| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2020/00472/И |
| Дугаар | 183/ШШ2020/01770 |
| Огноо | 2022-06-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2020/01770
| 2020 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2020/01770 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэм хорын хохиролд 2.738.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Парк хаус хотхоны *** дүгээр байрны ** тоот орон сууц болох өөрийн гэртээ 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Нийн зээ хүү Л.Тг оруулж ор руу шидсэн байсан. 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хэрхэн юу болсон талаар тодруулахаар хүүгийн эмээ болох Ч.Н намайг очиход элдвээр доромжилж, гэрийнхээ үүдэнд түлхэж унаган, хүний биед халдан зөөлөн эдийн гэмтэл учруулсан. Миний хувьд гомдолтой байсан тул Цагдаагийн байгууллагад хандаж, хүүхдийн биед гэмтэл учруулсан хэрэгт зөрчлийн хуулийн дагуу Б.Б шийтгүүлсэн. Ч.Н намайг түлхэж унагаах үед гэмтэл учруулсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ***** дугаар шинжээчийн дүгнэлтээр баруун өвдөгний дотор талд эмзэглэлтэй, зөөлөн эдийн няцралттай, ...хаван ихтэй гэх дүгнэлт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн */*** дугаар хариу мэдэгдэх хуудас, тус газрын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн */** дугаар хариу мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог юм. Дээрх байдлаас болж Ч.Н өөрөө болон өөрийн зээ хүү Л.Тг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хоёр удаа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг удаа, хөлний зураг авахуулсан, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон иргэний журмаар хохирол нэхэмжлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал оролцуулахаар хууль зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авсан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасны дагуу гэм хор учруулсны улмаас үүссэн хохиролд 2.738.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс Б.Б нь Ч.Н намайг түлхэж унагаасны улмаас баруун өвдөг гэмтэж, Сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн 130.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг буюу нийт 138.000 төгрөг, мөн Б.Б нь зээ хүү Л.Тг айлган сүрдүүлж биед нь гэмтэл учруулсан үйлдэлд цагдаагийн байгууллагад зөрчлийн хэрэг үүсгэсэн ба байцаагч хоёр тал маргаантай байгаа юм байна, өмгөөлөгч авсан нь дээр гэхээр нь уг хэрэгт өмгөөлөгч авч, өмгөөллийн хөлс 2.400.000 төгрөгийг хоёр хувааж өгсөн. Мөн эмнэлэг, цагдаагийн байгууллагаар явах үед гарсан шатахууны зардал 200.000 төгрөг, нийт 2.600.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа тул Б.Баас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн хуулийн дагуу ямар арга хэмжээ авсан, яг ямар асуудлаас болж энэ маргаан үүссэн талаар нэхэмжлэгч тайлбар хийсэнгүй. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн бямба гаригт хариуцагч Б.Б гэртээ байсан. Б.Бын хүү 5 настай Б.И, 7 настай охин Б.Ц нар гадаа тоглож байсан байдаг. Гэтэл 12.00 цаг өнгөрч байхад хүү Б.И нь гаднаас уйлаад ороод ирэхэд нь юу болсныг асуухад аав ээждээ хэлэхгүй байсан. Удалгүй гэрийн хаалгыг хүн тогшоод хаалгаа нээтэл 7-8 хүүхэд тойроод зогсчихсон танай хүүхэд дэлгүүрээс чипс хулгайлж авсан гэх зүйлийг Б.Бт хэлсэн. Б.Б хүүхдээ дуудаад яагаад чипс хулгайлсан талаар асуухад манай байрны хүүхдүүд болох н.Т, н.О, Л.Т гэх хүүхдүүд дэлгүүрээс чипс хулгайлж авч өг, авч өгөхгүй бол зодно гэж дээрэлхсэн учраас айсандаа гэрийн хажуугийн дэлгүүрээс чипс авч өгсөн гээд уйлаад гэртээ орж ирсэн. Аав нь үүнийг сонсоод Л.Тг хаалга тогшсон хүүхдүүдийн голд байгааг олж хараад гэртээ оруулсан байдаг. Учир нь Л.Т нь тэдний хүүхэдтэй гэрт нь орж ирж тоглодог найз нь байсан бөгөөд Л.Тг тэдний дунд зогсож байхад нь гэртээ оруулаад хүүтэйгээ хамт буйдан дээр зэрэгцүүлж суулгаад та нар яагаад хулгай хийж байгаа юм бэ, ингэж болохгүй гэж зэмлэсэн байсан. Үүний дараагаар Л.Т уйлаад гэрээс нь гараад явсан. Дараа нь Б.Б хүүхдээ дагуулж гарч Л.Ттэй хамт нийлсэн хүүхдүүдийн эцэг эхийг олж энэ талаар хэлж, дахин ийм явдал гаргуулахгүй байх талаас нь хэлж уулзсан боловч Л.Тгийн аав ээжтэй уулзаж чадаагүй. Учир нь Л.Тгийн аав, ээж Монголд байдаггүй. Гадаа явж байгаад Л.Тгийн эгчтэй таарч дүүгийнх нь талаар хэлээд аав ээждээ хэлээрэй, дахин ийм явдал гаргуулж болохгүй шүү гэж хэлсэн. Маргааш өглөө нь 09.00 цагт Б.Бын хаалгыг хүн тогшиж, хаалгаа нээхэд нэхэмжлэгч Ч.Н нэг найзтайгаа, 14 настай охиноо дагуулаад зогсож байсан. Хүүхэд зодож уйлууллаа, хүүхэд өмдөндөө шээчихлээ гэж уурласан. Б.Б манайхаас гарахдаа өмдөндөө шээсэн зүйл байгаагүй гэдгийг хэлсэн. Зөрчлийн хэргээс харахад шөнө унтаж байхдаа орондоо шээсэн юм шиг тайлбар өгсөн байдаг. Б.Б, Ч.Н хоёр Б.Бын гэрийн үүдэнд танай хүүхэд манай хүүхдийг айлгаж хулгай хийлгэчихлээ, та нар хүүхдээ хүмүүжүүл гэж шаардлага тавьж маргалдсан. Ч.Н чи миний хүүхдийг зодсон учраас чамтай хариуцлага тооцно гэж маргалдсан. Гэрийнх нь хаалгыг онгойлгочихоод дотор талын бариулаас Ч.Н барьчихаад хаалгыг нь хаалгахгүй, хоёр талаасаа маргалдаж зогссон гэдэг. Б.Быг хаалгаа хаасны дараа хаалгыг нь балбаад байсан учраас Б.Бын эхнэр та нар бид нарыг тайван орхиоч гэж хэлэхэд хаалгыг нь хаалгахгүй байсан учраас Б.Б очоод та нар хүүхдээ хүмүүжүүл гэж хэлээд хаалганы дотор талаас барьсан гарыг хүчээр тавиулаад хаалгаа хаасан. Гэтэл нэхэмжлэгч намайг гэрийнхээ үүдэнд хүчээр түлхэж унагаасан, би өвдөглөж унасан гэх байдлаар нэхэмжлэлдээ тайлбарласан байна. Б.Б гарыг нь тавиулсан болохоос Ч.Нийг унатал нь хүчтэй түлхээгүй, тийм явдал болоогүй, намайг гүтгэж байна гэж тайлбарладаг. Зөрчлийн хэргийг харахад хамт явсан найз нь Б.Б түлхэж унагаасан гэх мэдүүлэг өгсөн. Гэтэл гарыг нь тавиулаад хаалгаа хаасан үйл явдал болсон. Түлхэж унагаагүй, газар унаагүй. Зөрчлийн хэргийн мэдүүлэгт охин нь ээжийг түлхсэн, би бариад авсан гэх мэдүүлгийг өгсөн. Үүнээс үзэхэд унаагүй гэдэг нь харагдаж байна. Зөрчлийн хэргийг Цагдаа шийдвэрлэхэд хүүхдийг гэр рүүгээ хүчээр хувцаснаас нь бариад гэртээ оруулсан нь хүүхдийн хүчирхийлэл гэж үзсэн. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болсон үйл явдал. Маргааш нь хаалгыг нь гаднаас цохиод байсан учраас Б.Б ч цагдаа дуудсан, Ч.Н ч цагдаа дуудсан байдаг. Хэн хэн нь цагдаа дуудаад хүүхэд зодсон гэх дуудлагаар хүүхдийн биед халдсан гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн. Ч.Нийн биед халдсан гэх асуудлаар зөрчлийн хэрэг үүсээгүй. Л.Тгийн биед 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүх эмнэлэгт үзүүлээд толгойд нь шалбархай тогтсон учраас хүүхдийн толгойд гэмтэл учирсан байна гэх дүгнэлт гарсан. Б.Б би хүүхдийн толгой руу цохиогүй гэж тайлбарладаг. Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр хүүхдийн толгой дээр шалбархай байгаа учраас хүүхдийн биед гэмтэл учирсан байна гэх дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн биед гэмтэл учирсан гэж Б.Быг 300.000 төгрөгөөр торгосон. 300.000 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр толгойд нь шалбархай байгаа учраас хүүхдийн биед халдсан гэж үзнэ гээд 300.000 төгрөгийн торгууль хэвээр үлдэсэн. Гаргасан нэхэмжлэлийг харахад Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу гэм хор учруулсны улмаас үүссэн хохирол, бензиний зардал, эмчилгээний төлбөр, өмгөөллийн хөлс гээд 2.738.000 төгрөг нэхэмжилсэн байна. Гэм хорын хохирлыг гэм буруутай нь тогтоогдсон байж шаардах ёстой. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр баруун өвдөгний зураг авахуулсан 130.000 төгрөг, баруун өвдөгний зураг дээр үндэслээд миний биед халдсан гэх гомдлыг гарахад гомдлыг хүлээж аваагүй. Ч.Нийн биед гэмтэл учруулсан гэм буруу гэж тогтоогдсон зүйл байхгүй. Тиймээс баруун өвдөгний зураг авахуулсан 130.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Өвдөгний зургаа бариад хүсэлт өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн үзлэг хийсэн. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийгээд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ч.Нийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дахин шинжээлгээ хийлгэж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дахин Ч.Нийн биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт гарсан. Ч.Нийг зодсон нь тогтоогдоогүй учраас Ч.Нийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон. Бензиний зардлыг харахаар 2019 оны 10 дугаар сарын 6, 13, 19-ний өдөр, 11 дүгээр сарын 1, 11, 13, 26-ны өдрүүдэд бензин авсан гэдэг боловч энэ өдрүүдэд бензин аваад өөрийнхөө биеийг үзүүлэх гэж явсан уу, энэ өдрүүдэд ямар үйл явдал болсон талаар тайлбар, нотлох баримт байхгүй. Өөрийнх нь биед гэмтэл учруулсан гэх үйл явдалтай ямар шалтгаанаар энэ баримтууд холбогдоод байгаа нь тодорхойгүй. Б.Б 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд аваачиж үзүүлсэн. Түүнээс хойш хүүхдийг ийш тийшээ авч явсан баримт байхгүй. Гэтэл бензиний зардлууд нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 200.000 төгрөгийг бензинд зарцуулсан гэж байгаа боловч хаашаа явах гэж хэний машинд хийсэн нь тодорхойгүй. Энэ зөрчлийн хэрэгтэй холбоотой гэх баримт байхгүй учраас нэмэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зөрчлийн тухай хуулийн дагуу өмгөөлөгч авч болох ч өмгөөллийн хөлсийг нөгөө талаасаа гаргуулж, төлүүлнэ гэх хуулийн зохицуулалт байхгүй. 2.400.000 төгрөгийг миний ойлгосноор бензиний зардал, эмчилгээний зардлаа шүүхээр төлүүлэх гэж өөрийг нь зодсон гэх байдлаар зөрчлийн хуулиар шийтгүүлэх гэж өмгөөлөгчийн туслалцаа авсан гэж ойлгож байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах эсэх нь сайн дурын асуудал. Зөрчлийн асуудалд өмгөөлөгч авах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал учраас өмгөөлөгчийн зардлыг Б.Б хариуцах үндэслэл байхгүй. Мөн хүү Л.Ттэй нэхэмжлэгч Ч.Н ямар ураг төрлийн холбоотой талаар баримт хэрэгт байхгүй. Ямар холбоотой болоод өмгөөлөгчийн зардал, Л.Тгийн зөрчлийн хэргийн зардлыг Ч.Н Б.Баас нэхэмжлээд байгааг тодруулах нь зүйтэй болов уу. Дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Н нь Б.Бт холбогдуулан гэм хорын хохиролд 2.738.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэрэгсэхгүй болгож, заримыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.Н нь Б.Бын хууль бус үйлдлээс өөрийн болон зээ хүү Б.Тэлмэнгийн биед гэмтэл учирсан гэж Б.Баас гэм хорын хохиролд 2.738.000 төгрөгийг нэхэмжилж, шүүх хуралдааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ямар асуудал болсон талаар тодруулах гэж Б.Бын гэрт очиход маргаан үүсч, улмаар Ч.Н намайг түлхэж унагаасны улмаас баруун өвдөг нь гэмтэж, Сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн 130.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг буюу нийт 138.000 төгрөг, Б.Б нь зээ хүү Л.Тг айлган сүрдүүлж биед нь гэмтэл учруулсан үйлдэлд цагдаагийн байгууллагад зөрчлийн хэрэг үүсгэсэн, уг хэрэгт өмгөөлөгч авсан өмгөөллийн хөлс 2.400.000 төгрөг, эмнэлэг, цагдаагийн байгууллагаар явах үед гарсан шатахууны зардал 200.000 төгрөг, нийт 2.600.000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Быг Ч.Н болон хүүхдийн биед гэмтэл учруулаагүй, гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Хэрэгт цугларсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараас дараахь үйл баримт тогтоогдов.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Б-ийн тогтоолоор Ч.Нийн биед гэмтлийн зэрэг тогтооход гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт гарсан байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н Хан-Уул дүүргийн Прокурорын газарт хандан ...Б.Б нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Парк хаус хотхоны *** дүгээр байрны ** тоот орон сууцандаа 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Нийн зээ хүү Л.Тг гэртээ оруулж ор руу шидсэн, 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хэрхэн юу болсон талаар тодруулахаар очсон Ч.Нийг гэрийнхээ үүдэнд түлхэж унагаасан... гэх үйлдэлд Ч.Нд учруулсан гэмтэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу арга хэмжээ аваагүй тул Б.Бт холбогдох зөрчлийн хэргийг сэргээн шалгаж өгнө үү гэх гомдолд тус прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн */*** дугаар хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл Ч.Н нь Б.Б өөрийг нь түлхэж унагаснаас баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал үүссэн гэх ба шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн 130.000 төгрөг, нийт 138.000 төгрөг нэхэмжилж байх боловч энэхүү гэмтэл нь Б.Бын гэм буруугаас болсон гэдэг нь тогтоогдохгүй байна.
Шалтгаант холбоо нь зөвхөн үйлдэл болон эрх зүйн үнэт зүйл эсвэл гэрээг зөрчсөн болон үүссэн хохирол хоёрын хооронд байх ёстой бөгөөд хэрэгт цугларсан баримт болон зохигчийн тайлбараас дүгнэхэд Б.Бын буруутай үйлдэл болон нэхэмжлэгч Ч.Нд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байх тул Б.Баас 138.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин Зөрчлийн хэрэгтэй холбоотой гарсан зардал болох өмгөөлөлийн хөлс 2.400.000 төгрөг, шатахууны зардал 200.000 төгрөг, нийт 2.600.000 төгрөгийг Б.Баас нэхэмжилсэн боловч нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд болохоо нотлоогүй, өөрөөр хэлбэл толгойдоо гэмтэл авсан зээ хүү Л.Тд зөрчлийн хэрэг үүсгэж, үүнтэй холбогдуулан дээрх зардал гарсан гэх боловч хүүхдийн хууль ёсны төлөөлөгч гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгов.
Тодруулбал нэхэмжлэгч Ч.Н нь Л.Тгийн хууль ёсны төлөөлөгч /эмээ/ гэдгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүнийг Л.Тг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь баримтаар тогтоогдоогүй болно.
Ч.Н нь дээр дурдсан зөрчлөө арилгаж, энэхүү шаардлагын хүрээнд нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдсугай.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг зохигчдод хүргүүлсэн бөгөөд иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Бт холбогдох гэм хорын хохиролд 138.000 төгрөг гаргуулах тухай Ч.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Б.Бт холбогдох өмгөөллийн хөлс 2.400.000 төгрөг, шатахууны зардал 200.000 төгрөг, нийт 2.600.000 төгрөг гаргуулах тухай Ч.Нийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Ч.Н нь дээр дурдсан зөрчлөө арилгаж, энэхүү шаардлагын хүрээнд нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.050 төгрөгнөөс **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 56.550 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Нд олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ
Ж.СЭМЖИД