Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Тойлыбайд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/314 дугаар шүүгчийн захирамжтай Б.Тойлыбайд холбогдох эрүүгийн 2036000000191 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийн үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, прокурор Ш.Сувд-Эрдэнэ  нар оролцов. 

  Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ПЛ02270532 регистрийн дугаартай Молхы машан овогт Бабахумарын Тойлыбай нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр малчны хороололд байрлах адил замын уулзвар дээр улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Т.Тилеугүлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Яллагдагч Б.Тойлыбайд холбогдох эрүүгийн 2036000000191 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн Прокурорын газарт буцааж “шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийн газрын үзлэгээр дахин зам тээврийн осол гарган нөхцөл байдлыг тодруулан шалгах шаардлагатай гэж дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн бодит байдлыг өөрөөр тогтоож шинжлэн судлах боломжгүй бол шүүх талуудын хүсэлтээр хэрэг гарсан газар, орон байранд талууд, гэрч шинжээч оролцогчийг байлцуулан үзлэг хийж болно. Мөн хуулийн 35.23 дугаар зүйлд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахын тулд ямар нэгэн үйл явдал, үйлдэл, бусад байдлыг сэргээн дүрслэх шаардлагатай байвал талуудын хүсэлтээр туршилт хийж болно гэж заасны дагуу шүүх хуралдааны явцад хэргийн газрын үзлэг, туршилт хийж хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдал, үйл баримтыг тодруулж болохоор байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэгт заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно гэж заасан байх тул тус хэрэгт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй, хэрэгт авагдсан үйл баримтад тулгуурлан авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын талаарх мөрдөж буй хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актаар хамгаалагдсан харилцаа хэрхэн зөрчигдөж зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон талаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                 

Яллагдагч Б.Тойлыбайд холбогдох эрүүгийн 2063000000191 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжтай холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хяналаа.

Ховд аймгийн прокурорын газраас Б.Тойлыбайг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр малчны хороололд байрлах адил замын уулзвар дээр улсын дугааргүй Мустан-5 маркийн мотоциклыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Т.Тилеугүлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Тойлыбайд холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад нийцсэн байна.

  Яллагдагч Б.Тойлыбайд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн газрын үзлэгийг дахин хийж хэргийн үйл баримт болон бодит байдлыг нарийвчлан тогтоох, тусгай мэдлэг, мэргэжил бүхий этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулан холбогдох зохих гэрчээс мэдүүлэг авч мэдүүлгийн зөрүүг арилгасны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн ижил замын уулзвар дээр приус маркийн 81-34 УБД авто машин байрлалаа зөв эзэлж явж байсан эсэх, мөн түүнчлэн уг тээврийн хэрэгсэлийн жолооч замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллаагаар тогтоох нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1-д  “Шинжээчийн дүгнэлт эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулна.”

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5-д заасан “Мөрдөгч магадалгааг прокурорт болон энэ хуулийн 27.7 дугаар зүйлд заасны дагуу оролцогчид танилцуулна.” Гэж хуульчилжээ. Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн оролцогчдын дээрх хуульд заасан эрхийг зөрчсөн байхаас гадна хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын агуулгыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх бүхий л нөхцөлийг эргэлзээгүй тогтоох үүрэгтэйг хуульчилсан байх бөгөөд яллагдагч Б.Тойлыбайд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд прокурорын “... Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан Б.Тойлыбайгийн гэм бурууг шүүхээр хянан шийдвэрлэх боломжтой.” гэх агуулгатай эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/314 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Тойлыбайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                                  ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

 

                                                                                            Д.КӨБЕШ