Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/218

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.А, насанд хүрээгүй хохирогч Г.Ц-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Л, шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Б-ын М- (РД: ..................), .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ............. аймгийн .............. суманд төрсөн, ... настай, эмэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл нэг, .............. аймгийн ...... сумын ... дугаар багт оршин суух хаягтай, одоогоор .... аймгийн ............... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт түр оршин сууж байгаа гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.А “Б.М- нь Увс аймгийн .......... сумын ... дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг .............. гэх амралтын газраар үйлчлүүлж байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус газраар үйлчлүүлж байсан насанд хүрээгүй иргэн Г.Ц-ий эзэмшлийн Samsung-А54 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 585’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдлийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), насанд хүрээгүй хохирогчийн гар утсанд үзлэг хийж Б.Г-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас), гэрч Б.А-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас), насанд хүрээгүй хохирогчийн гар утасны үнэлгээг тогтоосон хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Б.Г- ............ дугаарын утсаар гомдол, мэдээлэл гаргасан нь: Тариалан сум 6 дугаар баг Тээл парк гэх амралтын газарт ...Г.Ц- /......./-ийн эзэмшлийн Samsung А-54 маркийн гар утас алдагдсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

- Насанд хүрээгүй хохирогч Г.Ц-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...утсаа саравчны сандал дээр гаргаж тавиад хажууд нь найзтайгаа сууж байсан. Тэгээд волейболын талбай дээр тоглож байгаад хартал саравчинд хүн сууж байсан. Жоохон байж байгаад очоод хартал саравчинд байсан утас алга болсон байсан. Би тэр эгчийг сэжиглээд утсаа асуусан чинь би ОО ороод ирсэн, утас чинь надад байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь за за жоохон байж байгаад ирж асууя, манай найз нарын нэг нь авсан байж магадгүй гэж бодоод найзуудаас асуусан чинь найзууд байхгүй гэхээр нь жоохон байж байгаад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);

- Уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Г-гийн “...Би өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн .... сумын нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж явах хугацаанд орой 16 цагийн үед танихгүй дугаараас миний охин Г.Ц- залгаад “би өнөөдөр хэдэн найз нартайгаа .............. гэх нэртэй амралтын газарт амарч байгаад таны авч өгсөн Samsung А54 загварын гар утсыг тухайн амралтын газрын сүүдрэвчний сандал дээр тавьчхаад хэсэг тоглож байгаад буцаж гар утсаа авах гэсэн боловч хулгайд алдчихлаа” гэж хэлсэн учир би цагдаагийн байгууллагын жижүүрт мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);

- Насанд хүрээгүй хохирогчийн Samsung А54 загварын гар утсанд үзлэг хийсэн “...Үзлэгээр гэмт хэргийн 1876 дугаартай гомдол мэдээлэлд иргэн Б.М-д байсан гэх гар утсанд үзлэг хийхээр тогтож иргэн Б.М- хохирогч Б.Г- нарыг байлцуулан, өөрийн эзэмшлийн iphone 10 загварын гар утсаар бэхжүүлэн авахаар тогтов. Үзлэгийг Увс аймгийн Цагдаагийн газрын 205 тоот өрөөнд хийв. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд иргэн Б.М- нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр миний авсан гар утас энэ байна гэж Samsung загварын гар утас гаргаж ирэв. Уг гар утас нь шилэн дэлгэцтэй, дэлгэц хэсэгт нь ямар нэгэн гэмтэлгүй, ар хэсэгтээ чирнээлэн ягаан өнгийн гэртэй, том 3 камертай, гар утасны ар хэсэгт нь Samsung гэсэн бичигтэй гар утас байв. ...Уг цэсүүд дотроос settings гэх нэртэй цэсийг сонгон орж уг гар утасны загварыг харахад Samsung А-54 5G гэх бичиглэлтэй байх тул гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй тул гар утсыг үзлэгээр иргэн Б.М-аас хүлээн авч хохирогч Б.Г-д хүлээлгэн өгөхөөр тогтож” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 4-7 дугаар хуудас);

- Гэрч Б.А-ийн “...Манай барилгачдын баяр 2024 оны 09 дүгээр сарын 07,08-ны өдрүүдэд болж байгаа. Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн ..............оос урагшаа /нэрийн сайн мэдэхгүй байна/ амралтын газар баяраа тэмдэглэж байсан юм. Уг өдрийн 15 цагийн үед байх /яг сайн цагийн мэдэхгүй байна/ тухайн амралтын газарт байсан хэсэг хүүхэд дотроос нэг эмэгтэй хүүхэд гар утас алдсан гээд манай хамт байсан хүмүүсээс асууж байсан боловч бүгд мэдэхгүй гэж байсан. Хэсэг хугацааны дараа буюу оройхон цагаадаагийн алба хаагч нар ирж манай ажилчдаас ганц нэг хүнтэй уулзсан ба надтай хамт ажилладаг Б.М- гэх найзтай уулзаж уг алдагдсан гар утасны талаар асууж байсан. Надтай нэг цагдаагийн алба хаагч ирж уулзаад “Б.М- гэх хүний эд зүйлийн хармаар байна, та харуулаад өгөөч” гэхээр нь би найз Б.М-ын ганц барьж явсан цүнхийн харсан боловч ямар нэг гар утас байхгүй байсан. Тэгээд уг цагдаагийн алба хаагч бидний байрлаж байсан амралтын гэрээс гараад явсны дараа би найз Б.М-ын байрлаж байсан ор, дэвсгэрийн шалгаж үзэхэд орон дээр тавьсан гудас дунд алдагдсан гэх Samsung А-54 загварын гар утас байсныг би цагдаа нарт хүргэж өгсөн юм. Тэгээд Б.М- гэх найзаасаа “тухайн гар утсыг та авчихсан юм уу” гэж асуухад “би аваагүй, яагаад миний орны гудас завсар байгааг мэдэхгүй байна” гэж хариулж байсан.

... Би найз Б.М-ын ор, дэвсгэрийг шалгах болсон шалтгаан нь тухайн гар утас алдсан хүүхдүүд дахин дахин найз Б.М-тай ирж уулзсан, мөн тухайн гар утас алдсан саравчинд суусан хүн мөн л манай найз Б.М- байсан учир надад бага зэрэг хардах сэдэл төрсөн учир найзын байрлаж байсан ор, дэвсгэрийг нь шалгаж үзсэн юм. ...Тухайн сүүдрэвчинд гэрт байрласан хүмүүсээс манай найз Б.М- ганцаараа хэсэг очиж сууснаас өөр очиж суусан хүн байхгүй. Мөн тухайн гар утас алдсан гэх эмэгтэй хүүхэд манай найзыг ганцаараа сууж байсан талаар ярьж байсан” гэх мэдүүлэг (хэргийн 19-20 дугаар хуудас);

 - Насанд хүрээгүй хохирогчийн гар утасны үнэлгээг тогтоосон “...Увс аймагт 2024 оны 09 дүгээр сарын байдлаар “Samsung-А54” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 585’000 /Таван зуун наян таван мянган/ төгрөгөөр тогтоов” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30 дугаар хуудас);

- Дээрх баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. ...2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр ажиллахаар ирсэн юм. Уг барилга дээр ажиллаж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр барилгачдын баяр болсон бөгөөд тухайн өдөр манай ажлын хүмүүс Тээл гэх амралтын газар дээр очиж амарсан. Тухайн үед бид нар нэлээн архи уусан бөгөөд өдөр 16 цагийн үед би тухайн амралтын газрын хүмүүс суудаг сандлын хажуугаар явж байтал уг сандал дээр гадна талаараа усан цэнхэр өнгийн гэртэй Samsung загварын гар утас байсан. Би уг гар утсыг аваад өөрсдийн байсан гэр рүүгээ оруулаад орны гудсан завсар нуусан юм. Би нэлээн согтуу байсан тул унтаад сэртэл цагдаа нар ирээд уг утсыг гаргаж ирсэн” гэх мэдүүлэг (хэргийн 41-42 дугаар хуудас) зэрэг болно.

2.1. Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Г насанд хүрээгүй хохирогч Г.Ц-ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлах бөгөөд арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй.

Тодруулбал мөрдөгч нь 14 настай хүнд хууль сануулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтад мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан тул насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас)-ийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг нэгтгэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Ц- нь Увс аймгийн .............. сумын ... дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ............. гэх амралтын газраар үйлчлүүлж байгаад тоглохоор болж тус амралтын газрын сүүдрэвчний сандал дээр өөрийн эзэмшлийн Samsung-А54 загварын гар утсыг түр тавьсан байна. Уг гар утсыг шүүгдэгч Б.М- нь насанд хүрээгүй хохирогчид мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч, улмаар өөрийн амарч байсан гэрийн орны гудсан завсар хийж өөрийн хууль бус эзэмшилдээ авснаар хохирогчид 585’000 (таван зуун наян таван мянга) төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.М-ын насанд хүрээгүй хохирогч Г.Ц-д хүч хэрэглэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр, нууцаар түүний Samsung-А54 загварын гар утсыг авсан үйлдэл дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.

Хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд хэрхэн шилжсэн нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг хооронд нь ялган зүйлчлэх нэг нөхцөл болдог. Тухайлбал энэхүү хэргийн хүрээнд насанд хүрээгүй хохирогч тоглохдоо гар утсаа эвдэж, гээхгүйн тулд гар утсаа сүүдрэвчний сандал тавьсан байх тул түүнийг гар утсаа гээсэн гэж үзэхгүй. Нөгөөтэйгөөр шүүгдэгч нь сүүдрэвчний сандал дээр байсан гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар авч, хууль бус эзэмшилдээ үлдээхийн тулд нуусан байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгө авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд 300’000.01 төгрөгөөс 9’999’999.99 төгрөг хүртэлх хэмжээг бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол гэж үзнэ. Тодруулбал шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 585’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

3.2. Шүүгдэгч Б.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчид 585’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн Samsung-А54 загварын гар утсыг хураан авч буцаан өгсөн нь мөрдөгчийн насанд хүрээгүй хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас) зэргээр тогтоогджээ.

Мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд “Нэхэмжилсэн зүйл байхгүй. Гар утсыг буцааж авсан” гэх тайлбар гаргасан тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, урьд өмнө цагдаагийн байгууллагад зөрчлийн болон эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй бөгөөд энэ удаа надад маш том сургамж боллоо” гэх мэдүүлэг (хэргийн 41-42 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон биеийн байцаалт зэрээр шүүгдэгч нь эрхэлсэн ажилтай, гэм буруугаа ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд насанд хүрээгүй хохирогчийн гар утсыг шүүгдэгчээс хураан авч буцаан өгснөөр зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдсан байна. Энэхүү үйл баримтыг шүүгдэгчид ашигтайгаар буюу шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ. Энэхүү нөхцөлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх” гэх агуулгатай санал;

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Гомдол санал байхгүй, эмэгтэй хүн байгаа учир хөнгөрүүлж, сануулах арга хэмжээ авч өгнө үү” гэх агуулгатай санал;

- Шүүгдэгч “...Надад хорих ял оногдуулахгүйгээр хөнгөн ял оногдуулж өгнө үү. Бүх буруугаа мэдэж байна. Дахин тийм асуудалд оролцохгүй. Үнэхээр гэмшиж байна” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай буюу тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх урьдач нөхцөл хангагдсан байна.

Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж шүүхэд үүрэг болгожээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хоёр болон түүнээс дээш эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, мөн шүүх хуралдаанд согтуурсан үедээ ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйл баримт тогтоогдсон.

Иймд шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.

3.3. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөгч шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) авчээ. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/398 дугаартай захирамжаар дээрх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч Б.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тодруулбал шүүгдэгч Б.М- нь энэ хэрэгт 4 хоног цагдан хоригджээ.

Шүүгдэгчийг ял оногдуулахгүйгээр тэнссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцдог боловч шүүгдэгчид ял оногдуулаагүй учир цагдан хоригдсон хугацааг дурдах нь зүйтэй байна.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц ургийн овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.М-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, мөн тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Тэнссэн хугацаанд шүүгдэгч нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.М- энэ хэрэгт 4 (дөрөв) хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МӨНХЗАЯА