| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2024/1062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1108 |
| Огноо | 2024-10-16 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1108
2024 10 16 2024/ШЦТ/1108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин,
Улсын яллагч Э.Баасанбаяр,
Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Гт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ж.Гыг ххх өдөр Баянзүрх дүүргийн ххх хорооны нутаг дэвсгэрт байрлах хххх их сургуулийн урд талын автобусны буудлын хажууд өөрийн үйлчлүүлж байсан ххх улсын дугаартай ххххх маркийн автобусны баруун хойд талын заалны шилэн цонхыг гаднаас нь цохиж хагалан гэмтээн хохирогчид 2.419.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад Ж.Г нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Э.Бын мөрдөн байцаалтад өгсөн:
...ххххх өдөр манай жолооч ххх над руу утсаар залгаад согтуу зорчигч автобусны шил хагалчихлаа гэхээр нь би хуулийн байгууллагад хандаад шийд гэж хэлээд цагдаа дуудсан гэсэн. Би жолоочоо маргааш нь явуулаад тухайн хагарсан шилний үнэлгээг нь хийлгүүлэхэд ххх ХХК-ийн хххх дугаартай дүгнэлтээр 2.419.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Манайх тухайн тээврийн хэрэгслийн хагарсан шилийг нөөцөд байсан шилээр сольж үйлчилгээнд ххххх өдөр гаргасан. ххххх онд үйлдвэрлэгдэж тухайн ондоо Монгол улсад импортлогдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч О.ххххын мөндөн байцаалтад өгсөн:
...Би хххх чиглэлд ххххх чиглэлд автобусанд явж байхад ххххх цагийн үед бага зэргийн согтолттой эрэгтэй орж ирсэн. Тэр залуу яг жолоочийн хажуугийн урд хаалганы эхний сандалд суусан. Яг хаанаас суусныг нь мэдэхгүй байна. Тэр залуу нилээд явж байгаад хххх их сургуулийн урд талын автобусны буудлын орчимд ирээд шүлс, цэрээ автобус дотор хаяад байхаар нь би уурлаад тэр залууд цаас өгөөд шүлсийг нь арчуулсан юм. Тэр залуу намайг хэл амаар доромжлоод хххх бууны нохой гээд л байсан. Тэгээд тэр залуу шүлс цэрээ арчаад хаалгаа онгойлго гэхээр нь би урд талын хаалгаа онгойлгоход тэр залуу буугаад явчих шиг болохоор нь би автобусаа хөдөлгөөд урагшилж байхад жолоочийн эсрэг талын хамгийн хойд талын хоёр цонх хагарсан. Тэр залуу автобусны гадна талаас ххххх ямар юмнуудаа гэнэ үү нэг зүйл хэлээд автобусны цонх хагалсан юм. Тэгээд шил хагалчхаад зугтаачихсан чинь автобусанд зорчиж явсан хоёр залуу тэр залууг хоёр талаас нь сугадаад аваад ирсэн. Тэгээд цагдаа дуудаад тэр залууг өгөөд явуулсан. Тэр хоёр залууг бол би танихгүй. Цонхноос өөр эвдсэн зүйл байхгүй. Манай автобусны дугаар хххх оны цагаан сарын дараа Монгол улсад буусан шинэ автобус байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай:
“... хххх маркын хххх улсын дугаартай 2023 онд үйлдвэрлэгдсэн Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл хххххын эзэмшлийн автобусны баруун хойд талын заалны хагарсан шил, урагдсан хуулга нь нийт 2.419.000 төгрөгөөр үнэлэгдэнэ...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,
Хохиролд хххх төгрөг төлсөн баримт /хх-ийн 38/,
шүүгдэгч Ж.Гын мөрдөн байцаалтад өгсөн:
хххххх өдөр Баянзүрх дүүргийн хххх гэртээ байхдаа хххх граммын архийг ганцаараа угаад гэрээс гараад хххх рүү алхаад тэндхийн нэг дэлгүүрээс 200 грамм архи авч уугаад дахин алхаж явж байгаад нэг сэрсэн чинь автобусанд суугаад явж байсан.
Тэгээд би жолоочийн хажуугийн суудал дээр суугаад явж байсан чинь шүлсээ хясан гээд жолоочтой маргалдаж байсан. Уучлаарай арчих юм өгөөч гээд шүлсээ арчаад арчсан цаасаа гаргаж хогийн саванд хаяд буцаад суух гэтэл автобус хөдлөөд явсан. Тэгхэд миний толгойд би мөнгөө өгөөд автобусанд суусан, буух газраа буугаагүй учраас газар байсан жижиг чулууг аваад автобусны төмөр хэсэгт цохисон. Тэгсэн чинь тухайн төмөрний цаад талд нь шилэн цонх байдаг учраас доргионд нь хагарсан байх гэж бодож байна.
Тухайн үед согтуу байсан, төлбөрөө төлсөн учраас очих газраа хүрэх ёстой гэсэн бодолтой байсан. Хэрвээ намайг буцаад автобусанд суулгасан бол би эргэж суугаад гэртээ харьчих байсан. Гэхдээ энэ үйлдэд маань миний буруу. Зохих ёстой хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэж хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 52/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: хххх-н хххх өдрийн ххх дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг /хх-ийн 5/,
шүүгдэгч Ж.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, иргэний үнэмлэхний лавлагаа, ЭМД-н төлөлт шалгасан лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33-37/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.32-33/,
хохирогч Э.Бын “… хххх дугаартай ххх маркийн автобусны хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралд оролцох шаардлага байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Г нь хххх хорооны нутаг дэвсгэрт байрлах хххх сургуулийн урд талын автобусны буудлын хажууд өөрийн үйлчлүүлж байсан ххххх улсын дугаартай хххх маркийн автобусны баруун хойд талын заалны шилэн цонхыг гаднаас нь цохиж хагалан гэмтээж хохирогчид бага хэмжээ буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний буюу 2.419.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн хүлээн авсан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчийн хохирол төлбөр хүлээн авсан, гомдолгүй тухай бичгээр гаргасан тайлбар, шүүгдэгчийн гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч Ж.Гын бусдын тээврийн хэрэгслийн цонхыг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд:
Хохирогч Э.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 2.419.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Г нь нөхөн төлж, хохирол бүрэн барагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
хххх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ж.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, өндөр настай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ялыг тухайн зүйлд заасан багавтар хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар түүний хувийн байдлыг харгалзан тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.
Энэ хэрэгт Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч х Гыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Ж.Гыг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ