Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 01

 

                  

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 06 өдөр                    2021/ДШМ/01                                        Хэрлэн сум                                  

 

Б-өд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0001/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Д.Отгонтуяа,  

Хохирогч Э-,

Шүүгдэгч Б- нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б-, хохирогч Э- нарын давж заалдах гомдлоор Б-өд холбогдох эрүүгийн 2039000000181 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1975 онд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 5-36 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх С овогт Ч-н Б нь

Шүүгдэгч Б- нь 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 5-16 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С овогт Ч-н Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-өд оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие архи ууж эхнэртээ агсам тавьж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсандаа чин сэтгэлээсээ гэмшиж байна. Миний бие хөдөө айлын мал хөлсөөр харж амьдралаа авч явдаг тул анхан шатны шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү гэжээ.   

Хохирогч Э- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ам бүл тавуулаа амьдардаг бөгөөд нөхөр Б- нь хөдөө айлд мал маллаж амьдралаа залгуулдаг. Б- нь архи ууж, өөрийн ухамсаргүй үйлдлийн улмаас уг гэмт хэрэгт холбогдсон бөгөөд дахин ийм үйлдэл гаргахгүй гэдэгт итгэж байна. Иймд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Отгонтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Хэрэг прокурорын шатанд хянагдаж байх явцад хэргийг оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Б- нь тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэггүй, торгуулийн ял оногдуулах боломжгүй байсан байсан учир ял тохиролцоогүй хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Иймд Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Б- нь тухайн үед хамгийн бага хэмжээний торгуулийн ялыг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргож саад учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхэд түүнд торгуулийн ялыг оногдуулах боломжгүй байсан тул анхан шатны шүүхээс Б-өд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б-, хохирогч Э- нарын давж заалдах гомдлоор Б-өд холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б- нь 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 5-16 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э-г зодож  эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- баруун гараараа миний зүүн нүдний орчим цохиход нь би арагшаа унасан. ...намайг босож ирэхэд нүднээс цус гарч байсан. ...нөхөр маань юундаа маяглаад байгаа юм бэ гээд гуя руу өшиглөсөн. ...миний зүүн нүдэнд 5 оёдол тавьсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 13-15х/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 406 дугаартай

“ -Э-гийн биед зүүн дээд зовхинд шарх, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...

...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 17-18х/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-н 50-51х/,

Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би эхнэртээ агсам тавьж гараараа нүүрэнд нь нэг цохиж газар унахаар нь нэг удаа өшиглөсөн нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-н 23-24х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ.  

            Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байна.

            Б- нь айлд хөлсөөр мал малладаг гэх боловч цалин хөлс, орлоготой эсэх нь тодорхойгүй байх тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч болон хохирогчийн “торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 2020/ШЦТ/203   дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э- болон шүүгдэгч Б-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Я.АЛТАННАВЧ

                                ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ

                                                                                            Б.ДЭНСМАА