| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 183/2018/00916/И |
| Дугаар | 183/ШШ2019/02250 |
| Огноо | 2019-10-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2019/02250
| 2019 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2019/02250 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3-р хороо, жуулчны гудамж Урт цагаан үйлчилгээний төв 0-р корпус 0-р давхарт байрлах О ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2-р хороо, Тоо вангийн гудамж 00-р байрны 0 тоотод оршин суух Ч тайж овогтой 0 /РД:ШЗ0000000/-д холбогдох
159 790 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч овогтой П. Б нь 2019.03.26-ны өдөр хөрөнгө зуучлалын үйлчилгээ үзүүлдэг О ХХК-д хандаж, ...түүний өмчлөлийн худалдаалагдахгүй олон сар, жил болж байгаа Хан-Уул дүүргийн 2-р хороо 19-р хороолол /17031/, тоо вангийн гудамжны 00-0 тоот хаягт байрлалтай Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай 1260м2 талбайтай Үйлчилгээний зориулалттай 7 давхар барилгыг 00000000000000 нэгж талбарын дугаартай 308м2 талбайтай газрын хамт худалдан борлуулахад зуучлуулах, туслалцаа авах... гэсэн хүсэлт гаргасан. Манай компани зарахыг хүсч буй уг барилгыг очиж үзэн судалгааг хийж 2 900 000 000 /Хоёр тэрбум есөн зуун сая төгрөг/-өөр дуудан 2.7 тэрбумаар зарагдах нөхцлийг бүх талаар бүрдүүлэх, оногдох татварыг төлөх, худалдан борлуулагдах боломжийг яаралтай бий болгохоор харилцан тохиролцож 2019.03.28-ний өдөр Х-0000 тоот зуучлалын гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. Уг гэрээг байгуулсан өдрөөс эхлэн манай компани уг барилгыг худалдан борлуулах ажиллагааг эхлүүлж, үл хөдлех хөрөнгийн зах зээлд маш өргөн хүрээнд нийтийн сүлжээгээр танилцуулж сурталчилсан. Сурталчилгаа зорилтот бүлэгт хүрсэн байдлыг жишээ болгон дурдвал:
-www.osmo.mn вэб сайтад байршуулснаас хойш өнөөдрийг хүртэл барилга худалдан авах хүсэлтэй 2100 гаруй хүн уг барилгыг сонирхож дэлгэрэнгүй мэдээллийг үзсэн байна.
-Fасеbоок ашиглан 7 хоногт дунджаар 15 000-аас дээш хандалт авах төлбөрт түгээлтийг тогтмол явуулж байсан
-Зарын сайтууд
-Сонингийн зар сурталчилгаа гэх мэтчилэн сурталчигаа явуулахаас гадна үйлчилгээний объект худалдан авахаар хайж буй хүмүүст санал болгож ажилласан болно.
Сурталчилгаа нь баталгаат гэрээнд суурилсан учир барилгын байрлал хаяг гэх мэт бүх мэдээллийг ил тод явуулдаг бөгөөд энэ барилгын хувьд эзэн өөрөө дотроо үйл ажиллагаа явуулдаг тул сонирхсон хэн ч байсан очиж уулзаж сонирхох бүрэн боломжтой юм. Анх гэрээ байгуулахдаа ч ...Ах нь байж байна хүмүүс явуулаад үзүүлэхэд чөлөөтэй, хэрэгтэй гэвэл миний утсыг өгөөд явуулчих. Нэгэнт гэрээ байгуулсан тул танай шимтгэл, суутгал... зуучлалын төлбөрийг асуудалгүй төлнө...зарыг сайн тараа... гэж ярилцаж байсан, үүний дагуу сонирхсон хүмүүсийг очиж үзэхэд чөлөөтэй гэж хэлж, шаардлагатай бол эзний утасны дугаарыг өгч, уг барилгын давуу талыг сайтар сурталчилан таниулж, худалдан авагч нартай уулзуулж байсан. Ингээд 2019 оны 05 дугаар сарын сүүлээр зарын дагуу очсон хүмүүс танай зарахыг хүссэн барилга 2.9 тэрбумаар зарагдсан байна... үзүүлэхгүй байна... гэсэн мэдээлэл ирэх болсон тул П.Б-тэй холбогдож тодруулахад ....зараагүй ээ... түрээслэх гэж байгаа юм.. наадуул чинь худлаа ярьж байна... гэсэн. Ингээд манай ажилтан очиж шалгахад өөр компани үйл ажиллагаагаа нэгэнт эхлүүлсэн, худалдагдсан мөнгө, эд зүйл худалдагч талд шилжсэн байсан. Үл хөдлөх хөрөнгө худалдахад зуучлуулагч П.Б нь энэ мөчөөс эхлэн зугтаах болж, уулзах, хэлэлцэх хүсэлт тавихад ..хөдөө байна...ажил ихтэй... гэж удаа дараа хойшлуулсаар 2019.06.19-ний өдөр уулзаад зуучлалын хөлсийг төлөх шаардлага тавьсан боловч татгалзаж ... танай талын явуулсан үйл ажиллагаанд зориулж 20-30 сая төгрөг л өгвөл өгье...дараа больё...ажил ихтэй... гээд дахин зугтаах болсон. Иймд Х-0000 тоот гэрээний 4-р зүйлд заагдснаар зуучлалын төлбөрт 145 000 000 төгрөг энэ гэрээний 7.1 дэх хэсэгт нийцүүлэн 2019.06.01-ний өдрөөс тооцон 34 хоногийн алданги болох 14 790 000 төгрөг, нийт 159 790 000 төгрөг болж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аавын компани Капитрон банк ХХК-д 1,000,000,000 гаруй төгрөгийн зээлтэй байгаа. Үл хөдлөх хөрөнгөө зараад өрөө барагдуулсан нь дээр гэж шийдээд банктай ярилцаад банкны шугамаар зарах шийдвэрт хүрсэн. ТБД андуудад байрлах банкны удирдлагууд ярилцаад худалдаж авах хүн байна гэж хэлсэн. Тухайн худалдаж авах хүнтэйгээ уулзаад арилжааны гэрээ хийж машин болох үл хөдлөх хөрөнгүүдийг бартерийн шугамаар солилцсон байгаа. Тухайн үед машинуудаа зараад зээлийн зөрчил арилж нүхтэд байрлалтай байшингийн газраа арилжих гэж байсан. Тухайн үед О ХХК-иас үл хөдлөх хөрөнгө зуучилна гэдэг саналыг бидэнд өөрсдөө тавьж байсан. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс бид илүү хурдан зарж чадна гэж хэлэхэд нь бид нар өөр байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэхэд хамаагүй бид хурдан зарж чадна гэж байсан гэв.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ХХК нь, хариуцагч П.Б-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 159 790 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдааны товыг өмнөх шүүх хуралдаанаар мэдэж, хурлын товыг мэдэгдсэн баримт дээр гарын үсэг зурсан атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн өмгөөлөгч түүнийг эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэрэгт байгаа болон хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Д.Б-тэй 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол тоо вангийн гудамжийн 00-0 тоот хаягт байрлалтай, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай 126 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 7 давхар барилгыг 308 м.кв талбайтай газрын хамт 2 900 000 000 төгрөгөөс худалдах нөхцөлтэйгээр үнэлэн шилжүүлэх, гуравдагч этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь энэхүү гэрээгээр тохирсон зуучлалын хөлс төлөх үүргийг тус тус харилцан хүлээн зөвшөөрч байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээ байна.
Нэхэмжлэгч нь зуучлалын гэрээнд талуудын харилцан тохиролцсон хөлс болох үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны орлогын 5 хувийг болон хугацаандаа төлөөгүй тул алданги, нийт 159 790 000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн бөгөөд хариуцагч зуучлалын гэрээний дагуу зуучлагчаар дамжуулан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулаагүй, гуравдагч этгээдэд түүний оролцоогүйгээр худалдсан тул зуучлалын хөлс төлөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Д.Б нь зуучлалын гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол тоо вангийн гудамжны 00-0 тоот хаягт байрлалтай, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай 126 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 7 давхар барилгыг 308 м.кв талбайтай газрын хамт банкны барьцаанд байсан, бусдад буюу гуравдагч этгээдэд зуучлагч байгууллагын тусламжгүйгээр худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдсан гэж тайлбарлаж буй нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг болон түүний хавсралтууд, гэрч Ю.Ш /Yuan xin/ ын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Мөн түүнчлэн талуудын байгуулсан зуучлалын гэрээний 1.6 худалдан борлуулах гэж буй үл хөдлөх хөрөнгө /ҮХХ/ нь зээлийн барьцаанд байгаа бол барьцаалагчаас тухайн ҮХХ-ийг худалдан борлуулах тухай зөвшөөрөл авна. Зөвшөөрөл олгосон барьцаалагч нь зээлээс чөлөөлөх бичгийг О ХХК-ийн албан ёсны зөвшөөрлийн үндсэн дээр олгоно гэсэн заалттай холбоотой баримтыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цулуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1 өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаах нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсний дагуу гаргаж өгөөгүй тул түүний тусламжгүйгээр банкны барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгө бусдад шилжсэн гэж үзэхээр байна.
Мөн гэрээний 4.4-т гэрээний хугацаанд зуучлагч талын тусламж, зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан... тохиолдолд зуучлалын хөлсийг бүрэн төлөхөөр талууд тохиролцов. гэсэн заалт нь Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3 зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зуучлуулагчид хөлс, шагнал олгохоор тохиролцож болно гэсэнтэй нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл зуучлалын гэрээний үндсэн төлбөр буюу зуучлалын хөлстэй тэнцэх хэлбэрээр шаардаж байгаа нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5 гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон гэж үзэх, 202.2.8 нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн нөхцлүүд байх тул эдгээр гэрээний үүргүүдийг хүчин төгөлдөр бус байна гэж үзэж нэхэмжлэгч уг нөхцлийн дагуу шаардах эрхгүй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч О ХХК нэхэмжлэлийн үндэслэлдээ гэрээний дагуу тодорхой ажиллагааг эхлүүлж, сурталчилгааг хийж байсан гэх боловч түүний нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй зөвхөн дээрх стандарт бус гэрээний нөхцөлөөр шаардлагаа тодорхойлсон байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5, 202.2.8, 411 дүгээр зүйлийн 411.3-т заасныг баримтлан хариуцагч П.Б-ээс зуучлалын гэрээний үүрэг 159 790 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 7 сарын 05-ны өдөр төлсөн 956 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА