Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2017/0454

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 09 өдөр Дугаар 128/ШШ2017/0454 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н ТББ

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж ** тоот өөрсдийн өмчлөлийн барилгын хойд талтай шууд залгасан 71.5 м.кв талбай, урд талын цэцэрлэгийн хэсэг 82.2 м.кв, барилгад нэвтрэх боломж олгож байгаа буюу орж гарахад ашиглагдаж буй 99.4 м.кв, нийт 253.1 м.кв газарт Н ТББ-д газар эзэмшүүлэх эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож газар эзэмших эрх олгохыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Ц.Ц, өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Н ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Жамъяан гүний
гудамж ** тоот барилгын Б хэсгийн өмчлөх бөгөөд тус, барилгын суурийн 342 м.кв болон өмнөх 48 м.кв нийт 390 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон.

Гэтэл манай байгууллагын хажууд оршин А, В хэсгийн барилгыг эзэмшигч
******* ХХК-иас манай барилгын урд талын талбайг өөрийнх нь эзэмшлийнх бөгөөд тус талбайд хаалттай зогсоол барих гэж буй талаар мэдэгдсэн. Бид уг мэдэгдлийг авах хүртэлх хугацаанд тус газрыг манай байгууллагын барилгын орчныг тохижилтийн газар гэж ойлгож ирсэн.

Тус компани хаалттай зогсоол барихаар төлөвлөж буй газар нь манай
байгууллагын орох хаалганы өмнөх талбай бөгөөд мөн уг газраар дамжин гражид
нэвтрэн ордог. Хэрэв уг талбайд хаалттай зогсоол баривал манай байгууллагын орц гарцыг хааж бид албан байгууллагадаа орох боломжгүй байдалд хүрэхээр байсан юм.

Иймээс бид өөрсдийн өмчлөлийн барилгын хойд талтай шууд залгасан 71.5 мкв, урд талын цэцэрлэгийн хэсэг 82.2мкв талбай болон манай барилгад нэвтрэх боломж олгож байгаа буюу байгууллагад орж, гарахад ашиглагдаж буй 99.4 мкв талбай, нийт 253.1 м.кв газрыг орчны газрын зориулалтаар эзэмших тухай хүсэлтийг анх 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийслзлийн өмчийн харилцааны газарт /хуучин нэрээр/ зохих журмын дагуу гаргасан билээ.

Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 11 дүгээр сарын 10- ны өдөр нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшилд шилжүүлэх боломжгүй. Эс зөвшөөрөв гэсэн хариуг ирүүлсэн.

Ийнхүү ирүүлсэн хариултдаа ямар үндэслэлээр нийтийн эзэмшпийн гэж үзэж байгаа талаар тодорхой дурдаагүй тул уг газрын дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас бус Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5/478 дугаар албан тоотоор манай байгууллагын хүсэлт гаргасан талбай нь нийтийн эзэмшлийн газар тул эзэмшилд шилжүүлэх боломжгүй гэсэн тодорхойгүй хариуг дахин ирүүлсэн тул манай байгууллагын зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №3925 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн билээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын харъяа агентлаг болох Нийслэлийн өмчийн харилцааны бүтэц өөрчлөгдөн Нийслэлийн газрын алба болсон бөгөөд Н ТББ-аас 1 Нийслэлийн газрын албанд орчны газрыг эзэмших хүсэлтийг гаргасан.

Тиймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №9922 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг үндэслэн маргаан бүхий асуудлыг урьдчилсан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Гэвч манай байгууллыг асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэхгүй, хууль бус шийдвэр дахин гаргасан тул газар эзэмших эрх олгохыг даалгахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Н ТББ нь нийгмийн амьдралд иргэд, иргэний нийгмийн идэвхитэй оролцоог дэмжих зорилгоор нийгэмд тустай үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэдэг байгууллага юм.

Тус байгууллага нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамьян гүний гудамж, ** тоот барилын Б хэсгийн өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн барилгын суурийн 342 м.кв газар болон өмнөх талбайн 48 м.кв газар, нийт 390 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар захирамжийн дагуу үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон.

Н ТББ нь газар эзэмших эрхтэй болсноос хойшхи хугацаанд газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, газрын төлбөрийг тусай бүрт нь төлж ирсэн. Түүнчлэн орчны газраа арчлан хамгаалж, зүлэгжүүлж, ногоон байгууламжийг бий болгосон.

Манай байгууллагын хажууд орших А, В хэсгийн барилгын өмчлөгч ******* ХХК, иргэн А.Б нар нь өөрсдийн өмчлөлийн барилгын урд талын газрын эзэмших эрхийг авч хашаалсан байгаа бөгөөд манай байгууллагын урд талын талбайд хаалттай зогсоол барих гэж байгаа талаар бидэнд мэдэгдсэн.

Иймээс бид 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газрын талбайг нэмэгдүүлэн газар эзэмшүүлэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу холбогдох баримтыг хавсарган гаргасан. Хүсэлтдээ барилгын хойд талтай шууд залгасан 71.5 мкв, урд талын цэцэрлэгийн хэсэг 82.2мкв талбай болон манай барилгад нэвтрэх боломж олгож байгаа буюу байгууллагад орж, гарахад ашиглагдаж буй 99.4 мкв талбайг орчны газрын зориулалтаар эзэмшихээр тусгасан.

Хүсэлтийг Нийслэлийн газар баталгаажилтын 2017 оны 01 дүгээр сарын 13- ны өдрийн хурлаар хэлэлцэж, эзэмшихээр хүсэлт гаргасан газарт газар эзэмших эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн бөгөөд үүнийг бид 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дүүрэг хариуцсан газар зохион байгуулагчтай утсаар холбогдон мэдсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан.

Гэтэл Нийслэлийн газрын албаны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №03/859 дугаар албан бичгээр ...нийслэлийн Газрын албаны дэргэдэх Тазар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, тус хурлаас нийтийн эзэмшлийн зам талбайг зохих байгууллагын зөвшөөрөлгүй ашиглаж, газар эзэмшүүлэх гэрээний үүргийг зөрчиж байх тул эс зөвшөөрсөн тухай дүгнэлт гарсан болно. Иймд зөрчлөө арилгаж, хашаагаа буулган, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна" гэсэн хариуг өгсөн.

Бидний эзэмшихээр хүссэн барилгын арын талбай нь нийтийн эзэмшлийн талбай байх боломжгүй юм. Учир нь байгууллагын ажилчид арын талбайгаар дамжин автомашинаа гражид байрлуулдаг бөгөөд тус барилгатай залгаа байрладаг аж ахуй нэгжийн хашаа барилгаас 2 метрийн зайд байрладаг тул тус газрыг нийтийн эзэмшлийн байлгах боломжгүй юм. Мөн түүнчлэн тус талбайг Н ТББ нь олон жилийн туршид мод тарьж, хөрсийг сэргээж, зүлэгжүүлэн, арчлан хамгаалж, хөрөнгө оруулалт хийсээр ирсэн юм.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамьяан гүний гудамж, ** тоот барилга нь А, Б, В гэсэн 3 хэсэг барилга байдаг. Үүний Б хэсгийн барилга нь Н ТББ-ын өмчлөлийн барилга бөгөөд 3 хэсэг барилгын дунд талд оршдог. А, В барилга нь ******* ХХК болон иргэн А.Б нарын өмчлөлийн барилга юм.

Манай байгууллагын барилгын хоёр талын барилгын өмчлөгчид нь өөрсдийн өмчлөлийн барилгын өмнө болон арын талбайг өөрсдийн эзэмшилдээ авч хашаа барин эзэмшиж, ашигласаар ирсэн байтал манай байгууллагад тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн нь хууль тогтоомж болон шударга ёсонд нийцэхгүй байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар баримтлах зарчмыг зааж өгсөн бөгөөд 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасан.

Гэтэл манай байгууллагын хоёр талын барилгын өмчлөгчид нь өөрсдийн өмчлөлийн барилгын өмнө болон арын талбайг өөрсдийн эзэмшилдээ авч хашаа барин эзэмшиж, ашигласаар ирсэн байтал манай байгууллагад тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй гэж, өөрийн байгууллагын орчны газрыг арчлан хамгаалсан үйлдлийг хууль бусаар газар ашигласан гэж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байхаас гадна манай байгууллагад ялгавартай хандаж, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д нийтийн ; эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг" ойлгоно гэж заасан байтал зэргэлдээ орших газрыг бусдын эзэмшилд олгосон байхад хүсэлт гаргасан талбайг нийтийн эзэмшлийн гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд тэгш эрхэнд нийцэхгүй гэж үзэж байна.

Мөн манай байгууллага нь газар эзэмших эрхтэй болсон цагаас хойш орчны газрын зориулалтаар эзэмших талбайг ногоон байгууламж болгон тохижуулж нийслэл хотынхоо хүн амьдрах таатай эрүүл орчин бүрдүүлэх зорилгод хувь нэмрээ хичээнгүйлэн оруулах болно гэдгээ Нийслэлийн Засаг дарга болоод Нийслэлийн газрын албанд удаа дараа мэдэгдэж, хууль ёсоор эзэмшүүлэх хүсэлт гаргасаар ирсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н ТББ нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар зүйлийн 22-ны өдрийн 126 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 396 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа. Өмчлөлийн барилгын суурь 342 м.кв талбай болон өмнөх 48 м.кв талбай нь давхацдаг юм. Манай барилгын хажууд орших А, В хэсгийн барилгын ******* ХХК-иас манай барилгын урд талын талбайг өөрийнх нь эзэмшлийнх бөгөөд тус талбайд хаалттай зогсоол барих гэж буй талаар мэдэгдсэн. Бид уг мэдэгдлийг мэдэх хүртэл тус газрыг манай байгууллагын барилгын орчны тохижилтийн газар гэж ойлгон арчилж, хамгаалж ирсэн. Тус компанийн хаалттай зогсоол барих талбай нь манай байгууллагын орж, гарах хаалганы өмнөх талбай бөгөөд трасс хэсэг юм. Уг зогсоолыг барьснаар манай байгууллага руу нэвтрэн орох боломжгүй байдалд хүрэх байсан. Тиймээс бид өөрсдийн өмчлөлийн хойд болон урд хэсгийн талбай, орж гарах хэсгийн талбайг эзэмшилдээ авч орчны тохижилт хийх тухай хүсэлтээ Нийслэлийн өмчийн харилцааны газарт зохих журмын дагуу хүсэлтээ гаргасан. Анх 2015 оны оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүсэлт гаргаж байсан. Уг хүсэлтийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшилд шилжүүлэх боломжгүй, эс зөвшөөрөв гэсэн хариуг ирүүлсэн. Хариу ирүүлэхдээ ямар үндэслэлээр нийтийн эзэмшлийн зам талбайд орж байгаа талаар дурдаагүй. Тиймээс манай байгууллагын зүгээс Нийслэлийн Засаг даргад дахин өргөдөл, гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргаас 2016 оны оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/478 тоот албан бичгээр нийтийн эзэмшлийн талбай учир олгох боломжгүй гэсэн тодорхой бус хариуг ирүүлсэн. Дахин дахин тодорхой бус хариуг ирүүлсэн учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хандсан. Нэхэмжлэл гаргасан өдрөөр огноологдон захиргааны хэрэг үүсгэсэн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын харьяа агентлаг болох Нийслэлийн өмчийн харилцааны бүтэц өөрчлөгдөж Нийслэлийн газрын алба болсон. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 9922 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.13-д заасныг үндэслэн маргаан бүхий асуудлыг урьдчилан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Дахин манай байгууллагын зүгээс зохих газарт нь хандсан. Гэвч Н ТББ-ын асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэхгүй, хууль бус шийдвэр дахин гаргасан. Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрх олгохгүй байгаа үйлдлийг хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар захирамжаар ******* ХХК-д 1400 м.кв газрыг эзэмшүүлжээ. ******* ХХК нь эзэмшил газартаа угсраа 3 блок барилга барьсан бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийн дунд талын хэсгийг Н ТББ-д худалдсан тул барилгын доорх газрыг шилжүүлэх хүслэт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 126 дугаар захирамжаар Н ТББ-д 390 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Одоогийн байдлаар тус 3 угсраа барилгыг ******* ХХК, Н ТББ, иргэн А.Б нар өмчилдөг бөгөөд ******* ХХК нь нийт 883 м.кв газрыг 800 болон 83 м.кв 2 нэгж талбартайгаар, А.Б нь 436 м.кв газрыг тус тус эзэмшиж байна.

******* ХХК болон иргэн А.Б нар нь удаа дараагийн шийдвэрийг дагуу уг газрыг эзэмшдэг.

Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Монгол улсын газрын нэгмдэл санг дараах байдлаар ангилна, 10.1.2-т Хот тосгон, бусад суурин газар 10.1.3-т зам, шугам сүлжээний газар гэж ангилжээ.

Мөн тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Хот, тосгон, бусад суурины газарт хот, тосгон, бусад суурины барилга, байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар хамаарна, 12.2-т Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна гэж заажээ. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.3-д хот тосгон, бусад суурин нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газрыг төрийн зориулалттайгаар нийтээр гэж заасны дагуу нийтээр эзэмшиж, ашиглана.

Иймд дээрх хуулийн заалтуудын дагуу нийтийн эзэмшлийн газрыг эзэмшүүлэхд боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, С.У******* нарын өмгөөлөгч З.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Бид Нийслэлийн Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргасан боловч нийтийн эдэлбэр газар тул газар эзэмших эрх олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ гэж заасан. Нийтийн эдэлбэрийн газар гэж тогтоосон шийдвэртэй танилцах хүсэлтээ гаргаж өгсөн. Үнэхээр нийтийн эдэлбэр газар байгаад хэн нэг этгээдэд олгох боломжгүй бол байгууллагын барилга нь нийтийн эдэлбэр газартай давхцалтай гэж үзэх үндэслэлтэй. Захиргааны байгууллагад хандсанаар нөгөө хоёр тал хөөцөлдөж байгаад шүүхийн шийдвэр гаргуулан авсан нөхцөл байдал бий болсон байсан. Бид нийтийн эдэлбэр газартай холбоотой баримт материалыг гаргуулахаар шүүхэд хүсэлт өгсөн боловч тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар материал гаргаж өгөөгүй. Нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд тасалдсан зүйл байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н ТББ нь урд хэсэг 71.5 м.кв талбай, хойд хэсгийн талбай болох цэцэрлэгтэй хэсэг нь 81.2 талбай юм. Орж гарахад ашиглагдаж буй 99.4, нийт 253.1 м.кв талбайг эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Төрийн бус байгууллага нь хоёр талдаа ******* ХХК, А.Б гэх 2 газар эзэмших эрхтэй объектын голд нь байдаг. Газар эзэмшихээр хүсэлт гаргасан талбай нь нийтийн эзэмшлийн зам талбай учир эзэмшүүлэх боломжгүй гэсэн хурлын дүгнэлт байдаг. ******* ХХК нь хоёр нэгж талбарын дугаартай 883 м.кв талбайг эзэмшдэг. Энэ 800 м.кв талбай нь 800 м.кв талбайн хэмжээгээр нэг нэгж талбартай, 83 м.кв талбайн хэмжээгээр нэг нэгж талбарын дугаартай. Иргэн А.Б нь 436 м.кв талбайг эзэмшдэг эзэмшигч. Мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллээс харахад дунд оршиж байгаа төрийн бус байгууллагын хүсэж байгаа талбай цэнхэр өнгөөр тэмдэглэгдсэн байдаг. Уг талбайг эзэмших эрх олгохоор бусдын эзэмшил талбайтай давхацна. Хөрш зэргэлдээ газар эзэмшигч нарын орц, гарцыг эзэмших нөхцөл байдал үүсч байгаа учир зөвшөөрөхгүй байгаа хариуг хүргүүлдэг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ТББ нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж ** тоот өөрсдийн өмчлөлийн барилгын хойд талтай шууд залгасан 71.5 м.кв талбай, урд талын цэцэрлэгийн хэсэг 82.2 м.кв, барилгад нэвтрэх боломж олгож байгаа буюу орж гарахад ашиглагдаж буй 99.4 м.кв, нийт 253.1 м.кв газарт Н ТББ-д газар эзэмшүүлэх эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар **** тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай 1400 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар анх ******* ХХК-д эзэмшүүлсэн байна.

******* ХХК нь дээрх газар дээр баригдсан өөрийн өмчлөлийн А, Б, В хэсэг бүхий барилгын Б хэсгийг Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ[1]-гээр Н ТББ худалдсан байх бөгөөд ийнхүү худалдсантай холбоотойгоор ******* ХХК нь барилгын суурийн болон орчны нийт 390 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт[2] гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай дугаар 126 тоот захирамжаар Н ТББ-д үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай, 390 м.кв газрыг эзэмших эрх олгосон байна.

Н ТББ нь 390 м.кв газар эзэмшдэг болох нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 126 тоот захирамж, Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, ******* ХХК-ийн Нийслэлийн Газрын албанд гаргасан 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт[3], Н ТББ-ын эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт[4] зэрэг болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар нотлогдож байна.

Н ТББ-ын газар эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон актаас үзэхэд газрын нийт талбай хэмжээ 390 м.кв, барилгын доорх газар 342 м.кв, бусад газар 48 м.кв хэмжээтэй байна.

Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №01/1975 тоот албан бичгийн хавсралт[5], Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн ирүүлсэн Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2017 оны зурган мэдээллийг 2010, 2015 оны агаарын зурагтай давхцуулсан байдлыг харуулсан зургууд[6], ******* ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургууд[7], шүүхээс хийсэн үзлэг зэрэг баримтуудаас үзэхэд А.Б болон ******* ХХК нь авто зогсоолын зориулалтаар ашиглаж болох газартай болох нь тодорхой нотлогдож байна.

Иргэн А.Бид Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/938 дугаар захирамжаар 800 м.кв газрыг, ******* ХХК-д 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжаар 519 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн байна.

******* ХХК нь нэгж талбарын ***************дугаар бүхий 83 м.кв, нэгж талбарын **************** дугаар бүхий 436 м.кв гэсэн хоёр тусдаа газрыг эзэмшиж байх ба нэгж талбарын **************** дугаар бүхий 436 м.кв газраас тусдаа, залгаа биш нэгж талбарын ***************дугаар бүхий 83 м.кв газрыг бодит байдал дээр авто зогсоолын зориулалтаар ашиглаж байна.

Харин Н ТББ нь авто зогсоолын зориулалтаар ашиглах газаргүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж газрын талаар төрөөс баримтлах зарчмыг хуульчилсан байна.

Нэхэмжлэгчид нийт 253.1 м.кв газрыг олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь дээрх хуульд заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байна.

Н ТББ-ын эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь нийтийн эдэлбэр, нийтийн эзэмшлийн газар тул уг газрыг Н ТББ-д эзэмшүүлэх боломжгүй гэсэн агуулгаар хариуцагч тайлбарлаж буй атлаа маргаан бүхий газрын залгаа, зэргэлдээх газрыг ******* ХХК болон А.Б нарт эзэмшүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан тэгш байдлын зарчимтай нийцэхгүй байна гэж шүүх дүгнэв.

Н ТББ нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 126 тоот захирамжаар 390 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байх боловч уг газрыг гэрээнд заасан үйлчилгээний зориулалтын дагуу ашиглахын тулд шаардагдах авто зогсоолын газаргүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д  гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах гэж газар эзэмшигчийн эрхийг хуульчилжээ.

Иймд нэхэмжлэгч нь үйлчилгээний зориулалттай өөрийн эзэмшлийн газраа зориулалтаар нь ашиглахын тулд шаардагдах авто зогсоолын газартай байх эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж ** тоот хаягт байрлах Н ТББ-ын өмчлөлийн барилгын хойд талтай шууд залгасан 71.5 м.кв талбай, урд талын цэцэрлэгийн хэсэг 82.2 м.кв, барилгад нэвтрэх боломж олгож байгаа буюу орж гарахад ашиглагдаж буй 99.4 м.кв, нийт 253.1 м.кв газарт Н ТББ-д газар эзэмших эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийг Н ТББ-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 

 


[1] 1 дүгээр ХХ-ийн 49-84 хуудас

[2] 1 дүгээр ХХ-ийн 57 хуудас

[3] 1 дүгээр ХХ-ийн 91 хуудас

[4] 1 дүгээр ХХ-ийн 18 хуудас

[5] 1 дүгээр ХХ-ийн 55-56 хуудас

[6] 1 дүгээр ХХ-ийн 60-61 хуудас

[7] 1 дүгээр ХХ-ийн 149-150 хуудас