Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2017/01957/И |
Дугаар | 102/шш2017/02987 |
Огноо | 2017-11-08 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 102/шш2017/02987
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаярыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О...., түүний өмгөөлөгч С...., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие ... ХНН-т 1987 оноос хойш ажиллаж ирсэн. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ...-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын даргаар ажиллаж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн ...-ын даргын Б-II-68 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэлийг ногдуулан, хуулийн болоод бодит үндэслэл байхгүйгээр миний ...-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын хөдөлмөрийн гэрээг цуцлан хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироолоо. 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ...-ын Хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалал хариуцсан орлогч дарга Ч....ын удирдан хийсэн шуурхай хурлаар миний 2015 онд гаргасан зөрчлийн талаар хэлэлцэж, мөн намайг эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт үндэслэлгүйгээр гүтгэн, ... ХХК нь ... ХНН-т хүсэлт гаргасныг ...-ын дарга зөвшөөрөл олгон байгуулсан гэрээнд намайг хувийн ашиг сонирхолтой байсан гэсэн зөрчлүүдийг гаргасан гэж үздэг. Эдгээр зөрчлүүдийн талаарх бодит байдлыг тогтоохдоо миний гаргасан гэм буруу, зөрчлийн шинж чанар зэргийг харгалзан үзэлгүйгээр шууд намайг хамаатуулан гүтгэж хөдөлмөрийн гэрээг цуцалсанд гомдолтой байна.
Өөрийн төрсөн охин Б....ыг лавлан мэдээлэгч Т....ын оронд түр хугацаанд авч ажиллуулсан гэж намайг буруутгасан. Дээрх зөрчлийг Зорчигч тээврийн албанаас 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн Дотоод ревизийн шалгалтаар илрүүлэн шалгаж, актад тусгасан байсан. Энэ үед бүтцийн өөрчлөлт шинэчлэлт хийгдэж, ...-ын бүтцэд өөрчлөлт орж, урд хилийн өртөө Замын-Үүд өртөөнөөс Сайншанд, Чойр, Улаанбаатар, Зүүнхараа, Дархан, Эрдэнэт, хойд хилийн өртөө Сүхбаатар зэрэг том өртөөнүүдэд Зорчигч үйлчилгээний төв буудалд тасралтгүй ажлын ачаалал их байсан. Албанаас гаргасан ревизийн актаар сахилгын шийтгэл ногдуулах 1 сарын хугацаа дууссан байхад Зорчигч үйлчилгээний даргаар ажиллаж байсан н.... надад байнга сэтгэл санааны дарамт үзүүлдэг байсан. Улмаар миний 2016 оны 4 дүгээр сарын шагналт цалингаас 10 хувь, 5 дугаар сарын шагналт цалинг 100 хувь хасч удаа дараа арга хэмжээ авсан. Тухайн гаргасан зөрчлөө арилгахын тулд өөрөө санаачлан зорчигч үйлчилгээний төв буудалд бага зардлаар их орлого оруулах санаатай байгууллагаас 100,000 төгрөг гаргуулж, зоригчдын хэрэгцээт зүйлээр хангах зорилгоор худалдаа үйлчилгээ ажиллуулж эхэлсэн. Намайг ажиллаж байх 1 жилийн хугацаанд 10,000,000 гаруй төгрөгийн орлого орсон. Одоо хүртэл ажиллаж, ашгаа өгсөөр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 14,000,000 төгрөгийн орлого орсон баримт байгаа. Охиноо ажилд авсан хугацаа 2015 оны 5 дугаар сараас хойш Ээлжийн ахлах Я....ийн шагналын мөнгө болох 108,000 төгрөгийг хувьдаа завшиж ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн шагналын мөнгийг Замын даргын дүнгийн хурал дээр олгох байсан бөгөөд Я.... энэ шагналын мөнгийг хурал дээр хүлээж аваагүй, шагналаа голсон. Хурлын дараа Замын-Үүд өртөөн дээр үзлэг хийхээр томилолт аваад явах гэж байсан өдөр нарийн бичгийн дарга тэр шагналын мөнгөтэй бор конвертыг надад өгсөн. Бид вагоноос буугаад шууд ажлаа эхэлж, би ууттай бичиг баримтаа тухайн үед ажиллаж байсан ээлжийн ахлахад хадгалж бай гээд өгсөн. Тэндээс буцахдаа ууттай бичиг баримтаа авчруулаад хөдлөөд явсны дараа үзэхэд нөгөө конверттой мөнгө алга болсон байсан учир ээлжийн ахлахтай утсаар холбогдож алга болсон конверттой мөнгөний талаар лавлахад надад бичиг баримтыг яг хэвээр нь буцааж өгсөн гэж хэлсэн. Би ирээд тэр мөнгө алга болсон талаар ерөнхий нягтланд мэдэгдсэн. Мөн цагдаагийн мэдүүлэг тайлбарт ч хэлсэн. Замын даргын 14 тоот албан даалгаврыг биелүүлээгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би 30 жил ажиллах хугацаанд ...-ын дарга нараас өгсөн үүрэг, тушаал, даалгаврыг байнга биелүүлдэг байсан. Надад даалгавар биелүүлээгүй, хэрэгжүүлж байгаагүй удаа байхгүй. Зорчигч үйлчилгээний төв буудлын хөдөлмөрийн дотоод журмаар байгууллагын даргын эзгүйд орлогч дарга орлож ажиллана гэсний дагуу орлогч дарга н....гээр ахлуулж, зорчигч үйлчилгээний буудлын төвийн инженер н...., төвйин менежер н...., цахилгаанчин н...., ачигч н.... нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй уг үйл ажиллагаанд оролцох үүрэг даалгаврыг би өгсөн. Тиймээс 14 тоот албан даалгаврыг биелүүлсэн гэж үзэж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. Гэтэл Б....ыг ажилд авсан тушаал нь 2015 оны 5 дугаар сард гарсан, мөн оныхоо 9 дүгээр сард ажлаас чөлөөлсөн байдаг ба, О....т уг зөрчилд сахилгын шийтгэлийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар арга хэмжээ авч, 1 жил 11 сарын дараа нөхөж сахилгын шийтгэл ногдуулсан мэт харагдаж байна. Тиймээс замын даргын тушаал үндэслэлгүй. Дотоод аудит хийсний маргааш өглөө буюу 4 дүгээр сарын 27-ны өдөр шуурхай хурал хийж ажлаас нь халаад, маргааш нь ажлыг нь хүлээж авсан байдаг. Цагдаагийн байгууллагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн албан бичиг ирсэн байхад хариуцагч байгууллага анзаарч хараагүй байна. О....т өмнө нь арга хэмжээ авсан ревизийн акт дээр зорчигч үйлчилгээний төв буудалд техникийн иж бүрэн байдлын талаарх 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл бүхий актын дүгнэлт хэсэгт байгууллагын дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж заасан. Энэ заалтуудын дагуу арга хэмжээ авч байсан гэдэг нь н.... даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Я....т өгөх ёстой байсан мөнгийг Замын-Үүдэд ажиллаж байых хугацаанд конверттой 108,000 төгрөгийг алдсан байдаг бөгөөд, уг мөнгийг хэн авсан нь тогтоогдоогүй. Хариуцагч байгууллагын Дотоод аудитын шалгалтаар нэхэмжлэгч О....ийг ажлаас нь халъя гэсэн байдалтай очиж, зөрчил илрүүлэх зорилготой шалгалт хийсэн гэдэг нь тодорхой байгаа. ...-ын даргын 14 тоот албан даалгавар гүйцэтгээгүй гэх баримт байхгүй. Нэхэмжлэгч өөрөө уг үйл ажиллагаанд байгууллагын даргын эрх хэмжээнийхээ хүрээнд хүмүүс томилж ажиллуулсан байдаг. Мөн уг даалгаварт О....ийг өөрийн биеэр байлцах ёстой гэсэн нэг ч үг байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч ... ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
О.... нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ...-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын даргаар ажиллаж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Замын даргын Б-II-68 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалал хариуцсан орлогч дарга Ч....ын удирдсан хурлаар Зорчигч үйлчилгээний төв буудал дээр хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Дотоод аудит, хяналтын албаны шалгалтын №61/04/17 актанд тусгагдсан зөрчлийн талаар хэлэлцсэн. Тус хуралд Зорчигч үйлчилгээний албаны дарга О.... оролцсон ба тэрээр ээлжийн ахлах Я....ийн шагналын мөнгө болох 120,000 төгрөгийг хувьдаа завшсан, өөрийн төрсөн охин Б....ыг түр ажилд тушаал гарган авч, ажиллаагүй байхад ажил хийсэн мэтээр цалин олгосон, ... нийгэмлэгийн даргын 14 тоот албан даалгаврыг биелүүлж ажиллаагүй зэрэг зөрчил гаргаж, аудитын акт тавигдсан байдаг. О.... нь удирдах албан тушаалтан байтал эрх мэдлээ хэтрүүлэн байгууллагад хохирол учруулсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгосон.
Замын даргын тушаалын үндэслэлийг ревизийн шалгалтаар Б....ыг ажиллаж байсан гэж дурдсан боловч тухайн үед зорчигч үйлчилгээний төв буудлын даргаар ажиллаж байсан н.... эрх хэмжээний хүрээнд сахилгын арга хэмжээ авч байсан бол архивт энэ тухай баримтууд үлдсэн байх ёстой боловч тийм баримт байдаггүй. Мөн шагналт цалинг энэ нөхцөл байдалд холбогдуулан хассан баримт байхгүй. Я....ийн өөрийнх нь бичиж өгсөн өргөдлөөс харахад өөрийн удирдах албан тушаалыг ашиглан дарамталсан байдал гарсан байдаг. Мөн тухайн талбайг чөлөөлөхөд удирдах албан тушаалтай хүн байх ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэгт зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээг авсан. Мөн ...-ын даргын гарын үсэгтэй О....т сахилгын арга хэмжээ ногдуулсан баримт байдаггүй учир давтан сахилгын шийтгэл ногдуулсан гэдэг нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон үед авдаг арга хэмжээ юм. О....ийн хувьд өөрийн төрсөн охины нэр дээр тушаал гаргаж, мөнгө хувьдаа завшсан, ашиг сонирхлын зөрчил гаргасан, нийгэмлэгийн эд хөрөнгийг буруугаар ашиглан шамшигдуулсан зэррэг зөрчлүүд илэрсэн байдаг. Ревизийн актаар Б....ыг ажилд авсан тушаал гаргасанд хүний нөөцийн албыг бүруутгаж, О....т харин арга хэмжээ аваагүй байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.... нь хариуцагч ... ХНН-д холбогдуулан, Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,843,780 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч О....ийг албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн байгууллагад хохирол учруулсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн хэмээн тайлбарлаж маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба нэхэмжлэгч О.... өөрийг нь ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-II-68 дугаар тушаалд хуульд заасан хугацаанд гомдол гаргасан байна.
О.... нь 1987 онд ...-ын Техник мэргэжлийн сургуулийг төгсч, улмаар Улаанбаатар суудлын депод вагоны үйлчлэгчээр ажиллаж, 2002 онд ...-ын коллежийг Тээврийн удирдлага, тээврийн ашиглалтын инженерээр төгсч, 2002-2006 онд Зорчигч үйлчилгээний төв буудалд билетийн кассер, ээлжийн ахлагчаар, 2012 оныг хүртэл ...-ын Зорчигч үйлчилгээний буудлын орлогч даргаар, 2012-2013 онд Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2013-2015 оны 5 дугаар сар хүртэл Зорчигч үйлчилгээний буудлын орлогч даргаар, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Зорчигч үйлчилгээний төв буудлын даргаар тус тус ажиллаж, энэ хугацаанд сахилгын шийтгэл хүлээлгүй, олон удаагийн салбарын шагналаар шагнагдан, ажиллах хугацаандаа мэргэжил дээшлүүлж байсан болох нь зохигчдын тайлбар болон, хэрэгт цугларсан Мэргэшсэн инженерийн батламж гэрчилгээ, Тээврийн удирдлага, тээвэр зохион байгуулалт мэргэжлийн бакалаврын диплом, Удирдлагын академийн Төрийн удирдлагын менежерийн диплом, HR Менежер хүний нөөцийн мэргэжлийн сургалтын гэрчилгээ, Хүндэт төмөр замчин, Төмөр замчны алдар, Тэргүүний төмөр замчин, Хөдөлмөрийн аварга ажилтан болон бусад шагналын үнэмлэх зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 21-27, 121-131/
Харин 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ... ХНН-ийн даргын Б-II-68 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, ... ХНН-ийн дүрмийн 22-ын а, и, з, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шуурхай хурлын шийдвэр зэргийг тус тус удирдлага болгон, О....ийг ...өөрийн төрсөн охины нэр дээр тушаал гаргасан, мөнгө хувьдаа завшсан, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргасан, нийгэмлэгийн өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулсан ноцтой зөрчил гаргасан болох нь Дотоод аудит, хяналтын албаны актаар нотлогдсон... гэж дүгнээд, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх 3/
Нэхэмжлэгч О.... дээрх тушаалыг эс зөвшөөрч, ... өөрийн төрсөн охиныг ажилд авч, ажиллаагүй байхад цалин олгосон гэх зөрчил 2015 оны 5 дугаар сард болсон учир зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн зөрчлийг Зорчигч үйлчилгээний төвөөс хийсэн шалгалтаар илэрч, ревизийн актанд туссанаар Зорчигч үйлчилгээний төвийн дарга нь О....ийн шагналт цалингаас хасч байсан бөгөөд, мөнгө хувьдаа завшсан гэх үйлдэлд Я.... гэгчийн шагналын мөнгө болох 108,000 төгрөгийг ажилтан өөрөө авахаас татгалзсан бөгөөд уг мөнгийг санамсар болгоомжгүйгээс бусдад алдсаны зэрэгцээ, уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байна... гэж тус тус тайлбарлан, Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,843,780 төгрөг гаргуулан, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн.
Түүнчлэн, хэдийгээр нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын арга хэмжээ авах тухай тушаалд тухайлан тусгагдаагүй боловч, О....ийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 14 тоот Үүрэг хэрэгжүүлэх тухай ...-ын даргын албан даалгаврын дагуу хийгдсэн ажилд оролцоогүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болсон гэж үзээд, уг даалгавраар Зорчигч үйлчилгээний төв буудлын дарга О....т тухайн ажиллагаанд оролцохыг тусгайлан үүрэг болгоогүй боловч, байгууллагын орлогч дарга н....гээр ахлуулж, зорчигч үйлчилгээний буудлын төвийн инженер, цахилгаанчин, ачигч нарын хамт уг үйл ажиллагаанд оролцуулсан нь байгууллагад мөрдөгдөх дотоод журмын дагуу болсон гэж тайлбарлан мэтгэлцсэн.
Харин хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс О....ийн гаргасан сахилгын зөрчлийг ...-ын Дотоод аудитын хяналтын албанаас 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн шалгалт болон цагдаагийн байгууллагад хандсанаар Тээврийн прокурорын газраас 1749 тоот тогтоолоор түүнийг бусдын эд хөрөнгийг хувьдаа завшсан гэдэг нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээгүй зэрэг байдлаар О.... сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдсон бөгөөд, тийнхүү илрүүлснээс хойш 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авах тухай хуулийн зохицуулалтад нийцсэн, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж тайлбарлан, өөрийн татгалзлыг нотлохоор ...-ын даргын 2017 оны 14 тоот албан даалгавар, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №02 тоот хурлын тэмдэглэл, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ОТ-61/01/19 тоот Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудалд мэдээллийн мөрөөр явуулах шалгалтын удирдаж, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 61/04/17 тоот шалгалтын тайлан, СТ-61/03/35, СТ-61/03/36 тоот аудиторын актууд, ...-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар Б....ыг түр ажилд авах тухай тушаал, ...-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 97 дугаар Б....ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Я....ийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдөл, О...., Б....о нарын төрөл садангийн лавлагаа, О....ийн ажлын байрны тодорхойлолт болон холбогдох бусад баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
Нэхэмжлэгч О.... 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 23 тоот тушаалаар өөрийн төрсөн охин Болдцогтын ...ыг захиргааны цалингүй чөлөөтэй байгаа лавлан мэдээлэгч Т....ыг ажилдаа орох хүртэл хугацаанд лавлан мэдээлэгчээр түр хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэж, 6-8 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд нийт 2,173,538 төгрөгийн цалин тооцогдож, бүгд цалингаас 876,528 төгрөг суутгагдсанаар 1,764,810 төгрөгийн цалин Б....од олгогджээ. /хх 37, 41, 42, 88/
Дээрх хугацаанд буюу 2015 оны 6-8 дугаар саруудад ажилласан тухай ажилчдын сарын ажлын зурмагаас харагдах боловч, Б....о тийнхүү зурмагт тусгагдсаны дагуу 7,8 дугаар саруудад ажиллаагүй ч цалин олгогдож, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын 97 дугаар тушаалаар Т....ын чөлөөний хугацаа дуусч, ажилдаа орох болсон гэх үндэслэлээр Б....ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь зохигчдын тайлбар, Зорчигч үйлчилгээний төв буудлын нягтлан бодогч П...., хүний нөөцийн менежер Д.... нарын тайлбар, тодорхойлолт, Б....ын Төмөр замын цагдаагийн газарт өгсөн тайлбар зэргээр тогтоогдох бөгөөд, талууд энэ асуудлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. /хх 38-40, 43/
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч О....ийн өөрийн охин Б....ыг ажилд авсан, түүний ажиллаагүй 2 сарын хугацааны цалин олгосон гэх зөрчил нь 2015 оны 5 дугаар сард гарсан байх бөгөөд, үүнийг 2016 оны 1 дүгээр сард хийгдсэн Зорчигч үйлчилгээний төвийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнтэй шалгалтаар илрүүлсэн байх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Үүнийг тодруулбал, 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Зорчигч үйлчилгээний төв буудалд техникийн иж бүрэн байцаалтын тайлан гэх талуудын тайлбарласнаар Ревизийн акт-д ...2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр захиргааны чөлөө авсан лавлан мэдээллэгч Т....ын оронд Болдцогтын ...ыг түр ажилд авах тухай №23 тоот тушаал гарсан боловч Б....о нь ажилд орсон тухайн өдрөөс 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 5 хоногийн чөлөө авсан. Чөлөө олгосон уг №37 тоот тушаал нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нөхөн гарсан байна... гэж, мөн Дүгнэлт хэсгийн 2 дугаарт: цаг ашиглалт, цагийн бүртгэл хөтлөлт хангалтгүй, цалинг цагийн бүртгэлийг үндэслэж бичдэггүй, 4 дүгээрт: Байгууллагын дарга, удирдлагууд эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг гэж тус тус дүгнэсэн боловч, тухайн шалгалтын дагуу албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан эсэх нь тодорхойгүй, мөн шалгалтын дүнг удирдах дээд байгууллагадаа мэдэгдээгүй буруутайн улмаас О....ийн гаргасан сахилгын зөрчлийг илрүүлсэн ч шийтгэл ногдуулаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. /хх 136-143/
Түүнчлэн, ... ХНН-ийн Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 6.1.1-т Дотоод аудит, хяналт шалгалт нь Замын даргын буюу ээлжит шалгалт явуулах, мөн дүрмийн 6.2-т Дотоод аудит, хяналтын албаны үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, уг зүйлийн 6.2.1-т ... ХНН-ийн санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэлийн бодлого, нягтлан бодох бүртгэлийн ОУС-ын хэрэгжилт, харъя салбар нэгжүүдийн сар, улирал, жилийн санхүүгийн тайлан тэнцэлд аудит хийж үлдэгдэл баланс, орлого, үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайланд шалгалт хийж үнэлэлт дүгнэлт гаргаж, зөвлөмж өгнө гэж тус тус заажээ.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Дотоод аудит, хяналтын албаны байцаагч Б....аас шүүх хуралдаанд: ... 2015-2016 онуудад би ажиллаж байгаагүй ч энэ байгууллагад шалгалт хийгдсэн байх ёстой... уг байгууллага дээр шалгалт явуулахдаа санхүүгийн баримт, цалин хөлсний баримт зэргийг мэдээлэл аваад шалгахаар очсон... гэж мэдүүлсэн.
Дотоод аудит, хяналтын алба үйл ажиллагааны дүрмийн дагуу нийгэмлэгийн салбар, нэгжүүдийн үйл ажиллагаанд жил бүр төлөвлөгөөт шалгалт хийдэг бөгөөд, О....т сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Дотоод аудит, хяналтын албанаас Зорчигч үйлчилгээний төв буудлын санхүүгийн баримт, цалин хөлсний баримт зэрэгт хийсэн ээлжит бус шалгалтаар илэрсэн зөрчлүүд төлөвлөгөөний дагуу 2015, 2016 онуудад тус байгууллагад хийгдсэн шалгалтуудаар илрээгүй байх боломжгүй юм.
Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч байх бөгөөд, сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг анхаарах шаардлагатай ба, энэ тохиолдолд нэхэмжлэгч О....т хуульд заасан хугацаанд сахилгын арга хэмжээ аваагүй, хугацаа хэтэрсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч О....т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан дараагийн үндэслэл болох нийгэмлэгийн өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулсан гэх зөрчлийн тухайд, ажил олгогчид чухам хэдий хэмжээний хохирол учруулсан болох нь тушаалд тодорхой тусгагдаагүй, хэрэв хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар Б....од олгосон цалин болох 2,173,538 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн тохиолдолд, уг мөнгийг Б....о гэгч хүлээн авч, тухайн олгогдсон нийт цалингийн зарим хугацаанд хөдөлмөрлөх үүргээ биелүүлсэн байх бөгөөд, энэ нөхцөл байдлыг нарийвчлан тодорхойлоогүй, мөн Замын даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн албан даалгаврыг биелүүлээгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлах боловч, энэ талаар сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-II-68 тоот тушаалын үндэслэл болоогүй байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн, Я.... гэгчид олгогдох шагналын 108,000 төгрөгийг завшсан гэх үйлдлийн тухайд О.... гэм буруутай, тийнхүү мөнгийг завшсан болох нь бүрэн тогтоогдоогүй байх бөгөөд, дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч О....ийг ... ХНН-ийн Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар П....ыг адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.... нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,843,780 төгрөг гаргуулахыг хүссэн боловч уг тооцооллоо хэрхэн гаргасан нь ойлгомжгүй байх тул хариуцагч ... ХНН-ээс ирүүлсэн цалингийн тооцоог үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх нийт 139 ажлын өдрөөс бүх нийтээр амрах 7 өдрийг хасч, бүгд 132 өдрийн ажилгүй байсан хугацааны цалинг /1 сард авах дундаж цалин 2,037,050 төгрөг/, 1 өдрийн дундаж цалин 103,579 төгрөгт хөрвүүлэн тооцсоноор нийт 13,672,428 төгрөгийг хариуцагч ... ХНН-ээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаас 226,312 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан О....ийг ... ХНН-ийн Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ... ХНН-ээс 13,672,428 /арван гурван сая зургаан зуун далан хоёр мянга дөрвөн зуун хорин найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О....т олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О....ийг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч ... ХНН-т даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас 226,312 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА