Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2017/0721

 

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2017/0721

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: N ХХК /РД:*******/,

Хариуцагч: СБД, СБДГА

Гуравдагч этгээд: Н ХХК /РД:******/, П ХХК /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Н ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын баруун урд талаар залгаж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөхгүй байгаа СБД болон С******* дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын урд талын газрыг хашиж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөхийг хариуцагчдад даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Р.Э, нэхэмжлэгч И ХХК-ийн өмгөөлөгч Г.Н, хариуцагч С******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч С******* дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, гуравдагч этгээд Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Т.Э, гуравдагч этгээд П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээд П ХХК-ийн өмгөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч N ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Манай N ХХК нь Нийслэлийн С******* дүүргийн 8 дугаар хороонд нийт 1481 м.кв газар эзэмшдэг бөгөөд энэхүү газрын тодорхой хэсэг нь автомашины зогсоол байдаг. Интеном ХХК-ийн барилга болон Н ХХК-ийн хоорондох төрийн өмчийн газарт байрлах цахилгаан түгээх дэд станцын өмнөх төрийн өмчийн газрыг дураараа хашиж хашаа барьсан, мөн N ХХК-ийн эзэмшлийн газар болох машины зогсоол руу орох, гарах гарцыг хааж харуулын пост барьж Газрын тухай хууль тогтоомж зөрчиж манай байгууллагын газар эзэмших эрх, ашиг сонирхлыг байнга хөндөж байна.

Манай байгууллагын зүгээс Нийслэлийн өмчийн харилцааны газарт уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгохоор гомдол гаргахад 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 5/5**** тоот албан бичгээр ... Н ХХК-д гаргасан зөрчлөө арилгах талаар манай газраас хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч одоо болтол тодорхой арга хэмжээ аваагүй байна. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллана уу гэж С******* дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгасан байна.

Энэхүү албан бичгийн дагуу С******* дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас авсан арга хэмжээний талаар удаа дараа лавлахад тодорхой хариу ирүүлээгүй, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас даалгасан шийдвэрийг биелүүлэхгүй манай байгууллагыг хохироосоор байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасныг зөрчсөн эс үйлдэхүй болоод байна.

Иймд төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашигласан Н ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын барилгын өмнөх газрыг хашиж барьсан хашаа болон N ХХК-ийн эзэмшил газар руу орох, гарах гарц хэсэгт барьсан харуулын постыг албадан буулгахыг хариуцагчдад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2014 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон 1369 м.кв талбайгаа эзэмших хүсэлттэй байна. Уг эзэмших хусэлт гаргасан талбайд Н ХХК-ийн хашааг буулгахгүй байгаа С******* дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгөнө үү. Н ХХК-ийн манай талбайг хашиж барьсан харуулын пост, нийтийн эзэмшлийн газрыг хашиж барьсан хашаа болон нитийн эзэмшлийн талбайд брьсан өргөтгөлийн барилгыг буулгахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч СБД шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... N ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай 1** дугаар захирамжаар 2400 м.кв газрыг эзэмшүүлсэн.

Нэхэмжлэгч нь дүүргийн Өмч, газрын харилцааны газарт 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Н ХХК-ийн цайны газрын барилга болон хашаа, харуулын постыг албадан чөлөөлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Иймд бодит байдал дээр маргаан бүхий газарт хяналтын цэг тогтоолгож, шүүхээс газрыг үзлэг хийсний дараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болон хүлээн зөвшөөрөх, талууд эвлэрэх боломжтой эсэх хариу тайлбарыг өгнө гэжээ.

Хариуцагч С******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 333 дугаар шийдвэр байгаа. Үүнийг Улсын дээд шүүх шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн зам талбайг гэдгийг гаргаж ирсэн.

Нийслэлийн Засаг Даргын захирамжаар нэхэмжлэгчид 1*********** гэсэн нэгж талбайн дугаартай 1481 м.кв газар олгосон. Энэ газар дээр өнөөдрийн ярьж байгаа хаарууын пост орж байгаа юм. Талуудын маргаж байгаа эзэмшил газар дээр шүүхийн шийдвэр гархаас өмнө нэхэмжлэгчид байсан. нэхэмжлэгч 2015 онд нийтийн эзэмшлийн гудамж талбайд байга харуулын постыг буулгаж өгнө үү гэсэн албан бичгийг манайд ирүүлж байсан. 2012 оны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хугацаанд Нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгчид нэмж олгосон 406 м.кв газар олгосон захирамж гарсан хугацаа хүртэл нийтийн эзэмшийн зам талбайд хамаарагдахгүй бусдын эзэмшил, ашиглалтад байсан. Энд өөрөө хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой ямар ажиллагаа хийхгүй байгаа юм бэ гэдгийг нэхэмжлэгчийн зүгээс нотлоогүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч СБДГА шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай 185 дугаар захирамжаар 2400 м.кв газрыг эзэмшүүлсэн.

Нэхэмжлэгч нь дүүргийн Өмч, газрын харилцааны газарт 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Н ХХК-ийн цайны газрын барилга болон хашаа, харуулын постыг албадан чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан байна. Дүүргийн Өмч газрын харилцааны албанаас 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6** албан тоотоор хариу хүргүүлсэн болно.

Иймд бодит байдал дээр маргаан бүхий газарт хяналтын цэг тогтоолгож, шүүхээс газрыг үзлэг хийсний дараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болон хүлээн зөвшөөрөх, талууд эвлэрэх боломжтой эсэх хариу тайлбарыг өгнө гэжээ.

Гуравдагч этгээд Н ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Тус компани нь Нийслэлийн Засаг даргын 1998 оны 156 дугаар захирамжаар 2400 м.кв талбай болон барилгын орчны газрыг эзэмшиж, ашиглаж ирсэн ба Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжаар хугацааг сунгаж, 2011 оны 440 дугаар захирамжаар талбайн хэмжээг 2512 м.кв болгон нэмэгдүүлэхэд маргаан бүхий газар хамаарч байсан.

Энэхүү хугацаанд манай компанийн газар болон барилгын орчны газрыг өөр эзэмшиж байсан этгээд байхгүй этгээд байхгүй бөгөөд бид эзэмшил болон барилгын орчны газраа өөрсдийн зардлаар засч тохижуулан хучилт хийж, ногоон байгууламжийг бий болгон өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилласаар 17 жил болж байна.

Ийнхүү газраа эзэмшиж, ашиглахдаа бид хуульд заасан шаардлагад нийцүүлж, зохистой ашиглаж, хамгаалан хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдлийг огтхон ч гаргаж байгаагүй. Үүнд нэхэмжлэгч N ХХК ч хамаарах бөгөөд тухайлбал нэхэмжлэгчийн эзэмшил газарт огтхон ч хамааралгүй, цахилгааны түгээх дэд станцын өмнө байрлах хашаа нь нэхэмжлэгч газраа эзэмшиж, ашиглахад сөргөөр нөлөөлөх ямар нэгэн хүчин зүйл байхгүй юм. Өөрөөр хэлбэл бидний ашиглаж буй барилгын орчны газар нь N ХХК-ийн эзэмшил газартай давхцалгүй үүний улмаас тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болно.

Мөн нэхэмжлэлд дурдсан харуулын пост байрлаж буй газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газарт хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүй байгаа болно. Харуулын постны хажуугаар автомашин болон явган хүн орж гарах бүрэн боломжтой болно.

Иймд N ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн газрыг чөлөөлснөөр нэхэмжлэгчийн ямарваа нэгэн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Үүн дээр 3 объектын талаар ярьгдаж байгаа. Цайны газар болон тоосгон хашааны хувьд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь халдсан зүйл байхгүй, харуулын постын хувьд бидний зүгээс И ХХК-д зогсоолд зогсох машины дугаарыг өгөөч гэж удаа дараа санал тавьдаг боловч хариу өгдөггүй. Урьд нь үзлэг хийхэд тус газар И ХХК-ийн авто машин зогсодог, мөн И ХХК-ийн объект дотор байгаа байгууллагудын авто машинууд дээрх зогсоолд авто машинаа зогсоодог. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд ПХХК-ийн өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт, хариуцагч байгууллагын гаргасан эс үйлдэхүй байгаа гэж яригдсан. Буулгуулах гэж байгаа объект нь нийтийн эзэмшлийн талбай дээр байгаа гэдэг. Бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газрыг нийтийн эзэмшлийн талбай гэж үзээд үүнийг чөлөөлүүлэх хүсэлт гаргаж түүнийг нь биелүүлсэнгүй гэдэг байдлаар хариуцагчийг буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч яг ямар газар эзэмшидэг вэ? уг газрыг эзэмшихэд саад учраад байна гэх утгаар хандах ёстой бөгөөд энэ газрын хил хязгаарын хаагуур нь эрх ашиг хөндөгдөж байгаа вэ гэдэг тодорхой байх ёстой. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хашаан доторх хэдэн м.кв газрыг авто зогсоолын зориулалтаар эзэмшидэг нь тодорхойгүй бөгөөд Н ХХК, П ХХК-ийн хууль бус үйлдлээс болж өөрсдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа нь тодорхой байх ёстой. Тэгээд бидний эрх ашиг хөндөгдөөд байна гэж гаргасан хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Гуравдугаарт, Харуулын пост нь И ХХК болон Н ХХК-ийн эзэмшил, ашиглалттай талбай дээр байригдсан объект юм. Улсын дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 170 дугаар тогтоолоор 112 м.кв газрыг нийтийн эзэмшлийн талбайд үлдээнэ гэж шийдвэрлэсэн. Нийтийн эзэмшлийн 112 м.кв газар гэдэгт ганц харуулын пост хамаарахгүй. Тэгхээр нийтийн эзэмшлийн талбай хаагуур байгаа эсэхийг тодорхойлж өөрсдийн талбайн газраас ялгамж заагтай байх ёстой. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр харуулын пост барьсан уу?, үгүй юу? үүнийг татан буулгаснаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх вэ? гэдэг асуудлыг онцгойлох ёстой. Цайны газрын хувьд Н ХХК-иас бэлэглэлийн гэрээгээр авч үйл ажиллагаа явуулж байгаа объект юм.

Цайны газар баригдсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн үү? Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд ...захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуула гэсэн уг хуулийн зорилт байгаа. Тэгхээр цайны газар баригдсанаар нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчигдсөн юм бэ? гэдэг асуудлаар ярих ёстой. Энэ барилга нь 2006 онд баригдаж эхлэх үед маргах боломж байсан. Гэтэл гэнэт 2012 онд уг асуудал дээр маргаж эхэлсэн. Дээрх барилгыг буулгаснаар нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх ашгийг хамгаалах юм бэ? гэдгийг харах ёстой. Уг барилгыг буулгаснаар нэхэмжлэгчийн ямар ч эрх ашиг сэргэхгүй. Мөн ЦСДБ хувьд блокон хашаа баригдсанаар нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн талбай руу орох боломжгүй болсон уу? үүнийг буулгаснаар нэхэмжлэгч орц, гарцтай болж байна уу гэдэг асуудал гарч байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зориолго, зорилтод дээрх асуудал нийцэхгүй байна. Одоогоор дамжмал байдлаар асуудал яригдаж байна. ЦСДБ-ийн барилга дээр байгаа хашааг буулгах юм бол И ХХК орц, гарцтай болнх бөгөөд П ХХК нь манай орц, гарцыг булаацалдаад байна гэж байгаа. Бид И ХХК-ийн орц, гарцыг булаацалдсан зүйл огт байхгүй. Дээрх улаан хашааг буулгаснаар И ХХК-ийн орц, гарцын асуудал сэргэж, нийтийн эзэмшлийн талбай руу орох гэдэг асуудал нь үндэслэлгүй. Нийтийн эзэмшлийн 112 м.кв газарт ЦСДБ-ийн хашаа баригдсан уу? эсхүл цайны газрын барилга хамаарч байгаа юм уу зэрэг нь торхойгүй байгаа юм. Ийм учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байгаа юм гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч N ХХК нь Төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашигласан Н ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын барилгын өмнөх газрыг хашиж барьсан хашаа болон N ХХК-ийн эзэмшил газар руу орох, гарах гарц хэсэгт барьсан харуулын постыг албадан буулгахыг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ... Зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаа бусдын үйлдлийг таслан зогсоохгүй байгаа нь эс үйлдэхүй болохыг тогтоож, нийтийн эзэмшлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Улмаар шүүх хуралдаанд Н ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын урд талын газрыг хашиж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын урд талын газрыг хашиж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын постыг албадан буулгахыг хариуцагчид даалгуулах гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

N ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай дугаар 216 тоот болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай дугаар А/9*** тоот захирамжуудаар үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараахь эрхтэй, 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах гэж заасны дагуу N ХХК нь өөрийн эзэмшил газраа үйлчилгээний буюу номын худалдааны зориулалтаар ашиглах эрхтэй бөгөөд ийнхүү зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахын тулд өөрийн эзэмшил газартай залгаа нийтийн эзэмшлийн газрыг үйлчлүүлэгчдийн болон өөрсдийн автомашины зогсоол зэрэг зориулалтаар ашиглах эрхтэй.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ, 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасан байна.

Н ХХК нь өөрийн эзэмшлийн биш газар дээр цайны газрын барилга, харуулын пост, цахилгаан түгээх дэд станцын барилгын баруун урд талаар залгаж хашаа барьсан байгаагаас үзэхэд дээрх хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ Н ХХК биелүүлээгүй байх ба бусад газар эзэмшигчийн буюу N ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тодруулбал N ХХК болон Н ХХК-ийн хэн аль нь өөрийн эзэмшил газартай залгаа нийтийн эзэмшлийн газрыг автомашины зогсоол гэх мэт хэлбэрээр ашиглах тэгш эрхтэй ба нийтийн эзэмшлийн буюу өөрийн эзэмшлийн бус газрыг Н ХХК зохих зөвшөөрөлгүйгээр, дангаар эзэмшиж, ашиглаж байгаа нь бусдын буюу N ХХК-ийн газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална, 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-д Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Н ХХК нь өөрийн эзэмшлийн бус газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын барилгын урд талаар залгаж хашаа, харуулын пост барьсан байгаа үйл баримт нь газрыг албадан чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг үүсгэсэн байна.

Мөн дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд газар өмчлөх, эзэмших, ашиглахад ...тэгш байдлыг хангах гэж төрөөс газрын талаар баримтлах зарчмыг хуульчилсан ба Н ХХК болон N ХХК-ийн хэн аль нь өөрийн эзэмшиж буй газартай залгаа нийтийн эзэмшлийн газрыг автомашины зогсоол болон бусад хэлбэрээр ашиглах эрхтэй тул маргаан бүхий объектууд байрлах газрыг албадан чөлөөлөх нь тэгш байдлыг хангах зарчимд нийцнэ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд газар эзэмшигчээс газрыг хууль тогтоомжийн дагуу зохистой ашиглаж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах нь Засаг даргын чиг үүрэг байх ба Н ХХК нь хууль зөрчиж, өөрийн эзэмшлийн биш газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр объектууд барьсан зөрчил гаргасан байх тул уг зөрчлийг арилгах арга хэмжээ авах нь Засаг даргын чиг үүрэг, бүрэн эрх юм.

Маргаан бүхий объектууд буюу цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын баруун урд талаар залгаж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын постыг өөрийн эзэмшлийн биш газар дээр барьсан гэдгийг Н ХХК өөрөө хүлээн зөвшөөрдөг ба энэ асуудлаар талууд маргадаггүй.

Маргаан бүхий объектууд байрлаж байгаа газар нь Н ХХК-ийн эзэмшил газар биш болох нь лавтай нотлогддог ба Н ХХК нь маргаан бүхий объектууд байрлах газрыг эзэмших хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 1/5*** тоот[1], 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн № 1/9** тоот[2] албан бичгүүдээр өгсөн байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 333 дугаар шийдвэрээр нийтийн эзэмшил гэж үзсэн 112 м.кв газар хаана байрлаж байгаа буюу уг 112 м.кв газрын хил зааг хаагуур байрлаж байгааг шинжээчийн дүгнэлтээр нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн агуулгаар гуравдагч этгээд П ХХК-ийн өмгөөлөгч тайлбарлаж байх хэдий ч цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын баруун урд талаар залгаж барьсан хашаа, харуулын пост байрлаж байгаа газар нь Н ХХК-ийн эзэмшил газар биш гэдэгтэй талууд маргадаггүй, уг объектууд байрлаж байгаа газар манай эзэмшлийн газар биш гэдгийг Н ХХК нь өөрөө хүлээн зөвшөөрдөг тул гуравдагч этгээд П ХХК-ийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, хэрэгт ач холбогдолгүй байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 333 дугаар шийдвэрээр нийтийн эзэмшил гэж үзсэн 112 м.кв газар хаана байрлаж байгааг шинжээчийн дүгнэлтээр нарийвчлан тогтоогоод ч тус маргаанд ач холбогдолгүй ба маргаан бүхий объектуудын доорх газар Н ХХК-ийн эзэмшлийн газар биш болох нь лавтай нотлогддог тул уг объектууд байрлаж байгаа газар нийтийн эзэмшлийнх, эсхүл N ХХК-ийн эзэмшлийн газар болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоох нь тус маргаанд нотолгооны ач холбогдолгүй байна.

Н ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын баруун урд талаар залгаж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хариуцагч гаргасан болох нь хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч N ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны ирцийн тухайд:

Шүүх:

         гуравдагч этгээдүүдээс шалтгаалж шүүх хуралдаан олон удаа хойшилсон нь тодорхой нотлогддог ба шүүх хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс эхлэн хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, эрхээ эдлэх боломжоор хангасаар ирсэн,

         тус хэргийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд Ц.Ж******* өмгөөлөгч оролцсон ба уг шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр товлоход Улсын Дээд шүүх дээр шүүх хуралдаан давхацсан талаар Ц.Ж******* өмгөөлөгч шүүхэд хэлээгүй,

         мөн өмгөөлөгч Ц.Ж*******ийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн Шарын гол ХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн № 1/5** тоот Итгэмжлэл олгох тухай албан бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байсан,

         гуравдагч этгээд Н ХХК-ийн өмгөөлөгч З.С Б.Б нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон ба тус шүүх хуралдаантай давхцаж байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн ба урьдчилсан хэлэлцүүлэг харьцангуй богино хугацаанд үргэлжилдэг тул тус Б.Б*******ы нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон урьдчилсан хэлэлцүүлэг дуусахыг хүлээж, дууссаны дараа 10 цаг 43 минутад шүүгчийн туслах өмгөөлөгч З.С*******тай биечлэн уулзаж, шүүх хуралдаандаа орохыг мэдэгдсэн боловч өмгөөлөгч З.С******* орохгүй гэсэн хариуг өгсөн зэрэг нөхцөл байдал, үндэслэлүүдийг тус тус харгалзан үзэж шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчдийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч N ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Н ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын баруун урд талаар залгаж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхгүй байгаа СБД болон С******* дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын урд талын газрыг хашиж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхийг СБД болон СБДГАд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СБД, СБДГАас тус бүр 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 


[1] 3 дугаар хавтаст хэргийн 87 дугаар хуудас

[2] 3 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр хуудас