Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 54

 

 

 

 

Л.Лхачинхүүд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй,

 Прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Л.Лхачинхүү түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолтой Л.Лхачинхүүд холбогдох эрүүгийн 1736000200006 дугаартай хэргийг иргэний хариуцагч түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1961 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 7 дугаар гудамж 02 тоотод оршин суух, 57 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Лхамсүрэнгийн Лхачинхүү нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэр Элстэй гэх газарт 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд-АЗЗА ТӨХК-ний эзэмшлийн 45-82 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалт, мөн дүрмийн 21.8-д заасан тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар 93-47 ГАА улсын дугаартай УАЗ пургон маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд сууж байсан Р.Баянмөнхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн / 2015 оны / 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт Лхамсүрэнгийн Лхачинхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2 болгон өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт Лхамсүрэнгийн Лхачинхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-т заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Лхамсүрэнгийн Лхачинхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70/дал/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 16800000 / арван зургаан сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар шүүгдэгч Л.Лхачинхүүд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч Ховд АЗЗА ТӨХК-иас 79703049 /далан есөн сая долоон зуун гурван мянга дөчин ес/ төгрөг гаргуулан хохирогч Р.Батмөнхөд, 1881000/нэг сая найман зуун наян ес/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Очирбатад /Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар/ тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний нэхэмжлэгч Р.Батмөнхийн нэхэмжлэлээс 50059209 / тавин сая тавин есөн мянга хоёр зуун ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Р.Батмөнх нь цаашид гарах хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т зааснаар шүүгдэгч Л.Лхачинхүүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 310000/ гурван зуун арван мянга/ төгрөг гаргуулан Ховд аймаг дахь Цагдаагийн газарт олгож ” шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Батсүх түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийн 1.2 дахь заалтыг зөрчиж Ховд АЗЗА ХХК-наас 79,703,049 төгрөгийн хохирол гаргуулан шийдэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Шүүгдэгч Л.Лхачинхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм бурутайд тооцсон атлаа түүний бусдад учруулсан хохирол хор уршгийг бусдаар буюу Ховд АЗЗА ХХК-аар төлүүлэх шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг анхан шатны шүүх зөрчсөн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Лхачинхүү өөрөө нөхөн төлөх үүрэгтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Л.Лхачинхүү түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Д.Хуягбаатар нар давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хохирогч Р.Батмөнх болон Ж.Идэржавхлан нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч  С.Ганболд, Ц.Пүрэвжав, Ч.Баянмөнх, Ц.Чанцалдулам нарын мэдүүлэг болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл зэргээр Л.Лхачинхүү нь хөдөлгөөн эхлүүлээгүй, хөдөлгөөнд оролцож явсан гэж үзэхээр байна. Анх хэргийн газарт хийсэн үзлэг, фото зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч болон бусад хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар Л.Лхачинхүүгийн жолоодож явсан гэх тээврийн хэрэгслийн зогсож байсан гэх газар болон хаанаас хөдөлгөөнөө эхлүүлсэн нь тодорхойгүй, дугуйны ул мөр байдаггүй ба прокурор болон шинжээчийн хувьд юуг үндэслэж Л.Лхачинхүүг хөдөлгөөн эхлүүлсэн гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй байгаа. Уг осол болсон гэх газарт пургон машины шил хагарч унасан ул мөр нь усны хоолойн хажууд байгаа ба энэ нь жолооч Л.Лхачинхүүг замын хөдөлгөөнд оролцож явсан болохыг нотлох бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоовол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон нэмж хийгдэх ажиллагаа байхгүй байсан, тухайн хэрэг учрал болсоны дараа хүний амь, нас аврах зорилгоор хэргийн газарт байсан тээврийн хэрэгсэлүүдийг байрнаас нь хөдөлгөсөн тухайн зам тээврийн осол болсны дараах байдлыг харах боломжгүй болсон байсан. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдолд  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж  үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий болсон байна.

            Л.Лхачинхүү нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэр Элстэй гэх газарт 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшлийн 45-82 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 6-д заасан “ Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. . . гэх “ заалт мөн дүрмийн 21.8 “. . . Тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт “ хүн тээвэрлэхийг хориглоно . . . “ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  93-47 ГАА улсын дугаартай УАЗ Пургон маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан хохирогч Р.Батмөнхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжав нь шүүгдэгч Б.Лхачинхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, замын цагдаагийн шинжээч нарын дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Л.Лхачинхүүгийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдож байна гэж дүгнээд түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 16,800,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Харин шүүгдэгч Л.Лхачинхүүгийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын тухайд: Гомдолд 45-82 ХОА улсын дугаартай Донгфенг машины жолооч Л.Лхачинхүү нь хөдөлгөөн эхлүүлээгүй, хөдөлгөөнд оролцож явсан гэж үзэхээр байна гэжээ. Гэтэл гэрч С.Баярцэцэг, С.Мөнхзаяа, Ц.Пүрэвжав яллагдагч Ж.Идэржав нарын мэдүүлгээр Л.Лхачинхүү нь өөрийн компаний 2 тээврийн хэрэгслийн дундаас хөдөлгөөнийг эхлүүлсэн гэдэг нь тогтоогдсон байх бөгөөд энэ үед Л.Лхачинхүүгийн жолоодож явсан Донгфенг маркийн машины жолооч талын толийг хааж, зүүн талын хаалганы гишгүүр дээр Ховд АЗЗА ТӨХК-ийн ажилтан С.Ганболд зогсож явсан болох нь яллагдагч Л.Лхачинхүү, Ж.Идэржав гэрч С.Мөнхзаяа мэдүүлгээр тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл 45-82 ХОА улсын дугаартай Донгфенг машины жолооч Л.Лхачинхүү нь хөдөлгөөнийг эхлүүлсэн тохиолдолд 93-47 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Идэржав нь давуу эрхтэй хөдөлгөөнд оролцдог, мөн тухайн үед зогсоох арга хэмжээ авсан байх тул түүнийг замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй бөгөөд “Ж.Идэржавд гэм буруу байхгүй байна” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын тухайд.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ ...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагч” гэдэг. Иймд шүүгдэгч Л.Лхачинхүүгийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээр бусдад учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч буюу Ховд АЗЗА ТӨХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт нийцсэн байна.

            Шүүх хуулийн дагуу эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх тухай шийдвэр гаргахад ажил олгогч нь ажилчиддаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх нь ач холбогдолгүй бөгөөд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг зөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ховд АЗЗА ТӨХК нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ6 Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Л.Лхачинхүүгийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг иргэний хариуцагч Ховд АЗЗА ТӨХК-ийн төлөөлөгч Б.Батсүх түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Лхачинхүү түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Д.Хуягбаатар, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Батсүх түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.ТУЯА                                                                                                                                

                                               ШҮҮГЧИД                                          М.НЯМБАЯР

                                                           Д.КӨБЕШ