Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 302

 

Д.Ө, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Г.Г-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 537 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 323 дугаар магадлалтай, 201601000274 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, Х дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Д-гийн Ө,

2. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, эрэгтэй, Х дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г-гийн Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ө, Г.Г нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Д.Ө, Г.Г нарыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө, Г.Г нарыг төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө, Г.Г нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрт хяналт тавих үүргийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...цагдаагийн байгууллагад...” гэснийг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан гомдолдоо “...Надад холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэсэн зарчмыг үндэслэх шаардлагатай гэж үзэж байна.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуульд “албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авах гэдгийг хахууль өгөгчийн санал болгосон шаардлагыг хүлээн авч энэ үндсэн дээр хууль, бусад хууль тогтоомж, дүрэм, журмаар албан тушаалынх нь хувьд өөрт олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүй байх явдал” гэж хуульд огт байхгүй зүйлийг гүйцэтгэсэн үйлдэл хийсэн байхыг шаарддаг.

Миний хувьд хуульд заасан субьект биш, өөрт олгогдсон албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийгээгүй болно. Миний бие нь холбогдох хэргийг шалгаагүй ч гэлээ тухайн үед үйлчилж байсан хуулиар Ж.Т, Н.Ө, Б.Д нарыг хохирогчоор тогтоох нь хууль бус үйлдэл биш юм. Өөрөөр хэлбэл, хохирогчоор тогтоож болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Шүүхээс намайг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг урьдчилан амласан гэж буруутгаж байгаа нь тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан зарчимтай зөрчилдөж байна.

Хэрэв дээрх хүмүүс үнэхээр хохирсон бол, мөн би өөрөө байцаалт авч шалгасан бол байцаан шийтгэх ажиллагааны ямар заалт зөрчиж, хохирогчоор тогтоож болохгүй байсан талаар шүүх ойлгомжтой тайлбарлан дүгнэж тогтоолдоо дурдаагүй байна. Би ажил үүргийн хуваарийн дагуу энэ хэргийг мөрдөн шалгаж байгаагүй, “Х” ХХК-ийн хэнийг ч байцааж шалгаагүй, тэдний хохирогч гэх хүмүүсийг байцааж байгаагүй, харин Д.Ө мөрдөн шалгах ажиллагааг хийж байсан. Мөн “Х” ХХК-ийн Ж.Т, Н.Ө нар намайг огт хараагүй, уулзаж байгаагүй, Б.Д нь байцаагч мөнгө авдаг байсан талаар мэдүүлсэн байдаг.

Гэтэл шүүх “миний Б.Д-гээс зээлсэн мөнгийг нэг талдаа намайг мөрдөн байцаагч байсан нөгөө талдаа зээлдүүлсэн субьект нь хэргийн холбогдогч нар байсан учраас хоорондоо холбоотой” хэмээн гэм буруутайд тооцсон. Дээрх хүмүүс зүгээр нэг зодооны хэрэгт холбогдоогүй олон хүмүүсээс мөнгө залилж авч чадсан бөгөөд прокурор цагдаагийн байгууллагын шийдвэрүүд өөрсдөд нь таалагдахгүй бол юу гэж ч гүтгэж болохоор арга барилд суралцсан байгааг нотолж байна. Н.Ө, Ж.Т нарын АТГ-т өгсөн өргөдөл болон мэдүүлгүүд нь гэрчүүдийн мэдүүлэг, гаргаж өгсөн нотлох баримтуудтай зөрчилдөж байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд өөрсдийн үйлдлийг булзааруулах зорилгоор иргэний хувьд зээлсэн, зээлдүүлсэн мөнгөний асуудлыг авилга мэтээр гаргаж ирсэн байдал тогтоогдож байхад шүүх энэ асуудлыг тойрч зөвхөн “мөнгө өгсөн авсан” гэх байдлыг эрх зүйн хувьд ялгаж салгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар биш, эсрэгээр ашиггүй байдлаар хуулийг хэрэглэсэн. Иймд дээрх байдлуудыг хянан үзэж Г.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хэлсэн саналдаа “...Хээл хахууль өгсөн гээд байгаа этгээдүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт удаан шалгагдсан хүмүүс юм. Г.Г нь гомдол гаргагч нартай эртний танил бөгөөд тодорхой хэмжээнд иргэний журмаар зээл авсан асуудал байсан. Гомдол гаргагч нар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын тусгай субьектэд гомдол гаргахдаа Г.Г-гийн нэрийг дурдаагүй, Д.Ө-г шалгуулахаар өргөдөл өгөөд хэргийг шалгаж байх явцад Г.Г-гийн зээл авсан баримтууд гарч ирснээр Г.Г-г шалгасан. Г.Г нь анхнаасаа иргэний журмаар зээл авсан асуудлаар маргаагүй, өөрийнхөө талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Тэрээр Д.Ө-тэй адил албан тушаалтай, түүнд нөлөөлөх боломж байхгүй. Мөн өөр хэрэгт сэжигтнээр татагдсан хүний мэдүүлгийг үнэлсэн нь үндэслэлгүй байна. Г.Г-гийн хээл хахууль авсан гэх үйлдлийг шалгаж тогтоогоогүй байж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул Г.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нар нь төрийн албан хаагчийн хувьд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод давуу эрх олгохоор амлаж, хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ө нь Х дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа “Х” ХХК-ийн хуулийн зөвлөх Н.Ө-гийн “Б.Ц нарт холбогдох хэргээс хохирлын мөнгийг түрүүлж төлүүлж өгнө үү” гэсэн ашиг сонирхлынх нь төлөө тус компанийн ерөнхий инженер Б.Д-гээр дамжуулж 2014 оны 06 дугаар сард байрны түрээсийн төлбөрт 450,000 төгрөг, өөр байранд нүүж орох зардал, зурагт авахуулах, 2015 оны 02 дугаар сард өөрийн аавын биеийг эмнэлэгт үзүүлэхэд 500,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 05-нд буяны ажилд 1,000,000 төгрөг, нийт 2,275,000 төгрөгийг,

шүүгдэгч Г.Г нь Х дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа “Х” ХХК-ийн хуулийн зөвлөх Н.Ө-гийн ашиг сонирхлын төлөө тус хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Ө-д нөлөөлж, “Х” ХХК-ийн ерөнхий инженер Б.Д-гээр дамжуулан банкны дансаар 2014 оны 07 дугаар сарын 31-нээс мөн оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд гурван удаагийн гүйлгээгээр нийт 2,300,000 төгрөгийг хээл хахууль болгон авсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Д.Ө, Г.Г нарын дээрх үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү хуулийг хэрэглэж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулиар уг гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ нэмэгдэж, хүндэрсэн байх тул хууль буцаан хэрэглэх зарчмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар бусдаас зээлсэн мөнгийг хээл хахууль гэж үзсэн талаар гомдол гаргасан боловч мөрдөн байцаалтын явцад шалгагдаж байгаа этгээдээс мөнгө зээлсэн гэх үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдлаар шууд үгүйсгэгдэж байгаа тул тэдний гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 537 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 323 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН