| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0447/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/453 |
| Огноо | 2024-12-03 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Б-ид холбогдох эрүүгийн 2438003520528 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б- нь Хөвсгөл аймгийн ... сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7.1,3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 37.1.1-т заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн хуулийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 37.1.3-т заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” гэснийг, мөн хуулийн 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэпжилтийг хангах” гэснийг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 347 дугаар тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан “Байгалийн баялаг ашиглах газрыг тогтоох, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах, төлбөр ногдуулалт хийж хэрэгжилтийг нь хангуулж хяналт тавих” гэснийг, мөн албан тушаалын тодорхойлолтын “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллах” гэж заасныг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын эрх мэдлээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, Хөвсгөл аймгийн ... суманд ойн мэргэжпийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн захирал Ц.Х-ын гуйлтаар түлшний зориулалтаар бэлтгэсэн 21,5 метр куб хэмжээтэй модыг хянаж, шалгалгүйгээр мод модон материалын гарал үүслийн ...дугаартай гэрчилгээг олгож, тухайн модыг Хөвсгөл аймгийн ... сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэх боломж үүсгэж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Б- нь Хөвсгөл аймгийн ... сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7.1,3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 37.1.1-т заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн хуулийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 37.1.3-т заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” гэснийг, мөн хуулийн 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэпжилтийг хангах” гэснийг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 347 дугаар тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан “Байгалийн баялаг ашиглах газрыг тогтоох, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах, төлбөр ногдуулалт хийж хэрэгжилтийг нь хангуулж хяналт тавих” гэснийг, мөн албан тушаалын тодорхойлолтын “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллах” гэж заасныг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын эрх мэдлээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, Хөвсгөл аймгийн ... суманд ойн мэргэжлийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн захирал Ц.Х-ын гуйлтаар түлшний зориулалтаар бэлтгэсэн 21,5 метр куб хэмжээтэй модыг хянаж, шалгалгүйгээр мод модон материалын гарал үүслийн ...дугаартай гэрчилгээг олгож, тухайн модыг Хөвсгөл аймгийн ... сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэх боломж үүсгэж, бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14-5/2461 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хх-ийн 6-58 тал/, хэрэг бүртгэлтийн 240801095 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлан авсан нотлох баримтууд /1-р хх-ийн 61-93 тал/, гэрч Д.Н-ын мэдүүлэг /1-р хх-ийн 245-247 тал/, гэрч Д.Ж-н мэдүүлэг /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 1-2 тал/, гэрч Ц.Х-ын мэдүүлэг /1-р хх-ийн 240-242 тал/, гэрч Г.С-н мэдүүлэг /2-р хх-ийн 5-6 тал/, гэрч Р.Г-н мэдүүлэг /1-р хх-ийн 96-98 тал/, гэрч Х.Х-н мэдүүлэг /1-р хх-ийн 101-102 тал/, шүүгдэгч Х.Б-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 10-30 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /1-р хх-ийн 5 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Х.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Энэ хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй, төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан хор уршгийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн нийтийн албанд томилогдох эрх хасах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг батлах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б- нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.
Шүүгдэгч Х.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-ид оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Х.Б-ид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР