Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 26

 

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01217/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1319 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д-” ХХК-д холбогдох

          “Нийгмийн даатгалын шимтгэл, алданги 8.614.194 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нарангэрэл, прокурор Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс:

“Д-” ХХК нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөлгүй 2017 оны 06 дугаар сараас эхлэн өр үүсч 2018 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар 5.742.796 төгрөгийн шимтгэлийн өр үүсгээд байна.

Манай байгууллагын зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх талаар шаардлага тавихад тодорхой арга хэмжээ авахгүй өдийг хүрсэн. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлага барагдуулах талаар удаа дараа шаардсан буюу зөрчил барагдуулж шимтгэл төлүүлэх талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг барагдуулах талаар ажил олгогчтой уулзалт хийж хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан ч гэрээний үүрэг хангагдаагүй шимтгэлийн өрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй болно. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 5.742.796 төгрөг, түүнд ногдох алданги нь 2.871.398 төгрөг, нийт 8.614.194 төгрөг байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 8.614.194 төгрөгийг “Д-” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос:   

Нэхэмжлэгч тал гардуулаагүй баримтад үндэслэн нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд Захиргааны актыг мэдсэн буюу гардаж авсан өдрөөс хойш эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээд дээд шатны болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг. Миний хувьд албан ёсны итгэмжлэлийн дагуу оролцож байна. Д-ы хувьд 2018 оны 10 сарын 04-ний өдрийн албан шаардлагыг албан ёсоор мэдлээ гэж ойлгож байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд уг захиргааны актыг хянуулахаар гомдол гаргах болно. ...Хэрэв иргэний хэргийн журмаар энэ хэргийг шийдвэрлэж болох байсан бол өнөөдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргаж оролцох байлаа. Хэргийн харьяаллын хувьд 2 тусдаа шүүхээр шийдвэрлэх учраас Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн албан шаардлагыг “Д-” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д- албан ёсоор мэдлээ, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 1319 дүгээр шийдвэрээр:

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,  20 дугаар зүйлийн 20.1.2-т тус тус зааснаар “Д-” ХХК-иас 8.614.194 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Д-” ХХК-иас 152.777 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Д-” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Содболд би тус хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1319 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчаас 5.742.796 төгрөгийн шимтгэлийн төлбөр үндсэн өрийг нэхэмжилсэн бөгөөд алданги гэж 2.871.398 төгрөг нийт 8.614.194 төгрөгийг нэхэмжилсэн төрийн байгууллага шимтгэлийн төлбөрт алданги тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн алданги 2.871.398 төгрөг гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбаяр давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

“Д-” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөлгүй даатгуулагчдын эрх ашгийг хохироосон тул манай байгууллагаас Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргав.

Анхан шатны шүүхээс нийт 8.614.194 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийгмийн даатгалын тухай хуульд хариуцлагыг тодорхой заасан бөгөөд тус хуулийн 20.1.2-т заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, түүнд ногдох 2.871.398 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болно.

Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1319 дүгээр шийдвэрийг бүхэлд нь дэмжиж байна гэвжээ.

ХЯНАВАЛ:

            Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч “Д-” ХХК-нд холбогдуулж нийгмийн даатгалын шимтгэл 5.742.796 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 2.871.398 төгрөг нийт 8.614.194 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч “Д-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн шаардлагыг албан ёсоор гардуулж өгөөгүй, нэхэмжлэлд хавсаргасан баримтуудад компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч “Д-” ХХК 2018 оны 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар ажиллагсдадаа олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн 5.742.796 төгрөгийн өр үүссэн болох нь хэрэгт авагдсан ”Д-” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуваарь, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцсон гэрээ, хариуцагч “Д-” ХХК-ийн 20018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичиг, улсын байцаагчийн албан шаардлага, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “ өмчийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах” гэж зааснаар хариуцагч “Д-” ХХК албан журмаар даатгуулах үүрэгтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлэх, мөн хуулийн 17 дугаар үйлийн 17.1.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэ зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх хуулиар тогтоосон үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулж шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алданги гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1319 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Д-” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.900 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                   С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                    Л.АМАРСАНАА