Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 28

 

У.К-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00721/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1221 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч У.К-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А Ц” ХХК-д холбогдох

“2.800.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3.000.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч С.Д-ийн давж заалдсан гомдлыг үндэслэл

           2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.К-, хариуцагчийн төлөөлөгч С.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч У.К-гаас:

             ...2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Т.Е- гэдэг миний танил надтай утсаар ярьж Би ОХУ-аас манжин оруулж ирж зарж байгаа. ... орос манжин 1 кг-ыг нь 2500 төгрөгөөр бөөндөж байна гэсэн чинь Дарханд өөр хүнд өгсөн үү, өгөөгүй бол шар манжин 2 тонн хүрэн манжин 500 кг-ыг бэлэн мөнгөөр авъя Улаанбаатараас ачуулаад ир гэж компанийн захирал С.Д- гэх эмэгтэй хэлсэн. Ингээд би хот руу Т.Е-д хэлж 2,5 тонн манжинг Улаанбаатараас Дархан руу ачуулсан. 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ням гаригт 10 цагийн үед манжинг шинэ захын 9 дүгээр павилонд С.Д- нь өөрийн биеэр хүлээж авч буулгуулсан. Манжинг хүлээж авахдаа С.Д- нь манжингийн шуудайг задалж манжинг хумсаараа задалж, амсаж шалгаж үзээд болж байна сайхан манжин байна гэж хэлж байсан. С.Д- банк хаалттай учраас компанийн данснаас мөнгө гаргаж чадахгүй байна. Маргааш гаргаж өгье би найдвартай асуудалгүй намайг “А Ц” ХХК-ийн захирал С.Д- гэдэг. Хоёр дахь өдөр би мөнгө гаргадаггүй юм. Нэг дэх өдөр 4.000.000 төгрөгийг өгнө, 3 дахь өдөр 2.000.000 төгрөг өгье гээд 5/27нд манжин, хүрэн манжин 6.000.000 ... ДАХ 92-84 С.Д- 6.000.000 өгнө 5/28нд гэж өөрийн гараар бичсэн бичиг дээр компанийн болон өөрийн хувийн тамгаа дарж надад өгөөд миний дансыг бичиж аваад үлдсэн. ...хүрэн манжингаа 1900 төгрөгөөр тооцъё гэхэд С.Д- тэгье гээд хоёулаа нийт манжингийн үнийн дүнг 5.950.000 төгрөгөөр тооцохоор тохироод С.Д- нь лангуу доороосоо 1.900.000 төгрөг бэлнээр гаргаж өгч, Хаан банкнаас 780.000 төгрөг бэлэн гаргуулж авч надад өгөөд өнөөдөртөө багтаагаад 1.320.000 төгрөгийг мобайлаар явуулъя гэхээр нь би яваад өгсөн. Гэтэл мобайлаар 320.000 төгрөг шилжүүлээд тэгшлээд 3.000.000 болголоо, мөнгө орж ирсэнгүй. Тээврийн зардал 100.000 төгрөгийг хасаад нийт 2.850.000 төгрөгийг 3 дахь өдөр шилжүүлье гэж С.Д- ярьсан боловч үүнээс хойш 4 дэх өдөр нь 50.000 төгрөг шилжүүлсэн ба одоо үлдэгдэл 2.800.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй ба сүүлдээ утсаа ч авахаа больсон. Иймд манжингийн үнийн үлдэгдэл 2.800.000 төгрөгийг “А Ц” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “А Ц” ХХК-ны төлөөлөгч С.Д-оос:

...2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр К-тай амаар тохироод шар манжин 2 тонн улаан манжин 500 кг буулгаж авсан. Анх тохирохдоо улаан манжин 2000 төгрөг, шар манжин 2500 төгрөгөөр бодоод нийт үнэ 6.000.000 төгрөг гэж тохирсон. Хүрэн манжин муудалттай гээд 1900 төгрөгөөр тооцох болсон. Одоогийн байдлаар би 3.000.000 төгрөг өгсөн байсан. Гэтэл би манжин худалдаад байж байтал 3 хоногийн дараа манжин шаардлага хангахгүй хоол хийхэд хөөсрөөд байна гээд худалдаа зогссон. Тэр дор нь би манжин буцаад эхлэхээр нь хүүхдийн баярын маргааш 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийг нь эрж Олон улсын худалдааны төвийн 2 давхарт байхад нь очиж уулзаад манжин хүнсэнд таарахгүй байна. Манжингаа ав би мөнгөө авъя гэж хэлсэн чинь би хүнд мөнгөө өгсөн буцааж авч чадахгүй гээд аваагүй. Би түүнд өгсөн 3.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн манжинг хүнсэнд хэрэглэж болох эсэхийг шалгуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “А Ц” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...У.К- анх Оросоос орж ирсэн сайн манжин зарна гээд би авахаар болж авчируулсан. Анх үзэхэд сайхан манжин харагдаж байсан авахаар болж 3.000.000 төгрөг өгчхөөд эхнээс нь худалдаанд гаргахад хэд хоногийн дараа энэ манжин хөөсрөөд, левамецин шиг гашуун байна гээд буцааж эхэлсэн. Би энэ тухай У.К-д хэлэхэд хүнд мөнгийг нь өгсөн. Манжин буцааж авч чадахгүй гэж хэлээд утсаа авахаа болсон. ...Худалдагчаа түүн рүү баахан залгуулсан. Би өөрөө хаврын тариалалтад байнга хөдөөгүүр яваад зав зай муутай байсан. Энэ манжин одоо хүнсний зориулалттай гэдэгт эргэлзэж байна. Надад үүнийг нь хэлээгүй зарж 3.000.000 төгрөгөөр хохироосон. 3.000.000 төгрөгөө У.К-гаас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч У.К- сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

.... ор үндэсгүй худал зүйлийг бичсэн байна. Миний нийлүүлсэн манжинг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын хилээр Хызыл Өрик ХХК оруулж ирэхдээ Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Цагааннуур боомт дахь лабораторийн №56, №57 Химийн сорилтын дүн гэсэн дүгнэлт гаргуулахад сорилтонд тэнцсэн тул Хилийн мэргэжлийн хяналтын албаны 000130 тоот мэдэгдлээр бараа хууль тогтоомжид заасан импортлох шаардлагыг хангаж байх тул хяналтаас чөлөөлөв гэсэн бичгийг өгч, №02040165 дугаартай Импортын гэрчилгээ олгож, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны хооронд борлуулах зөвшөөрлийг олгосон. Би борлуулахыг зөвшөөрсөн хугацаанд буюу 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр С.Д-ид манжинг хүлээлгэж өгсөн. Иймд миний зүгээс чанарын доголдолгүй ногоо хүлээлгэн өгсөн ба С.Д- нь тухайн үед ногоог шалгаж авсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1221 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг баримтлан хариуцагч “А Ц” ХХК-аас 2.800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.К-д олгож, хариуцагчийн гаргасан У.К-гаас 3.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч У.К-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А Ц” ХХК-аас 59.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 63.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч  С.Д- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ манжин худалдаж авсан намайг шалгах үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэгчид 2.800.000 төгрөг гаргуулахаар болж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. С.Д- миний хувьд гомдолтой байна. Учир нь одоо гадаадаас янз бүрийн өнгөлөн далдлалт хийсэн хүнсний бараа ихээр орж ирж байна.Тухайн манжинг би нүдээр харж барьж маажиж үзэхэд хатуу, өнгө нь гоё байсан. Тэгээд орос манжин гэхээр нь бас чанар сайн гэж итгэсэн. Гэтэл 2-3 хоногийн дотор л худалдан авагч нар маань энэ шар манжин болохгүй байна гашуун байна, хөөсрөөд байна, буцаая гэсэн шаардлага тавьсан. У.К-ад утасдаж манжин болохгүй байна гэж уудзаж хэлсэн. Хэвийн манжин удахаараа хатаж хорчийж мууддаг, энэ манжин хальс нь үлдээд ус болоод урсаад алга болсон. Хилээр оруулсан баримт, шинжээчийн дүгнэлтээр тухайн манжин хэвийн манжин байсан гэж үзэх үндэслэл байхгүй. ...улаан манжинг хагасыг нь борлуулсан болохоор тооцооноос хасч У.К-ад өгсөн 3 сая төгрөгөөс 2.050.000 төгрөг авъя гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Миний хувьд манжингийн чанарыг мэдсэн даруй түүнд мэдэгдэж үүргээ биелүүлсэн гэж ойлгож байна. У.К-агийн 2.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, түүнээс 2.050.000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч У.К- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            ...Хариуцагч нь манжинг анх авахдаа шалгаж авснаа өөрөө хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид манжинг хүчээр юм уу, эсвэл хуурч мэхэлж өгөөгүй “А Ц” ХХК-ийн        захирал С.Дамдинсүрэн   нь өөрөө захиалж авчруулж, өөрөө шалгаж авсан. Харин С.Дамдинсүрэн нь бэлэн мөнгөөр авна гэж манжинг авчруулчхаад одоо хүртэл төлбөрийг хийхгүй байгаа нь харин намайг анхнаасаа залилсан гэж үзэхээр байгаа юм. Манжинг хүлээлгэж өгсний дараа би хариуцагчаас мөнгөө авах гэж байнга утсаар залгаж, мессеж бичиж байснаас биш хариуцагч С.Дамдинсүрэн нь над руу нэг ч удаа залгаж байгаагүй нь мобикомын лавлагаагаар нотлогдоно. Дээрх нөхцөл байдлаас харахад анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-д зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болсон. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарчээ.

Нэхэмжлэгч У.К- хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсний хариуд хариуцагч худалдах, худалдан авах гэрээний зүйл чанарын доголдолтой байсан тул гэрээний төлбөрийг буцаан нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талууд 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шар болон хүрэн манжин худалдах, худалдан авах гэрээг байгуулж энэ өдрөө барааг хүлээлгэн өгсөн  болон гэрээний үнэ, худалдан авсан зүйлийн тоо хэмжээний талаар маргаагүй байна. Нэхэмжлэгч төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулсан гэж үлдэгдэл төлбөр 2.800.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хариуцагч төлбөрийн үлдэгдлийн үнийн дүнг маргаагүй.

            Харин гэрээгээр нийлүүлсэн шар манжин  нь хүнсэнд хэрэглэх зориулалтын биш, чанарын шаардлага хангаагүй, худалдан авсан худалдагч нар буцааж өгсөн тул шар манжингийн үнэнд өгсөн 3.000.000 төгрөгийг буцааж гаргуулна гэжээ.

            Худалдагч нь гэрээгээр тохирсон тоо хэмжээ чанарт тохирсон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдагчид шилжүүлэх үүрэгтэй.

            Энэ үүргээ биелүүлээгүй нь худалдан авагчид эд хөрөнгийн чанарын доголдолтой холбоотой хуульд заасан шаардах эрхүүдийг бий болгодог.

Тухайлбал эд хөрөнгийн доголдлын улмаас гэрээг цуцлах шаардлага гаргах гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөхийг шаардах эрхтэй байж болох юм.

Хариуцагч нь буюу худалдагч, худалдах худалдан авах гэрээний эд хөрөнгийн доголдлын улмаас энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд  гэрээний зүйл чанарын доголдолтой байсан талаар нотлох үүрэгтэй. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхүл эд хөрөнгийг хүлээн авсны дараа чанарын шаардлага хангахгүй байсан талаар дурджээ.

Харин чанарын шаардлага эд хөрөнгийн доголдолтой холбоотой Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагыг  худалдагч талд гаргаж байсан үйл баримтыг нотолж чадаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй удаа дараа уулзаж чанарын доголдлын талаар  гомдлын шаардлага гаргасан, утсаар холбогдож манжингаа буцаан авахыг шаардаж байсан гэх боловч үүнийгээ нотлоогүй харин эсрэгээрээ нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд баримтаар гаргасан үүрэн холбооны лавлагаагаар нэхэмжлэгч тал хариуцагчийн эзэмшдэг гар утас руу байнга залгаж ярьж байсан үйл баримт тогтоогдсон байна.

            Хэрэгт авагдсан шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн дүгнэлтээр  “... шар, улаан манжинг хилээр орж ирэх үед стандартад тэнцэж байсан эсэхийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр тогтоох боломжгүй. Учир нь иргэн С.Д-ийн зоориноос дээж авах үед манжингууд ялзарч муудсан байсан” гэжээ.

Иймд эд хөрөнгийн доголдлын талаар худалдан авагчид шаардлага гаргаж байсан  уг шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэхээс гадна анхан шатны шүүх  худалдан авагчийг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг этгээдийн хувьд эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ худалдагчаас холбогдох бичиг баримт дагалдах хуудсаар чанарын шаардлагыг нотолсон байдлыг  шаардан авах болон эд барааг шалгаж авах эрхээ хэрэгжүүлээгүй нь хожим шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

            Тухайн худалдах, худалдан авах гэрээний зүйл нь амархан муудаж гэмтэх хадгалалтын тусгай горим нөхцөлийг шаардах хүнсний бүтээгдэхүүн байх тул хэрэгт авагдсан баримтууд болон шинжээчийн дүгнэлт нь маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт болж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч С.Д-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА  

                                                         ШҮҮГЧИД                                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                 О.НАРАНГЭРЭЛ