Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2016/ШЦТ/041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,

Улсын яллагч *******,   

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 сарын 13-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2016 оны 01 сарын 14-ний орой 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашаанд төрсөн эгч *******тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч ******* нь 2016 оны 01 сарын 14-ний орой 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашаанд төрсөн эгч *******тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...

Хохирогч *******гийн ... Би 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гадуур найзуудтайгаа хамт жоохон архи пиво уусан. Тэгээд орой 23:00 цагийн үед найз залуугийнхаа хамт гэртээ ирсэн чинь манай дүү Б.******* хоёр найзынхаа хамт гэрт пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би чи яагаад гэрт хүн шавуулаад пиво уугаад байгаа юм бэ гэсэн чинь чи өөрөө адилхан архи уучихаад юу яриад байгаа юм гээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн тэгсэн чинь ******* босч ирээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохьчихсон өөр зүйл болоогүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 16/

Шүүгдэгч Б.*******ын ... Би 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гадуур явж байгаад *******, гэдэг хоёр найзынхаа хамт гэртээ ирсэн чинь гэр эзгүй байсан би гэртээ хоёр найзынхаа хамт ороод 2 литртэй пиво уугаад дуусах шахаад байж байсан чинь 23:00 цагийн үед манай эгч ******* гаднаас нэг танихгүй залуутай согтуу орж ирсэн. Тэгээд надруу уурлаад чи гэртээ хүмүүс авчраад архи уулаа гэсэн тэгэхээр нь би та өөрөө согтуу орж ирчихээд юу яриад байгаа юм бэ гэсэн чинь чи юу гээд байгаа юм гээд нурууруу гараараа цохиод авсан тэгхээр нь би уурлаад гарынхаа араар савчихсан чинь зүүн нүдрүү нь цохьчихсон өөр зодсон цохьсон зүйл байхгүй ... гэх мэдүүлэг/хх-ийн 25/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 72 тоот шинжээчийн дүгнэлтэнд :

*******гийн биед зүүн нүдний зовхинууд, зүүн хацар хэсгийн цус хуралт, хавдар, зүүн нүдний салстын цус харвалт гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь шинээр уүссэн буюу 2016.01.14-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗДХСайд, ЭМС-н хамтарсан а216/422 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба ялтай байдал арилаагүй байхад гэмт хэрэг шинээр үйлджээ.

Шүүгдэгч Б.*******ын дээр дурдсан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болох тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлыг бүрэн төлж, гэм хор арилж, хохирогчийн бие бүрэн эдгэрсэн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг буцаан олгож 2016 оны 02 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг буцаан олгож 2016 оны 02 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******т авсан батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Б.ГЭРЭЛМАА