Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/107

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа,

Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-д холбогдох 2423000000127 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн .... сумд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн .... сумын .... багт оршин суух суух хаягтай,

Урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар,

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгүүлсэн, ....  овогт ...-ийн М, регистрийн дугаар .........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Н.М-ыг хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Н.М нь согтуурсан үдээ буюу 2024 оны 10 дугаар сарын 09-ний шөнийн 23 цаг 45 минутын үед Завхан аймгийн ...... сумын ..... багийн нутаг Оргиугийн ам гэдэг газарт иргэн Л.Б-ийн гэрт түүнтэй малын бэлчээрээс болж маргалдах явцдаа Л.Б-ийг зодож түүний эрүүл мэндэд баруун, зүүн нүдэнд цус хуралт, дээд эрүүний 1 дүгээр шүдний 3 дугаар зэргийн хөдөлгөөн, баруун гарын шууны дотор талд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хохирогч Л.Б-ийн “...2024 оны 10 дугаар сарын 09-ний орой би ажлаасаа тараад надтай хамт ажилладаг М (Б), Ж бид 3 нийлж байгаад дэлгүүрээс Цагаан гэдэг нэртэй 0,75 литрийн хэмжээтэй 2 шил архи аваад сумын төвийн доохно талд байдаг хөдөө гэртээ очсон. Манайд М, Ж, Б бид нар нөгөө 2 шил архиа хувааж уусан. Тэр 2 архиа ууж байгаад М-той би бэлчээрээс болж маргалдаж муудалцсан. Тэр маргаанаас болж М намайг зодсон. Тэгээд өглөө босоод би хажуу айлынхаа хүнд хэлээд эмч, цагдаа дуудсан. Ийм асуудал болсон. Бэлчээрийн маргаанаас болж маргалдсан. Тэрнээс болж М намайг зодож миний биед гэмтэл учруулсан. М нь гараараа миний нүүрэнд 2-3 удаа, нуруу руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн хоолой боосон. Миний шүд рүү цохиж шүд унагасан. Цээж их хөндүүртэй байна. М нь миний дээр гарчихсан байсан. Намайг боож унагаасан юм шиг байгаа юм. Тэгээд ухаан алдахаар хэр олон цохисныг сайн мэдэхгүй байна. Миний үүдэн дээд хэсгийн баруун талын 2 дахь шүд унасан, нүд хөхөрсөн, баруун талын гарын доод талд зулгарсан байна. Өглөө босож ирээд шүдээ хайгаад олоогүй. Одоо хоолой, толгой, нүд их өвдөж байна. Эмч дуудаж үзүүлсэн, аймгийн төв рүү орж эмнэлэгт үзүүл гэсэн. М нь намайг гараараа цохисон. Өөр ямар нэгэн зүйл ашиглаж зодоогүй. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн үед болсон байх. Тухайн асуудал нь манай гэрт болсон. Манайд Б, Ж, М бид 4 архи ууж байгаад Б гэр рүүгээ орсон. Ж согтоод тасраад уначихсан байсан. М бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Бид дөрөв 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан. Би өөрийн гэсэн ухаантай байсан. Тэгээд намайг зодсоноос хойш юу болсныг мэдэхгүй байна. Шүд унасан, бүх шүд өвдөж байна. Толгой, цээжин хэсэг хөндүүртэй байна. Одоо аймгийн төв орж эмнэлэгт үзүүлнэ. Манайхаас М нь хэдэн цагт гараад хаашаа явсныг нь би мэдэхгүй байна. Өөр ямар нэг зодоон цохион болоогүй. Ямар нэг гэмтэл байхгүй байсан. ...Эрүүл шүд байсан. Манай хажуу айлын Д гэдэг хүн зодсоны дараа орж ирж намайг харсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өглөө Б, Ж нар орж ирж намайг зодуулсан талаар мэдсэн. Өөр хүн  мэдэхгүй байх. Би гомдолтой байна. Эмчид үзүүлсэн төлбөр мөнгөө нэхэмжилмээр байна. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн зөв.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

Хохирогч Л.Б-ийн дахин мэдүүлсэн “...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэрт байрлах Оргиугийн ам гэдэг нэртэй газарт байх манай гэрт болсон асуудал байгаа юм. Миний санаж байгаагаар 2,000,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Тухайн зардалд авагдсан эмчилгээний баримт бичиг байхгүй. Н.М нь эмчилгээний зардал болох 2,000,000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Шүүх хуралдаанд зав гарвал очно. Би өөрийн биед учирсан хохиролд сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. Надад уг хэрэгтэй холбоотой гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч М.Б-ийн “...Би тэр өдөр хонио хараад гэртээ өнжсөн. Тэгтэл тэр орой 19 цагийн үед М, Б, Б (Ж) гурвуулаа манайд нэг шил архитай орж ирээд тэрийг нь бид 4 хувааж уусан. Тэгээд тэр архийг ууж байгаад юу болсныг мэдэхгүй байна. Би тасарчихсан юм шиг байна лээ. Би нэг сэрэхэд Б намайг загнаад байгаа бололтой байхаар нь би гэртээ орсон. Өглөө сэрсэн чинь зодоон болсон гээд байсан. Би Б-ийнд ороход авдар, сав суулгыг нь аваад шидчихсэн Б нь намайг шөнө М (Б) зодчихлоо гээд сууж байсан. Б-ийн уруул нь хавдчихсан, нүд нь хөхөрсөн, шүд уначихсан гээд байсан. Тэгээд би хониндоо явсан өөр зүйл мэдэхгүй байна. Би архи ууж тасраад гэртээ орсон болохоор яг юу болсныг нь мэдэхгүй. Б ярихдаа М бэлчээрийн маргаанаас болоод намайг зодчихлоо гэж ярьсан. Өглөө гэрт нь ороход гэр орныг нь буулгаад хаячихсан байсан. Б нь шүд уначихсан, нүд хөхөрчихсөн гээд сууж байсан. ...Яг зодоон болоход манай эхнэр гэртээ байсан гэсэн. Тэгээд бас өглөө нь орж харсан гэсэн. Манай эхнэрийн чих жаахан хатуу болохоор сайн сонсоогүй гэсэн. Уг нь намайг орж ирсний дараа манай эхнэр Б-ийнд орсон гэсэн тэгэхэд зодоон цохион хийгээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Ж.Д-ийн “...Би Алдархаан сумын Мандаат багийн нутаг дэвсгэрт мод тарих ажил хийж байгаа юм. Надтай хамт Б, М, Ж нар хамт ажил хийж байгаа. Тэгээд 10 дугаар сарын 09-ний орой ажлаа тараад гэр рүүгээ ахын машинд суугаад явсан. Тэгтэл М (Б)-ын машин дэлгүүрийн гадаа зогсож байгаад манайх руу чиглээд явсан. Тэгээд миний сууж явсан машины урд М-ын машин гараад шууд манай гадаа яваад очсон. Манай гадаа очоод бид нар бүгдээрээ манайх руу орсон. Манай ах намайг гэрийн гадаа буулгачхаад яваад өгсөн. М-ын машинаас Ж, М хоёр буугаад манайд орсон. Араас Б мотоциклтойгоо ирсэн. Тэгэхэд манай нөхөр хониноосоо ирчихсэн байсан. Ж, М, Б 3 манайд орж манай нөхөр Б нар нийлээд нэг шил Цагаан гэдэг нэртэй архи хувааж уусан. Тэгээд дахиад нэг архи уух гээд байхаар нь би наад тамхиа боль гээд гэрээсээ хөөсөн чинь тэр 4 Б-ийнд орсон. Тэгээд удалгүй манай нөхөр согтчихсон гэртээ орж ирээд унтчихсан. Тэгээд би жоохон байж байгаад Б-ийнд орсон чинь Ж тасраад уначихсан М, Б хоёр Агар нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд би Ж-г бос чи гээд хөлөөрөө өшиглөсөн чинь босоод ирсэн. Ж их согтсон байсан. Тэгээд би Б-оос гараад явсан. Тэгээд өглөө Б-ийг ажилдаа явъя гээд гэрт нь орсон чинь гэр орных нь хамаг тавилга уначихсан Б унтаж байсан. Тэгэхээр нь би Б-ийг бос ажилдаа явъя гээд босгосон чинь Б босоод ирсэн. Тэгээд босоод ирсэн чинь нүд нь хөхөрчихсөн, уруул нь хавдчихсан байхаар нь яасан юм гэж асуусан чинь М (Б) шөнө намайг зодоод ийм болгочихлоо гэсэн. Тэгээд надад өөр зүйл хэлээгүй. ...бэлчээрээс болж маргалдаад зодчихлоо гэж ярьсан. Угаасаа М нэг их согтоогүй байсан. Манай нөхөр Б гэртээ орж ирээд унтчихсан, Ж тасраад уначихсан байсан. Миний чих жоохон хатуу болохоор би шөнө хэдэн цагт зодоон цохион болсныг сайн мэдэхгүй байна. ...2 нүд нь хөхрөөд, нүүр нь хавдчихсан, уруул амнаас нь цус гараад хатаад, хавдчихсан байсан. Тэгээд би ажилдаа явж чадахгүй гээд буцаад хэвтчихсэн. Би амаа ангай гээд хэлсэн чинь амаа ангайгаад энэ шүд уначихсан байна гээд байсан. Цээж даагдахгүй байна гээд байсан. Тэгээд буцаад хэвтээд өгсөн. Би босоод ирээч гээд босгож ирээд нурууг нь харсан чинь нуруу нь эрээн цоохор болчихсон байсан. Б-ийн үүдэн талын шүд унасан гээд хэлээрээ оролдоод байсан. Ам нь тэр чигтэй цус болчихсон байсан. Дээд талынхаа шүдийг хэлээрээ оролдоод заагаад байсан. Манай нөхөр Б нь согтчихсон 2 гэрийн дунд орилж байгаад гэртээ орж ирээд унтчихсан. Би 23 цаг өнгөрч байхад Б-ийнд орсон. Тэгж ороход М, Б 2 агар нэртэй архи уугаад сууж байсан. Ж тасраад уначихсан байсан. М нэг их согтоогүй харин Б нь жоохон согтуу байсан. Тэгээд би наад архиа боль гэж хэлээд гараад гэртээ орсон. Намайг гэртээ ороод цаг харахад 23 цаг 45 минут болж байсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. ...Архи уугаад тэр шөнөдөө М-д зодуулаад биедээ гэмтэл авсан. Угаасаа тэнд М-оос өөр Б-ийг зодох хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Ч.Б-ын “...Би Алдархаан сумын төвийн дээд талд мод тарих ажил хийж байгаа юм. Надтай хамт М, Б, Д нар ажиллаж байгаа. Тухайн өдөр би ажлаа тараад М-ын машинд суугаад явсан. Тэгж явахдаа замдаа сумын төв орж дэлгүүрээс нэг шил Цагаан нэртэй архи аваад Б-ийнд очсон. Араас Б мотоциклтой ирсэн. Тэгээд нөгөө авсан архиа Б-ийн гэрт хувааж уусан. Тэгээд Б-ээс гараад Б-ийнд орсон. Тэгээд тэднийд ороод би тасраад унтаад өгсөн. Нэг мэдсэн өглөө болсон байсан. Сэрээд харсан чинь Б нь М (Б)-д зодуулчихсан гээд эмч, цагдаа дуудаад байсан. Тэгээд эмч, цагдаа ирсэн. Мөн Б-ийн эхнэр хүүхэд нь ирээд аймгийн төв аваад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би тэр шөнө Б-ийн гэрт баруун талаар нь унтсан байсан. Өглөө нь сэрээд харсан чинь Б нь намайг М зодчихлоо гэж ярьсан. Яг хэн зодсоныг нь би үнэхээр мэдэхгүй байна. Угаасаа тэнд Н.М, Б бид гурваас өөр хүн байгаагүй. Б эрт согтоод гэртээ ороод унтчихсан байсан. Б-ийн эхнэр Д нь хааяа нэг орж ирээд архиа боль гээд байсан. Надад мэдэх зүйл үнэндээ байхгүй байна. Нүүр нь хавдчихсан, уруул ам нь хавдаад цус гарчихсан байсан. Маргааш нь миний архи гардаггүй болохоор би сайн хараагүй. Ямар ч байсан намайг Б зодчихлоо гээд байсан. Тухайн үед цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна. Б-ыг хэдэн цагт явсныг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Б машинтайгаа ирсэн. Өглөө нь Б байхгүй байсан. Намайг эрүүл байхад ямар нэгэн маргалдсан асуудал байхгүй. Харин намайг согтоод унаснаас хойш юу болсныг нь би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Т.О-ын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 000000388 дугаартай “... 1. Иргэн Л.Б-ийн биед: Гэмтэл учирсан байна.

2. Иргэн Л.Б-ийн биед: Баруун, зүүн нүдэнд цус хуралт, дээд эрүүний 1-р шүдний 3-р зэргийн хөдөлгөөн, баруун гарын шууны дотор талд зулгаралт гэмтлүүд учирсан байна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүд нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

5. Уг хохирол нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

6. Иргэн Л.Б-ийн биед: Баруун, зүүн нүдэнд цус хуралт, дээд эрүүний 1-р шүдний 3-р зэргийн хөдөлгөөн, баруун гарын шууны дотор талд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1.-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Н.М нь нь согтуурсан үдээ буюу 2024 оны 10 дугаар сарын 09-ний шөнийн 23 цаг 45 минутын үед Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг Оргиугийн ам гэдэг газарт иргэн Л.Б-ийн гэрт түүнтэй малын бэлчээрээс болж маргалдах явцдаа Л.Б-ийг зодож түүний эрүүл мэндэд баруун, зүүн нүдэнд цус хуралт, дээд эрүүний 1 дүгээр шүдний 3 дугаар зэргийн хөдөлгөөн, баруун гарын шууны дотор талд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, бие биенээ хүндэтгэх, хүлээцтэй хандах хандлагагүй, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Н.М нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  • Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Н.М нь хохирогч Л.Б-д 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн, хохирогч Л.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлэг, тайлбар өгсөн байна. Мөн хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар өгсөн байна.  Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт ....-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Н.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ