| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/01234/И |
| Дугаар | 183/ШШ2020/01472 |
| Огноо | 2020-05-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2020/01472
| 2020 05 27 | 183/ШШ2020/01472 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Т
Хариуцагч: Ш цэцэрлэг,
Сургалтын төлбөр 3 225 855 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: .....................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол улс, цаашлаад дэлхийн хэмжээнд цар тахал шинэ коронавирусийн халдвар гарч улсын онцгой комисоос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан тухайн цэцэрлэгийн бэлтгэл ангийн сурагч Т.Т , дунд ангийн сурагч Т.Тэ нарын урьдчилж төлсөн 2020 оны 3,4,5 дугаар сарын сургалтын төлбөрийг буцаан олгохгүй байна. Анх 2019 оны 9 дүгээр сард огт гэрээ хийлгүйгээр бидний үр хүүхдийг тухайн цэцэрлэгтээ уран цэцэн үгээр уяраан мөнгө авахаа урьтал болгон 2019 оны 9,10,11,12, 2020 оны 3,4,5 сарууд буюу нийт 7 сарын төлбөрийг бэлнээр урьдчилж авсан. Одоо болохоор ямар нэгэн шимтгэл суутгал ярин мөнгийг маань бүтэн олгохгүй байна. Иймд дээрх урьдчилж төлсөн сургалтын төлбөрийн үлдэгдэл буюу 2020 оны 3,4,5-р сарын төлбөр болох 3 225 855 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ш цэцэрлэгийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газар, Улсын онцгой комиссоос шинэ төрлийн корона вирусын халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх эорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос эхлэн түр хугацаагаар зогсоосон. Үүнтэй холбогдуулан М.Т 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр надтай утсаар бэлтгэл бүлгийн сурагч Т.Т , дунд бүлгийн сурагч Т.Тэ нарын цэцэрлэгийн үлдэгдэл төлбөрийг буцааж авах талаар ярьсан. Миний бие 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бэлтгэл бүлгийн сурагч Т.Т , дунд бүлгийн сурагч Т.Тэ нарын цэцэрлэгт явсан хугацааг ирцийн дэвтрээс шалгахад 2019 оны 9, 10, 11, 12 сард бүтэн явсан, 2020 оны 01 дүгээр сарын 15-наас 27-ны өдрийг хүртэл 8 өдөр явсан тухай мэдэгдэж, манай цэцэрлэгийг хоёр дахь жилдээ сонгон үйлчлүүлж байгаа эцэг, эхийн хувьд М.Т д хүндэтгэлтэй хандаж, дараах 2 нөхцөл буюу 1. бэлтгэл бүлгийн сурагч Т.Т , дунд бүлгийн сурагч Т.Тэ нарын цэцэрлэгт явсан нийт 4 сар, 8 өдрийн төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдж байгаа төлбөрөөр тооцож хасаад үлдэгдэл төлбөрийг олгоно. 2. 2018-2019 оны хичээлийн жилд мөрдөгдөж байсан төлбөрөөр хүүхдийн цэцэрлэгт явсан нийт хугацаа болох 4 сар, 8 өдрийг тооцож хасаад үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 15 хувийг суутгаж авч үлдэнэ гэж танилцуулсан. Үүнийг зөвшөөрөхгүй шүүхэд хандана гэсэн хариу ирсэн. Ш цэцэрлэг нь 2019-2020 оны хичээлийн жилийн бүртгэлийг 2019 оны 5 дугаар сард бүртгэж суудлаа баталгаажуулсан бөгөөд Засгийн газраас цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэгдүүлсэн өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбоотойгоор 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дунд бүлгийн сарын төлбөрийг 650 000 төгрөгөөс 750 000 төгрөг, бэлтгэл бүлгийн сарын төлбөрийг 680 000 төгрөгөөс 780 000 төгрөг болсон бөгөөд энэ тухай бүх эцэг эхчүүдэд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр захидал хүргүүлж албан ёсоор мэдэгдсэн. 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтэд ирж оролцоод бэлтгэл бүлэгт Т.Т , дунд бүлэгт Т.Тэ нарыг явуулсан бөгөөд 9 дүгээр сарын 9-ний өдөр 2 хүүхдийн төлбөр болох 8 565 200 төгрөгөө төлсөн байдаг. Манай цэцэрлэг цар тахлаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа зогсож, санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон учраас М.Тулгын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 8 565 200 төгрөгийн төлбөрийн тооцоог нэхэмжлэлд дурдсан дүнгээр буцаах боломжгүй. Учир нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүртгүүлээгүй, суудлаа баталгаажуулж урьдчилгаа төлбөр төлөөгүй. Т.Тэ , Т.Т нар 7 сар биш 4 сар 8 өдөр явсан учраас хөнгөлөлт өгөх боломжгүй. Иймд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/08 тоот тушаалаар баталсан хичээлийн жилд мөрдөгдөж байгаа төлбөрөөр цэцэрлэгт явсан нийт 4 сар 8 өдрийн төлбөрийг тооцон хасаж, үлдэгдэх 1 888 832 төгрөгийг олгох боломжтой” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Ш цэцэрлэгт холбогдуулан сургалтын төлбөр 3 225 855 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч М.Т нь 2020 оны хичээлийн жилийг дуустал нийт 7 сарын хугацаанд өөрийн төрсөн хүүхэд Т.Т ийг Ш цэцэрлэгийн бэлтгэл ангид, Т.Тэ ийг дунд ангид тус тус 8 565 200 төгрөгийн төлбөртэй суралцуулахаар хариуцагчтай харилцан тохиролцож, гэрээг амаар байгуулсан байх бөгөөд төлбөр 8 565 200 төгрөгийг хүлээлгэн өгсөн, авсан талаар зохигчид маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь “...дэлхийн хэмжээнд цар тахал шинэ коронавирусийн халдвар гарч улсын онцгой комисоос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан Т.Т , Т.Тэ нар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш цэцэрлэгт яваагүй тул 2020 оны 3, 4, 5 саруудын төлбөр 3 225 855 төгрөгийг буцаан гаргуулна” гэж,
хариуцагч “...тус цэцэрлэг 2019-2020 оны хичээлийн жилд багш нарын цалин нэмэгдсэн, өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбоотойгоор дунд бүлгийн сарын төлбөрийг 650 000 төгрөгөөс 750 000 төгрөг, бэлтгэл бүлгийн сарын төлбөрийг 680 000 төгрөгөөс 780 000 төгрөг болгож нэмэгдүүлсэн боловч М.Т өмнөх жилийн гэрээний хөнгөлөлттэй нөхцлөөр, 2 хүүхдийн төлбөрт 8 565 200 төгрөгийг төлсөн. Манай цэцэрлэг цар тахлаас үүссэн нөхцөл байдлын улмаас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа зогсож, санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон учир 3 225 855 төгрөгийг буцааж өгөх боломжгүй, харин дээрх төлбөрийн нөхцлөөр, цэцэрлэгт явсан нийт 4 сар 8 өдрийн төлбөрийг тооцож, үлдэх 1 888 832 төгрөгийг олгох боломжтой. Учир нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүртгүүлээгүй, суудлаа баталгаажуулж урьдчилгаа төлбөр төлөөгүй учир хөнгөлөлттэй үнээр тооцох боломжгүй” гэж тус тус маргасан.
Ш цэцэрлэг нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллага байх бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д “Цэцэрлэг нь эцэг, эх, асран хамгаалагчийн санал, хүсэлтэд үндэслэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8.7, 8.8, 8.9, 8.10-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд хоёр хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж болно” гэж зохицуулснаас үзвэл талуудын хооронд үүссэн дээрх гэрээ нь иргэний эрх зүйн харилцааны хувьд, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарахаар байна.
Хөлсөөр ажиллах гэрээний талууд буюу ажиллагч, ажиллуулагч нь хуулийн этгээд, иргэн, гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болох бөгөөд тус гэрээгээр ажиллагч буюу Ш цэцэрлэг нь хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх үйлчилгээ гүйцэтгэх үүрэг, ажиллуулагч буюу М.Т нь дээрх ажил үйлчилгээг гүйцэтгэсний хариуд хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн, М.Т нь хөлсийг урьдчилан бүрэн төлсөн тул үлдэх хэсгийг буцаан шаардах эрхтэй.
Түүнчлэн, төлбөрийг урьдчилан бүтнээр төлбөл өмнөх жилийн хөнгөлөлттэй үнээр суралцуулахаар талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлсөн, Т.Т , Т.Тэ нар 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл сургалтын үйлчилгээ авсан үйл баримт тогтоогдох тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж зааснаар дээрх хэлцэл хүчин төгөлдөр, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Ийнхүү ажиллуулагч нь хуулийн дээрх заалтаар хүлээсэн хөлс төлөх үүргээ биелүүлсэн боловч хариуцагч буюу ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ийнхүү хариуцагчийн үүргээ биелүүлээгүй шалтгаан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж зааснаар хүндэтгэн үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагджээ.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 367 дугаар зүйлийн 367.3-т “Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь урьдчилан төлсөн төлбөрөөс гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацааны төлбөр 3 225 855 төгрөгийг шаардсан үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66 593 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ш цэцэрлэгээс 3 225 855 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Т д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66 563 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ