Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Гантогтох,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46,

шүүгдэгч П.Соронзонболд,

иргэдийн төлөөлөгч М.Осорханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Буянт суманд 1986 оны 10 дугаар сарын 08-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1 /в/ хэсэг улаанхуаран гудамжны 2070 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж  байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Улаансоёо овогт Пүршгээгийн Соронзонболд /РД:ПЮ86100810/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2017 2501 0891 дугаар 105/2017/0302/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Соронзонболд нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр  Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн 1 /б/-2070  тоотод хохирогч Н.Батбаатартай маргалдах явцдаа модоор цохиж биед нь  хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Соронзонболд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ээж нь Батбаатарыг манайд нэг шил алтай дарстай хамт авчирч ирсэн. Оройн нь намайг хамт ууя гэхээр нь би уугаагүй. Өглөө алтай дарс болон нэг шил архи уугаад “Нарантуул” зах руу явсан. “Нарантуул” зах дээр очиж Батбаатар эгчээсээ 40.000 төгрөг авсан. Тэрнээс гараад бид хоёр халуун усанд орохдоо 6 шил жижиг 100 граммын архи уусан. Тэрийг хувааж уугаад караоекид орсон. Тэнд Батбаатар хүнтэй маргалдаад байхаар нь би шууд гэртээ харьсан. Батбаатар араас хүрээд ирсэн. Бид гурав унтах гэж байхад би эхнэртэйгээ маргалдсан. Батбаатар босч ирээд намайг түлхээд унагаасан. Би унаад босох  явцдаа гурилын гамбанз аваад Батбаатарын хойд хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд Батбаатар манайхаас гараад явсан. Маргааш өглөө нь Батбаатар 1 шил архи бариад ирсэн Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Хохиролд  2.000.000 төгрөгийг төлсөн гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст  хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Батбаатарын мэдүүлэхдээ: Соронзонболд Цагаанцэцэгтэй маргалдаж байгаад зодох гээд дайраад байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгатал Соронзонболд газар байсан гурилын гамбанз модоор миний ар талын хэсэгт 1 удаа цохиход би газар унаж манарч юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд би босоод гэрлүүгээ алхаад шууд харьж унтсан. Тэгээд 2 өдөр зүгээр л хөндүүрлээд босоод амьгалахад хэцүү байгаад байсан. Би тэрхэн үедээ цохиулснаас болоод хөндүүрлэж өвдөөд байна даа гэж бодоод эмнэлэгт үзүүлээгүй. Ингээд би 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Соронзонболдын гэрт нь очоод бид 2 юм яриад сууж байхад гэнэт ухаан алдаж унасан. гэх мэдүүлэг . /хх-н  11-12-р тал/

  Мөрдөн байцаалтанд гэрч Б.Лхагвадоржийн: ...2017 оны 02 дугаар  сарын 24-ний өдөр Батбаатар надруу утсаар яриад миний нуруу өвдөөд байна гэхээр нь би хүрээд ир гээд төмөр замд уулзаад нурууг нь харсан чинь хөх эрээн болчихсон байсан. Тэгээд амьсгалж, ярьж чадахгүй байсан…Ингээд орой нь ухаан ороход цагдаагаас ирж мэдүүлэг авахад Соронзонболдод зодуулчихаад надаас нуусан байснаа хэлсэн. гэх  мэдүүлэг. /хх-н 14-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч З.Цагаанцэцэгийн: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт Соронзонболд найз Батбаатартай хамт байж байгаад 20 цагийн үед гарсан. Ингээд тэр 2 гарч яваад 2 цаг гарны дараа орж ирсэн ба согтуу орж ирсэн. Тэгээд бид 3 унтах гэж хэвтэж байтал Соронзонболд гэнэт над руу дайраад өөрийн найз Ууганболдтой хардаад намайг 2-3 удаа алгадсан. Тэгэхэд нь Батбаатар босч ирээд Соронзонболд бид хоёрын дундуур орж салгасан.Тэгтэл Соронзонболд хөргөгчний урд талд байсан гурилын гамбанз модыг аваад Батбаатарын зүүн талын ар хэсэгт 1 удаа цохиход гурилын гамбанз голоороо хугарсан. гэх  мэдүүлэг. /хх-н 16-17-р тал/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3738 тоот дүгнэлтэнд :

1 Батбаатарын биед зүүн 8,9,10-р хавирганы хугарал, уушигны няцрал, бүрэн бус уналт, цээжний зүүн гялтангийн хөндийд хий, цус хуралдалт, арьсан дор хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн ГЗТЖ-н 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  Шинжээч эмч  Д.Мөнхбат  гэсэн дүгнэлт. /хх-н 23-р тал/

           

             Хохирогч Н.Батбаатарын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүх  зэрэг   бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан  бичгийн нотлох  баримтууд болон гэрч  хохирогч  шүүгдэгч нарын мэдүүлэгүүдээс  дүгнэхэд   П.Соронзонболд нь  гэр бүлийн хүнээ  зодохоор нь  салгах гэж  хохирогч  Н.Батбаатар хориглох  явцад  гурилын  модоор  цохьж  биед нь хүнд зэргийн  гэмтэл учруулсан үйл баримт болсон байна. Н.Батбаатарын биед учирсан  гэмтэл  нь  П.Соронзонболдын үйлдлийн улмаас  үүссэн шалтгаант  холбоотой  байна.

Иймд П.Соронзонболд нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр  Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн 1 /б/-2070  тоотод хохирогч Н.Батбаатартай маргалдах явцдаа гурилын модоор цохиж биед нь хүнд гэмтэл санаатай гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх ба П.Соронзонболдын үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах  үндэстэй  байна.

          Хохирогч Н.Батбаатар нь өөрийн бие махбодид  учирсан гэмтлийн улмаас  эмчлүүлсэн эмчилгээний зардлын нотлох баримтыг мөрдөн байцаалтын болон  шүүхийн шатанд ирүүлээгүй ба эмчилгээний зардлын нотлох  баримтаа хуульд заасан журмын  дагуу бүрдүүлж  жичид  нь  нэхэмжлэх  эрхтэй болно.

          Шүүгдэгч П.Соронзонболд нь хохирогч Н.Батбаатарт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн  хохирол төлбөр  төлсөн  байх тул  одоогоор  төлөх  төлбөргүй гэж  үзэв./хх-н 69-р тал/

          Шүүгдэгч П.Соронзонболд урьд нь ял шийтгэл хүлээж  байгаагүй болох нь  түүний   ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна . /хх-н 34-р тал/

           Шүүгдэгч П.Соронзонболд нь Эрүүгийн хуулийн ерөнхи ангийн 55 дугаар зүйлийн 551.1-т зааснаар  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлсөн,  хийсэн хэргтээ  гэмшиж байгаа  болон хувийн байдал  зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа хорих ялын доод хэмжээнээс доогуур  хорих ялыг   оногдуулж  ялыг  жирийн  дэглэмтэй хорих  ангид  эдлүүлэх   нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

       Монгол  улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Улаансоёо овогт Пүршгээгийн Соронзонболдыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Пүршгээгийн Соронзонболдыг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан  52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар П.Соронзонболдод оногдуулсан 3  /гурван/ жил 6 /зургаан/ сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Хэргийн улмаас  П.Соронзонболд нь цагдан хоригдсон хоноггүй,  одоогоор  бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битмүүмжлэгдэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус  дурдсугай.

 

            5.Хохирогч Н.Батбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, П.Соронзонболдод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Соронзонболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧИД                                   С.ӨСӨХБАЯР

                                                                                  Э.ЧИНГИС     

        

 

                                                                                  .