| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0990/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1058 |
| Огноо | 2024-11-25 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ө.Батчимэг хөтлөн,
Улсын яллагч Д.Пүрэврагчаа,
Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Б ,
Шүүгдэгч Т.А , түүний өмгөөлөгч Х.С ,
Шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.А , Д.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811028550723 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э , Т.А нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...” ХХК-иар баталгаа гаргуулан “...” ХХК-иас 156,000,000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай “Toyota Land Cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...” ХХК-ийн 156,000,000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай “Toyota Land Cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд “...шүүгдэгч Д.Э , Т.А нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...” ХХК-иар баталгаа гаргуулан “...” ХХК-иас 156,000,000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай “Toyota Land Cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...” ХХК-ийн 156,000,000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай “Toyota Land Cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Т.А гэдэг иргэн ... улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн авто машиныг манай компаниас санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан авсан. Ингээд 2018 оны 10 дугаар сард манай компаниас Авто тээврийн үндэсний төвийн цахим хаягаар ороод тээврийн хэрэгслийн арлын дугаараар эзэмшигчийг шалгахад өмчлөгч нь өөр этгээдийн нэр дээр шилжсэн байсан. Тухайн үед Т.А нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг биелүүлж дуусгаагүй байсан. Энэ нь өмчлөх эрх шилжүүлэх эрх үүсээгүй байсан үе гэсэн үг. Тоёота Ланд Круйзер-200 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай компани “...” ХХК-аас 156,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ингээд манай компанийн нэр дээр бүртгэлтэй байх ёстой тээврийн хэрэгсэл хууль бусаар нэр шилжсэнээр манай компани хохироод байна. ...Манай компанийн харилцааны мэргэжилтэй Б.Б “...” ХХК-ийн байранд хүлээлгэн өгсөн. Тухайн үед би хамт байгаагүй, гэхдээ ажил хэргийн хүрээнд тогтсоноороо заавал гэрээ байгуулсан хүндээ өөрт нь хүлээлгэн өгдөг байгаа. Яагаад гэхээр бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой баталгаа, засвар үйлчилгээтэй холбоотой мэдээллийг өгдөг учраас өөрөө байхыг шаарддаг. ...Одоогоор манай гүйцэтгэх захирлаар ажиллахгүй байгаа. Гэхдээ одоогийн гүйцэтгэх захирал С.Д тухайн үед Г.Ц ыг төлөөлөн гарын үсэг зурдаг байсан. Тухайн үед С.Д дэд захирал хийж байсан бөгөөд өдөр тутмын гарын үсэг зурах эрх олгогдсоны дагуу гарын үсэг зурсан. ...Г.Ц захирлыг төлөөлөн гүйцэтгэх захирал С.Д гарын үсэг зурсан байгаа. Албан бичиг 2 хувь үйлдээд 1 хувь манай байгууллагад үлдээд нөгөө хувь нь Авто тээврийн үндэсний төвд хүргүүлэхээр харилцагчид өөрт нь өгөөд явуулдаг. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33 дугаар тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өмнө мэдүүлэгтээ дурдаагүй дараах зүйлсийг ярих хүсэлттэй байна. Т.А гэх хүн нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай “...” ХХК-аас санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр буюу зээлээр тээврийн хэрэгсэл худалдан авах өргөдөл гаргасан. Уг өргөдөлд дурдсан ажлын байр болон бусад зүйлс нь худал, өргөдөлд хавсаргасан баримтууд нь хуурамч байна гэж үзэж байгаа. Жишээлбэл нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилт болон Төрийн үйлчилгээний цахим машинаас авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаан дээрх QR кодоор нь шалгахад ийм лавлагаа байхгүй гэдэг хариулт гардаг. Мөн Худалдаа хөгжлийн банкны ... дугаартай дансны 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга зэргийг харахад бүгд хуурамч гэж үзэх үндэслэлтэй байна. Уг дансны хуулгад дурдагдсан ... дугаартай данс нь ямар ч бүртгэлгүй данс байгаа нь сүүлд шалгаж үзэхэд харагдаж байсан. Эдгээр баримтуудыг тухайн үедээ бол манай байгууллагаас шалгаж үзээгүй, зөвхөн дансны хуулгад бичигдсэн мөнгөн дүн болох цалингийн орлогыг үндэслэн зээл олгосон байдаг. Энд нэмж эдгээр баримтуудыг гаргаж өгч байгаа шалтгаан нь хэдийгээр дээрх А гаргаж өгсөн баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжийг агуулж, дээрх хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэлээ дээрх бичиг баримтыг ашиглан манай байгууллагыг анхнаасаа залилан мэхлэх санаа зорилготой байсан байна гэдгийг л тодруулж өгөх гэсэн санаа юм. Манай байгууллагаас зээл авснаас хойш 17,938,000 орчим төгрөгийг төлсөн байгаа. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 122-123 дугаар тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Анх зээл авахаар хүсэлт гаргасан хүн бол Т.А юм. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “...” ХХК-д хандаад, “...” компанийн худалдан борлуулж буй “Toyota Land Cruiser 200” маркийн автомашиныг санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр авах хүсэлт гаргаж, өөрийн гараар бичсэн өргөдлөөр манайд хандаж байсан. Санхүүгийн түрээс олгоход санхүүгийн байдал, өр орлогын харьцааны шаардлагыг шалгадаг. Шүүгдэгч Т.А гийн хувийн хэрэгтээ гаргаж өгсөн баримтуудад “... ” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт, ... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ... дугаартай нийгмийн даатгалын төлөлтийн лавлагаа, Худалдаа Хөгжлийн банкны ... дугаартай төгрөгийн харилцах дансны хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн. Тухайн баримтууд дээр манайхаас цалингийн орлого дээр нь үндэслээд өр орлогын харьцааг тооцоолж санхүүгийн түрээсийн үйлчилгээ олгох боломжтой гэж үзээд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн хорооноос гаргасны дагуу “...” компанитай 47000149 дугаартай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ... улсын дугаартай “Toyota Land Cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг 156,000,000 төгрөгийн үнэтэйгээр худалдан авч, тухайн өдрөө ... компанийн байран дээр Т.А тэй эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Мөн өдрөө санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан ба уг гэрээний дагуу харилцагч урьдчилгаа төлбөр тушаах ёстой ба Т.А гийн зүгээс 15,660,000 төгрөг төлсөн. Тухайн эд хөрөнгийг биет байдлаар хүлээлгэн өгсний дараа 1 саруй хугацааны дараа манай зүгээс хувь хүн дээр нэр шилжүүлэх бичиг өгөөгүй байхад 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэр шилжсэн байсан. Санхүүгийн түрээсийн гэрээ бол 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байгуулагдсан ба тухайн төлбөр төлөгдөж дуусаагүй байхад хуурамч бичиг баримт үйлдэн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан. Үүний дараа бид баримт материалыг нь үзэхэд анх гаргаж өгч байсан баримтууд бүгд хуурамч байсан. Нийт 156,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдаж авсан ба үүнээс 15,660,000 төгрөгийг урьдчилгаа болгон хийсэн. Тиймээс үлдсэн мөнгөө шүүгдэгч Т.А гээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч Б.Б н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “...” ХХК-д 2017 оноос хойш харилцагчийн мэргэжилтэн хийж байгаа бөгөөд 2017 онд ажилд орсноосоо хойш “...” ХХК-тай холбоотой санхүүгийн түрээсийн зээл болон лизинг хариуцан ажиллаж байгаа. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Т.А тэй өөртэй нь “...” ХХК-ийн салбар болох Төв замын цагдаагийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах оффист нь”өөрийн хэсэг буюу өрөөнд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж байсан. Анх Т.А гэх залуу түрээсийн гэрээ байгуулан тээврийн хэрэгсэл манайхаар санхүүгийн лизингээр авах хүсэлтэй ирсний дагуу би А гэх хүний бүрдүүлсэн материалыг хүлээн авч хянахад "... ХХК”-д инженерээр ажиллаж байгаа гэсэн цалингийн тодорхойлолт гарган өгсөн. Тухайн үед би цалинг нь Т.А гийн авчирч өгсөн дансны хуулгатай тулгаж үзэхэд таарч байсан. Мөн ТҮЦ машинаас гарган авдаг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэргийг харахад зээл олгох үндэслэлтэй байсан. Гэрээ хийж дуусаад шууд “...” ХХК-ийн шоу рүүмд Т.А д өөрт нь тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт үйлдээд өгсөн. ...2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ хийхээр ирэхдээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт явж байсан. Эмэгтэйг нь ямархуу байсан талаар сайн санахгүй байна. Миний ойлгосноор эхнэр нь байх гэж бодсон. Харин тэр хамт явж байсан залуу нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Т.А г зээл судлуулахаас ирэхийн хэд хоногийн өмнө “...” дээр ирээд надтай уулзаад санхүүгийн түрээсийн гэрээгээр зээл авахад бүрдүүлэх материал асуугаад явж байсан залуу мөн байсан. Тухайн үед найзтайгаа хамт нэг нэг машин авах гэж байгаа гээд ярьж байсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулахад хамт ирсэн. Мөн түүний дараа өөрийнхөө нэрээр зээл хүсэж ирж байсан боловч материалын шаардлага хангаагүй байсан учраас буцаасан. Тэр залуугийн нэр нь “Э ” гэдэг залуу байсан. Харвал танина. Мөрдөгчийн тэмдэглэлийг гэрч Б.Б д Д гийн Э ын иргэний үнэмлэхийн лавлагааны зургийг харуулахад мөн байна гэв. ...Мэдэхгүй байна, учир нь би тээврийн хэрэгсэл хүлээлцсэн акт үйлдээд хүлээлгэн өгсний дараа “...” ХХК-ийн ажилтан засвар үйлчилгээ болон бусад мэдээлэл өгдөг учраас би оффис руу явсан. ....Би төв оффис дээр захирлаар гарын үсэг зуруулаад “...” ХХК-ийн байранд очиж хийсэн гэрээ. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40 дүгээр тал/,
Гэрч С.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “...” ХХК-ийн дэд албан тушаалд захирлаар ажиллаж байсан. Энэ албан тушаалдаа 3 жил ажиллаж байсан. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа. ...Г.Ц гэж хүн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Одоо ... ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. ...2015 оноос эхлэн Г.Ц захирал ... анд иргэдийн банкны захирлаар ажиллахаар болсон. Үүнтэй холбоотойгоор өдөр тутмын үйл ажиллагаа болон санхүүгийн түрээсийн гэрээнд компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг надад олгосны дагуу зурж байсан. ...Дээрх хүнтэй холбоотой зээлийн талаар мэдэж байгаа. ...2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 347 дугаартай албан бичгийг Авто тээврийн Үндэсний төв рүү хүргүүлэхээр Т.А д өөрт нь өгөөд явуулж байсан. Тэрнээс өөрөөр бол Т.А гийн зээлтэй холбоотой асуудлаар манайхаас Авто тээврийн үндэсний төв рүү албан бичиг явуулж байгаагүй. Тэгээд Т.А гэх залуу зээлээ хугацаандаа төлөхгүй байсан учраас Авто тээврийн Үндэсний төвийн шинээр ашиглалтад орсон веб сайтаас Ланд круйзер-200 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг арлын дугаараар шүүж үзэхэд манай компанийн нэр дээр байх ёстой тээврийн хэрэгсэл банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжсэн байсан. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42 дугаар тал/,
Гэрч Ю.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Э нь манай ... банк бус санхүүгийн байгууллагаас тээврийн хэрэгсэл барьцаалан зээл авч байсан хүн. Манайд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж барьцаанд нь унаж явах нөхцөлтэйгөөр Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл барьцаалан 40,000,000 төгрөгийг зээлж авсан. Ингэхдээ бол Э нь ганцаараа ирж байсан бөгөөд би тэр үед тээврийн хэрэгслийг нь шалгаж байгаа болон гэрээ байгуулж байгаа үед бичлэг хийж байсан. Тэр бичлэгийг хавсаргуулахаар гаргаж өгнө. Барьцаанд тавьсан 200 маркийн тээврийн хэрэгсэл нь цоо шинээрээ, гялгар л машин байсан. Тэгээд би уг машиныг нь үзээд зээлийг нь судлаад барьцаанд авч зээл өгөхөөр болсон. Тэгэхдээ бол зээлийг өөрийнх нь хувийн дансанд шилжүүлж, тухайн тээврийн хэрэгслийн нэрийг нь манай ББСБ-ын нэр дээр шилжүүлэхээр гэрээнд заасан байсан. Гэрээний заалтын дагуу уг тээврийн хэрэгслийн нэрийг Авто тээврийн үндэсний төвд очиж шилжүүлсэн байсан. Манай дотоод журмаар бол зээлийн барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг заавал манай нэрэн дээр шилжүүлэх шаардлагатай байдаг. Тэгээд зээл авснаасаа хойш бол огт төлөлт хийгээгүй. Араас нь явахад бол уг тээврийн хэрэгсэл нь ... ны нэр дээр бүртгэлтэй байгаа нь тодорхой болсон. Ганцаараа ирсэн. Бичлэг нь байгаа. …” гэх мэдүүлэг /4хх-ийн 102-103 дугаар тал/,
“...” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №47000149 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн акт /1хх-ийн12-13 дугаар тал/,
“...” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №47000149 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /1хх-ийн 14-17 дугаар тал/,
“... ” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МАЗ 18/31 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх-ийн 44-51 дүгээр тал/,
Авто тээврийн Үндэсний Төвийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №223 дугаартай ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 56-59 дүгээр тал/,
Шүүгдэгч Т.А гийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 111-118 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Э ын эзэмшлийн Хаан банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 119-126 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А гээс: “...Тухайн хэрэг 2018 онд 3 дугаар сард болсон. Тухайн үед би Шувуун фабрикт нагац ахынхаа ногооны талбай дээр ногоо тарьдаг байсан. Шүүгдэгч Д.Э тай 2015 онд танилцаж байсан ба түүнээс хойш найз нөхдийн холбоотой байсан. Тухайн үед над дээр ирээд би хуурай ахдаа машин зээлээр аваад өгчихсөн чинь өөрөө машин авч болохгүй байна, миний найз зээлээр надад машин аваад өгөөч, хоёулаа наад ногоог чинь тариад бизнес хамтарч хийе гэж хэлэхээр нь би өөрийнхөө нэр дээр зээл авч өгөхөөр болоод иргэний үнэмлэхээ өгч явуулж байсан. Худалдаж авсан машинаа яаж өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн зэргийг би мэдэхгүй байна...” гэж;
Шүүгдэгч Д.Э аас: “...Шүүгдэгч Т.А гийн хэлсэнтэй санал нэг байна. Тухайн үед бол яг л тийм асуудал болсон...” гэж тус тус мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Э , Т.А нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...” ХХК-иар баталгаа гаргуулан “...” ХХК-иас 156,000,000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” маркийн тээврийн хэрэгслийг санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...” ХХК-ийн 156,000,000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэрээ байгуулахдаа 15,600,000 төгрөгийг урьдчилгаанд авсан ба нийт зээлийн эргэн төлөлтөөс 17,938,000 төгрөгийн төлсөн гэж үзэж байгаа. Нийт 122,462,000 төгрөг болж байгаа ба үүнээс зөрүүнд 10,129,693 төгрөгийг зээлийн хүүнд төлөх байсан гэж үзэж байна. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 132,591,693 төгрөгийг нэхэмжилж байгаа тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгч “... ” компанид нийт 40,000,000 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгч нараас мөн хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Т.А гийн өмгөөлөгч Х.С аас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.А гийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгчийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж зүйчилж яллах дүгнэлт үйлдэн ирсэн боловч өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Энэ үүргийг биелүүлээгүй байна. Миний үйлчлүүлэгч Шувуун Фабрикт ногоо тарьдаг байсан ба энэ үед Д.Э ирээд надад зээлээр машин аваад өгөөч гэж гуйсны эцэст иргэний үнэмлэхээ өгч явуулсан. Иргэний үнэмлэхээ өгч явуулсны эцэст Д.Э бүх баримт бичгийг хуурамчаар үйлдэж ... анд гаргаж өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Д.Э бүх баримтыг хүнээр хийлгэсэн гэж мэдүүлсэн. Тийм учраас энэ банканд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үйлдэлд Т.А гийн үйлдэл байхгүй байна. Гэрээ хийж тухайн автомашиныг авсан нь үнэн. Энэ эргэн төлөлтийг хэн хийх ёстой байсан бэ гэхээр Д.Э хийх ёстой байсан. Д.Э 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сар хүртэл зээлийн эргэн төлөлтийг хийж байсан. Энэ мөнгөнүүдийг Д.Э өгсөн. 2018 оны 8 дугаар сараас Д.Э алга болсон ба өнөөдөр үнэн байдал дээр Т.А хохирогч байх байсан. Хүний гуйлтын дагуу хүнд туслах гэсэн нь өчнөөн төгрөгийн өрөнд орсон байна. Би бас ... буруутгаж байгаа. Яагаад гэвэл Т.А өөрийн мэдэхгүй “... ” гэх компанид сард 5,500,000 төгрөгийн цалинтай ажилладаг гээд цалингийн тодорхойлолт гаргаад өгөхөд нь шалгаж зээлээ өгөхгүй яасан юм бэ. Д.Э өөрийн хийсэн үйлдлийн гэм бурууг шударгаар хүлээж байгаа нь маш сайн байна. Т.А гийн хувьд хүний буруутай үйлдлээс болж энд сууж байна. Тийм учраас шүүх өнөөдөр үнэн зөвийг тогтоох хэрэгтэй. Мөрдөгч, прокурор хэргийг эцэслэн тогтоож чадаагүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч эргэлзээгүй тогтоогоогүй бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийднэ” гэсэн заалтыг үндэслэн гэм буруугүйд тооцож өгнө үү. Хохирлын тухайд буруутай этгээд буюу А.Э аас гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч Д.Э ын өмгөөлөгч Г.Сүхээгээс: “...Уг хэрэг бол нийтлэг байдаг л үйлдэл юм. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба ... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэдгээ зөвшөөрч байгаа тул гэм буруутайд тооцоход татгалзахгүй зүйлгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Залилах гэмт хэрэг”-ийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан бөгөөд шүүхээс тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Д.Э , Т.А нар нь бүлэглэн “...” ХХК-иар баталгаа гаргуулан “...” ХХК-иас 156,000,000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай “Toyota Land Cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан “...” ХХК-ийн 156,000,000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай “Toyota Land Cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан үйлдэл нь хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж байгаа шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас бусдад нийт 156,000,000 төгрөгийн хохирол учирсан байх тул гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэнийг залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан.
Шүүгдэгч Д.Э , Т.А нарын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хохирол, хор уршиг учруулсан байх тул тэднийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцно.
Шүүхээс шүүгдэгч Д.Э , Т.А нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Э , Т.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэлийн хувьд зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.А , түүний өмгөөлөгч Х.С нар нь “...Д.Э ын буруутай үйлдлийн улмаас Т.А хохирсон. Үнэн байдал дээр Т.А хохирогч байх байсан. ...Д.Э өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...Т.А гийн хувьд хүний буруутай үйлдлээс болж энд сууж байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч эргэлзээгүй тогтоогоогүй бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийднэ” гэсэн заалтыг үндэслэн гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэх дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд:
Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Т.А гэдэг иргэн ... улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн авто машиныг манай компаниас санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан авсан. Ингээд 2018 оны 10 дугаар сард манай компаниас Авто тээврийн үндэсний төвийн цахим хаягаар ороод тээврийн хэрэгслийн арлын дугаараар эзэмшигчийг шалгахад өмчлөгч нь өөр этгээдийн нэр дээр шилжсэн байсан. ...“...” ХХК-ийн байранд хүлээлгэн өгсөн. ...заавал гэрээ байгуулсан хүндээ өөрт нь хүлээлгэн өгдөг байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33 дугаар тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.А гэх хүн нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай “...” ХХК-аас санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр буюу зээлээр тээврийн хэрэгсэл худалдан авах өргөдөл гаргасан. Уг өргөдөлд хавсаргаж өгсөн баримтууд нь ...бүгд хуурамч. ...дээрх бичиг баримтыг ашиглан манай байгууллагыг анхнаасаа залилан мэхлэх санаа зорилготой байсан байна гэдгийг л тодруулж өгөх гэсэн санаа юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 122-123 дугаар тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн өдрөө ... компанийн байран дээр Т.А тэй эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Мөн өдрөө санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан ба ...Т.А гийн зүгээс 15,660,000 төгрөг төлсөн. ...хуурамч бичиг баримт үйлдэн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан. Үүний дараа бид баримт материалыг нь үзэхэд анх гаргаж өгч байсан баримтууд бүгд хуурамч байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч Б.Б н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Т.А тэй өөртэй нь ...түрээсийн гэрээ байгуулан тээврийн хэрэгсэл манайхаар санхүүгийн лизингээр авах хүсэлтэй ирсний дагуу би ...Т.А гийн авчирч өгсөн дансны хуулгатай тулгаж үзэхэд таарч байсан. ...зээл олгох үндэслэлтэй байсан. Гэрээ хийж дуусаад шууд “...” ХХК-ийн шоу рүүмд Т.А д өөрт нь тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт үйлдээд өгсөн. ...Тухайн үед найзтайгаа хамт нэг нэг машин авах гэж байгаа гээд ярьж байсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулахад хамт ирсэн. Мөн түүний дараа өөрийнхөө нэрээр зээл хүсэж ирж байсан боловч материалын шаардлага хангаагүй байсан учраас буцаасан. Тэр залуугийн нэр нь “Э ” гэдэг залуу байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40 дүгээр тал/,
Гэрч С.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 347 дугаартай албан бичгийг Авто тээврийн Үндэсний төв рүү хүргүүлэхээр Т.А д өөрт нь өгөөд явуулж байсан. Тэрнээс өөрөөр бол Т.А гийн зээлтэй холбоотой асуудлаар манайхаас Авто тээврийн үндэсний төв рүү албан бичиг явуулж байгаагүй. ...Үндэсний төвийн шинээр ашиглалтад орсон веб сайтаас Ланд круйзер-200 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг арлын дугаараар шүүж үзэхэд манай компанийн нэр дээр байх ёстой тээврийн хэрэгсэл банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжсэн байсан. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42 дугаар тал/,
“...” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №47000149 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн акт /1хх-ийн12-13 дугаар тал/,
“...” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №47000149 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /1хх-ийн 14-17 дугаар тал/,
Авто тээврийн Үндэсний Төвийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №223 дугаартай ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 56-59 дүгээр тал/,
Шүүгдэгч Т.А гийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 111-118 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Э ын эзэмшлийн Хаан банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 119-126 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Т.А нь “... ” ХХК-д ажилладаггүй, “...” ХХК-д зээл судлуулахаар гаргаж өгсөн өөртэй нь холбоотой баримтууд нь өөрийнх нь биш болохыг мэдэж байсан, үүнийг зээл олгохоор судалж байгаа ажилтанд хэлээгүй, нууж, бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө буюу машиныг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан, авсан эд хөрөнгө /машин/-ыг баримт бичиг ашиглаж бусдын нэр дээр шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж заасан.
Шүүгдэгч Т.А гийн оролцоогүйгээр тус гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй буюу холбогдох баримт бичгийг “...” ХХК-д өөрийн биеэр өгч зээл судлуулсан, зээлийн шийдвэр гарахад автомашиныг хүлээж авсан, бусдын нэр дээр шилжүүлсэн нь түүнийг Д.Э тай үйлдлээрээ санаатай нэгдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг шүүх хүлээж авах боломжгүй.
Хохирол, хор уршгийн талаар:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч “... ” ХХК-д 156,000,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч “... ” ХХК-д 40,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
“...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь урьдчилгаанд 15,600,000 төгрөг, эргэн төлөлтөд 17,938,000 төгрөг авсан талаараа мэдүүлсэн.
Иймд үлдэх 122,462,000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Т.А гээс 61,231,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Э аас 61,231,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч “...” ХХК-д, мөн иргэний нэхэмжлэгч “... ” ХХК-д учирсан 40,000,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Т.А гээс 20,000,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Э аас 20,000,000 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч “... ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.А г 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 02 жил, 10 сар, 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 07 жил, 10 сар, 01 хоногийн хорих ялаар тогтоох, мөн шүүгдэгч Д.Э д 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч тус бүрийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулах тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч Т.А гийн өмгөөлөгч Х.С аас: “...Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар сонгох санкцтай гэмт хэрэг юм. Хавтаст хэрэг дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ялын тооцооны хуудас ирсэн. Түүнийг зөв тогтоох нь зайлшгүй шаардлагатай байна. Цагдан хоригдсон хоног нь нийт хэд байгааг зөв тооцоолж өгөхийг хүсэж байна. Гэмт хэрэг үйлдээгүй гэж өөрөө мэдүүлээд байхад өндөр санкцтай гэмт хэрэг учраас ялын хэмжээг багаар оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч А.Э ын өмгөөлөгч Г.Сүхээгээс: “...Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.Э , Т.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Т.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 20 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-ийн 171 дүгээр тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолуудын хуулбар /3хх-ийн 26-37, 242-250, 4хх-ийн 1-20 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 38 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-ийн 170 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /4хх-ийн 189-192 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Д.Э , Т.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Э , Т.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Э , Т.А нарыг тус бүр 02 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Т.А нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/623 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ЦХШЗ/590 дугаартай захирамжаар шүүгдэгч Т.А г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 415 дугаар хаалттай хорих ангиас Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорьсон байх бөгөөд ялын тооцоог 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, үлдэгдэл хорих ялыг 02 жил, 9 сар, 14 хоногоор тооцжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А д энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 02 жил, 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/623 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 9 сар, 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 05 жил, 3 сар, 14 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э , Т.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А гийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг, шүүгдэгч Д.Э ын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 193 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож;
Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.А , Д.Э нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Э , Т.А нарыг тус бүр 02 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А д энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/623 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил, 9 /ес/ сар, 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 3 /гурав/ жил, 3 /гурав/ сар, 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э , Т.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А гийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг, шүүгдэгч Д.Э ын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 193 /нэг зуун ерэн гурав/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.А гээс 61,231,000 /жаран нэгэн сая хоёр зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг, шүүгдэгч Д.Э аас 61,231,000 /жаран нэгэн сая хоёр зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч “...” ХХК-д,
Мөн шүүгдэгч Т.А гээс 20,000,000 /хорин сая/ төгрөгийг, шүүгдэгч Д.Э аас 20,000,000 /хорин сая/ төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч “... ” ХХК-д олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э , Т.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.