Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0213

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээд Л.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Ж.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Д.*******гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамжийн Л.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, “маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 15-ын 462 тоот 152 м.кв газар эзэмших эрхтэй болохыг тогтоож, газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Л.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийг гардаж аваад давж заалдах гэтэл шийдвэрийн тогтоох хэсэгт Л.******* намайг давж заалдах эрхгүйгээр шийдсэн байсан учир миний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд хүсэлт гаргаснаар миний эрхийг хангаж 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Шүүхийн шийдвэр залруулах тухай” 490 тоот шүүгчийн захирамж гаргаж 920 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулснаар давж заалдах гомдлоо гаргах эрхтэй болж энэ гомдлыг гаргаж байна.

Шүүх газраа 2 жил эзэмшиж ашиглаагүй гэсэн үндэслэлээр шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй. Учир нь тухайн газарт үл хөдлөх хөрөнгөтэй, хашаатай байхад эзэмшиж ашиглаагүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2 жил тэнд амьдраагүй нь эзэмшиж ашиглаагүй гэсэн үг биш юм. Захиргааны шүүхээр шийдэгдэж байгаа хэргүүдийг харахад хашаатай ч юм уу, эсхүл байшингийн суурь ухаад өөрөө амьдраагүй олон газрын маргаанд эзэмшиж ашиглаагүй гэсэн зүйл ярьдаггүй. Тэгвэл үл хөдлөх хөрөнгө нь байгаа газрыг эзэмшиж ашиглаагүй үндэслэлээр бусдад өгч болдог хууль байхгүй. Мөн газар хүсэгч нь бусдын эзэмшиж ашиглаагүй газарт өргөдөл өгч газар эзэмших эрх авч болохоор хуульчилсан болохоос эзэн нь эзгүй байгаа учир газрыг нь авч болно гэсэн хууль байхгүй. Тухайн газраа 2 жил дараалан эзэмшиж газартаа хашаа хатгаагүй, хамгаалах зурвас татаагүй, үл хөдлөх хөрөнгө байхгүй гэж ойлгодог бол энэ удаа арай л өөр зүйл болоод байна.

Мөн өмгөөлөгч авах боломж олгоогүй нь өөрийнхөө эсрэг шүүгч, хариуцагч нарыг эвсэх, эсрэг шийдвэр гаргуулах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Мөн намайг хууль мэдэхгүйг нь далимдуулж гомдол гаргах эрх хязгаарлаж шийдвэр гаргасныг хууль мэддэг хүнээс олж мэдсэн болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж, эрхээ хамгаалах боломж олгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь анх шүүхэд “Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас иргэн Л.*******д 152 м.кв газрыг эзэмшүүлсэн 2009 оны 327 дугаар захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д зааснаар дүүргийн Газрын албанд миний газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Гуравдагч этгээд Л.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 15 дугаар гудамж, 462 тоот 162 м.кв газрыг миний бие эзэмших эрхтэй болохыг тогтоож, газар эзэмших эрхийг хэрэгжүүлж өгнө үү” гэж өөрчилжээ.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсгийн аль заалтад заасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь тодорхойгүй байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ”, 27.2.2-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ. Гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас Б.*******т олгосон итгэмжлэлдээ “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” эрхийг тусгайлан заагаагүй төдийгүй хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь гуравдагч этгээд Л.*******гийн эрх, ашиг сонирхлыг хөндөхөөр байхад шүүх “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамжийн Л.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчжээ.  

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Ийнхүү анхан шатны шүүх “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 328 дугаар захирамжийн Л.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийлгүй, хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн дүгнээгүй асуудлын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн гуравдагч этгээд Л.******* нь шүүхэд гаргасан тайлбарынхаа үндэслэлийг “...тухайн газар дээр миний үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа...” гэж тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий газарт Л.*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, Л.*******гийн өмчлөлийн гэх үл хөдлөх хөрөнгө маргаан бүхий газарт байрладаг эсэх, энэ нь Л.*******гийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй эсэх талаар нотлох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Харин анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд гуравдагч этгээд Л.******* нь хууль зүйн туслалцаа авахаас татгалзсан байх тул түүний “шүүх өмгөөлөгч авах боломж олгоогүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                                                    ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

                       ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

                       ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН