Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 211

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, 

Улсын яллагч Ө.Алтантуяа, 

Гэрч Б.Гүнсэн, Ц.Ундармаа,

Шинжээч эмч М.Энхтайван,

            Шүүгдэгч, хохирогч З.Анударь, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг,

            Шүүгдэгч, хохирогч Б.Сарангуа, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Анударь, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сарангуа нарт холбогдох 2017 2601 0147 тоот дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл-4, нөхөр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 16-13 тоотод оршин суух, Драгон холдинг компанид лангуу түрээслэн ажиллуулдаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Зоригтбаатарын Анударь, РД:УП89070741, 

Монгол улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засаг, менежментийн мэргэжилтэй, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 22б байрны 80 тоотод оршин суух, Драгон холдинг компанид лангуу түрээслэн ажиллуулдаг, урьд ял шийтгэлгүй, Начин овогт Батжаргалын Сарангуа, РД:ЧО86073005,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Анударь, Б.Сарангуа нар нь 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ драгон” төвийн 3 дугаар давхарт лангуу түрээслэн ажиллаж байхдаа “энэ муу шулам 20 цагаас хаана гэнээ, чи намайг шулам гэж хэллээ гэж хоорондоо маргалдан, аягатай ус цацаж маргалдсаны улмаас зодолдож,

а. З.Анударь нь хохирогч Б.Сарангуаг хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж төмөр өлгүүр рүү түлхэж унагаасны улмаас түүний бие махбодид баруун эгэмний холбоосны урагдалттай мултрал, зөөлөн эдийн няцрал, дух, 2 гуяны цус хуралт, зүүн 4-р хурууны зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

б. Б.Сарангуа нь хохирогч З.Анударийн толгой руу аягаар 2-3 удаа цохиж, хөл рүү нь өшиглөсний улмаас түүний бие махбодид тархины доргилт, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

Шүүгдэгч З.Анударь нь 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ драгон” төвийн 3 дугаар давхарт лангуу түрээслэн ажиллаж байхдаа өөр хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас Б.Сарангуаг хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж төмөр өлгүүр рүү түлхэж унагаасны улмаас түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...  

- хохирогч Б.Сарангуагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн 3 дугаар давхарт өөдөөс харсан лангуунд суудаг Анударь гэдэг эмэгтэй 18 цаг 30 минутын үед “лангуугаа одоо хаа гэхээр нь би хаахгүй, 20 цагаас хаана” гэхэд Анударь утсаар “энэ муу гичий 20 цагт хаана гээд байна” гэх зэргээр утсаар яриад байхаар нь би “чи яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм” гэхэд Анударь яадаг юм гээд үснээс зулгаагаад, газар унагаагаад хөл рүү өшиглөсөн. Тэгээд босоод ирэхэд Гүнсэн гээд охин ирээд салгасан. Босч ирээд гараа хөдөлгөх гэхэд миний гар ямар ч хөдөлгөөнгүй болсон байсан. Бас баруун нүдний хэсэгт хавдсан, 2 хөлний гуя хэсгээрээ, бөгс хөхөрсөн байсан. Тэгээд тэр өдөр би өөрийн нөхөр Төгсбаярыг дуудаад гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд эгэм далны холбоос тасарсан байна гээд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлээд явуулсан...Ер нь Анударь манай лангууны бусад хүмүүстэй нийлээд намайг гадуурхах маяг ажиглагддаг. Анударь бид 2 таарамжгүй харьцаатай. Бид 2 урьд нь хэрэлдэж байсан, зодолдож байгаагүй...би толгойгоо 5 хоног бариулсан. Гэмтлийн эмнэлэгт оргүйн улмаас хүүхдийн тасагт хэвтэж эмчлүүлсэн, эгэм далны холбоосыг холбох хагалгаа хийлгэсэн...гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-25-27-р хуудас/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн  №215 дугаартай дүгнэлт :...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1129 тоот шинжээч эмч Т.Амартүвшингийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Б.Сарангуагийн биед баруун далд эгэмний холбоосын урагдал, баруун дал эгэмний холбоосыг бэхлэх мэс заслын дараах байдал, дух гуянд  цус хуралт, зүүн 4-р хурууны зугаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ байна.../хх-56-58/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн №373 дугаартай дүгнэлт:...шинжээч нарын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан №215 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Баруун эгэмний мултрал, баруун эгэмний холбоос /эгэм-акромион сэртэнгийн холбоос/-ны урагдал гэмтлүүд нь нэг ижил ойлголт биш. Эгэмний мултрал гэмтэл нь эгэмний холбоосны урагдалтайгаар тохиолдвол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мэс заслаас шалтгаалан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй...гэх дүгнэлт /хх-68-70/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1129 дугаартай дүгнэлт /хх-53/, 

- гэрч Ц.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би З.Анударь, Б.Сарангуа нарыг 2016 оноос эхэлж таньдаг болсон. 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад Сарангуа, Анударь 2 чанга яриад байхаар нь хэрэлдэж байна гэж бодсон...пижигнэх чимээ гарахаар нь яваад ороход Сарангуа, Анударь 2 барьцалдаад авчихсан, доогуураа бие биенээ хөлөөрөө өшиглөөд байсан...Сарангуаг Анударь цээж рүү нь түлхсэн. Тэгэхэд Сарангуа өөрийн лангууны хажууд газар унасан. Сарангуа газар унахдаа баруун гарын тохой хэсгээрээ тулаад баруун талаараа газар унасан...гэх мэдүүлэг /хх-30-31/,

- гэрч Б.Гүнсэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “20 цагаас хаана гэж байна” гэх зэргээр хүнтэй утсаар яриад дуусахаар нь Сарангуа “чи юу гээд хүн доромжлоод байгаа юм бэ” гэхэд Анударь “чи угаасаа шулам биз дээ” гээд тэр 2 хэрэлдээд эхэлсэн. Тэгэж байснаа Анударь “чи цацдаг юмаа цац, чи угаасаа юм цацдаг биз дээ” гэхэд нь Сарангуа “надад чам руу цацах юм алга” гээд гартаа барьж байсан аягатай жаахан усыг цацахад Анударь ирээд Сарангуаг үсдсэн. Тэгээд тэр 2 ноцолдоод, Анударь хөлөөрөө Сарангуаг өшиглөөд байсан. Би салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд нооцолдож байгаад Анударь Сарангуаг түлхэж цохиод газар унагаагаад хөл рүү нь өшиглөсөн... Сарангуа газар унасан байхад Анударь Сарангуаг хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн, бас 2 удаа газар унагаасан. Сүүлд унагахдаа хувцас тавьдаг төмөр өлгүүрийн тийшээ унагаасан. Сарангуагийн гар маажигдаад цус гарчихсан байсан. Хүмүүс салгаад гараад явсны дараа Сарангуа баруун гар хөдөлгөхөөр өвдөөд байна гээд уйлаад байсан...гэх мэдүүлэг /хх-38-40/,

- гэрч Б.Төгсбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Манай эхнэр Б.Сарангуа 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр 20 цагийн орчим над руу залгаад хүнд зодуулчихлаа гэхээр нь би ажил дээр нь яваад очиход баруун гар нь хөдлөхгүй болсон, баруун нүд нь хөхөрсөн байсан. Анударь зодчихлоо гэсэн. Би эхнэрээ аваад шууд гэмтлийн эмнэлэг явсан, тэгээд эргэж ирээд цагдаад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-34-35/,

- хэргийн газар нөхөн үзлэг хийсэн ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /хх-16, 178/,

- шүүгдэгч Б.Сарангуагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр би өөрийн хамт ажилладаг Анударь гэх хүнтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн 3-р давхарт байрлах лангуун дээрээ сууж байгаад хаах цагаас болж маргалдаж муудалцсан...гэх мэдүүлэг /хх-85-86, 88-89/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Б.Сарангуа нь 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ драгон” төвийн 3 дугаар давхарт лангуу түрээслэн ажиллаж байхдаа өөр хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас З.Анударийн толгой руу аягаар цохиж, хөл рүү нь өшиглөсний улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:...  

- хохирогч З.Анударийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2014 оноос одоог хүртэл Драгон худалдааны төвийн 3 давхарт бэлэн хувцасны лангууны талбай түрээсэлдэг. Надтай хамт ажилладаг Сарангуа бид 2 өөдөөсөө харж суудаг. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр ажил дээрээ байж байгаад орой 19 цаг өнгөрч байхад би нөхөр Гантулгатай гар утсаараа ярьж байхад надтай хажуу талаас Сарангуа хэрүүл өдөж, намайг голио молио гэж хэлж, хэл амаар доромжилсон, тэгээд би чамтай яриагүй байна гэсэн чинь миний өөдөөс ууж байсан аягатай усаа цацахаар нь чи яаж байгаа юм гэсэн чинь гартаа барьж байсан төмөр аягаараа толгой руу 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би Сарангуагийн цээж рүү гараараа түлхээд унагаасан, намайг Сарангуаг түлхэж унагаахаас өмнө миний 2 хөл рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгсэн Сарангуагийн найз Гүнсэн гэдэг эмэгтэй хамт байсан болохоор “хоёроо болиоч” гээд байсан. Сарангуа газраас босч ирчихээд над руу дахиад дайраад байсан...урьд нь Сарангуагийн ээж ирээд...ус цацдаг саванд шингэн зүйл хийгээд лангууны тэр хавиар цацаад байдаг байсан, өөдөөс нь хараад суудаг болохоор надад их эвгүй байдаг байсан. Тэгээд энийг хэлсэн чинь “би цацна, цацсаар ч байх болно гэдэг байсан. Над руу өөрөө эхэлж ус цацчихаад, хүний толгой руу төмөр аягаар цохисон...миний биед учирсан гэмтлийг Сарангуа ногоон төмөр аягаар цохиж, хөлөөрөө өшиглөж учруулсан...гэх мэдүүлэг /хх-18-20/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1430 дугаартай дүгнэлт :...Анударийн биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-63/,

- шинжээч эмч М.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би З.Анударийн тархины цахилгаан бичлэгийг нүдээр үзэж дүгнэлт гаргасан. Мөн мэдрэлийн эмчийн үзлэгийг дүгнэлтэндээ тусгасан. Би З.Анударийг мэдрэлийн эмчид үзүүлсэний дараа болон өөрийн биеэр тархи доргилтын шинж тэмдэг илэрч байсан тул дүгнэлтэндээ тархи доргилт байгааг оруулсан. Тархи доргилт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтлүүд нь 2 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх мэдүүлэг /хх- 67/,

- гэрч Ц.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тэр үед Сарангуа, Анударь 2 барьцалдаад авчихсан, доогуураа бие биенээ хөлөөрөө өшиглөөд байсан ба Сарангуа гартаа цай уудаг ногоон өнгийн аягаа барьчихсан Анударийн толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд би очоод боль гэхэд намайг тоохгүй үргэлжлүүлээд ноцолдоод байсан...Анударийн нүүр норчихсон, үс нь нороод урагшаа байсан...гэх мэдүүлэг /хх-30-31/,

- гэрч Ө.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр, яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй, хажуу талын павилонд Сарангуа, Анударь 2 чанга чанга яриад, гэнэт орилолдоод эхэлсэн. Яваад очиход Сарангуа газар унаад босч ирээд Анударийг түлхэх шиг болж байсан. Намайг павилоны үүдэнд очиход бие бие рүүгээ дайраад байсан. Анударийн урд хэсгийн үс нь норчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-49-50/,

- аягыг эд мөрийн баримтаар тооцсон баримт /хх-177/, 

- хэргийн газар нөхөн үзлэг хийсэн ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /хх-16, 178/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.    

 

Иймд шүүгдэгч З.Анударийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Сарангуаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Сарангуа нийт 2.608.058 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч З.Анударь бэлнээр нийт 2.323.100 төгрөг төлсөн, хохирогч З.Анударь хохиролд 739.900 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй зарим хохирлоос татгалзаж, Б.Сарангуа, З.Анударь нар нэгэн зэрэг шүүгдэгч, хохирогчийн хувьд хохирлын зөрүүгээ харилцан тооцсон байх тул шүүгдэгчийн хувьд Б.Сарангуа нь хохирогч З.Анударьтай сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч нар бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.   

Харин хохирогч Б.Сарангуа гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын /сарын түрээсийн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардал/ талаарх хууль ёсны нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч З.Анудариас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч З.Анударь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Сарангуа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Б.Сарангуа нь хохирогч З.Анударьтай сайн дураар эвлэрсэн тухай шүүхэд мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Сарангуаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Хохирогч Б.Сарангуагийн бие махбодид учирсан хүндэвтэр гэмтэл бүрэн эдгэрээгүй байх ба шүүгдэгч З.Анударийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорихоос хөнгөн төрлийн ял оногдуулав.  

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг аяга хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.        

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч З.Анударийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,  

шүүгдэгч Б.Сарангуаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч З.Анударийг 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Сарангуаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Сарангуад холбогдох 2017 2601 0147 тоот эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

4. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар оногдуулсан 350 цаг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгч З.Анударьд мэдэгдсүгэй.   

5. Хохирогч Б.Сарангуа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч З.Анудариас нэхэмжлэх эрхтэйг болон шүүгдэгч Б.Сарангуа нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдсугай.           

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар уг хэргийн эд мөрийн баримт болох 1 ширхэг аягыг устгасугай. 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Анударь, Б.Сарангуа нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

                  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР