Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1112

 

 

  2024        10          17                                  2024/ШЦТ/1112

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч А.Марал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Б.*******

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Б.С,

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Д.Ч,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бд холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, ХХ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт ХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дугаар хороолол ХХ тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

П.Б /регистрийн дугаар ХХ0000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.Б нь ХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ гудамж, ХХ төвийн зүүн урд талын авто замд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 06 цаг 36 минутын орчимд "Тoyota Crown" маркийн 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." Мөн дүрмийн 11.5. "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Honda Insignt маркийн 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Ж, зорчигч Б.С нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “... Миний буруу үйлдлээс олон хүний амь нас хохирсон болохыг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарын ар гэрт нь сэтгэл санааны хохирол нөхөн төлнө. Хүний амь нас хохироосон үйлдэлдээ харамсаж байна... “ гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мэдүүлэхдээ: “ ... шүүгдэгчийн буруутай үйлдлээс болоод эгчийн маань амь нас хохирсонд маш их харамсаж байна, маш их гомдолтой байна, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ ...” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б мэдүүлэхдээ: “ ... шүүгдэгчийн буруутай үйлдлээс болоод аавын минь амь нас хохирсонд маш их харамсаж байна, маш их гомдолтой байна, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ ...” гэв.

Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Д.Ч мэдүүлэхдээ: “ .... шүүгдэгч П.Бээс автомашиныхаа төлбөрийг болон бусад хохирол нэхэмжлэхгүй, хохирол нөхөн төлөлцөхөд татгалзах зүйл байхгүй ... гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл, /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/

 

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүлээлцэх хуудас, /1 дэх хавтаст хэргийн 4-5 дахь тал/

 

2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дэх хавтаст хэргийн 6-16 дахь тал/

 

2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дэх хавтаст хэргийн 18-23 дахь тал/

 

2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 65-67 дахь тал/,  2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний нэхэмжлэгч Д.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

 

2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хариуцагч Д.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал /,

 

2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний нэхэмжлэгч Д.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /2 дахь хавтаст хэргийн 103 дахь тал/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч С.Каделын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2254 дугаартай дүгнэлт, /1 дэх хавтаст хэргийн 79-90 дэх тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сэргэлэнгийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2253 дугаартай дүгнэлт, /1 дэх хавтаст хэргийн 95-106 дахь тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Н.Энхцолмонгийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8225 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 148-149 дэх тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3719 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 154-156 дахь тал/,

 

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 461 дугаартай албан бичиг, /1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал/,

 

            Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №460 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 220 дахь тал/,

 

            2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн иргэн Б.Д "Есөн шижир инвест ББСБ" ХХК-аас зээлийн гэрээний дагуу Honda Insignt 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13,700,000 төгрөгөөр худалдаж авсан талаарх баримт, /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Адьяатөмөрийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1380 дугаартай магадалгаа, /1 дэх хавтаст хэргийн 228-231 дэх тал/

Мөрдөн байцаалтын шатанд хохирол, төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 1-95 дахь тал/

Шүүгдэгч П.Бий хохирол, төлбөр төлсөн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 124-126 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/

- Жолоодох эрхийн лавлагаа, /1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/

- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/

- Үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 01 дэх хавтаст хэргийн 224 дэх тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай , түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Б нь ХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ гудамж, ХХ төвийн зүүн урд талын авто замд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 06 цаг 36 минутын орчимд "Тoyota Crown" маркийн 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." Мөн дүрмийн 11.5. "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Honda Insignt маркийн 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Ж, зорчигч Б.С нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “ ХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХ худалдааны төвөөс зүүн тийш машины осол гарлаа,  хоёр хүнийг зөөгөөд гаргачихлаа, нэг машин нь шатаж байна” гэх тэмдэглэл, /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/

 

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 07 цаг үзлэг хийхэд эрэгтэй хүн газар дээрээ нас барсан болохыг тодорхойлов гэх хүлээлцэх хуудас, /1 дэх хавтаст хэргийн 4-5 дахь тал/

 

2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дэх хавтаст хэргийн 6-16 дахь тал/

 

2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дэх хавтаст хэргийн 18-23 дахь тал/

 

2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийг эхлүүлэхэд дэлгэцийн баруун дээд буланд 2024-06-20 06:35:45 гэсэн цаг хугацааг харуулсан бичиглэл байх бөгөөд хяналтын камерын бичлэгт дүрслэгдсэн зам орчны байдал нь сөрөг хөдөлгөөнтэй, 4 эгнээ, гадна орчин байгалийн гэрэлтэй, үзэгдэх орчин чөлөөтэй авто замын байх бөгөөд бичлэг эхлэх үед авто замын хөдөлгөөн сийрэг байх бөгөөд уг бичлэгийн 06:36:30 цаг авто замын цааш чиглэж байгаа зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр хар хөх өнгийн Toyota Crown маркийн автомашин хурдтайгаар цааш чиглэн яваад авто замын нааш чиглэсэн зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд ороод уг эгнээнд өөдөөс нь явж байсан марк тодорхойгүй суудлын автомашины өөдөөс нь бичлэгийн 06:36:34 цагт мөргөөд мөргүүлсэн автомашин нь шидэгдэн цааш чиглэж байгаа зорчих хэсгийн явган хүний зам дээр унаад осол болох үед их хэмжээний тоос мэт цагаан өнгийн зүйл агаарт тархах бөгөөд уг ослоос улбаалан авто замын хөдөлгөөн удааширч байх бөгөөд авто ослын дараагаар агаарт утаа, тоос мэт зүйл үүсэн арилахгүй байх бөгөөд бичлэгийн 06:45:45 цагт уг ослын бичлэг дуусаж байв. Бичлэгийн үргэлжлэх хугацаа 00:10:02 секунд байх бөгөөд бичлэгт дүрслэгдсэн гарч байгаа автомашины улсын дугаар тодорхой харагдахгүй байв.” гэх тэмдэглэл, /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Би Б.Сийн төрсөн дүү нь байгаа юм. Манай эгч Б.С нь 1982 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод айлын хоёр дахь хүүхэд болон төрсөн бөгөөд бид эхээс тавуулаа доороо гурван дүүтэй. Бага насаа Улаанбаатар хот Яармагт өнгөрөөсөн бөгөөд Яармагтаа сургуульд орж улмаар манай аав Г.Б 1992 онд нас барсны улмаас Эрдэнэт хотод нүүж тэндээ 6 жил суурьшиж байгаад буцаад 1998 онд Улаанбаатар хотод ирсэн. Ингээд манай эгч 10 жилийн сургуулиа төгсөөгүй бөгөөд Улаанбаатар хотод амьдарч байхдаа буюу 1999 оноос эхлэн оёдлын үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд түүнээс хойш хувийн байгууллагад ажиллаж байсан. Сүүлд сургалтад суугаад мэргэжил дээшлүүлээд хувийн байгууллагад нярав хийж байсан бөгөөд хамгийн сүүлд "Бэст компьютер технологи" ХХК-д ажиллаж байсан. Гэр бүлийн хувьд манай эгч Б.С нь хүнтэй сууж гэр бүл болж байгаагүй бөгөөд 24 настай охин С.Г болон 18 настай хүү Н.Т гэдэг хоёр хүүхэдтэй бөгөөд нас барахын өмнө Баянзүрх дүүрэг Эрдэнэ толгой орчимд хүү Н.Т хамт амьдардаг байсан" гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "Миний эцэг Б.Ж нь 1966 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд айлын хоёр дахь хүүхэд болон төрөөд айлд өргүүлсэн. Бага насандаа эцэг, эхийн гарт хүмүүжин өсөөд сумынхаа сургуульд 8 жил суралцан төгсөөд 1984 онд Дархан хотод Барилгын цэргийн ангийн ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хаагаад 1987 онд халагдаад Дорнод аймгийн Ахуйн үйлчилгээний газарт 1987 оноос эхлэн 1989 он хүртэл зурагчнаар ажиллаж байгаад дараагаар нь хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. 1988 онд Дорнод аймагт манай ээж Б.Д гэр бүл болж 2 хүү, 1 охинтой болсон бөгөөд 2008 оноос хойш Улаанбаатар хотод суурьшсан амьдарсан. Манай зав авто замын ослоор нас барахын өмнө Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Эмийн ургамал 12 дугаар гудамж ХХ тоотод эхнэр, охин хоёрын хамтаар амьдарч байсан. Манай ээж Б.Д нь эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөр эрхэлдэггүй, манай дүү Ж.Бямбасүрэн СУИС-ын 2 дугаар курсийн оюутан бөгөөд аав маань гэртээ ганцаараа ажил хийдэг байсан. Манай ах Ж.Б бид хоёр хүнтэй сууж, гэр бүл болоод тусдаа амьдардаг. Манай аав ослын өмнө UB cab-д таксинд явдаг байсан бөгөөд осол болох үед дуудлага аваад зорчигчтой хамт явж байгаад осолд орсон байсан. Аав маань ааш зангийн хувьд төлөв даруу, гэр бүлдээ халамжтай, хамт олонсог, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Honda Insignt 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай ээж Б.Д "Есөн шижир инвест ББСБ" ХХК-аас мөнгө гаргуулан 2023 оны 09 дүгээр сарын үед худалдан авч байсан. Одоо уг байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг. Уг байгууллагатай байгуулсан гэрээний дагуу зээлийн төлбөрийг нь ослоос өмнө хэвийн төлж байсан бөгөөд ослын дараах энэ оны 07 дугаар сарын төлбөрийг нь манай ээж Б.Д төлсөн, өнөөдрийг хүртэл төлөлтийг нь хэвийн төлж байгаа." гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

 

2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний нэхэмжлэгч Д.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Би 2024 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед Сансарын тунель дээр байрлах нэгэн караокед хамаатны ах нарынхаа хамтаар орсон бөгөөд би 0.5 литрийн хэмжээтэй Heineken нэртэй 5 ширхэг пиво уугаад караокеноос 04 цаг өнгөрч байхад гараад, нэг ахынхаа автомашин дотор юм ярьж сууж байгаад, би харихаар болоод ангийн дүү П.Бий гэр нь тэндээс ойрхон болохоор нь би түүнийг гар утсаар нь залгаж дуудаад өөрийн Toyota Crown маркийн 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ бариулаад, Хан-Уул дүүрэг рүү гэр лүүгээ харихаар болоод түүнээс автомашинаа бариулаад, би өөрийн жолоочийн хажуугийн суудалд суугаад зүүн дөрвөн замын орчимд явж байхад би унтаад өгсөн. Ингээд нэг мэдэхэд би гэмтлийн эмнэлэгт ухаан орсон бөгөөд осол болсон талаар эмч нар хэлж байсан" гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

 

2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хариуцагч Д.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... "Toyota crown" маркийн 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сард хувь хүнээс 21,300,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг ойлголоо, ослын улмаас бусдад учирсан хохирол хор уршгийг би хариуцахад надад татгалзах зүйл байхгүй. " гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал /,

 

2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний нэхэмжлэгч Д.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Дээрх гэмт хэргийн улмаас Д.Чод 224,682 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээг яллагдагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд төлүүлж өгнө үү. ..." гэх мэдүүлэг, /2 дахь хавтаст хэргийн 103 дахь тал/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч С.Каделын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2254 дугаартай " 1. Талийгаач Б.Сийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр их, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хуйхны цус хуралт, цээжний баруун талын, 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы хоёрлосон, 8-р хавирга дан шууд хугарал, баруун атгаал, дунд чөмөг, зүүн шаант, тахилзуур ясны хугарлууд. элэгний эдийн няцрал, бөөрний өөхөн эд, чацархайн, цус хуралт, цагаан мөгөөрсөн хоолойн зөвлөн эдийн цус хуралт, зүүн үүдэн дээд 1-р шүд, доод зүүн шүднүүдийн булгаралт, дух, дээд, доод уруулын шарх, зулгаралт, баруун чих нүдний баруун доод хэсэгт няцарсан шарх, цээж, баруун мөр, атгаал, гуя, зүүн гуя, зүүн бугалгын цус хуралт, баруун, зүүн шуу, ташаа, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн буюу тухайлбал авто ослын үед нэгэн зэрэг учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3, 4.1.12, 4.1.15, 4.1.26-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Талийгаач Гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаачийн цогцост хийсэн анхны гадна үзлэгээр нас бараад 3-4 цаг болсон гэжээ" гэх дүгнэлт, /1 дэх хавтаст хэргийн 79-90 дэх тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сэргэлэнгийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2253 дугаартай "1. Шинжилгээгээр амь хохирогч Б.Жийн цогцост тархи, цээж, хэвлий, аарцаг, дээд, доод мөчдийн хавсарсан гэмтэл: Их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархины завсарт аалзан хальсан доорх цус харвалт, ховдлуудын цусан хураа, хуйхны цус хуралт, сээрний 3-р нугалмын их биеийн хугарал, мултрал, нугасны бүрэн тасрал, баруун 1-11-р хавирга, зүүн талд 1-9-р хавирганы хоёрлосон зөрөөтэй хугаралтай, гол судасны тасрал, үнхэлцэг хальс, зүрх, ходоодны хатгагдсан шарх, хэвлийн урд ханын ил шарх, элэгний эдийн бяцрал, урагдал, баруун шуу, дунд чөмөг, шаант, хоёр талын шаант, тахилзуур ясны ил хугарал, умдаг ясны холбоос салсан хугарал, хуухнагт няцарсан шархтай, хоёр гуянд цус хуралт, дух, зүүн хөмсөг, чамархай, хамар, зүүн хацар, цээж хэвлий, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархины завсарт аалзан хальсан доорх цус харвалт, ховдлуудын цусан хураа, хуйхны цус хуралт, сээрний 3-р нугалмын их биеийн хугарал, мултрал, нугасны бүрэн тасрал, баруун 1-11-р хавирга, зүүн талд 1-9-р хавирганы хоёрлосон зөрөөтэй хугаралтай, гол судасны тасрал, үнхэлцэг хальс, зүрх, ходоодны хатгагдсан шарх, хэвлийн урд ханын ил шарх, элэгний эдийн бяцрал, урагдал, дунд чөмөг, шаант, хоёр талын шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтлүүд нь хохирлын хүнд зэрэг, баруун шуу, умдаг ясны холбоос салсан хугарал гэмтлүүд нь хохирлын хүндэвтэр зэрэг, хуухнагт няцарсан шархтай, хоёр гуянд цус хуралт, дух, зүүн хөмсөг, чамархай, хамар, зүүн хацар, цээж хэвлий, баруун гуянд зулгаралт гэмтлүүд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4. Амь хохирогч нь тархи, цээж, хэвлий, аарцаг, дээд, доод мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 5. 2024.06.20-ны 09:30 цагт хийсэн цогцсын гадна үзлэгээс нас бараад 4-5 цаг болсон байжээ. 6. Үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. 7. Нэгдүгээр бүлгийн цустай байна. 8. Нас барах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ." гэх дүгнэлт, /1 дэх хавтаст хэргийн 95-106 дахь тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Н.Энхцолмонгийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8225 дугаартай 1. Д.Чын биед хамар ясны хугарал, дух, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохио үйлдлээр үүснэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Цаашид гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна." гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 148-149 дэх тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3719 дугаартай "... Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "П.Б" гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй." гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 154-156 дахь тал/,

 

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 461 дугаартай: "Тус Төвд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн "Toyota Crown" маркийн 0000 ХХХ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул шүүхийн шинжилгээний хуулийн 19.1.6 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй болно" гэх албан бичиг, /1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал/,

 

            Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №460 дугаартай: "Тус төвд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн "Honda Insight" маркийн 0000 ХХХ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул шүүхийн шинжилгээний хуулийн 19.1.6 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй болно" гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 220 дахь тал/,

 

            2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн иргэн Б.Д "Есөн шижир инвест ББСБ" ХХК-аас зээлийн гэрээний дагуу Honda Insignt 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13,700,000 төгрөгөөр худалдаж авсан талаарх баримт, /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Адьяатөмөрийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1380 дугаартай " 1. Toyota Crown маркийн 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." Мөн дүрмийн 11.5. "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. 2. Honda Insignt 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний Дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна." гэх магадалгаа, /1 дэх хавтаст хэргийн 228-231 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.

           

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: ... шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Энэ төрлийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэн хүний  эрүүл мэнд, амь насанд  хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Харин жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь санаатай боловч тус үйлдлийн улмаас үүдэн гарч байгаа хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирч байгаа үйлдэл нь болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой.

 

            Шүүгдэгч П.Б нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээгээр зорчдог замд урсгал сөрж явснаар өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хоёр хүний амь насыг хохироож, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан байна. Шүүгдэгч П.Бий Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан энэ үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй байна. 

 

Тээврийн Прокурорын газраас П.Бий гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

 

          Иймд шүүгдэгч П.Бд 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт:... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүний улмаас  хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байхыг чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг  учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч  мэдэлгүй үйлдсэний улмаас  хохирол, хор уршиг учирсан бол  болгоомжгүй гэмт хэрэгт  тооцно”  гэж  хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.Бий үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэгт хамаарахаар байна. 

 

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д ... Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж,

         Иргэний  хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж,

          Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

          Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А оршуулгын зардалд 14,339,488 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б оршуулгын зардалд 18,015,499 төгрөг, шүүхийн шатанд гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг тус тус нэхэмжилсэн болно.

          Шүүгдэгч П.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аэд оршуулгын зардалд 14,339,488 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бт оршуулгын зардалд 18,015,499, Honda Insignt тээврийн хэрэгслийн төлбөр 9,909,700 төгрөг буюу 27,925,199 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 224,682 төгрөг тус тус төлж барагдуулсан болох нь 1 дэх хавтаст хэргийн 124-126 дахь талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүх гэмт хэргийн улмаас амь хохирогч нарын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байснаар 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн төлбөр болох 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгөөр тус тус тооцов.

          Шүүгдэгч П.Б, иргэний хариуцагч Д.Ч нараас гэмт хэргийн улмаас амь хохирогч нарын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 198,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлүүлэхээр шийдвэрлэв.

 

                            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа:

Шүүгдэгч нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний амь, нас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардал нөхөн төлсөн, шүүхээс тогтоосон гэм хорын зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм бурууд маргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, шүүгдэгчийн насны байдал, ар гэрийн байдал зэрэг хувийн байдлыг,

Амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүдэд гэм хорын хохирол, зардлыг шуурхай нөхөн төлүүлэх, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээж, амьдралын үргэлжлэх явцад нь шүүгдэгчийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх,

Шүүгдэгчийн үйлдлийн хоромхон зуурын болгоомжгүй үйлдлийн улмаас хэд хэдэн хүний амь нас хохирсон, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөл байдлын үр дагавар, хор уршгийг ойлгуулж, цаашид нийгмийн харилцаанд оролцохдоо түүний санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад хохирол хор уршиг учруулахгүй байхад анхаарч, хүндэтгэлтэй, болгоомжтой хандахыг бүрэн ухамсарлуулах зэрэг нөхцөл байдлуудыг тал талаас нь харгалзан үзэж, Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч П.Бий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, хорих ял онгогдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зохимжтой дээрх агуулгад нийцнэ гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан болно.

 

Шүүгдэгч П.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолох зүйтэй байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1. 2. 4, 36.6, 36 7. 36.8 дугаар зүйлийн 1. 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аэд 14,339,488 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ж.Бт 27,925,199 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 224,682 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч П.Б, иргэний хариуцагч Д.Ч нараас амь хохирогч нарын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 198,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А 99,000,00 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б 99,000,000 төгрөг тус тус төлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй,  шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ