Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/01407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ЭЭ ХХК

 

Хариуцагч: Л.О

 

Гэрээний үүрэгт 12.327.155.36 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, хариуцагч Л.Оү, өмгөөлөгч Г.Энхтүвшин, гэрч Б.М, Т.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч ЭЭ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Л.Оү нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ-1170802 тоот зээлийн гэрээ байгуулж 12.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авсан. 1 сарын хүү 600.000 төгрөг, 6 сарын хүү 3.600.000 төгрөг. Гэрээний хугацаа дуусах хүртэл Л.Оү 6.493.300 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дууссан. Үүнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 8.117.795 төгрөг, хүү 150.461 төгрөг, алданги 4.058.897 төгрөг нийт 12.327.153 төгрөг байна. Харицагчийн хариу тайлбарт дурьдсанаар зээлдэгчийн 1, 2 удаагийн төлсөн төлбөрийг хасаагүй байсан. Хүү нэхэмжлэхгүй. Эдгээр төлбөрийг хасаж тооцон үндсэн төлбөр 6.230.700 төгрөг, алданги 3.115.350 төгрөг нийт 9.346.050 төгрөг болсон. Зээлийн гэрээний 3.1.7-д зааснаар зээлдэгч нь анх зээл авахдаа зээлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх 60.000 төгрөгийг зээлийн шимтгэлд нэг удаа авна гэснээр хасж тооцон 11.940.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Сүүлийн төлөлт 3.000.000 төгрөгийг зээлээс хасах үндэслэлгүй. Учир нь Б.М, н.Т нарын зээлд оруулж тооцсон. Энэ хоёр хүмүүсийн зээл төлсөн баримтад Л.Оү гарын үсэг зурсан байдаг юм. Хариуцагч нийт 9.363.300 төгрөг төлсөн гэж үзэж байгаа. Иймд хариуцагч Л.Оүгээс үндсэн зээл 5.991.230 төгрөг, алданги 2.995.615 төгрөг, хүү 5.000 төгрөг нийт 8.992.151 төгрөг нэхэмжилнэ. Шүүх хуралдаанд н.Тг гэрчээр оролцуулах хүсэлтээс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Л.Оү шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчээс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 12.000.000 төгрөгийг зээлдэж авсан нь үнэн. Гэрээний хугацаанд 12.369.300 төгрөг төлсөн. Үүний 3.000.000 төгрөгийг 3 хүнд хуваана гээд байгаа юм. Бүгд баримттай. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 600.000 төгрөг төлсөн. 10 дугаар сарын 04-ний өдөр 600.000 төгрөг, 11, 12 дугаар сарын хүүг төлөөгүй явж байгаад 12 дугаар сарын 28-ны өдөр нийт 7.759.300 төгрөг төлсөн. Хүүнд 1.592.000 төгрөг, үндсэн зээлд 6.167.300 төгрөг төлсөн байна. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн зээлд 3.000.000 төгрөг төлсөн. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 110.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 300.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Үүний зөрүүг үндсэн зээлээс хасахаар үлдэгдэл нь 2.544.345 төгрөг байна. Тэр яриад байгаа 3.000.000 төгрөгийг 01 дүгээр сарын 08-ны өдөр эдний талын нягтлан бодогч ажил дээр ирж авсан. Бэлнээр авсан баримт өгсөнг хэрэгт өгсөн. Надтай хамт ажилладаг хоёр хүн эдний ломбардаас зээл авсан. Тэрийг 3 хувааж төлөлтөд хийсэн гэсэн. Би энэ хүмүүсийн өмнөөс зээл төлөх үндэслэл байхгүй. Тэд тусдаа гэрээгээ хийсэн тул өөрсдөө төлөлтөө хариуцах ёстой. Намайг эд нар таны танилцуулсан хүмүүс, таныг бодож зээл өгсөн гэсэн утгатай зүйл ярьдаг тул 10 дугаар сарын 04-ний өдөр н.Тгийн зээлийн төлөлтийг хийсэн нь үнэн. Түүнээс тэр 3.000.000 төгрөг миний зээлээс хасагдах ёстой. Би нягтланд нь бэлнээр хүлээлгэж өгсөн. Одоо үлдэгдэл төлбөр 2.544.345 төгрөгийг ногдох алдангийн хамт 3.900.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭЭХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Л.Оүгээс гэрээний үүргийн биелэлтэд 12.327.155.36 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 8.992.151 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Хариуцагч Л.Оү нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ЭЭХХК-наас 12.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдэж, зээлийн барьцаанд тоёота маркийн .. УНЛ автомшиныг барьцаалсан болох нь талуудын гаргасан тайлбар, зээл болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ нь тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Зээлдэгчээс 11.940.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Л.Оүгийн .. дугаартай дансанд шилжүүлж зээл олгосон байна.

 

Хариуцагч нь гэрээний хугацаанд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүү 600.000 төгрөг, 10 дугаар сарын 04-ний өдөр хүү 600.000 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 5.683.300, мөн өдрөө 160.000 төгрөг, 1.916.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөг, 01 дүгээр сарын 11-ний өдөр 110.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 300.000 төгрөг нийт 12.369.300 төгрөг төлсөн байна.

 

Зээлдэгч Л.Оү 2017 оны 11, 12 сарын хүүг хугацаанд нь төлөөгүй тул 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 5.683.300 төгрөгнөөс 1.200.000 төгрөгийг хоёр сарын хүү, хугацаа хэтрүүлсэн алданги 50 хоногийн 150.000 төгрөгийг тус тус хасаж үлдэх 4.333.300 төгрөгийг үндсэн зээл 12.000.000 төгрөгөөс хасаж үлдэх зээл нь 7.666.700 төгрөг болж мөн өдөр төлсөн 160.000 төгрөг, 1.916.000 төгрөгийг үндсэн зээлээс хасахад 5.590.700 төгрөг болсон байна.

 

Түүний үндсэн зээл 5.590.700 төгрөгний сарын 5 хувийн хүү 279.535 төгрөг байх ба хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөг төлснөөс /3.000.000-279.535=2.720.465/ 2.720.465 төгрөгийг үндсэн зээл 5.590.700 төгрөнөөс хасаж түүний зээлийн дүн 2.870.235 төгрөг байна.

 

Мөн Л.Оү нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 110.000 төгрөг төлсөнг үндсэн зээлээс хасаж /2.870.235-110.000=2.760.235/ тооцоход 2.760.235 төгрөг болсон ба 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 300.000 төгрөгнөөс хүү 138.012 төгрөгийг хасаж, үлдэх 161.988 төгрөгийг үндсэн зээлээс хасахад түүний төлөх зээлийн үлдэгдэл 2.598.247 төгрөг байна.

 

Хариуцагч Л.Оү нь зээлийн үлдэгдэл 2.598.247 төгрөгийг гэрээний хугацаанд төлөөгүй тул түүнээс гэрээний 3.1.3-т зааснаар зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги буюу 1.299.124 төгрөг нийт 3.897.371 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Л.Оү нь 3.900.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул түүнээс гэрээний үүргийн биелэлтэд 3.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭЭХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж, үлдэх 5.092.151 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Л.Оүгийн төлсөн 3.000.000 төгрөгийг н.Т, Б.М нарын үүрэгт хувааж тооцсон гэж тайлбарласан боловч шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.М, Т.Энхболд нарын мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримтаар Л.Оүгээс зээл төлсөн болох нь тогтоогдсон тул тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд н.Тг гэрчээр оролцуулах хүсэлтээс татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Л.Оүгээс 3.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭЭХХК-нд олгож, үлдэх 5.092.151 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.Оүгийн тоёота маркийн .. УНЛ автомшинаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.390 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Оүгээс 147.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭЭХХК-нд олгосугай.

 

4. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд н.Тг гэрчээр оролцуулах хүсэлтээс татгалзсанг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА