| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2036000000206 |
| Дугаар | 56 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 56
*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолтой *******т холбогдох эрүүгийн 2036000000206 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат, хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн ******* сумын ******* багт төрсөн, 36 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, хэрэг харуицах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай Урианхай овогт ******* ******* нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг Шар хадны дөрөлж гэх газарт ******* ******* улсын дугаартай Портер маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн *******гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Урианхай овогт ******* *******ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Урианхай овогт ******* *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн шүүгдэгч *******ийн жолоочийн 799986 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******оос 11839607 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид хохирлын зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нар давж заалдах журмаар гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь хөнгөн гэмт хэрэг анх удаа холбогдсон. Эхнэр 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Шүүгдэгч нь шүүх хуралдаан дээр 2,225,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т өгөх гэсэн боловч аваагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн хувьд хэдий гомдолтой байгаа боловч шүүгдэгчийн ар гэрийн амьдрал явагдаж байгаа эхнэр болон өөрөө ажилгүй малчин хүмүүс бөгөөд 4 өсвөр насны хүүхэдтэй. *******ийн ар гэр нь чадах ядахаараа мөнгө цуглуулсан боловч үүнийг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аваагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч *******оос 11,839,607 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд ямар төлбөрийг яаж гаргуулахаар болсон талаар задаргаа хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тэнсэж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч тал хохирлоо төлнө гэж давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө манай үйлчлүүлэгчийн дансны дугаар аваад хохирол 9,000,000 төгрөг төлсөн байна. Хохирлыг бүрэн барагдуулаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1-ийг хэрэглэх үндэслэлгүй байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоол хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аас гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлагад нийцэж байгаа эсэх болон баримтад он, сар, өдөр, тэмдэггүй баримтыг үнэлэхгүйгээр бодит хохирлыг шүүхийн шийдвэрээр гаргасан байгаа. Шүүхийн шатанд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хохирлоо төлөхөө илэрхийлсэн боловч өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат 9,000,000 төгрөг төлсөн боловч бусад хохирлыг төлөх боломжгүй гэж хохирол дээрээ маргаантай байгаа нь шүүгдэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 7 дугаар зүйлийн 7.1-д заасан тэнсэх хуулийн зохицуулалтыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоож зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоож зөрчсөний хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг Шар хадны дөрөлж гэх газарт ******* ******* улсын дугаартай Портер маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн *******гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мэдүүлэг, гэрч Ц.Ганзориг, А.Амаржаргал, Ж.Наранцэцэг нарын мэдүүлэг, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газар дээр тогтоосон акт, Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ тогтоосон тайлан, хэрэгт авагдсан баримтуудыг гэрэл зургаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар ногтлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт шалгавал зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь “*******оос 11.839.607 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэрнээ ямар ямар төлбөрийг гаргуулж байгаа талаар задаргаа хийгээгүй, хохиролтой холбоотой асуудлыг шүүх хуралдаан дээр тайлбарлах болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүсч давж заалдах журмаар гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.-д Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилжээ. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгохоор гаргасан 11.839.607 төгрөгийн хохирлоос 9.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх бөгөөд үлдэх хохирлын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 45 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 9,000,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ