Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 73

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Х.Батболд

Шүүгдэгч О.Баясгалан нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Очирхуягийн Баясгалан, Хатагин овогт Халзангийн Батболд нарт холбогдох эрүүгийн 201611000494 дугаартай хэргийг 2017 оны 5 сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1942 оны 8 сарын 06-ны өдөр төрсөн, 75 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэрийн хамт амьдрах, Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 10-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЬ42080615 регистрийн дугаартай, бие эрүүл, Хатагин овогт Очирхуягийн Баясгалан.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1973 оны 10 сарын 01-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг “Хөл нуур” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЭ73100178 регистрийн дугаартай, Хатагин овогт Халзангийн Батболд.

Шүүгдэгч О.Баясгалан нь Х.Батболдтой бүлэглэж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Танкийн саад” гэх газраас 2016 оны 11 сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 сарын 12-ны өдрийн хооронд иргэн А.Сэлэнгээгийн эзэмшлийн 800 боодол өвснөөс 200 боодол өвсийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, улмаар 600000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Батболд нь О.Баясгалантай бүлэглэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Танкийн саад” гэх газраас 2016 оны 11 сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 сарын 12-ны өдрийн хооронд иргэн А.Сэлэнгээгийн эзэмшлийн 800 боодол өвснөөс 140 боодол өвсийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, улмаар 420000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч О.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Х.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Баясгалан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Анх 20 боодол өвсийг Х.Батболдын гэрийн гадна буулгасан нь үнэн. Тэр өдөр аймагруу явахдаа 45 боодол өвс ачиж аймагт байх Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 10-07 тоотод байх хашаандаа буулгасан. Тэгээд 2 хоногийн дараа 60 боодол өвсийг Зоригоо,  Түмэнжаргал хоёртой хамт ачилцаж Батболдын гэрийн гадаа буулгасан. Ингээд бодоход миний нийт ачсан өвс 125 боодол өвс болж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 131/

Шүүгдэгч Х.Батболд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Хамгийн эхлээд Баясгалан бид хоёр манай гадна 60 боодол өвс буулгасан. Дараа нь Моононгийн задгай өвснөөс ачиж байгаад дээрх хадлан дээр очиж 20 боодол өвс ачаад манай гадна буулгасан, мөн Баясгаланг аймаг руу 60 боодол өвс ачихад нь ачиж өгсөн юм. Миний ачилцсан өвсний нийт тоо нь 140 боодол өвс ачсан байна. Хамгийн сүүлд Баясгалан нь Зоригоо, Түмэнжаргал нартай 60 боодол өвсийг манай гадна буулгасан, энэ үйлдэлд нь би оролцоогүй. Баясгалан бид хоёр нийт 140 боодол өвс ачиж байсан. Надаас гадна Баясгалан нь Зоригоо, Түмэнжаргал нартай 60 боодол өвс ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124/

Хохирогч А.Сэлэнгэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг төмөр замаас зүүн тийш 20 км газарт байрлах “Танкийн саад” гэх газар хувиараа хадлан хадаж, хадсан өвсөө малдаа өгч, илүү гарсныг нь зарж борлуулдаг юм. ...2016 оны 11 сарын 10-дын үеэр хадлан дээрээ ирэхэд хурааж аваагүй байсан 1000 боодол өвснөөс 800 орчим боодол өвс нь байхгүй 200 орчим боодол өвс үлдсэн байсан. ...Өвс алдагдсан газруудаар том ачааны машины мөр гарсан байсан. Тэр мөрийг дагаад ...жижиг трактортой зүүн хойшоо гарахад өөдөөс нэг хар ногоон өнгийн ачааны машин гарч рээд биднийг хараад буцаад зугтсан. Бид араас нь очиж зогсооход 20-65 ДОА улсын дугаартай ачааны автомашин байсан бөгөөд дотроос нь жолоочтой хамт 3 хүн гарч ирсэн. Жолооч нь 70 гаран настай өвгөн байсан. Тэгээд тэд нарыг авч Цагдаагийн газар очино гэхэд ярилцъягээд гээд гуйгаад байсан. Бид өвс авсан нь үнэн. Авсан өвсөө эргүүлж өгье гээд байхаар цагдаад мэдэгдээгүй юм. Би өвсөө алдсанаас хойш Баясгалангийн гэрт ирж уулзаад намайг хохиролгүй болгож өг, үгүй бол би цагдаад өглөө гэхэд, би чамайг хохиролгүй болгож өгнө, цагдаад битгий өгөөч гээд байхаар итгээд цагдаад өгөлгүй хэсэг харахад өвсний  хохирлыг барагдуулахгүй байхаар нь цагдаад хандсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Хохирогч А.Сэлэнгэ шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Х.Батболд, О.Баясгалан нараас өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан ба цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй болно. О.Баясгалан нь 80 орчим настай биеийн байдал муу байгаа, хохирол төлсөн байдал зэргийг нь харгалзан үзэж хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Х.Батболд нь ухаан мэдрэл бүрэн бус, групп-д байдаг, бага насны хүүхэдтэй, хүний мал харж амьдралаа залгуулдаг, хохирлоо төлсөн болон амьдрал ахуй маш муу зэргийг нь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ял буюу тэнсэн харгалзаж өгнө үү. Мөн Баясгалан гуайн автомашиныг хураалгүй шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гэрч Л.Нармандах мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 11 сард /яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ аймгийн төвөөс Баясгалан гуай Зоригоо ахын хамт өөрийн “Газ-51” маркийн машинтай манайд ирсэн юм. Энэ үед манай нөхөр болох Батболд нь адуундаа явсан байсан. Тухайн үед манайд манай нөхрийн эгч болох Түмэнжаргал байсан юм. Баясгалан гуай, Зоригоо ах 2 манайд ирж цай уучихаад “баруун урагш явж өвс ачина. Түмэнжаргал хамт яваад өвс ачилцаад өгчих” гэж Баясгалан гуайг хэлэхэд Түмэнжаргал эгч зөвшөөрч мөн Зоригоо хамт өвс ачихаар явсан. Тэгээд удалгүй 60 орчим боодол өвс ачиж ирсэн. Энэ үед Батболд гэрт ирсэн байсан бөгөөд дахин өвс ачиж ирнэ гэхэд нь Түмэнжаргал эгч үлдэж Баясгалан гуай, Зоригоо ах, Батболд 3 явсан. Тэгээд удалгүй өвс ачилгүй хоосон ирсэн. Манайх Баясгалан гуайн малыг малладаг юм. 2016 оны 11 сарын эхээр орсон их цаснаас өмнө Баясгалан гуай манайд ирж манай саравчны ард хураасан байсан 100 боодол өвсийг 50, 50-иар нь 2 удаа зөөж аймгийн төвд аваачсан. Манайд ирж баруун урагш 6 км орчим зайд айлын хадлан байдаг юм. 2016 оны 11 сард Баясгалан гуай, Зоригоо ах, Түмэнжаргал нар манай гадаа өвс буулгахдаа уг хадлангаас хураагаагүй боодолтой өвснөөс авсан гэж ярьсан. Мөн уг өдрөөс 2 хоногийн өмнө Баясгалан гуай өөрийн “Газ-51” маркийн авто машинтай манайд ирсэн. Тэгээд баруун урд талын хадлангаас өвс ачих гэсэн юм гээд Батболдыг дагуулаад явсан. Тухайн үед Батболд өвсийг ачилцаж өгсөн бөгөөд Баясгалан гуай өвсийг ачаад шууд аймаг руу явсан байсан. Өөр өвс ачиж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/

Гэрч С.Төмөрбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 сарын 12-ны өдөр санаж байна. Сэлэнгээ ах өвсөө татаж авна гээд би хамт хадлан руу явсан юм. Тэгээд хадлан дээр очиход нэг том ачааны машин хадлан руу ирж яваад биднийг хараад буцаад зугтаж байсан. Тэр машины араас хөөж гүйцээд уулзахад “Газ-51” маркийн машинтай хүмүүс байсан бөгөөд тэдгээр хүмүүс өвс ачсан нь үнэн, хоорондоо  зохицье гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

Бичгийн баримт:

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12, 16, 20, 109/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 13-15, 17-19, 106-108/

-Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22/

-Хохирогч А.Сэлэнгээгийн мэдүүлэг /хх-ийн 24-28/

-Гэрч Л.Нармандахын мэдүүлэг /хх-ийн 29-31/

-Гэрч М.Өнөрмөнхийн мэдүүлэг /хх-ийн 32-33/

-Гэрч Б.Төмөрчөдөрийн мэдүүлэг /хх-ийн 36-37/

-Гэрч С.Төмөрбаатарын мэдүүлэг /хх-ийн 40-41/

-Гэрч Я.Ням-Очирын мэдүүлэг /хх-ийн 117-118/

-Х.Батболдын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-65/

-О.Баясгалангийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-79/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82, 83/  зэрэг болно.

Шүүгдэгч О.Баясгалан нь Х.Батболдтой бүлэглэж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Танкийн саад” гэх газраас 2016 оны 11 сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 сарын 12-ны өдрийн хооронд хохирогч А.Сэлэнгээгийн эзэмшлийн 800 боодол өвснөөс 200 боодол өвсийг тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлсаны улмаас 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Батболд нь О.Баясгалантай бүлэглэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Танкийн саад” гэх газраас 2016 оны 11 сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 сарын 12-ны өдрийн хооронд хохирогч А.Сэлэнгээгийн эзэмшлийн 800 боодол өвснөөс 140 боодол өвсийг тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлсны улмаас 420000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар батлагдаж байна. Үүнд:

Шүүгдэгч О.Баясгалан, Х.Батболд нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг нотолсон хохирогч А.Сэлэнгэ, гэрч Л.Нармандах, С.Төмөрбаатар нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүх шүүгдэгч Хатагин овогт Очирхуягийн Баясгалан, Хатагин овогт Халзангийн Батболд нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэн хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, шүүгдэгч тус бүрт нь хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Мөн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заажээ.

Шүүгдэгч О.Баясгалан, Х.Батболд нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “ГАЗ-51" маркийн 20-65 ДОА улсын дугаартай 18000000 сая төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч О.Баясгалангийн эзэмшлийнх болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт ...Газ-51 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин мөн гэж мэдүүлж байгаа мэдүүлэг, мөн 00369372 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээнд /хх-ийн 80/ өмчлөгч Очирхуягийн Баясгалан гэж бичигдсэн /хх-ийн 80/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар “ГАЗ-51" маркийн 20-65 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул Х.Батболдын эзэмшлээс нэг тооны ухаа халзан зүсмийн соёолон морийг, шүүгдэгч О.Баясгалангийн эзэмшлээс нэг тооны шүдлэн үхрийг битүүмжилсэн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Пүрэвдоржийн 2017 оны 02 сарын 13, 2017 оны 4 сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эзэмшигч нарт нь буцаан олгож, шүүгдэгч О.Баясгалангийн эзэмшлээс “ГАЗ-51" маркийн 20-65 ДОА улсын дугаартай тэврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч О.Баясгалангийн ЖЬ42080615 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, шүүгдэгч Х.Батболдын ЖЭ73100178 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тэдэнд буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, гэм хорын хохиролд шүүгдэгч О.Баясгалан нь 600000 төгрөгийг, шүүгдэгч Х.Батболд нь 420000 төгрөгийг тус тус хохирогчид төлсөн бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хатагин овогт Очирхуягийн Баясгалан, Хатагин овогт Халзангийн Батболд нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэн хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Очирхуягийн Баясгаланг 2 жил 3 сарын хорих ялаар, ялтан Халзангийн Батболдыг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан О.Баясгаланд оногдуулсан 2 жил 3 сарын, ялтан Х.Батболдод оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Баясгаланд оногдуулсан 2 жил 3 сарын, ялтан Х.Батболдод оногдуулсан 2 жилийн хорих  ялыг тэнсэж, ялтан нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тус тус  хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Ялтан нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэм хорын хохиролд шүүгдэгч О.Баясгалан нь 600000 төгрөгийг, шүүгдэгч Х.Батболд нь 420000 төгрөгийг тус тус хохирогчид төлсөн бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан О.Баясгалангийн ЖЬ42080615 регистрийн дугаартай, ялтан Х.Батболдын ЖЭ73100178 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тэдэнд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ялтан О.Баясгалангийн эзэмшлийн "Газ-51” маркийн 20-65 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан О.Баясгалангийн эзэмшлээс хүрэн зүсмийн шүдлэн үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 2 сарын 13-ны өдрийн, ялтан Х.Батболдын эзэмшлээс ухаа халзан зүсмийн соёолон морийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 сарын 19-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, ялтан О.Баясгалангийн эзэмшлээс “Газ-51” маркийн 20-65 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2017 оны  05 сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан тэдний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР