Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1062

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ө.Батчимэг хөтлөн,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Хохирогч Х.Г , түүний өмгөөлөгч О.Санчирбал,

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М д холбогдох эрүүгийн 2309000001520 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Шарга морьтын зуслангийн “Буурал ээж” нэртэй дэлгүүрийн ард талын гудамжинд үеэл эгч нь үл таних хүний тээврийн хэрэгсэлд байгааг хараад, тухайн мөчид хоромхон зуурт Х.Г ыг үеэл эгчид нь хохирол учруулсан эсхүл хохирол учруулах гэж байсан байж болзошгүй гэж дүгнэснээр Х.Г  руу довтолж, улмаар ир үзүүртэй зүйлээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун сарвуу, баруун өгзөг, гуя шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч А.М нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Шарга морьтын зуслангийн “Буурал ээж” нэртэй дэлгүүрийн ард талын гудамжинд Х.Г той ...үл ойлголцон, маргалдаж ир үзүүртэй зүйлээр биед нь халдаж, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь баруун сарвуу, баруун өгзөг, гуя шилбэнд шарх олон тооны гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Х.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр 21 цагийн орчим Зайсангийн Оргил дэлгүүрээс ажлын газрын хүн болох Ө ыг аваад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга морьтын /хаягийг нь сайн мэдэхгүй/ хүргэж өгөхөөр өөрийн машинаар явсан. Тэгээд Шарга морьтын Буурал гэх дэлгүүр өнгөрөөд Ө ын гэрийг өнгөрөөд машинаа зогсоотол гудамжнаас богино үстэй, туранхай, цагаан царайтай, хар өнгийн өмд, цэнхэр эрээн цамцтай залуу машины цонх цохиод “гал байна уу” гэж асуухаар нь би “байхгүй” гэтэл Ө ыг харангуутаа “Ө  байна” гэж хэлээд машины хаалга онгойлгоод хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж, хаанаасаа юм мэдэхгүй гартаа жижиг тонгорог /бор иштэй байсан байх/ гаргаж ирээд миний хөл рүү хэд хэдэн удаа чичилж хатгасан. Тэгэхээр нь би тэр залууд “Ө ын ажлын газрын хүн байна” гэж хэлтэл тэр залуу тоолгүй дахин хутгаараа миний баруун өгзөг болон баруун гарын долоовор хурууг зүссэн ба би тэр залууд гэр бүлтэй гэж хэлээд гуйсан. Тэр залуу Ө ыг манай эгч гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 17-18 дугаар тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед би ажил дээрээ ажлаа хийж байсан ба эгч нь намайг хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би ажлаа тараад хүргэж өгсөн. А.М  тай бол маргалдах ямар ч боломж болоогүй. А.М машины хаалгыг онгойлгоод халааснаасаа хутга гаргаж ирээд шууд дайрсан. Тэгээд би тухайн үед гуйж байж болиулсан. Намайг тухайн үед маш их айлгаж сүрдүүлсэн. Маш их гомдолтой байна. Би сэтгэл, эд хөрөнгө гээд бүх зүйлээрээ хохирч байна. Хохирлын тухайд баримтаар гаргаж өгсөн байгаа. 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа ба одоо 954,600 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Б.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед Зайсангийн Оргил супер маркетын ойролцоо хуучин ажлын газрын хүмүүстэй уулзаад гурвуулаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хэчнээн хэмжээтэйг ууснаа санахгүй байна, сөжү болон пиво уусан. Тэгээд орой 21 цагийн үед хуучин ажлын газрын хүн болох Г ын ...  дугаарын гар утас руу нь өөрийн гар утсаар залгаад намайг гэрт хүргэж өгөхийг гуйхад Г  намайг Зайсангийн Оргил супермаркетаас машинтайгаа ирж аваад бид хоёр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Буурал ээж дэлгүүрийн ард талын гудамжинд байрлах миний эзэмшлийн лагерийн байшингийн гадаа ирж зогссон. Тэгээд зогсож байтал манай үеэл дүү М  гудамжнаас бид хоёрын сууж байсан машиныг чиглээд ирж байсан бөгөөд тэр үед би машинаас нь буусан байсан. Юунаас болж хэрэлдсэнийг нь би санахгүй байна. Би их согтуу байсан учраас гэр лүүгээ шууд орсон бөгөөд манай дүү М  үлдсэн. Би гэртээ ороод байж байтал миний араас орж ирсэн. Бид хоёр хоорондоо гэр дотор ороод хэрэлдсэн. Юу гэж хэрэлдсэн талаараа би тодорхой сайн санахгүй байна. Тэгээд бид хоёр тэнд хоночхоод өглөө гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6986 дугаартай “...Х.Г ын биед баруун сарвуу, баруун өгзөг, гуя, шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 668 дугаартай “...Х.Г ын биед баруун сарвуу, баруун өгзөг, гуя, шилбэний булчин өөхөн эдийг гэмтээсэн нийт 5ш хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлүүд нийтдээ болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 71-73 дугаар тал/,

 

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эдгээр зүсэгдсэн, хатгагдсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Ир үзүүртэй зүйлээр дээрх гэмтлийн шинж чанар буюу зүсэгдсэн, хатгагдсан гэмтэл үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39 дүгээр тал/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 43-49 дүгээр тал/,

Шүүгдэгч А.М  ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр манай эгч Ө  20 цагийн үед миний 88384198 дугаарын гар утас руу залгаад надад “Зайсанд байна, ирээд авчих” гэхээр нь би эгчид “завгүй байна, таксидаад хүрээд ир, мөнгийг нь өгчихье” гэж хариулсан. Би эгчийг 1 цаг орчим хүлээгээд ирэхгүй байхаар нь эгч рүү залгатал эгч утсаа авахгүй байсан бөгөөд энэ үед намайг гудамжинд тамхи татаад зогсож байтал хажуугаар Приус 30 загварын машин өнгөрөхөөр нь би тэр машинаас гал авах гээд тухайн машин дээр очиж машины жолоочийн талын цонхийг нь гараараа тогшоод “гал байна yу” гэж асуутал тэр машины жолоодож байсан нэг эрэгтэй хүн сууж байсан ба эсрэг талын суудалд нь эгч Ө  архи уугаад, тасарчихсан сууж байсан. Тэгэхээр нь би “Ө  эгч байна шүү дээ” гэж хэлэхэд тэр залуу зугтах гэж байгаа юм шиг надад санагдахаар нь би машиных нь хаалгыг онгойлгоод тэр залууг баруун хөлөөрөө нүүр лүү нь жийх гэтэл оноогүй хажуугаар нь өнгөрсөн. Учир нь тэр залуу цааш зугтаад машиныхаа голын хайрцаг дээр суусан. Тэгээд би үргэлжлүүлээд цээж хэсэг рүү нь 2 удаа баруун хөлөөрөө жийж өшиглөөд, уурлаад тэр залуу руу “юун учиртай хүн юм” гэж асуухад миний өөдөөс ямар нэг зүйл хэлэхгүй, асуултад тодорхой хариулахгүй байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд тэр залуугийн нүүр лүү нь баруун гараараа 2 удаа цохих гээд далайгаад гараа явуулсан. Гэхдээ тэр 2 цохилт тэр залууг оноогүй тул дахин баруун хөлөөрөө цээж рүү нь 1 удаа өшиглөсөн. Тухайн үед тэр залууг ирэхээс өмнө манай эгчийн машин шаварт суусан байсан бөгөөд машиных нь ойролцоо газарт байсан целлодон материалтай шилний хэлтэрхий байсныг нь би эгчийн машиныг шавраас гаргах гэж оролдож байх үедээ газраас аваад халаасандаа хийсэн байсан юм. Учир нь тэр хавьд үлдээчихвэл тэр хавиар явж байхдаа гутланд зоогдчих байх гэж бодсон юм. Тэгээд тухайн халаасандаа байсан 5-8 см орчим урттай, тунгалаг цайвар өнгийн шилний хэлтэрхийг гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад тэр залуугийн хөл хэсэг рүү нь далайгаад айлгая гэж бодоод чичтэл тэр залуу 2 гараараа бариад авахаар нь би эргүүлж татаад дахин хөл хэсэг рүү нь чиглүүлээд чичтэл миний урдаас жийсэн. Тэгээд би тэр залуугаас дахин юу болсон талаар асуухад тэр залуу хэлэхгүй байхаар нь би тэр залуугийн баруун гарынх нь эрхий хуруу хэсэгт нь зүсчхээд буцааж барьсан шилээ татаж байгаад баруун бөгс хэсэг рүү нь жинсэн өмдтэй юм чинь цоорчихгүй байх гэж бодоод баруун гартаа шилний хэлтэрхийг барьж байгаад 1 удаа зоож гэмтээсэн. Тэгээд би тэр залуугаас дахин ямар учиртай хүн болох талаар нь асуухад “мэдэхгүй ээ, би ажлын газрынх нь Г  байна” гэж хэлэхээр нь би “чи тэр Г  юм уу, манай эгч надад утсаа харуулдаг шүү дээ, манай эгч рүү шөнө орой залгаад, юм бичээд байдаг биз дээ” гэтэл тэр залуу “үгүй” гэж хэлээд пээдэлзсэн байдалтай байсан. Тухайн үед би үнэхээр их уурласан байсан бөгөөд тэр залуутай хэрэлдэж байсан ч удалгүй эвлэрээд машинаа унаад яваад өгсөн. Ийм л үйл явдал болсон. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 8-9 дүгээр тал/,

-дахин өгсөн: “...Би жолоочийн суудлыг өөрийн гартаа барьж байсан шилээрээ 2-3 удаа хатгаж цоолж гэмтээсэн. Өөр тэр машины эд зүйлийг эвдсэн зүйл байхгүй. ...Би үнэлгээний тайланд дурдагдсан өөрийн гэмтээсэн эд зүйл болох жолоочийн суудлын гэмтлийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Харин бусад эд зүйлсийг нь би гэмтээгээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 140-141 дүгээр тал/,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр орой Г  бид хоёрын 50, 50 хувийн буруутай үйл ажиллагаанаас л болсон. Миний бодлоор миний эгчийг оролдож байна гэж бодсон. Миний хувьд ямар ч эмэгтэй хүн байсан тийм үйлдэл гаргах байсан. Би алах зорилгоор тэгж дайраагүй, хашраах зорилгоор л ийм үйлдэл гаргасан. Би өөрийнхөө ч, хүний ч зав цагийг алдаж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч А.М нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Шарга морьтын зуслангийн “Буурал ээж” нэртэй дэлгүүрийн ард талын гудамжинд үеэл эгч нь үл таних хүний тээврийн хэрэгсэлд байгааг хараад, тухайн мөчид хоромхон зуурт Х.Г ыг үеэл эгчид нь хохирол учруулсан эсхүл хохирол учруулах гэж байсан байж болзошгүй гэж дүгнэснээр Х.Г  руу довтолж, улмаар ир үзүүртэй зүйлээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун сарвуу, баруун өгзөг, гуя шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгчээс 954,600 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх зүйчлэлээр зүйчилмээр байгаа боловч давж заалдах шатны шүүхийн магадлалыг заавал биелүүлэх ёстой учир хүндрүүлэн зүйчилсэн...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбалаас: “...Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулга хэсэгт нь зааснаар мөн л нөгөө байдал үүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэмт хэргийн сэдэл зорилго болон гэмт хэргийн санаа сэдлийг шалгаж өгөхийг хүсэж байна. Хохирогчийн биед нийт 5 удаагийн гэмтэл, машинд 3 удаагийн зүсэгдсэн байдал байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар дээрх нөхцөл байдлыг зөв зүйчилж өгөхийг хүсэж байна. Нийт 1,454,600 төгрөгийн хохирол гарснаас 5 дугаар сард 500,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 954,600 төгрөг төлөөгүй...” гэсэн дүгнэлтийг;

 

            Шүүгдэгч А.М  аас: “...Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6986 дугаар,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 668 дугаар дүгнэлтүүдээр хохирогч Х.Г ын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг хамааруулж ойлгохоор хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “онц харгис хэрцгийгээр” гэх шинжийг тодорхойлохдоо хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлаас гадна гэмт этгээдийн уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг бие махбодь, сэтгэл санааны хувьд тарчлаах, зовоож шаналгах сэдэлт, зорилгоор эрүүл мэндэд нь аюултай үйлдлээ удтал үргэлжлүүлсэн байдлыг харгалзан үздэг.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч А.М нь хохирогч Х.Г ын эсрэг ир үзүүртэй зүйлээр нийт 8 удаагийн үйлдлээр хүч хэрэглэж, үүнээс бие махбодид нь 5 удаа хатгасан үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал нь “онц харгис хэрцгийгээр” тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. 

Шүүгдэгч А.М нь хохирогч Х.Г ын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүхээс шүүгдэгч А.М  ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбалаас: “...гэмт  хэрэг үйлдэх санаа, сэдэл зорилгыг зөв тодорхойлоогүй, ...хутга байсан уу, ир үзүүртэй зүйл байсан уу гэдгийг тогтоогоогүй...” гэх тайлбар гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан.

Хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байна. Уг нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг болон гэмт хэрэг үйлдэх сэдэл зорилгыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

Гэмт хэрэг гарснаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрсөн, тухайн цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нараас өөр хүн байгаагүй зэргээс харахад хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, хутга байсан уу, шил байсан уу гэдгийг тогтоох шаардлагагүй гэж үзсэн ба энэ талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт үндэслэл бүхий байна.

Харин улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан үйл баримтыг шүүхээс “...шүүгдэгч А.М нь ...гудамжинд Х.Г той ...үл ойлголцон, маргалдаж ир үзүүртэй зүйлээр биед нь халдаж, ...онц харгис хэрцгийгээр олон тооны шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзсэн болно.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогчийн гаргаж өгсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээ хийлгэсэн гэх зардлын баримттай шүүх танилцахад гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанаас өмнөх 160,000 төгрөгийн баримтыг хохирлоос хасаж, нотлох баримтын шаардлага хангасан 1,164,300 төгрөгийн баримтыг үнэлж шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгсэлд 290,300 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байх тул хохиролд тооцон гаргуулав.

Иймд нийт 1,454,600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаас шүүгдэгч нь хохирогчид 500,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 954,600 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Г  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.М  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхийн хэлэлцүүлэгт ирэхээрээ гэм буруу дээрээ маргахгүй гэж хэлэхгүй, өөртөө хууль зүйн дүгнэлт хийхгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй, дээрх хувийн байдлыг харгалзан улсны яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч А.М  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.М  ы иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 57 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 64 дүгээр тал/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /1хх-ийн 58 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 59 дүгээр тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 60 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1хх-ийн 61 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1хх-ийн 62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч А.М  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч А.М  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.М ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М  ыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М  д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.М  аас 954,600 /есөн зуун тавин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Г од олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Г  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.М  аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.М  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН