Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/968

 

     

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж,

          шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,

                улсын яллагч Г.Энэрэл,

         шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, т ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт дүүргийн дугаар хороо, гудамж, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар ПА98**************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Батхүлэг” авто засварын төвөөр үйлчлүүлэхдээ буйдан дээрээс ийн эзэмшлийн айфон 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 95.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Батхүлэг” авто засварын төвөөр үйлчлүүлэхдээ буйдан дээрээс ийн эзэмшлийн айфон 11 про макс загварын гар утсыг авч, 95.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хавтаст хэргээс хохирогч ийн “...2024 оны ******* дугаар сарын 14-ний өдөр өөрийн ажил болох хорооллын ...Батхүлэг авто сервисийн салбарт... өглөөний 10 цагийн үед ажлын грашид байрлах буйдан дээр сууж байгаад өөрийнхөө гар утсаа үлдээгээд засвар үйлчилгээ ажлаа хийж яваад буцаж ирсэн. Миний гар утас байхгүй байсан. Тухайн өдөр би манай ажлын ах нар аваад тоглоом хийгээд байх шиг байна гэж бодоод тоохгүй, маргааш гаргаад өгөх байх гэж бодож байгаад өнөөдөр ажлынхаа хяналтын камерын бичлэгийг үзэхэд манайд 8 дугаар сарын 14-ний өдөр сэгсэрдэг оношилгоо хийлгээд гарсан хар өнгийн *******-06 улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч миний утас үлдээсэн буйдан дээр ирж суугаад өөрийнхөө утастай хамт бариад машиндаа суусан байсан. Тэр утас авсан хүнийг гарахаас өмнө би тэр хавиар гар утсаа хайж байхыг мэдэж байсан хэр нь гаргаж өгөөгүй, аваад явсан байсан. Тухайн хүнийг харвал танина. ...Айфон 11 про макс загварын саарал өнгийн гадаргуутай хойд шил нь хагарсан... гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дахь тал/,

Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар /хх-ийн 23 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Би 1-5 хүртэл дугаарласан зургуудыг харлаа. Үүнээс 1 гэсэн дугаарын зурган дээрх эрэгтэй манай засварын т үйлчлүүлж байгаад миний гар утсыг буйдан дээрээс аваад гарсан хүн мөн байна. Мөн надад үзүүлсэн хяналтын камерын бичлэг дээрх эрэгтэй мөн байна гэж 1 дугаарын зурган дээрх ******* овогтой *******ийг заах бөгөөд тухайн эрэгтэйг давхраатай алаг нүд, монхор хамар, нүүрний онцлог шинж тэмдгээр нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-35 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Сэжигтэй этгээд буйдан дээр сууж байгаад гэнэт өндийж суудлаа засаж байгаад ямар нэгэн зүйл олж харсан бололтой тухайн зүйл рүү хараад шахаж сууж байгааг харуулав. ...Тухайн авсан зүйлээ өөрийн гар утастайгаа хамтад нь бариад босоод явж байгааг харуулав” гэсэн тэмдэглэл /хх-ийн 36-39 дэх тал/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 40-41 дэх тал/,

“” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-66 дахь тал/ хэрэгт авагдсан нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх байр суурьтайгаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******ийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг гаргав.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...” гэж тус тус зааж, хүний өмчлөх эрхийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байдаг.

Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний өмчлөх эрхэд халдсан аливаа хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Батхүлэг” авто засварын төвөөр үйлчлүүлэхдээ буйдан дээрээс ийн эзэмшлийн айфон 11 про макс загварын гар утсыг авч, 95.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:

Хавтаст хэргээс хохирогч ийн мэдүүлэг /хх-ийн 8 дахь тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар /хх-ийн 23 дахь тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-35 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-39 дэх тал/, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 40-41 дэх тал/, “” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-66 дахь тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж хохирогч ийн өмчлөлийн айфон 11 про макс загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 95.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Улсын яллагч шүүгдэгч *******ийн бусдын өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргасан боловч дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр өөрийн мэдэлд авах, уг эд хөрөнгийг хариу төлбөр хийхгүйгээр өөрийн эзэмшилд авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, эсхүл захиран зарцуулсан шууд санаатай үйлдлээр илэрдэг.

Шүүгдэгч ******* нь тухайн эд хөрөнгө буюу айфон 11 про загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж шунахайн сэдэлтээр авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх боловч хулгайлах гэмт хэргийн шинж буюу нууц, далд аргаар авсан гэх шинжийг хангахгүй байна. Тухайлбал, шүүгдэгч *******ийн үйлдэл нь бусдын өмчлөх эрхийн эсрэг, шунахайн сэдэлтээр үйлдэгдсэн байх боловч хохирогчийн гар утсыг өөртөө олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу төлөвлөөгүй, энэ үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгө буюу айфон 11 про загварын гар утас нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгч *******ийн эзэмшилд шилжсэний дараа тухайн эд хөрөнгийг завших гэсэн шунахайн сэдэл төрж, хууль бусаар өөрт олж аван захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүх Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирохгүй буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж дүгнэв.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмч, хөрөнгийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамааран энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг тул энэ шинжийг нягт нямбай, тал бүрээс нь нарийвчлан тогтоож зүйлчлэх учиртай.

            Шүүгдэгч *******ийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Батхүлэг” авто засварын төвөөр үйлчлүүлэхдээ буйдан дээрээс хохирогч ийн эзэмшил өмчлөлийн айфон 11 про макс загварын гар утсыг авч, 95.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Тодруулбал гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх бөгөөд гээгдсэн эд зүйлийг олж авсан хүнд тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бий болдог ба “эд хөрөнгөө гээнэ” гэдэг нь тухайн эд хөрөнгийн эзэн өөрөө захиран зарцуулах боломжгүй болохыг тус тус ойлгох юм.

Хохирогч нь Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Батхүлэг” авто засварын төвд ажиллаж байхдаа тухайн объектийн дотор талд байрлах “буйдан” дээр өөрийн өмчлөлийн айфон 11 про загварын гар утсыг мартаж орхисон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул тухайн эд хөрөнгө (айфон 11 про гар утас)-ийг гээгдэл эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн .5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан, захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн байдаг бол мөн хуулийн .1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдгээрээ өөр хоорондоо ялгаатай байна.

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Батхүлэг” авто засварын төвөөр үйлчлүүлж байхдаа бусдын өмчлөлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж  хохирогчийн тухайн байгууллагын дотор талд байрлах буйдан дээр орхисон айфон 11 про загварын гар утсыг олж аван улмаар тухайн эд хөрөнгийг завших шунахайн сэдэл төрж, хууль бусаар өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих” ял тус тус шийтгэх зохицуулалттай бол мөн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэх хуулийн зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт оногдуулах ял нь мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ялаас хөнгөн гэмт хэрэг байна. 

Дээрхээс дүгнэж үзвэл шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай .1 дугаар зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж заасны дагуу  шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч т 95.000 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсыг хохирогчид хүлээлгэж өгсөн байх тул шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нарт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:”... Түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. ...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлт, тайлбарыг гаргасан ба шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгж буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /CD/-г эрүүгийн хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36. дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж (15.000)-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

5.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг “Си Ди” /CD/-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                             Б.БИЛГҮҮН