзээын *******тэй 2015 оны 4 сарын 8-ний өдрийн 00150041 дугаартай зээлийн гэрээ байгуулж 33,312,240 төгрөгийг зээлсэн. Зээлийн үндсэн төлбөр болох 6,054,948 төгрөг, зээлийн хүү 5,972,690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,200,898 төгрөг буюу нийт 13,228,536 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Өмнөх 2014 оны зээлийн гэрээний 30.000.000төгрөг төлөгдөөгүй байсан. Тус гэрээг сунгахдаа шинээр зээл олгосон хэлбэрээр хийсэн, зээлийн гэрээниa хугацааг сунгахдаа шинээр зээлийн гэрээ олгосон хэлбэрээр хийсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч тал 30,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай зээлж авсан тухайд маргахгүй байгаа нь зээлийн үлдэгдэл төлбөр байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг юм. 2015 оны зээлийн гэрээг хийхдээ тодорхой алдаа гаргасан хэдий ч 2014 оны зээлийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй байгаа. Бид 33,312,240 төгрөгөөс хүү тооцож нэхэмжлээгүй, үндсэн зээлийн төлбөрөөс үлдсэн 6,054,000 төгрөгөөс хүү тооцсон. Зээлдэгч 39,000,000 төгрөг төлөөгүй, 8,750,000 төгрөгийн хүү төлсөн. 30,000,000 төгрөгийг үндсэн зээлийн хугацаанд төлөөгүй, 2015 оны 7 сарын 09-ний өдөр төлсөн. Энэ хугацаанд хүү бодогдож байсан, хүү төлөх үүргээс чөлөөлөгдөөгүй. Хүү төлөх нь зээлийн гэрээний үндсэн үүргийн нэг юм. Иймд бид хуульд заасан төлбөрийг ямар ч нэмэгдэлгүй шаардаж байгаа. Үндсэн зээлийн үлдэгдэлээс л хүү тооцсон юм. 2015 оны 4 сарын 19-ны өдрийн гэрээ нь хугацаа сунгалтыг шинэ гэрээ мэт байгуулж алдаа гаргасан байдаг.... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* нь 2015 оны 4 сарын 08-ны өдрийн 00150041 тоот зээлийн гэрээгээр 33,312,240 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар аваагүй, нэхэмжлэгч тал олгосон талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд гэрээтэй холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 3 сарын 19-ний өдөр 00140019 дугаар зээлийн болон барьцааны гэрээгээр 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээл авсан. 2014 оны 3 сарын 19-ний өдрийн гэрээний дагуу хариуцагч 39,835,000 төгрөг төлсөн. 2015 оны 6 сарын 09-ний өдөр төлсөн 30,000,000 төгрөгийн баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан ч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тул нотлогдсон. 2015 оны 9 сарын 29-ний өдөр гэрээ дуусгавар болсон ба үндсэн зээл 5,452,514 төгрөг, зээлийн хүү 702,702 төгрөг нийт 6,155,216 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2014 оны 4 сарын 08-ны өдөр 00140019 дугаар барьцааны гэрээг дуусгавар болгож барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн. Улсын бүртгэлд гэрээний үүрэг дуусгавар болсноор барьцаа хөрөнгийг чөлөөлдөг. Нэхэмжлэгч тал 2015 оны 4 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг үргэлжилсэн гэрээ гэж тайлбарлалаа. Гэтэл энэ гэрээ нь бичгийн болон агуулгын хувьд бие даасан зээлийн гэрээний байдлаар бичигдсэн, хуульд заасан хэлбэрээр байгуулагдаагүй, талуудын өмнөх гэрээг халхавчлах зорилготой, 33,312,240 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар олгоогүй атал олгосон мэт дүр үзүүлсэн байна. 33,312,240 төгрөгийг үндсэн зээл болгож хувиргасан нь хүүнээс хүү бодохгүй гэсэн Иргэний хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. 2015 оны 4 сарын 08-ны өдрийн гэрээнд 30,000,000 төгрөгийн харилцааг үргэлжлүүлэн тусгасан бол маргаан байхгүй гэтэл тусдаа зээлийн гэрээний харилцаа мэт бичигдсэн тул хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл тул тус гэрээнээс шаардах эрх үүсэхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан тул шаардах эрхээ алдсан. Гэвч хариуцагч Ш.******* нь үндсэн зээл 5,452,514 төгрөг, зээлийн хүү 702,702 төгрөг нийт 6,155,216 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулъя. 2014 оны 3 сарын 19-ний өдөр 00140019 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан. 2015 оны 4 сарын 08-ны өдөр үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 3,312,240 төгрөг нийт 33,312,240 төгрөг болсон. Банк бус санхүүгийн байгууллагын шаардлагаар үлдэгдэл төлбөрт зээлийн гэрээ байгуулсан хэдий ч энэ гэрээ хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл 33,312,240 төгрөгийг зээлдэгчид бэлэн болон бэлэн бусаар олгосон зүйл байхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээл олгох процессыг тодорхой зааж өгсөн боловч тус заалтууд гэрээнд хэрэгжээгүй байдаг. Иймд тус зээлийн гэрээ нь 33,312,212 төгрөгийг олгоогүй атал олгосон мэт дүр үзүүлсэн, зээлийн гэрээг үргэлжлүүлэх зорилгоор халхавчилсан байна. Мөн олгогдоогүй 3,312,212 төгрөгөөс хүү тооцохоор гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1,8, 222 дугаар зүйлийн 222.6 заасан хүүгээс анз тооцохгүй зэрэг заалтуудыг зөрчсөн тул Ш.*******ийн байгуулсан 2015 оны 4 сарын 08-ны өдрийн 00150041 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь харриуцагч Ш.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 12.228.536 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2015 оны 04 сарын 08-ны өдөр 00150041 тоот зээлийн гэрээ бичгээр байгуулан хариуцагч Ш.******* нь Эм Эс Өү Инком ББСБ-тай буюу нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-аас 33.312.240 төгрөгийг 2 сарын хугацаатай 3,50 хувийн хүүтэй уурхайн засвар үйлчилгээний зориулалттай зээлэхээр тохиролцжээ. /хэргийн 13-15 дугаар тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хэлцэл талуудын хооронд бичгээр байгуулагдсан байна. Зохигчид энэ талаар маргаагүй.

 

Харин хариуцагч дээрхи хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаа болно.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 33.312.240 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч буюу зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

2015 оны 04 сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 33.312.240 төгрөгийг хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлээгүй бөгөөд зохигч талууд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрч 2015 оны 04 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан болох нь хариуцагчийн хариу тайлбар, 2019 оны 01 сарын 17-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлтэй холбоотой нэмэлт тодруулга тайлбар, хариуцагч Ш.*******ийн MSO Инком ББСБ-д гаргасан хүсэлт, 2014 оны 03 сарын 19-ны өдрийн зээлийн гэрээ, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн ... дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл 2014 оны 03 сарын 19-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 12 сар байхаар талууд гэрээгээр тохиролцсон ба энэ гэрээний хугацаа дуусахад зээлдэгч буюу нэхэмжлэгч Ш.******* зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй байсан, 2014 оны 03 сарын 19-ны өдрийн барьцааны гэрээг дуусгавар болгон зээлийн гэрээний үүргээ цаашид хугацааг нь сунгаж үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

 

Гэвч зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ байгуулахдаа гэрээний агуулгыг андуурч дахин шинээр зээл олгож байгаа мэтээр зээлийн гэрээ байгуулсан байна.

 

Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2, 451 дугаар зүйлийн 451.1 дэхь хэсэгт зааснаар зохигч талуудын хооронд 2015 оны 04 сарын 08-ны өдөр байгуулагдсан 00150041 тоот зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгчид гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй тул хариуцагч Ш.*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 12.228.536 төгрөг гаргуулах тухай нэмэжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хариуцагч 2014 оны 03 сарын 19-ны өдрийн зээлийн гэрээнээс гүйцэтгээгүй үүрэг 6.155.216 төгрөг байгаа болохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224.093 төгрөгийг, хариуцагч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324.511 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 324.511 төгрөг гаргуулан хариуцагчид буцаан олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ш.*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 12.228.536 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224.093 төгрөгийг, хариуцагч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324.511 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 324.511 төгрөг гаргуулан хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ