Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1111

 

 

 

2024        10           17                                   2024/ШЦТ/1111                                

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Цг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн   дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

                                                                                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Ц нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс /хх-ийн 03/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн:

“хххх хороо хххх хоорондох зам байв. Ертөнцийн зүгээр зорчих хэсгийн урдаас хойшоо чиглэлд хоёр дугаар эгнээнд хар өнгийн хххх маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслэл нь хойшоо харсан байдалтай байх ослын гэрэл асаалттай байв. Тухайн машинаас  хойшоо хар өнгийн хххх улсын дугаартай мотоцикл байх ба ямар нэгэн эвдрэл байхгүй байв. Мөн тухайн автомашин ямар нэгэн эвдрэл байхгүй байв. Тухайн зам өргөны байдал нь асфальт шулуун тэгш хуурай, суурингийн доторх, чөлөөтэй, тогтуун, эерэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй эгнээний 4 явган хүний замтай, хашлагатай хайсгүй зам байв. Анх мөргөлдсөн гэх цэгийг жолооч нараар заалгуулж А үсгээр тэмдэглэж мотоциклийнй жолооч газар унасан цэгийг Б үсгээр тэмдэглэж В үсгээр үл хөдлөх цэг буюу дугааргүй гэрлийн шонгоор тэмдэглэн хэмжихэд А цэгээс В цэг хүртэл 8,50 см, А цэгээс В цэг хүртэл 8,10см Х8,70см, А цэгээс В цэг 6,40 см, Б цэгээс замын хашлага хүртэл 3,70см, А цэгээс мотоцикл хүртэл 2.3, 10 см мотоциклоос хашлага хүртэл 6,50см, 7,80см, тоёота приус маркийн автомашины баруун хойд дугуйн бол хашлага хүртэл 6,10см, нийт зорчих хэсгийн өргөн 16,10см байв. Криминалистикийн шинжээч жолооч нарыг драйгир багажаар үлээлэгэхэд 0,00% гарч байсанг гэрэл зургаар бэхжүүлэн авав.” гэх тэмдэглэл /хх-ийн 04/,

 

Зам тээврийн осол дээр тогтоосон 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-09/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-11/,

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 35/,

Хохирогчоос гаргаж өгсөн тодорхойлолт /хх-ийн 108/,

 

Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“ хххх цагийн үед гэрээсээ гараад ххх ороод мотоциклийн эзэн дээр очоод мотоциклийг худалдаж авах болоод унаад үзсэн. Тэгээд нөгөө мотоциклийн хүнд би өөрөө жолооч гэж хэлээд нэг унаад үзье, тэгээд худалдаж авъя гэж хэлсэн. Би ххххх ороод ххххх гараад баруун гар тийшээ эргээд хххх өнгөрөөд явж байсан ба миний урд талд хар өнгийн машин явж байсан. Би тухайн машины зүүн талаар явж байх үед тухайн машин гэнэт зүүн гар тийшээ эргээд мөргөлдсөн. Тэгээд газар унасан мотоцикль маань цаашаа яваад унасан. Тухайн жолооч бууж ирээд гайгүй юу гэж асууж байсан. Удалгүй түргэн намайг үзээд аваад явсан. Араас цагдаа нар ирсэн. Би гэмтэл дээр очоод үзүүлж эм тариа болон боолт зэрэг хийлгээд гэртээ ирсэн. Ослын улмаас миний нурууны зүүн бүсэлхийн L3 дугаар нугаламын сэртэнгийн яс хугарсан, баруун хөл тавхай хэсэг няцралтай ба зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Одоо бие гайгүй байгаа, баруун хөл дээр алхаж чадахгүй байгаа өөр өвдсөн зүйл байхгүй. Миний эмчилгээний зардал 1,000,000 төгрөг орчим болсон. Би хувийн эмнэлэгт хэвтсэн. Тухайн жолооч надад 3,000,000 төгрөг өгсөн. Тухайн жолоочоос мотоциклийн үнэлгээгээр гарсан мөнгийг авчих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“ххххх дугаартай мотоцикль миний нэр байдаг. Миний мотоцикль юм аа. Тухайн өдөр буюу хххх өдөр манай найзийн найз Н гэх эмэгтэй миний мотоциклийг худалдаж авий гэж хэлээд өдөр унаж үзий гэж хэлээд мөнгө өгөөгүй аваад явсан тэгээд тухайн орой нь машинтай мөргөлдсөн гэж надад утсаар хэлсэн. Би уг нь тухайн мотоциклийг 6,000,000 төгрөгөөр зарах гэж байсан. Осол болсон талаар миний мотоциклийг авч явсан Н өөрөө надад орой утсаар хэлсэн. Надад мотоцикльд эвдрэл хохиролтой холбоотой болон үнэлгээгээр гарсан мөнгөө авах юм бол гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. хххх сургуулийн харалдаа замд хххх орчимд хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь хххх дугаартай мотоциклтой мөргөлдөж жолооч Б.Нын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н нь хххх өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч хххх хүргэгдэн хэвтэн эмчлүүсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас Б.Н нь 174.682 / нэг зуун далан дөрөв зургаан зуу наян хоёр/ төгрөг гарсныг яллагдагч Б.Цгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь хххх дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн 10420 дугаартай:

“Б.Нийн биед бүсэлхийн 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, ууц, өгзөгт зулгаралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 44-45/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГазрын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 40719679 дугаартай:

“Уг мотоциклийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд: Дугуйн хээний гүн, дуут дохио, урд хойд дугуйн тоормос зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. Харин урд их гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, арын оврын гэрэл тэр чигээрээ байхгүй, бүртгэлийн дугаарын суурь байхгүй, хойд шаврын хаалт байхгүй, дуут дохио ажиллахгүй, толь байхгүй, хянах самбар зориулалтын бус газар байрлуулсан, баруун хойд дохионы гэрэл асахгүй, дуу чимээ өндөр, экологийн үзүүлэлт өндөр, жолоо зүүн гар тйишээ гулзайсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг мотоцикль нь урд их гэрлийн тусгал чадал хол ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, арын оврын гэрэл тэр чигээрээ байхгүй, бүртгэлийн дугаарын суурь байхгүй, хойд шаврын хаалт байхгүй, дуут дохио ажиллахгүй, толь байхгүй, хянах самбар зориулалтын бус газар байрлуулсан, баруун хойд дохионы гэрэл асахгүй, дуу чимээ өндөр, экологийн үзүүлэлт өндөр, жолоо зүүн гар тийшээ гулзайсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг мотоцикл нь механик дамжуулгат, дискен тоормосны системтэй ба бөгөөд үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан, тоормос шалгагч децелорометр багажын тусламжтайгаар уг мотоциклийг унаж үзэн шалгахад тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байсан. Уг мотоцикл нь механик дамжуулгат, дискен тоормосны системтэй бөгөөд тээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. Уг мотоцикл нь хол ойрын гэрлийн тусгал нь ойр дээрээ 600cd, хол дээрээ 200cd (стандарт 10000-225000cd) байгаа нь хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зураг, хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 52-58/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГазрын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1140719163 дугаартай:

“Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Уг автотээврийн хэрэгсэл зүүн гар талын толь сууриар хугарсан тольны гадна гэр хагарсан нь ослын үед үүссэн гэмтэл, зүүн урд болон хойд хаалга доод хэсэгтээ ослын үед үүссэн шинэ сэвтэй, зүүн их гэрлийн под фарын гэрлийн ламп асахгүй, урд буфер баруун доод хэсэгтээ хагарсан хуучин сэвтэй зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -0,2мм (стандарт 0-5мм) стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.6кН, баруун талдаа 2.3кН зөрүү нь 12,0% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,9кН, баруун талдаа 1,9кН, зөрүү нь 0.0% (стандарт <30%) тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос бүрэн зогсож байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 11800 cd, хол дээрээ 68100cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 13700cd, хол дээрээ 93100 cd (стандарт 10000-225000cd) байгаа нь гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Уг автотээврийн хэрэгсэл нь зүүн гар талын толь сууриар хугарсан тольны гадна гэр хагарсан нь ослын үед үүссэн гэмтэл, зүүн урд болон хойд хаалга доод хэсэгтээ ослын үед үүссэн шинэ сэвтэй, зүүн их гэрлийн под фарын гэрлийн ламп асахгүй, урд буфер баруун доод хэсэгтээ хагарсан хуучин сэвтэй зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Шингэн дамжуулагатай ABS тоормосны системтэй. Уг автотээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.7кН, баруун талдаа 2.5кН зөрүү нь 7,0% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,8кН, баруун талдаа 1,7к, зөрүү нь 6.0% (стандарт <30%) тоормос стандартын шаардлага хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, замын нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 11800 сd, хол дээрээ 68100cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 13700cd, хол дээрээ 93100 cd (стандарт 10000- 225000cd) байгаа нь гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангаж байна.” гэх дүгнэлт, хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 65-70/,

 

Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 21660 дугаартай:

“хххххх улсын дугаартай мотоцикль ослын улмаас учирсан хохирол 1.841.000 төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлт /хх-ийн 79-80/,

 

Шүүгдэгч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би хххх төвийн урд талын зогсоолоос өөрийн эзэмшлийн хххх дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ххххх төв орж найзтайгаа уулзах гээд хххх урд замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд 2-р эгнээнд явж байгаад зүүн талын толиндоо хартал ямар нэгэн машин байхгүй эсрэг хөдөлгөөнд машин байхгүй байхаар нь зүүн тийш буцаж эргэх гэтэл зүүн талаас мотоциклтой хүн ирээд миний машины зүүн талын хэсэгрүү мөргөөд газар унасан тэгээд 102 103 т дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 96/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Цгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-107/ зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, яллагдагч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Хэргийн газарт үзлэг хийхэд саад бэрхшээлтэй байсан гэх нөхцөл байдал, шалтгаан тогтоогдоогүй болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, осол хэргийн хэмжилтийн бүдүүвч зэргээс харагдана.

 

Хэрэгт авагдсан осол хэргийн талаарх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар шүүгдэгч Б.Ц нь хххх орчим хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., мөн дүрмийн 10.13. Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно. в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр: 1.3. Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ. 1.1. хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ; 1.2 (үргэлжилсэн өргөн шугам) - зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ; 1.3 (үргэлжилсэн хос шугам) - дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарчээ.

Мөн уг осол болоход хохирогч Б.Нийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, 11.2. эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклийн жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно гэсэн заалтыг заалтыг зөрчсөн үйлдэл нөлөөлсөн байна.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, мөн 2.3.2-т ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан гэх шалгуурыг хангаж байгаа бол гэмтлийн “хүндэвтэр” зэрэг болно гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж тухайн гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

 

Уг зам тээврийн осолын улмаас 2 зорчих хэсгийн  гол хэсэгээр мотоцикл жолоодож явсан Б.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учир уг гэмт хэргийн шинж бүрэн хангагджээ.

 

Шүүгдэгч Б.Ц нь ххххх харалдаа замд замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., мөн дүрмийн 10.13. Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно. в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр: 1.3. Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ. 1.1. хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ; 1.2 (үргэлжилсэн өргөн шугам) - зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ; 1.3 (үргэлжилсэн хос шугам) - дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана гэсэн заалтуудыг зөрчиж хххх улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж жолооч, хохирогч Б.Нийн эрүүл мэндэд бүсэлхийн 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, ууц, өгзөгт зулгаралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэл дээрх шинжлэн судалсан баримтууд болох хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, осол гэмтлийн тохиолдлын бүртгэх хуудсууд, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.   

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсанд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэцэд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

511 дүгээр зүйлийн “Энэ хуулийн 230.2 / Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана./ -т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж тус тус хуульчилсан.

 

            Тухайн зам тээврийн осол, хэргийн улмаас хохирогч Б.Нт эмнэлгийн тусламж үйлчилгээг холбогдох эмнэлгийн байгууллагуудаас үзүүлсэн төлбөр 174.682 төгрөг гарсан байх бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу уг төлбөрийг холбогдох гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шаардлагатай байдаг бөгөөд шүүгдэгч Б.Ц нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 тоот дансанд 174.682 төгрөгийг нөхөн төлсөн байна.

 

            Хохирогч Б.Н нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд ххххх “... шүүх хурлаас өмнө талууд ярилцан тохиролцож 5 сая төгрөгөөр тохиролцон, 2024 оны 08 сарын 17-ны өдөр 3 сая төгрөгийг эмчилгээ, эмнэлгийн зардалд зарцуулахаар тооцов. Үлдэгдэл 2 сая төгрөгийг даатгалын газраас үнэлгээн дээр үндэслэн олгон авч мотоциклийн засвар үйлчилгээнд зарцуулахаар тооцов. Цаашид эмчилгээ, эмнэлгийн зардал дээр хохирол, санал, сэтгэл санааны гомдолгүй болохоо амлаж байна”  гэсэн тодорхойлолт бичгээр гаргаж нотариатаар батлуулжээ.

            Түүнд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг танилцуулахад “маягтыг хүлээн зөвшөөрч байна. Сэтгэл санааны хохирол хийлгэхгүй. Гомдол саналгүй” гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байна.

            Шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Анх 5.000.000 төгрөгөөр тохирсон. 8 дугаар сард 3.000.000 төгрөгийн хохирол авсан. Одоо даатгалаас 2.000.000 төгрөгийг авахаар ярьсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбарыг гаргажээ.        

 

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүх хуралдааны тов мэдэгдэхэд илэрхийлсэн.

 

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд “шүүхийн шийдвэрийг гарсаны дараагаар уг шийдвэрийг үндэслэн даатгалын газраас нөхөн төлбөрийг олгоно гэсэн. Мотоциклийн төлбөрийг түүгээр барагдуулахаар тохирч хүлээж байна” гэсэн тайлбарыг гаргаж оролцсон учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасанд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн” гэх зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Улсын яллагчийн зүгээс гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгт зааснаар шүүгдэгч Б.Цгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэсэн агуулга бүхий дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Б.Цгийн хувьд анхнаасаа өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирогчтой сайн дураараа уулзаж, эмнэлэгт удаа дараа эргэж очоод, уучлалт гуйгаад, хохирлын мөнгийг нь өгөөд тийм ч учраас хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэсэн байна. Иймд Цгийн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Өмгөөлөгч ххх гаргасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай дүгнэлт нь шүүгдэгчийн Замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчиж байгаа идэвхитэй үйлдэл, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт нийцэмжгүй байхын зэрэгцээ гэм буруутайд тооцогдсон этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахгүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Цд эрүүгийн хариуцлага оногдуулахад үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдсон гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хасах нэмэгдэл ял болон торгох үндсэн ялыг бага хэмжээгээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр болон үйлдэгдсэн гэмт хэрэгт нь тохирно гэж шүүхээс дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч х Цг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.Цг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.   

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, нэхэмжилэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ