| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0149/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/209 |
| Огноо | 2024-11-01 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, Ж.Дорждэрэм, С.Асланбек,
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ГАА-ийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн А.А-т холбогдох эрүүгийн 2216001260212 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ГАА-ийн Х суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ГАА-ийн *** сумын Засаг дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ГАА-ийн *** сумын Ж баг *** тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, *** регистрийн дугаартай, Ж овгийн А-гийн А,
Холбогдсон хэргийн талаар:
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад хамаарах ГАА-ийн *** сумын Засаг дарга ***-гийн *** нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх,”
Авлигын эсрэг хуулийн 7.1.3-д заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1-д заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-д заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 1/22 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1 га тариалангийн талбайд жимс, жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо тариалах төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулалт хийж шалгарсан төслүүдийг Хүнс хөдөө аж ахуйн газарт 2022 оны 02 дугаар сарын 20-ны дотор ирүүлэх ёстой байсныг зөрчиж ямар нэгэн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр *** сумын иргэн Б.Ө-ны хүлэмжийн төслийн санхүүжилтийн 30 хувийг, *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Т-ийн бэсрэг алим төслийн санхүүжилтийн 30 хувийг, *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Т.С-ын төрсөн эцэг Маамуугийн Тийн алим жимс төслийн санхүүжилтийн 30 хувийг тус тус Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь үнэн болно гэсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/129, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/130, 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 1/139 дугаартай албан бичгийг тус тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлсний улмаас Б.Ө, Ж.Т, М.Тнарт давуу байдал бий болгосон гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 27 дугаартай тогтоолоор 2022 оны төсвийг баталсан. Уг төсөвт аймгийн орон нутгийн хөгжлийн сан дээр 192,3 сая төгрөгийг тариалалтад зориулахаар тусгасан. Энэхүү тогтоолын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга н.С нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1/22 албан бичгийг сумдын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байдаг. Тухайн үед энэ албан бичигтэй би танилцаж, үзэж хараагүй. Засаг даргын Тамгын газар хүргүүлсэн учраас Тамгын газар танилцсан байдаг юм билээ. Би энэ талаар Авлигатай тэмцэх газрын хүнд мэдүүлгээ өгч байсан. Тухайн албан бичиг нь төсөл ирүүлэх тухай эцсийн шалгаруулалтыг Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна гэсэн албан бичиг байсан. Үүний дагуу 14 сумаас 57 төсөл ирсэн байдаг. Тухайн үед *** сумын Засаг даргын Тамгын газрын дарга хийж байсан А.Б гэж хүн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3/52 тоот албан бичгээр 7 төслийг Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн байсан. Харин энэ яригдаад байгаа н.Ө, н.Т, н.Т гэдэг 3 хүний хүсэлт өргөдлөөрөө нотлогдоод Хүнс, хөдөө аж ахуйн газарт өгөгдсөн байдаг. Энэ бол *** сумд өгөгдөөгүй. ГАА-ийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн байдаг. Энэ талаар мэдээж өмгөөлөгч нар яг өдөр судартай нь тайлбарлаж хэлэх байх гэж бодож байна. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бол аймгийн Засаг даргын зөвлөх н.Бийн өрөөнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга н.С, мэргэжилтэн н.Г, мэргэжилтэн н.Бнар нь хуралдаж шаардлага хангасан 19 төслийг сонгон шалгаруулж аймгийн иргэдийн хуралд өргөн мэдүүлсэн. Энэ 19 төсөл дотор н.Ө, н.Т, н.Т нарын төсөл нь орсон байдаг. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн аймгийн иргэдийн хурлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлж батлуулсан. Миний хувьд өөрөө аймгийн иргэдийн төлөөлөгч хүн. Үүнээс харахад би 02 дугаар сарын 21-ний өдөр шийдвэрээ гаргаад сонгон шалгаруулаад аймгийн иргэдийн хурлаар батлуулж байхад намайг яагаад эдгээр хүнийг сонгон шалгаруулсан мэтээр буруутгаж байгааг миний хувьд ойлгохгүй байна. Тус бүрд нь 10 сая төгрөг олгосон гэж яллаж байгаад миний бие гомдолтой байна. Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга н.С надад өөрөө “танай сумаас ирсэн төслөөс ийм 3 хүний төсөл шалгарсан” гээд тухайн үед хэлж байсан. Аймгийн иргэдийн хуралдаан дээр бүх сумын дарга нар манай сумдаас ирүүлсэн төслүүдээ яасан бол гэдгийг асууж байна. Энэ төсөл чинь өөрөө нэртэй, хүнтэй, юутайгаа орж аймгийн иргэдийн хурлаар батлагдаж байгаа. Тэр иргэнийх нь нэрээр бичээгүй ч гэсэн төслийнх нь нэрээр батлагдсан байгаа. Энэ бүхнээс дүгнэж харахад н.Ө, н.Т, н.Т нарт төслийн сонгон шалгаруулалтыг хийх үйл ажиллагаанд нэг ч оролцоогүй. Ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Нэг ч төгрөг олгоогүй байхад намайг буруутгаж яллаж байгааг ойлгохгүй байна. Хурал нь хуралдаад, төслөө аймаг нь аймаг орон нутгийн хөгжлийн сан өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд сонгон шалгаруулаад гараад ирсэн хүмүүст би дэмжиж бичгийг нь хийж өгсөн. Түүнээс биш сонгон шалгараагүй төслүүдэд би дэмжиж бичиг өгөөгүй. Миний хувьд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, аймгийн хурлаар сонгон шалгаруулсан төслүүд нь орж батлагдаад, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга н.С өөрөө надад хэлсэн учраас ийм хүмүүс шалгарсан гэдгийг би мэдэж байсан. Тэр бичгийг хийж өгөхдөө “би баримтын бүрдлээ хангах гэж байна, гэрээгээ байгуулаад мөнгөө авах гэж байна” гээд тухайн аймгийн иргэдийн хурал тухайн төсөл хэлэлцсэн хурлаас 1 сар 10 хоногийн дараа албан тоотыг хийж өгсөн. Зөвхөн шалгарсан төслүүдэд нь би албан тоот хийж өгсөн. Тэгэхээр цаг хугацааны хувьд ч тэр ийм зүйлсээр шийдвэрлэсэн байхад намайг буруутгаж яллаж байгаад миний хувьд гомдолтой байна.” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудын тухайд:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ГАА-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №15 дугаартай төсвийн тодотголоор баталсан Орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр санхүүжигдэх 1 га талбайн тариалалтад дэмжлэг үзүүлэх тогтоолыг харж байсан. Би 2022 онд Засаг даргын тамгын газрын Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтэст ажиллаж байсан учир энэ асуудалтай холбоотой ажлыг хариуцдаггүй байсан учир мэдээлэл байхгүй байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №15 дугаартай төсвийн тодотголоор баталсан Орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр санхүүжигдэх 1 га талбайн тариалалтад дэмжлэг үзүүлэх тогтоолыг харж байсан. Би 2022 онд Засаг даргын тамгын газрын Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтэст ажиллаж байсан учир энэ асуудалтай холбоотой ажлыг хариуцдаггүй байсан учир мэдээлэл байхгүй байна. Аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/1801 дугаартай албан бичгээр энэ хэрэгт томилогдсон байгаа ...Надад 2022.03.17-ны өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл байна. Уг хурлын тэмдэглэлээс харахад Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт бүх эрхийг шилжүүлсэн бөгөөд төсөл хөтөлбөрийг тухайн газарт хүлээн авах талаар тусгасан байсан. одоогийн байдлаар хэлэх зүйл байхгүй. Гэм буруутай нь хуулийн байгууллагаар тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 100-102-р тал/,
2.Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас *** суманд 1 га талбайд тариалалт хийх төсөл сонгон шалгаруулах зар ГАА-ийн Алтай хот гэсэн фейсбүүк зар дээр тавигдсан байсан ба уг зар дээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төсөл болон холбогдох материалаа ирүүлэх талаар зар дээр бичсэн байсан. Миний хувьд *** сумын нутаг дэвсгэрт 1 га талбайд дуслын усалгаатай үхрийн нүд жимс тариалах төсөл бичээд *** сумын ЗДТГ-ын хөдөө, аж ахуйн мэргэжилтэн М аваачиж өгсөн юм. *** миний материалыг хүлээж аваад цаашаа аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүлээлгэж өгсөн гэж надад хэлсэн. Би төслөө өгснөөс хойш өөрийнхөө өгсөн төслийг шалгарсан эсэхийг мэдэх гээд аймгийн ЗДТГ-н e-office рүү ороод үзсэн чинь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хавсралтаар 1 га талбайд тариалалт хийх эрхийг олгож дэмжлэгт 10 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн байсан... *** сумаас надаас өөр ямар ч иргэн үхрийн нүд тариалах төсөл бичиж өгөөгүй байсан. Яагаад бичиж өгөөгүй гэдгийг нь би яаж мэдсэн бэ гэхээр нь бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Г гэж хүнээс хөдөө аж аж ахуйн газар дээр нэгтгэгдсэн нийт төслүүдийн жагсаалтыг гаргуулж аваад танилцахад *** сумаас надаас өөр ямар ч хүн үхрийн нүд тариалах төсөл бичиж өгөөгүй байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 141-149-р тал/,
3.Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт ямар нэгэн байдлаар оролцож ажиллаагүй, ...Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 01 сард байх би яг хэзээ гэдгийг нь бол санахгүй байна 2022 оны төсөв батлахдаа газар тариалан, жимс жимсгэнэ төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1 га-д тариалалт эрхлэх ажлыг дэмжиж ажиллахад 192,3 сая төгрөгийг баталсан байдаг ба сум сумдад задалж хуваарилаагүй бүхэл мөнгөн дүнгээрээ гэсэн үг. Иргэдийн Хурлаас гаргасан тогтоолын хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн газраас 1 га-д тариалалт эрхлэх төсөлтэй холбоотойгоор сумдад албан бичиг хүргэгдсэн гэдгийг бол мэдэж байна. Хүнс хөдөө аж ахуйн газраас сумдад хүргэгдсэн албан бичгийн дагуу тухайн сум нь иргэдээс ирүүлсэн төслүүдийг хүлээн аваад аймгийн ХХААГ-т заасан хугацаанд нь ирүүлсэн байх ёстой. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2022-02-21-ний өдрийн хурлын тэмдэглэлээс харахад 14 сумдаас нийт 57 төсөл ирснийг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шаардлага хангасан дараах төслүүдийг шалгаруулан аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ гэсэн байна. Тэгэхээр Хүнс хөдөө аж ахуйн газраас Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн саналын хүрээнд ИТХ-аас 2022-02-23-ны өдрийн 15 дугаартай тогтоол эцэслэн гарсан байдаг. Аймгийн Засаг даргын 2022-02-28-ны өдрийн А/101 дугаартай захирамжаар ИТХ-аас гаргасан тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Хүнс хөдөө аж ахуйн газарт даалгасан. Тэгэхээр Хурлын 2022-02-23-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг Хүнс хөдөө аж ахуйн газар хэрэгжүүлж ажиллах ёстой байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 191-195-р тал/,
4.Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1 га талбайд тариалалт хийх иргэдийн төсөл сонгон шалгаруулалт манай *** суманд хийгдээгүй. Төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ямар ч ажлын хэсэг байгуулагдаагүй. Энэ оны 01 сарын үед аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас манай *** суманд 1 га талбайд жимс жимсгэнэ тариалалт хийх төслүүдийг иргэдээс хүлээн авч заасан хугацаанд Хүнс хөдөө аж ахуйн газарт ирүүлэх талаар албан бичиг ирсэн байсан. Уг албан бичиг нь сумын Засаг даргын цохолтоор над дээр хуваарилагдан ирсэн. Миний бие албан бичгийн дагуу иргэдээс ирүүлсэн төслүүдийг нэгтгээд нэрсийн жагсаалттай хамт Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргэж өгөхдөө Тамгын газрын дарга А.Бийн албан тоотын хамт Хүнс хөдөө аж ахуйн газрын бичиг хэргийн ажилтан ***-д хүлээлгэж өгсөн. Тухайн албан бичгийг Хүнс хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгсний дараа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарсан ба уг тогтоолд 1 га талбайд тариалалт хийх төсөв, тариалалт хийх талбай хэмжээ, санхүүжүүлэх дүнг баталсан байсан. Тэр тогтоолд *** сумын хэмжээнд 3 иргэн, аж ахуй нэгж буюу 3 иргэний лимитийг тогтоож өгсөн байсан. Тэгсэн чинь төсөл өгсөн ихэнх иргэдээс *** суманд 3-хан төсөл байгаа юм чинь наад төсөлд чинь миний бичсэн төсөл бараг шалгарахгүй байх, бичиж өгсөн төслөө буцааж авъя, өөр төсөл, хөтөлбөрт хамрагдмаар байна гэхээр нь Хүнс хөдөө аж ахуйн газар дээр явж очоод анх албан тоотоор хүлээлгэж өгсөн төслүүдийг *** ахаас авахад нэмэгдээд 20 гаруй төсөл болчихсон байсан. Нэмэгдэж ирсэн төслүүд надаар дамжигдаагүй. Иргэд өөрсдөө Хүнс хөдөө аж ахуйн газарт аваачиж өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 153-159-р тал/,
5.Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би алим жимс тариалах төсөл бичээд, иргэний үнэмлэх болон холбогдох бусад материалаа бүрдүүлээд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар дээр явж очсон чинь газар тариалан хариуцсан ажилтан Г гэж хүн Бигэр суманд ажлаар явж байгаа учраас одоо авах боломжгүй байна, 1 дэх өдөр очоод таны материалыг авъя гэж хэлсэн. Тэгээд би 1 дэх өдөр нь Хүнс хөдөө аж ахуйн газар дээр явж очоод ***-тай уулзаад төслөө өгсөн чинь бид таны бичсэн төслийг хянаж үзээд аймаг, сумын захиргаагаар оруулж шийдвэрлэнэ гэж хэлсэн. Тэгээд би төслөө өгөөд явсан. Тэрнээс хойш нэлээн хэдэн хоног таг чимээгүй болчихоор нь бичсэн төсөл маань юу болж байгаа бол гээд Хүнс хөдөө аж ахуйн газар дээр очиж ***-тай уулзаад юу болсон юм бэ гэсэн чинь аймгийн захиргаан дээр хэлэлцэгдэж байгаа, аймаг мэднэ, дараа нь сумаар дамжигдана, олон шат дамжлагаар явна, одоохондоо шийдвэр гараагүй байна, эргээд холбогдоно гэхдээ та өөрөө газар тариалан эрхэлдэг хүн болохоор таны бичсэн төсөл чинь бараг дэмжигдэх байхаа гэж надад найдвар төрүүлсэн. Тэгээд тэрнээс хойш таг чиг болчихоор нь *** сумын оролцоо байгаа гэхээр нь *** сумын газар тариалан хариуцсан мэргэжилтэн М луу утсаар яриад нөгөө төсөл маань юу болсон бэ гээд асуусан чинь шийдвэр арай гараагүй байна гэсэн.Тэрнээс хойш хэдэн өдрийн дараа *** сумын мэргэжилтэн М над руу утсаар яриад “таны бичсэн төсөл чинь дэмжигдсэн байна шүү” гэхээр нь би “ах нь одоо тэгээд хаана очиж уулзах юм бэ” гэсэн чинь та Хүнс хөдөө аж ахуйн газар дээр явж очоод уулзаарай гэсэн. Тэгээд би Г дээр очсон чинь таны бичсэн төсөл дэмжигдсэн учраас гэрээ байгуулах ёстой гээд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байсан ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 212-215 р тал/,
6.Гэрч Б.Пү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажлын хэсэг хуралдаагүй. Газрын даргын 2022-03-01-ний өдрийн ажлын хэсэг байгуулсан тушаалд өөрийгөө ажлын хэсгийн гишүүнээр орсноо мэдээгүй, надад хэн нэгэн танилцуулаагүй. Тэгсэн чинь 04 сарын 02,03-ны үеэр санагдаж байна эхээр намайг ээлжийн амралтаа авахаас өмнө газрын дарга С намайг өрөөндөө дуудахаар нь яваад орсон чинь “чи өнөө маргаашгүй ээлжийн амралтаа аваад явах гэж байгаа юм чинь энэ тушаалыг танилцуулъя гээд 2022-03-01-ний өдрийн ажлын хэсэг байгуулсан тушаалыг гаргаж ирээд үзүүлснээ наад ажил чинь ерөнхий хийгдэж байгаа, сумдаас төслүүд чинь ирчихсэн, гэрээ нь байгуулагдаад явж байгаа ажил гэсэн. Тэгэхээр нь би даргын өгсөн тушаалтай өөрөө уншиж танилцсан чинь Г, Г бид гурвыг сумдаас шалгарч ирсэн төслүүдтэй гэрээ байгуулж, санхүүжилт олгох үүрэг даалгасан байсан. Тэгэхээр нь би даргад “энэ ажил чинь бидний оролцоогүйгээр шийдэгдэж байгаа ажил юм биш үү гэсэн чинь дарга надад “харин тиймээ, би ерөнхийд нь мэдэж байгаа, та хэдэд огт хамаагүй, гэрээ байгуулах зүйлд оролцож ажилласан шүү, одоо зүгээр төсөл хэрэгжүүлэгч нартай байгуулсан гэрээтэй холбоотой баримтууд бүрдүүлэх шаардлагатай байна гэсэн. Тэгээд би даргын өрөөнөөс гараад Г ахын өрөөнд ороод “газар тариалантай холбоотой ажлын хэсэг байгуулагдсан юм уу, танд мэдэж байгаа зүйл байна уу гэсэн чинь “сумдаас ирүүлсэн төслүүдийн жагсаалтыг үзүүлснээ, сумдаас ийм, ийм төслүүд ирсэн учраас хүмүүстэй нь гэрээ байгуулах ажил байгаа гэхээр нь ерөнхийдөө иймэрхүү ажил хийгдээд явж байгаа нь үнэн юм байна гээд маргааш нь ээлжийн амралтаа аваад хөдөө явсан. Тэгээд ээлжийн амралтаа дуусаад 5 сарын 03, 04-ний үеэр ажилдаа орсон. Намайг ажилдаа орсны дараа С дарга намайг өрөөндөө дуудахаар нь явж ороод уулзсан чинь “нөгөө ажлын хэсгийн баримт бичиг чинь юу болж байна, бүрдүүлээд хурдан өг гээд шахаад байхаар нь ажлын хэсэг байгуулсан тушаалд нэр нь бичигдсэн Г, Г хоёрын өрөө лүү ороод тэр хоёроос даргын яриад байгаа төслийн баримт бичигтэй холбоотой юмыг яах юм бэ гэсэн чинь Г ах “чи юу ч гэсэн хурлын тэмдэглэл хийгээд ороод өгчихгүй юу гэсэн.
Тэгээд би өөрийнхөө компьютер дээр сууж байгаад даргын хэлээд байсан процессыг хурлын тэмдэглэл болгож бичээд Г, Г хоёрт танилцуулсан за за гээд гарын үсгээ зураад өгсөн. Миний хувьд 3 сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлийг л үйлдсэн. Өөр ямар нэгэн баримт бичиг боловсруулж үйлдээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 166-171-р тал/,
7.Гэрч Т.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ийм хуралд суугаагүй. Ийм хурлын тэмдэглэлийг одоо л харж байна. Газрын дарга С нь бүүр сүүлд нь буюу төсөл хэрэгжүүлэгч иргэдтэй гэрээ байгуулагдаж, санхүүжилт олгогдсоны дараа П, Г ах бид гурвыг өрөөндөө дуудаж оруулж ирээд “ та гурвыг ажлын хэсэгт оруулсан байгаа, *** сумаас хэл ам гараад байна, материалынхаа бүрдлийг хангаж ажилла” гэхээр нь юун асуудал болоод байгаа юм бол гээд гайхсан. Үүнээс өмнө 4 сарын үед газрын газрын дарга Саас өгсөн чиглэлийн дагуу төсөлтэй холбоотой баримтуудыг бүрдүүлэн гүйлгээ хийсэн учраас өөрт холбоотой зүйл дээр асуудал гараагүй байх гэж эхэндээ бодож байсан юм. Газрын даргаас бид гуравт тэгж хэлсний дараа мэргэжилтэн П баахан бичиг баримт нөхөж бүрдүүлээд, бичиг цаас бичиг болоод байсан. П надаар 2022-03-17-ны өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл гэх зүйл дээр гарын үсэг зуруулж авсан. Би тэр хурлын тэмдэглэлтэй нэг бүрчлэн уншиж танилцаагүй ...
Миний хувьд 1 га-д тариалалт хийх төслийг яаж сонгон шалгаруулалт хийснийг бол мэдэхгүй байна, мэдэх ямар ч боломж байгаагүй. Сумдаас ирсэн төслүүд бүгд Г ах дээр нэгтгэгдэж байсан болохоор аль сумаас хэн хэн гэж хүний төсөл ирсэн, нийт хэчнээн төсөл болж, тэндээс аль аль сумаас аль хэн хэний төслийг яаж сонгосон талаар би мэдэхгүй. *** сумаас төсөл өгч оролцсон гэх Мягмардулам гэж хүүхэн Г ахын өрөөнд хэл ам хийгээд яваад байсныг бол мэдэж байна. Тэгтэл *** сумаас Т, Т, Ө гэж хүмүүстэй гэрээ байгуулагдаж санхүүжилт олгогдсон. Эдгээр хүмүүстэй гэрээ байгуулаад мөнгийг нь шилжүүлэх үүргийг С дарга надад өгсөн. Би С даргаас өгсөн үүргийн дагуу энэ хүмүүстэй гэрээ байгуулан мөнгийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 171-177-р тал/,
8.Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 сарын 21-ний өдөр газрын дарга С дарга над руу утсаар яриад “та аймгийн Засаг даргын зөвлөх Бийн өрөөнд сумдаас ирүүлсэн төслүүдийнхээ жагсаалтыг бүгдийг нь аваад хүрээд ир гэсэн. Даргыг тэгж хэлэхээр нь би сумдаас ирүүлсэн 57 төслийн жагсаалтын хамт бүх төслөө аваад Тамгын газар дээр явж очсон. Засаг даргын зөвлөх Бийн өрөөнд ороход манай дарга С, мэргэжилтэн Б нар байсан юм. Би тэдгээр албан тушаалтанд сумдаас ирүүлсэн бүх төслүүдээ танилцуулсан. Ер нь сумдаас ирүүлсэн төслүүдээс зарим хүмүүсийн бичиж ирүүлсэн төслүүд нь бизнесийн зээл тодруулж хэлбэл банкнаас зээл авах хэмжээний санхүүжилтийн тооцоотой төслүүд хэд хэдэн байсан. Мөн эдгээр хүмүүсийн бичсэн төслөөс гадна тэр 57 төсөлд чацаргана тариалахаар бичсэн зөндөө олон хүний төсөл байсан. Манай аймгийн газар тариалан, жимс жимгэсний тариалалтын 92% нь чацаргана жимс эзэлдэг. Зөвлөх Б нь чацарганаас бусад өөр бусад жимсийг тарималжуулж, ирээдүйд түүхий эдийг нь боловсруулах төслүүдийг түлхүү дэмжье гэсэн байр суурьтай байсан. Чацаргана жимс тарималжуулахаар төсөл бичсэн хүмүүсийн нэрсийг хасаад ерөнхийдөө газар нутгийн онцлогоос буюу тухайн сум орон нутгийн байгаль цаг уурт ургах, тарималжуулах боломжтой төслүүдийг сонгоод олгох санхүүжилтийг нь ард нь зоож бичсэн. Тэгэхэд 19 төсөл болсон. Ингээд 2022-02-23-ны өдөр болох уг 19 төслийн санхүүжилтийг батлуулахаар өргөн мэдүүлэхээр болсон юм. Засаг даргын зөвлөх Бийн өрөөнд болсон бид нарын хэлэлцсэн хэлэлцүүлгийг миний бие хурлын тэмдэглэл болгож гаргасан юм ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 178-189-р тал/,
9.Гэрч Ч.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ талаар огт мэдээгүй. Хүнс хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн албан бичиг нь бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн Мд цохогдсон байсан. Би болохоор мал аж ахуй, үржил бүртгэлээ хариуцдаг болохоор газар тариалантай холбоотой ажлыг М хариуцдаг юм. Мгийн ярьж байгаагаар иргэдээс ирүүлсэн төслүүдийг нэгтгээд албан тоотоор Хүнс хөдөө аж ахуйн газарт аваачиж өгснийг нь бол мэдэж байна. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 209-211-р тал/,
10.Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аймгийг 2030 онд хөгжүүлэх бодлогын баримт бичигт газар тариалан, жимс жимсгэний тариалалтыг хөгжүүлэхээр тусгагдсаны дагуу 2022 оны 02 сарын 21-ний өдөр Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга С, мэргэжилтэн Г нар манай өрөөнд ирээд төслүүдээ сонгон шалгаруулчихлаа, сумдаас шалгаруулж ирсэн төслүүд маань бодлогын баримт бичигтэй таарч байна гэдгийг нь хараад өгөөч гээд 19 жагсаалтыг надад харуулсан. Тэгэхээр нь би тэр танилцуулсан жагсаалтыг нь үзэж харахад бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу тариалж үржүүлэх ховор эмийн ургамал, жимс жимгэсний мод, хүлэмж эрхлэх зэрэг нэрс байсан болохоор 02 сарын 23-нд болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж батлуулаад явах нь зүйтэй юм байна гэж зөвлөсөн ... Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хавсралтаар үхрийн нүд төсөл хэрэгжүүлэгчид дэмжлэг олгохоор баталсан л бол Хурлын тогтоолыг биелүүлэх ёстой. Уг төсөл хэрэгжүүлэгчтэй Хүнс хөдөө аж ахуйн газар, *** сумаас яагаад энэ төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулаагүй учрыг мэдэхгүй байна. Үүнийг Хүнс хөдөө аж ахуйн газар, *** сум л мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 161-163-р тал/,
11.Гэрч Л.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орон нутгийн хөгжлийн сан нь тусдаа сан бөгөөд тухайн санг би хариуцдаггүй. ГАА-ийн *** сумын Орон нутгийн хөгжлийн санг Доржпалам /утас: ***/ гэж хариуцаж байгаад одоо Баттулга /утас: ***/ гэж хүн хариуцаж байгаа.
Миний хариуцаж байгаа ГАА-ийн *** сумын Засаг даргын тамгын газрын “Хоршоо хөгжүүлэх сан”-аас ГАА-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №15 дугаар тогтоолоор баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжилт олгох зээл олгогдоогүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 247-248-р тал/,
12.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 онд ГАА-ийн *** сумын Засаг даргын тамгын газрын “Орон нутгийн хөгжлийн сан”-аас ГАА-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №15 дугаар тогтоолоор баталсан тус аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжилт олгохоор шийдвэрлэж иргэдэд зээл олгосон асуудал байхгүй. Би өөрөө 2022 онд бүтэн ажилласан бөгөөд ажиллах хугацаанд “Орон нутгийн хөгжлийн сан”-аас ямар нэгэн иргэдэд санхүүжилт олгогдоогүй. Надтай Маамуугийн Т, Баядаагийн Ө нар 2022 оны 06 дугаар сард ирж уулзсан бөгөөд “Орон нутгийн хөгжлийн сан”-аас санхүүжилт гаргах боломжгүй гэдгийг хэлсэн. “Орон нутгийн хөгжлийн сан”-аас санхүүжилт олгох журамд байхгүй гэдгийг хэлсэн...“Орон нутгийн хөгжлийн сан”-аас иргэн ***-ийн Т, ***-ийн Т, ***-аагийн Ө нарын төслийг санхүүжүүлэхээр хуралдаж шийдвэр гаргасан зүйл байхгүй. “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн журамд иргэдээс санал авна гэж байдаг болохоор иргэдэд санхүүжилт олгохыг хориглодог. ГАА-ийн *** сумын Засаг дарга А.А нь иргэн ***-ийн Т, ***-гийн Т, ***-гийн Ө нарт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь үнэн болно гэсэн албан бичгийн талаар бол би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 249-250, 3 хх-ийн 1-3-р тал/,
13.Гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ГАА-ийн *** сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сумын засаг дарга ***-ийн захирамжаар томилогдож байсан. Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Сум дундын ойн анги ОНӨҮГ-ийн даргаар томилогдох гээд ГАА-ийн *** сумын Засаг даргын тамгын газрын даргын ажлыг хүлээлгэж өгсөн ...Миний хувьд тухайн төслийн талаар мэдэх зүйл алга байна, мэдэхгүй юм байна. Миний бие тухайн төсөлтэй албан ёсоор танилцаж байгаагүй, тэгэхдээ музейд ажилладаг Мягмардулам гэх хүн төсөлд намайг хамруулсангүй, засаг дарга, засаг даргын орлогч гэх хүмүүс давуу байдал ашиглаж танил талаа төсөл хөтөлбөрөө хамрагдуулчихлаа гэх мэтээр ГАА-ийн *** сумын Засаг даргын тамгын газрын үүдэнд фейсбүүкээр лайв хийгээд байсан. Тухайн үед Улаанбаатар хотод байсан. Тухайн фейсбүүк лайв гарснаас 2 хоногийн дараа Говь-Алтай аймаг *** суманд очиж Мягмардуламтай уулзаж байсан. Уулзаж байх үед *** нь Засаг дарга, засаг даргын орлогч гэх хүмүүс өөрсдийн хамааралтай хүмүүст төсөлд оролцох эрхийг өгсөн байна гэх мэтээр ярьж байсан. Түүний дараа дахиж уулзаагүй, энэ төслийн талаар ч ойлголт байхгүй ...Нарийн сайн мэдэхгүй байна, тэгэхдээ ГАА-ийн *** сумын Хөдөө аж ахуйн газраас сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байх, энэ талаар бол би сайн мэдэхгүй юм байна Иргэдийн хурал, Засаг даргын тамгын газар нь нэг байранд байдаг боловч хоёр өөр ажил үүрэгтэй газар, Хүнс хөдөө аж ахуйн газарт иргэдийн төсөлд оролцох хүсэлтийг хэрхэн яаж хүргүүлсэн талаар бол мэдэхгүй юм байна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 172-174-р тал/,
14.ГАА-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай “Аймгийн 2022 оны төсөв батлах тухай” тогтоол болон хавсралтуудын хуулбар /4-р хх-ийн 66-85-р тал /, хурлын тэмдэглэлүүд /4-р хх-ийн 86-117-р тал /, ГАА-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай “Аймгийн 2022 оны төсвийн тодотгол батлах тухай тогтоол, хавсралтуудын хуулбарууд /4-р хх-ийн 118-128-р тал/, 2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 1/22 дугаартай “Төсөл ирүүлэх тухай албан бичиг /2-р хх-ийн 73-74-р тал/, ГАА-ийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/04 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал /2-р хх-ийн 75-р тал/, ГАА-ийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2022 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 1/101 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг /2-р хх-ийн 76-р тал/, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 80-р тал/, төлбөрийн хүсэлтүүдийн хуулбар /2-р хх-ийн 82, 97,112-р тал/, төслүүд, ажил гүйцэтгэх гэрээний хуулга, дансны хуулгууд /1-р хх-ийн 22-115-р тал/, ГАА-ийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/101 дугаартай “Шууд гэрээ байгуулах эрх олгох” тухай захирамжийн хуулбар, ГАА-ийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Т.С, мэргэжилтэн Б.Г нарын 2022-02-21-ний өдөр хуралдсан хурлын тэмдэглэлийн хуулбар, Эрх бүхий албан тушаалтнаас гаргуулж авсан бичмэл нотлох баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 2-138-р тал/, гэрч Т.Сын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 146-149-р тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан, нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***-гийн өмгөөлөгч П.Еркебулан, Ж.Дорждэрэм, С.Асланбек нар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай оролцсон болно.
Шүүх ГАА-ийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн А.А-т холбогдох эрүүгийн 2216001260212 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж овгийн Арнаагийн Алтанхуягийг цагаатгаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруугүйд тооцсон шийдвэрийн үндэслэлийг тайлбарлавал:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр тус гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагдах бөгөөд гэмт хэрэг төгссөнд тооцно.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн тайлбар хэсэгт “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэрэг эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэжээ.
Прокуророос шүүгдэгч ***-гийг ГАА-ийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/22 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1 га тариалангийн талбайд жимс, жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо тариалах төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулалт хийж шалгарсан төслүүдийг Хүнс хөдөө аж ахуйн газарт 2022 оны 02 дугаар сарын 20-ны дотор ирүүлэх ёстой байсныг зөрчиж ямар нэгэн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр *** сумын иргэн Б.Ө-ны хүлэмжийн төслийн санхүүжилтийн 30 хувийг, *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Т-ийн бэсрэг алим төслийн санхүүжилтийн 30 хувийг, *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Т.С-ын төрсөн эцэг Маамуугийн Тийн алим жимс төслийн санхүүжилтийн 30 хувийг тус тус Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь үнэн болно гэсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/129, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/130, 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 1/139 дугаартай албан бичгүүдийг ГАА-ийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлсний улмаас иргэн Б.Ө, Ж.Т, М.Тнарт давуу байдал бий болгосон гэж хэргийн үйл баримтыг тодорхойлж яллах дүгнэлт үйлджээ.
ГАА-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Аймгийн 2022 оны төсвийн тодотгол батлах тухай” 15 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт (Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт)-ын 2.11 буюу “1 га тариалалтад дэмжлэг үзүүлэх” хэсэгт *** сумд 1 га-д жимс жисгэнэ тариалах 2022 онд 10,000,000 (арван сая) төгрөг, *** сумд хүлэмжийн аж ахуйн тариалалт эрхлэх 2022 онд 10,000,000 (арван сая) төгрөг, *** сумд 1 га-д үхрийн нүд тариалах 10,000,000 (арван сая) төгрөгийг тус тус төсвийн тодотголоор ГАА-ийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр баталсан байна.
Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ ГАА-ийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих эдгээр 3 төсөл арга хэмжээг шүүгдэгч А.А сонгон шалгаруулалтгүйгээр “*** сумын иргэн Б.Ө-ны хүлэмжийн төслийн санхүүжилтийн 30 хувийг, *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Т-ийн бэсрэг алим төслийн санхүүжилтийн 30 хувийг, *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Т.С-ын төрсөн эцэг ***-гийн Тийн алим жимс төслийн санхүүжилтийн 30 хувийг тус тус орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь үнэн болно.” гэсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/129, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/130, 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 1/139 дугаартай албан бичгүүдийг ГАА-ийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлсний улмаас иргэн Б.Ө, Ж.Т, М.Тнарт давуу байдал бий болгосон гэж буруутгасан.
Гэтэл Сангийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2-т “ОНХС-ийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлалыг дагаж мөрдөнө.”, 8.3-т “Аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг аймаг, нийслэлийн түвшинд, сум дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг сум, дүүргийн түвшинд зохион байгуулна.” гэж тус тус заажээ.
Тус журмын зохицуулалттай уялдуулж дүгнэвэл *** сумд 1 га-д жимс жисгэнэ тариалах 2022 онд 10,000,000 (арван сая) төгрөг, *** сумд хүлэмжийн аж ахуйн тариалалт эрхлэх 2022 онд 10,000,000 (арван сая) төгрөг, *** сумд 1 га-д үхрийн нүд тариалах 10,000,000 (арван сая) төгрөгийг тус тус ГАА-ийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжихээр төсвийн тодотголоор баталсан тул сонгон шалгаруулалт зохион байгуулах тохиолдолд *** сумын түвшинд бус ГАА-ийн түвшинд зохион байгуулахаар байна.
ГАА-ийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 1/22 дугаартай “1 га тариалангийн талбайд жимс, жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо тариалах төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулалт хийж шалгарсан төслүүдийг Хүнс хөдөө аж ахуйн газарт 2022 оны 02 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ үү” гэх агуулга бүхий албан бичиг нь “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 8.3-т “Аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг аймаг, нийслэлийн түвшинд, сум дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг сум, дүүргийн түвшинд зохион байгуулна.” гэсэн зохицуулалтад нийцэхгүй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч ***-т хууль, журмаар эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар, хуульд нийцээгүй үүрэг хүлээлгэсэн албан бичгийг үндэслэн, сонгон шалгаруулалт явуулалгүй нэр бүхий 3 иргэнд төслийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх талаар албан бичиг өгч давуу байдал бий болгосон хэмээн ялласан нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” буюу хуулиар хүлээлгэсэн албан үүрэг, хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа хууль бусаар ашиглаж өөрт болон бусдад хууль бус давуу байдал бий болгосон үйлдлийг ойлгодог. Харин хуульд заасан үүрэг хүлээлгээгүй, бүрэн эрхэд хамааралгүй асуудлыг хийж гүйцэтгээгүйн учир яллах боломжгүй юм.
Иймд шүүгдэгч ***-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул ГАА-ийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн А.А-т холбогдох эрүүгийн 2216001260212 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж овгийн ***-ийн ***-ийг цагаатгаж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч ***-йн өөрт эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар нэр бүхий 3 иргэний ирүүлсэн төслийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх талаар албан бичиг өгч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлд заасан “Дураараа аашлах” гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг нягтлан тодруулах нь зүйтэй юм. Гэвч ***-ийн үйлдэлд өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан, эсхүл бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх шинжүүд агуулагдаагүй байх тул мөн энэхүү гэмт хэргийн шинжгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.А нь Говь-Алтай Хүнс хөдөө аж ахуйн газарт “*** сумын иргэн Б.Ө-ны хүлэмжийн төслийн санхүүжилтийн 30 хувийг, *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Т-ийн бэсрэг алим төслийн санхүүжилтийн 30 хувийг, *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Т.С-ын төрсөн эцэг Маамуугийн Тийн алим жимс төслийн санхүүжилтийн 30 хувийг тус тус Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь үнэн болно.” гэсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/129, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/130, 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 1/139 дугаартай албан бичгүүдээр иргэн Б.Ө, Ж.Т, М.Тнарыг нэр заан хүргүүлсэн нь хууль бус бөгөөд эрх зүйн зөрчлийн шинжтэй байх тул Төрийн албаны хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын холбогдох дүрэм, журамд зааснаар хариуцлага тооцох боломжтойг дурдах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ***-гийн үйлдлийн улмаас иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад хохирол учраагүй болно.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан ГАА-ийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн А.А-т холбогдох эрүүгийн 2216001260212 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж овгийн ***-ийн ***-ийг цагаатгасугай.
2.Шүүгдэгч ***-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хохирсон гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ГАА-ийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР