| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/02153/и |
| Дугаар | 183/2018/02096/ |
| Огноо | 2018-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 183/2018/02096/
| 2018 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2018/02163 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух Н... овогт О. О... /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... 5 давхарт байрлах Н ХХК-д холбогдох,
Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 61 693 412 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Амарбат, хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхтуул, М.Цэрэнлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О миний нөхөр Б.Баяраа нь 2017 оны 03 сарын 15-ны өдөр “Хай Бридж” ББСБ-аас өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан 65 940 000 төгрөгийн зээл авсан ба Н тай 01-01017005 тоот “Орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ” болон 01-01017009 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ”-г байгуулсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр даатгуулагч болох миний нөхөр Б.Баяраа нь өөрийн гэртээ байж байгаад зуурдаар нас барсан. Даатгуулагч нас барсан тул “Орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-нд заасны дагуу зээлийн үлдэгдэл төлбөр болох 61 963 412 төгрөгийг Н аас гаргуулахаар холбогдох материалыг бүрдүүлэн хүсэлт гаргасан. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Н аас 4-2/190 тоот “Талийгаачид гэмтэл тогтоогдоогүй, өвчний улмаас нас барсан байх тул нөхөн төлбөр олгох боломжгүй” байна гэх агуулга бүхий хариуг ирүүлсэн. Уг хариуг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч тус хорооноос 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Н аас гэрээний дагуу нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан нь үндэслэлтэй байна” гэсэн хариу өгсөн. Н нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Даатгуулагч гэнэтийн аваар осол өртсөнөөс шалтгаалан амь насаа алдах” гэж заасны дагуу даатгуулагч нь ямар нэгэн гэнэтийн аваар осолд өртөөгүй өвчний улмаас нас барсан тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэж тайлбарладаг. Гэтэл Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэж заасан нь даатгалын гэрээнд хамрагдахгүй нөхцөл байдлуудад уг даатгалын тохиолдол хамаарч байвал даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй тухай заасан байна. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 7 дугаар зүйлд “Даатгалд хамрагдахгуй нөхцлүүд’’ хэсэгт нийт 9 /есөн/ тохиолдлыг тусгасан байх бөгөөд нэхэмжлэгчийн нөхөр талийгаач Б.Баяраад учирсан явдал нь эдгээр есөн нөхцөлд тусгагдаагүй байх тул нөхөн төлбөр шаардах бүрэн эрхтэй болох нь харагдаж байна. Түүнчлэн Н нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Даатгуулагч гэнэтийн аваар осол өртсөнөөс шалтгаалан амь насаа алдах” гэж заасан байх бөгөөд гэнэтийн аваар осол гэх тохиолдлыг хэрхэн ойлгох талаар тодорхой тайлбарыг хийгээгүй бөгөөд өөрт ашигтайгаар тайлбарлан нөхөн төлбөр олгохоос татгалзаж буй үйлдэл нь хууль бус байна. Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгагч даатгалд хамрагдахгүй нөхцлүүд хэсэгт заагдсанаас бусад тохиолдолд даатгалын эрсдлийн улмаас даатгуулагчид учирсан хохиролыг даатгалын үнэлгээн багтаап нөхөн төлнө” хэмээн заасан нь даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан даатгагчийн татгалзах үндэслэл нь зөвхөн гэрээнд хамаарагдахгүй нөхцлүүдэд үндэслэх учиртай гэх агуулга бүхий хуулийн заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй болохыг илтгэж байна. Даатгуулагч нь гэртээ байж байгаад ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөгүйгээр зуурдаар амь насаа алдсан явдал нь гэнэтийн эрсдэл гэж үзэж байх тул бид Н ын зүгээс гэрээнд заасан үүргийн дагуу нөхөн төлбөр төлөх ёстой. Тус даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т “Даатгуулагчид гэрээнд заасан эрсдэл учирсны улмаас төлөгдөх боломжгүй болсон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх бөгөод зээлдэгч иргэн байх тохиолдолд үндсэн болон хамтран зээлдэгчийн өрхийн орлогод эзлэх хувиар тооцон нохөн төлнө” гэж зааснаар даатгуулагчийн үндсэн зээл болох даатгалын үнэлгээ нь 65 940 000 төгрөг. Үүнээс даатгуулагч нь нийт 3 976 588 төгрөгийг төлсөн тул зээлийн үлдэгдэл төлбөр 61 963 412 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуул, М.Цэрэнлхам нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь Н ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулсан байх ба иргэн О.О Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан үндэслэл, уг гэрээний 7 дугаар зүйлд заасан заалтад хамаарахгүй нөхцөл бүхий даатгалын тохиолдол бий болсон гэж нөхөн төлбөрт 61 963 412 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч О.О нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4-ийн 8.4.2-т заасан үндэслэлээр Даатгалын нөхөн төлбөрийг авах эрх бүхий хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагч болохоо нотлох шаардлагатай ба гэрээний хавсралт Даатгалын баталгааны эх хувийг гаргаж өгөх үүрэгтэй ба энэ үүрэг хэрэгжээгүй байна. Даатгагч нь Даатгуулагч талийгаач Базарын Баярааг эмгэг өвчний улмаас нас барсан гэж Шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 681 дүгээр дүгнэлтийн “Зүрхний хөндий тэлэгдэх хэлбэрийн зүрхний булчин эмгэгших өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас барсан" гэсэн дүгнэлтийг үндэслэн үзэж байгаа тул даатгуулагчийн хууль ёсны төлөөлөгчид даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ хүчин төгөлдөр байх тохиолдолд, уг гэрээний “Даатгалын эрсдэл” гэсэн Дөрөвдүгээр бүлгийн 4.1-т “Даатгуулагч гэнэтийн аваар осолд өртөснөөс амь насаа алдах" гэж тодорхойлж заасан ба гэрээний “ Нөхөн төлбөр” гэсэн 6-р бүлгийн 6.1-д заасан “...зээлдэгчийн амь нас, эрүүл мэндэд гэнэтийн ослын улмаас хохирол учирч нас барахад тус даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгоно” гэсэн, мөн 6.2-д заасан “Даатгагч даатгалд хамрагдахгүй нөхцлүүд хэсэгт заагдсанаас бусад тохиолдолд даатгалын эрсдлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө” гэсэн мөн 6.3-д “Даатгуулагчид гэрээнд заагдсан эрсдэл учирсаны улмаас төлөгдөх боломжгүй болсон зээлийн ... төлбөрийг төлөх бөгөөд зээлдэгч иргэн байх тохиодолд үндсэн ба хамтран зээлдэгчийн өрхийн орлогод эзлэх хувиар тооцон нөхөн төлнө” гэсэн заалтуудаар гэрээнд заагдсан эрсдэлд даатгалын нөхөн төлбөр төлөх ба түүнийг хэрхэн төлөх тухай тус тус заасан байна. Эдгээр заалтууд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан заалттай нийцсэн гэж үзэж байна. Даатгалын гэрээний хавсралт болох даатгуулагчийн мэдээлэл хариуцагч талд байхгүй байна. Иймээс орон сууцны Ипотекийн зээлдэгчийн зээлийн хувийн хэргийг эх хувиар нь шүүх хуралдаанд хэлэлцүүлэх, хуулбарыг хавтаст хэрэгт үлдээх саналыг шүүхэд гаргасан болно. Энэхүү зээлийн хувийн хэргээс даатгуулагчийн талаарх мэдээлэл тухайлбал: зээлийн түүх, зээлийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлт, үлдэгдэл төлбөр, хамтран зээлдэгч зэргийг олж тогтоох ба гаргуулах нөхөн төлбөрийг бодитой шийдвэрлэх ач холбогдолтой байх юм. Нөгөө талаас нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баталгаажуулж даатгалын хураамж төлсөн баримт, даатгалын баталгаа зэргийг нотлох баримт болгон гаргаж өгөх үүрэгтэй байна. Гэтэл даатгуулагчийн хувийн хэрэг болон бүртгэл манай компанийн бүртгэлийн санд байхгүй байсан ба хураамж төлсөн баримт болон даатгалын баримтаа гаргаж ирүүлэхгүй байна. Мөн даатгалын гэрээ нь Зээлийн гэрээнээс өмнө байгуулагдсан зэрэг нь эргэлзээтэй байдлыг төрүүлж байгаа хэдий ч манай талаас гэрээний хүчинтөгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хуульд заасан зохих журмын дагуу хариуг өгсөн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.4.2-т “Даатгалын нөхөн төлбөрийг... Даатгалын баталгааны эх хувийг үндэслэн олгоно” гэж заасан бол гэрээнийн 1.6.7-д даатгалын баталгаа гэж даатгуулагчийн даатгуулсныг баталгаажуулж, гэрээнд хавсарган даатгуулагчид олгох баталгаа бичиг” гэж, Даатгалын тухай хуулийн 10.1.4-т “Даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлнө” гэж заасан бол Гэрээний 5.3-т “Даатгалын хураамжийг Даатгуулагч гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор төлнө” гэж, мөн Гэрээний 1.3-т “Талууд гэрээг харилцан зөвшөөрч, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан, даатгалын хураамж төлөгдсөн байх нөхцлүүд зэрэг хангагдсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.” гэж тус тус заажээ. Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүйн гадна Даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 61 693 412 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч О.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нөхөр маань гэртээ байж байгаад ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөгүйгээр зуурдаар амь насаа алдсан явдал нь гэнэтийн эрсдэл гэж үзэж байх тул бид Н ын зүгээс гэрээнд заасан үүргийн дагуу нөхөн төлбөр төлөх ёстой. Тус даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т “Даатгуулагчид гэрээнд заасан эрсдэл учирсны улмаас төлөгдөх боломжгүй болсон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх бөгөөд зээлдэгч иргэн байх тохиолдолд үндсэн болон хамтран зээлдэгчийн өрхийн орлогод эзлэх хувиар тооцон нөхөн төлнө” гэж тайлбарласан байна.
Хариуцагч Н ХХК нь “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баталгаажуулж даатгалын хураамж төлсөн баримт, даатгалын баталгаа зэргийг нотлох баримт болгон гаргаж өгөх үүрэгтэй байна. Гэтэл даатгуулагчийн хувийн хэрэг болон бүртгэл манай компанийн бүртгэлийн санд байхгүй байсан ба хураамж төлсөн баримт болон даатгалын баримтаа гаргаж ирүүлэхгүй байна. Мөн даатгалын гэрээ нь Зээлийн гэрээнээс өмнө байгуулагдсан зэрэг нь эргэлзээтэй байдлыг төрүүлж байгаа хэдий ч манай талаас гэрээний хүчинтөгөлдөр байдлын талаар маргахгүй. Харин даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг маргаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэн Б.Баяраа нь Хай бридж ББСБ ХХК-тай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-г 2017 оны 03 сарын 15-ны өдөр байгуулж, 65 940 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 10 жил буюу 120 сарын хугацаагаар зээлж авсан байх ба хамтран зээлдэгчээр О.О орж, гэрээнд гарын үсэг зурсан байна. /хх-ийн 95-102/
Уг зээлийн гэрээ байгуулагдсантай холбогдуулан Б.Баяраа, Н ХХК нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ тус тус байгуулагдсан байх ба уг гэрээгээр даатгуулагч Б.Баяраа нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16-р хороолол Да хүрээ гудамж 66е байр 13 тоотод байрлах 50.38 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаатай даатгуулж, даатгалын хураамжид 185 586 төгрөгийг төлжээ. /хх-ийн 8-12, 15-20/
Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгч нь даатгалын хураамж төлсөн баримт, даатгалын баталгаа зэрэг баримтуудаа гаргаж өгөх үүрэгтэй гэж тайлбарлаж байх хэдий ч Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д зааснаар гэрээтэй холбоотой бичиг баримтуудыг “даатгагч нь даатгуулагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй” байна.
Дээрхээс дүгнэхэд гэрээгээр даатгуулагч нь даатгалын зүйлийг даатгуулж, даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр олгохоор тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан “Даатгалын гэрээ”-ний харилцаанд хамаарч байна.
Харин даатгуулагч Б.Баяраа нь 2018 оны 3 сарын 11-ний өдөр гэртээ нас барсан байх ба талийгаачийн нас барсан шалтааныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 681 дугаар дүгнэлтээр “Зүрхний хөндий тэлэгдэх хэлбэрийн зүрхний булчин эмгэгших өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас барсан" гэж тогтоожээ. /хх-ийн 29-30/
Улмаар, даатгуулагчийн эхнэр О.О нь даатгалын гэрээний 7 дугаар зүйлд заасан даатгалд хамрагдахгүй 9 нөхцлүүдийг тусгасан ба миний нөхөр талийгаач Б.Баяраад учирсан явдал нь эдгээр есөн нөхцөлд тусгагдаагүй байх тул нөхөн төлбөр шаардах бүрэн боломжтой гэж үзэн даатгалын нөхөн төлбөрт 61 963 412 төгрөг шаардсаныг даатгагч Н ХХК нь гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгалын тохиолдол үүсээгүй гэж үзэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзжээ. /хх-ийн 23/
Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэхээр заасны дагуу нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байх бөгөөд тус хорооноос “Даатгуулагч зүрхний хөндий тэлэгдэх хэлбэрийн зүрхний булчин эмгэгших өвчний улмаас цус алдсан” оношоор нас барсан байгаа нь уг гэрээний үндсэн эрсдэлд хамаарахгүй байх тул даатгагч даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна” гэсэн хариуг өгчээ. /хх-ийн 25/
Иргэний хуульд заасан “Даатгалын гэрээ”-ний дагуу даатгалын тохиолдол буюу даатгалын зүйлд гэрээгээр тохиролцсон эрсдэл бий болсон үед даатгагч нь учирсан хохирол буюу нөхөн төлбөрийг даатгуулагчид төлөх үүргийг хүлээдэг.
Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1-д даатгалын эрсдлүүдийг “даатгуулагч гэнэтийн аваар осолд өртснөөс шалтгаалан амь насаа алдах” гэж тусгасан байх ба энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.2-т нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, даатгалын зүйл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байх бөгөөд тэдгээрт гэнэтийн аваар ослын улмаас хохирол учирсан тохиолдолд даатгагч нь хохирол буюу нөхөн төлбөрийг төлөхөөр гэрээнд тусгажээ гэж үзэхээр байна.
Хэдийгээр даатгалын гэрээний хугацаанд зээлдэгч Б.Баяраагийн амь нас эрсдсэн үйл баримт тогтоогдож байх боловч энэ нь гэнэтийн аваар ослын улмаас болоогүй байх тул хариуцагч Н ХХК нь хохирол буюу нөхөн төлбөрийг төлөх үүргийг хүлээхээргүй байна.
Нэхэмжлэгч О.О нь талийгаач Б.Баяраатай 1984 оны 4 сарын 16-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ 1985 оны 7 сарын 07-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ авсан байх ба талийгаачийн хууль ёсны эхнэр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн байна./хх-ийн 107/
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467 770 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Хай бридж ББСБ ХХК-иас талийгаач Б.Баяраатай байгуулсан зээлийн гэрээний хувийн хэргийг гаргуулахаар шаардсан боловч уг хүсэлттэй холбоотой баримтуудыг Улсын бүртгэлийн ерөнхий газар нотлох баримтын шаардлага хангаж ирүүлснийг хариуцагчийн төлөөлөгч хүсэлтэд дурдсан шаардлагатай баримтууд ирсэн гэж үзэж, уг хүсэлтээсээ татгалзсан гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4.2, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 61 693 412 гаргуулах нэхэмжлэгч О.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467 770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ