Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2020/01435

 

 

 

 

 

 

 

 

2020                05              25  

                                    183/ШШ2020/01435

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: Т ХХК,

 

 Хариуцагч: М ХХК,

 

 Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 400 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 20 400 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: ...........шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “…2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр М ХХК-тай Сэлэнгэ аймаг, Баянгол суманд байрлах Ургамлын тос савлах үйлдвэрийн бетон шал өнгөлөх ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Бид гэрээнд заасан хугацаанд ажлаа бүрэн хийж дуусгасан боловч ажлыен хөлсөө гүйцэд өгөөгүй тул үлдэх 13 600 000 төгрөгийг, алданги нийт 20 400 000 төгрөг гаргуулна. Хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Манай компани ажлыг хугацаанд нь буюу 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуусгаад хүлээлгэж өгөхөөр хандахад М ХХК-ийн захирал Б.Мөнхбаяр наадам боллоо, бид хөдөө наадамлах учир наадам өнгөрөөд ирээд авъя гэсэн, 7 дугаар сарын 14-ний өдөр дахин хандахад хөдөөнөөс ирээгүй байсан учир 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэж өгсөн. Ажлыг хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэл тус үйлдвэр хэвийн ажиллаж байгаа, энэ хугацаанд шалны өнгөлгөөтэй холбоотой асуудлаар манайд хандаагүй, үйлдвэрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан, зогсоосон тохиолдол гараагүй. Өнгө будаг арилсан талаар шинжээч гадны механик эд зүйлээр арилгасан байна гэсэн, гэтэл манай ажлыг чанарыг доголдолтой гэж байгааг зөвшөөрөхгүй. Бид уг шалыг дахин засварлах боломжгүй. Харин шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1 932 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож болно” гэв.

 

            Хариуцагч М ХХК шүүхэд болон гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ”...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага хэсэгтээ хариуцагчаас 13 600 000 төгрөгийг, үндэслэх хэсэгтээ 20 400 000 төгрөгийг гаргуулна гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Тус хоёр компани нь Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруун хараад байрлах ургамлын тосны үйлдвэрийн шалыг будах ажлыг гүйцэтгүүлэхээр 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээ нь гүйцэтгэгч ажлыг шаардлага хангасан будгаар будах, тохирсон хугацаанд эрхийн доголдолгүй, чанарын шаардлага хангасан ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг зохицуулсан. Манай талаас ажил эхлэхээс өмнө ажлын урьдчилгаа 13 600 000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлсөн. Харин гүйцэтгэгч тал болох Т ХХК нь гэрээнд заасан үүргээ гуйцэтгээгүй, чанар байдлын доголдолтой ажил гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй будгаар будсан, мөн эдгээр зөрчлүүдийг арилгаж ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй байна. Гэрээний 3.8-д заасны дагуу гүйцэтгэгч талаас дээрх доголдлуудыг арилгахыг удаа дараа шаардаж байгаа боловч, гүйцэтгэгч өнөөдрийг хүртэл арилгаагүй байх тул 20 400 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, гэрээнд заасан хугацаанд ажлаа хүлээлгэж өгөөгүй, хийсэн ажил нь доголдолтой байх тул гэрээний 3.5, 4.10-т заасны дагуу урьдчилан төлсөн 13 600 000 төгрөгийг алданги 6 800 000 төгрөг, нийт 20 400 000 төгрөгийг Т ХХК-иас гаргуулна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 20 400 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч М ХХК-ийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Бетон шал өнгөлөх ажлын гэрээ” гэх хэлцэл байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Т ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах Ургамалын тос савлах үйлдвэр болон агуулахын бетон шал өнгөлөх ажлыг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч М ХХК нь ажлын хөлс 27 200 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх13/

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд болон урьдчилгаа 13 600 000 төгрөгийг хүлээн авсан, өгсөн талаар маргаагүй.

 

Харин хариуцагч нь “...Т ХХК нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, чанар байдлын доголдолтой ажил гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй будгаар будсан, дээрх зөрчлийг арилгаж ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэж маргасан.

Ийнхүү талууд хийж гүйцэтгэсэн ажлын чанар байдал, доголдолтой эсэхэд маргасан тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь “...ургамалын тосны үйлдвэрийн бетон шал хагарсан, түвшин зөрсөн, өнгө алаг будагтай, будаг бүдэг болсон, тосон толбо тогтсон доголдолтой байгаагийн будаг бүдэг болсон ажил Т ХХК-д хамааралтай, энэ ажлыг засварлах дүн 1 932 000 төгрөг” гэжээ.

 

Нэхэмжлэгч дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь түүний тайлбар, хэрэгт авагдсан ажил гүйцэтгэлийн акт зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлсний үлдэгдэл 13 600 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, харин хариуцагч нь доголдолтой ажил гүйцэтгэсний улмаас үлдэгдэл төлбөрийг төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаантай, дээрх ажил доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгчийн “бид уг шалыг дахин засварлах боломжгүй, харин шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1 932 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож болно” гэх тайлбараар тогтоогдож байх тул алданги 6 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхив.  

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой тул Иргэний тухай хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3, 352.2.1, 432.2, гэрээний 3.5-д заасны дагуу урьдчилан төлсөн 13 600 000 төгрөгийг алданги 6 800 000 төгрөг, нийт 20 400 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлан шаардсан, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх” гэж зааснаар захиалагч энэ талаар шаардлага гаргах эрхтэй боловч доголдол арилгуулах талаар ажил гүйцэтгэгчид хандсан, ямар хугацаа тогтоож өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1 932 000 төгрөгийг зөвшөөрнө, үндсэн нэхэмжлэлийн шаарддагаас хасаж тооцох боломжтой гэж тайлбарласан тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 1 932 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага хэсэгтээ хариуцагчаас 13 600 000 төгрөгийг, үндэслэх хэсэгтээ 20 400 000 төгрөгийг гаргуулна гэжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...нэхэмжлэлийн шаардлага 13 600 000 төгрөг, ...хариуцагчаас гэрээний үлдэгдэл 13 600 000 төгрөг, алданги 6 800 000 төгрөг , нийт 20 400 000 төгрөгийг гаргуулна” гэж тус тус зөрүүтэй шаардлагаа тодорхойлсон бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг 13 600 000 төгрөгийн шаардлагын хэмжээнд буюу 225 950 төгрөгийг төлсөн байсан тул шүүх 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн 13 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 6 800 000 төгрөгөөр ихэсгэж, улсын тэмдэгтийн хураамжид 123 750 төгрөг төлсөн байх тул уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй байна.  

 

Ийм дээрх үндэслэлээр шүүх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК-иас 11 668 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8 732 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18 468 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг баримтан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 201 638 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 45 862 төгрөг гаргуулах хариуцагчид тус тус олгох нь хуульд нийцнэ.     

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК-иас 11 668 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8 732 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18 468 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 201 638 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 45 862 төгрөг гаргуулах хариуцагчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ