| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 105/2024/1095/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1113 |
| Огноо | 2024-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1113
2024 10 17 2024/ШЦТ/1113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч Х.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Зт холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр ХХ төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, ХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дүгээр байрны ХХ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Х.З /регистрийн дугаар ХХ00000000/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Х.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ хотхоны гадна хохирогч Л.Жтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгой болон хүзүүн тус газар хутгаар зүсэж гэмтээн, эрүүл мэндэд нь хүзүү, духанд хатгагдсан шарх, хамар, уруул, зүүн хацарт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.З мэдүүлэхдээ: “... би буруу зүйл хийснээ ойлгож, хүлээн зөвшөөрч, харамсаж байгаа. Дахин ийм зүйл хийхгүй, архи уухгүй байгаа. Архи уугаад ийм зүйл болсон байна лээ. ...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Л.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 16 дахь тал/,
2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Л.Жы мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 20 дахь тал/
2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрч Г.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 22 дахь тал/,
2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 24 дэх тал/,
2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрч Г.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 27 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14996 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр Л.Жы тусламж үйлчилгээ авсан талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаар олгох лавлагаа, тодорхойлолт /хавтаст хэргийн 96-97 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 73 дахь тал/
- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 72 дахь тал/
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 74 дэх тал/
- Эрүүл мэндийн даатгалын төлөлт, /хавтаст хэргийн 67-69 дэх тал/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хавтаст хэргийн 70-71 дэх тал/
- Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, /хавтаст хэргийн 66 дахь тал/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс долоон зуун гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар 5 нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг долоон жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Х.Зын холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ хотхоны гадна хохирогч Л.Жтай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгой болон хүзүүн тус газар нь хутгаар зүсэж гэмтээн, эрүүл мэндэд нь хүзүү, духанд хатгагдсан шарх, хамар, уруул, зүүн хацарт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “Баянзүрх дүүргийн ХХ дугаар хороо, ХХ хотхоны гадна иргэн Л.Ж хүзүүндээ хутгалуулсан байдалтай Гэмтэл согог үндэсний төвд хүргэгдэн ирсэн” гэх тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас,
2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Л.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Би 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би ажлынхаа газрын хүний найз болох Х.Зынд очсон. Би Х.Зынд Бийн хамт очсон, бид нар очихдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бид нар тухайн айлд 1 шил архи уусан. Тэгээд би цаашаа юу болсныг санахгүй байна. Би маш их согтсон байсан болохоор тэр талаар юу ч санахгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг,
2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Л.Жы мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн "... Би шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан 14996 дугаартай шинжээчийн дүгнэлттэй дахин уншиж танилцсан ба уг асуудалтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Уг шүүх эмнэлгийн дүгнэлтэд заагдсан гэмтлийг хэн хэрхэн учруулсан болохыг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор санахгүй байгаа бөгөөд уг асуудал болсны дараа хамт архи уусан Б мөн хамт архи уусан Х.Зыг хутгаар биед халдаж учруулсан талаар хэлсэн. Уг асуудал болдог өдөр Х.Зын тодорхой хаягийг хэлж чадахгүй Баянзүрх дүүргийн Натурт байрлалтай гэрт гэрийн эзэн Х.З, Б, Н нарын хамт архи уусан ба хамт байсан Б, Н нар мэдэж байгаа. Миний хувьд хэн нэгний биед халдсан зүйл байхгүй ба тэгэх ухаан ч байгаагүй. Би уг асуудалтай холбоотой сэтгэл санааны хор уршиг тогтоолгох шаардлага байхгүй. Уг асуудал болсны дараа Х.З өөрийн гэм буруутай байдлыг ойлгож төлбөрийг бүрэн барагдуулж 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг,
2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрч Г.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... манай эмнэлэгт 2023 оны 11 сарын 26-наас 27-нд шилжих шөнө 02 цаг 10 минутад Л.Ж гэх 33 настай, эрэгтэй хүзүүний зүүн талд шархтай шархнаас цус гараад байна гэх оноштой манай эмнэлэгт хүргэгдэн ирсэн..." гэх мэдүүлэг,
2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Намайг 2023 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, 4/1 дүгээр байрны А38 тоот гэртээ унтаж байхад уурхайд ээлжийн ажил хийдэг эхнэр Л.Аөөрийнхөө ХХ дугаарын утаснаас миний ХХ дугаарын утас руу холбогдож хадам дүү Л.Жыг хүзүү хэсэгтээ хутгалуулсан цус гарч байна гэж хүн залгаж хэлсэн гэж одоо санахгүй байгаа утасны дугаарыг өгөхөд нь түүнтэй холбогдож гэрийг заалгаж Чингэлтэй дүүрэгт байрлалтай нийтийн байр бололтой газарт очсон. Намайг тухайн газарт явж ороход хадам дуу Л.Ж нь ухаангүй, хүзүү хэсгээс нь цус гарч даавуугаар боосон байдалтай ажлын газрын хүн гэх залуу хамт байсан бөгөөд юу болсон талаар тодруулж асуухад найзын гэрт хамт архи ууж байхад найз хутгалсан гэж хэлсэн ба түргэн тусламж дуудсан эсэх талаар асуухад гайгүй юм байх гэж бодоод дуудаагүй гэхэд нь миний утас цэнэггүй болсон байсан болохоор уг залуугийн утсаар цагдаа болон түргэн тусламж дуудсан. Тухайн газарт намайг явж ороход тэр хоёр хоорондоо маргалдаж муудалцсан ямар нэгэн ул мөр байгаагүй бөгөөд хадам дүү Л.Жы хэвтэж байсан буйдан хэсэг цус болсон харагдаж байсан ба ухаангүй байсан болохоор юу болсон талаар хэлсэн зүйл байхгүй. Хадам дүү Л.Жтай хамт байсан залуугийн биед ямар нэгэн гэмтэл шарх ажиглагдаагүй ба бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Хадам дүү Л.Жтай хамт байсан ажлын газрын залуугаас нь хэн яасан талаар асуухад хамт архи уусан найз хутгалсан гэсэн ба хаана болсон талаар асуухад замын цагдаагийн ойролцоо гэх шиг болсон бөгөөд яагаад эмнэлэг рүү яваагүй юм гэхэд гайгүй юм болов уу гээд гэртээ авч ирсэн гэж хэлсэн. Намайг тухайн газарт очиход хадам дүү Л.Ж нь шалдан байсан ба нүүр, цээж, гар хэсэг нь нэлэнхийдээ цус болж хатсан хүзүү хэсэгт гүн зүсэгдэж цус гарсан байдалтай байсан ба өөр зүсэгдсэн гэмтэл ажиглаж хараагүй. Намайг цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд 02 цаг өнгөрч байсан шиг санагдаж байгаа ба ямар дугаараас дуудлага өгсөн болохыг санахгүй байгаа бөгөөд хамт байсан залуугийн утаснаас бол залгасан. Уг залуугийн утасны дугаарыг санахгүй байна..." гэсэн мэдүүлэг,
2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрч Г.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... Нөхрийн хамт хаалгаар гарч байхад хойно Н хутгалчихлаа гэж орилохоор нь эргэж харахад Жгийн хүзүү хэсгээс нь цус гарч байсан ба хэн бэ гэж хэлэхэд Н Х.З гэж хэлсэн бөгөөд айсан байдалтай байхад нөхөр Б салгаж холдуулж байсан. уг асуудал нь маш богино хугацаанд болсон ба хоорондоо маргалдсан зүйлгүй байж байгаад яг гарахад тийм асуудал болсон..." гэсэн мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14996 дугаартай "...1. Л.Жы биед хүзүү, духанд хатгагдсан шарх, хамар, уруул, зүүн хацарт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэсэн шинжээчийн дүгнэлт,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр Л.Жы тусламж үйлчилгээ авсан талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаар олгох лавлагаа, тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Зын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Зодох гэдэг нь хүний бие махбодод халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг аль ч хэлбэртэй байж болдог.
Шүүгдэгч Х.З нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн биед халдаж цохиж, зодож буй үйлдэлдээ санаатай хандаж, түүний үйлдлээс бусдад гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж өөрийн хууль бус үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Х.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогч Л.Жы эрүүл мэндэд учирсан хохирол нь Х.Зын гэм буруугийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Л.Ж нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй болно.
Харин хохирогч Л.Ж нь гэмт хэргийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 398,000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Х.Заас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.З нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Х.З нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм бурууд маргаагүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Х.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Зыг хохирогч Л.Жд төлөх төлбөргүйд тооцож, харин шүүгдэгч Х.Заас 398,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар төлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ