Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/01348

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хангайн 00 дугаар гудамж, 00 тоот хаягт оршин суух, Х овогт Ч-ийн О /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Цогт дээд сургууль байрны 000 тоот хаягт оршин суух, Ц овогт Г-ийн Д/РД:0000000000/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 58 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Г.Д, түүний өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.                                     

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ч.Оюнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.О-гийн охин Ч.Эын найз залуу байсан Төрболд гэдэг лам залуу надад манай хамаатны эгч Г.Дд үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалаад 25 000 000 төгрөг хүүтэй зээлүүлээч гэсэн. Би Г.Дгийн гэрт нь очиж үл хөдлөх эд хөрөнгийнх нь бичиг баримтыг нь шалгаж үзсэн. Тухайн үед Г.Днь надад “...өөрийнх нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Цог дээд сургуулийн байр нь дуудлага худалдаанд орох гэж байгаа, 3 өөр хүн худалдаж авах гэж байна, дуудлага худалдаанд орвол миний үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэж зарагдах гээд байна мөнгө зээлээч” гэсэн. Хэрэв та мөнгө зээлчихвэл би дуудлага худалдаанаас хөрөнгөө чөлөөлж аваад дараа нь ямар ч асуудалгүй мөнгийг чинь найдвартай буцааж өгнө гэсэн. Ингээд би Г.Дд итгэж 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги нэмж төлөхөөр тохиролцож, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Гэрээ хийхдээ Г.Д үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг надад хадгалуулсан боловч хэсэг хугацааны дараа хэрэг болоод байна гээд буцаагаад авсан. Гэвч Г.Днь зээлсэн мөнгөнөөсөө нэг ч төгрөг буцааж өгөлгүй, янз бүрийн шалтаг хэлсээр өнөөдрийг хүрч байна. Иймд Г.Дгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 58 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Харицагч Г.Дшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би өөрийн өмч болох Хан-Уул дүүрэгт байрлах сургуулийн зориулалттай байрныхаа үл хөдлөх болон газрын татвараа төлөх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Огээс 25 000 000 төгрөгийг хүү тооцохгүйгээр 10 000 000 төгрөг нэмж өгөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулж дансаар 25 000 000 төгрөгийг авсан. Барилгаа газартай нь зарахаар хүмүүстэй тохиролцсон байсан учир зарагдангуут нь нэхэмжлэгчийн 35 000 000 төгрөгийг буцаан өгөх байсан. Гэтэл газрын гэрчилгээ шинээр авч байж зарагдах нөхцөл байдал үүссэн тул одоо болтол барилга зарагдаагүй байна. Анх нэхэмжлэгчтэй амаар тохирохдоо барилгыг газартай нь зарсны дараа мөнгийг өгөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч хэлсэндээ хүрээгүйд гомдолтой байна. Анхны гэрээг нэхэмжлэгч өөрийн танил хамт сургууль төгссөн гэх нотариатаар баталгаажуулан авсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Хан-Уул дүүргийн танихгүй нотариат дээр бид очиж гэрээнд өөрчлөлт оруулах гэсэн боловч хууль зөрчигдөнө гээд баталгаажуулж өгөөгүй тул Баянзүрх дүүргийн нэхэмжлэгчийн танил нотариатаар дараагийн хүчин төгөлдөр бус гэрээг хийлгэсэн. Гэрээнд 5 000 000 төгрөг нэмж 40 000 000 төгрөг болгон өгөх заалт оруулахаар нэхэмжлэгчтэй тохирч нотариат дээр очсон боловч гэрээг үндсээр нь өөрчлөн шинэ гэрээн дээр надаар гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 40 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Г.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 58 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч Г.Дзээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэг үндэслэлгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Зохигчдын хооронд 2018 оны 01 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ч.О зээлдэгч Г.Дд                25 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, зээлийн хүү 10 000 000 төгрөг, тохирсон хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна. /хх-24/

 

            Дээрх зээлийн гэрээний хүү тооцох журам болон хугацааг сунгаж, зээлийг буцаан төлөх хугацааг 2018 оны 01 сарын 07-ны өдөр болгон, зээлийн хүүг сарын 5 хувь байхаар тохиролцож, 2018 оны 12 сарын 24-ний өдөр дахин гэрээг бичгээр байгуулжээ. /хх-6/

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж тус тус заасан.

 

Зээлийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлж Ч.О, Г.Днар гарын үсэг зурснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 сарын 24-ний өдөр гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүү, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлага хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зээлдүүлэгч Ч.О нь зээлийн гэрээний дагуу 2018 оны 01 сарын 08-ны өдөр  25 000 000 төгрөгийг зээлдэгч Г.Дд дансаар шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргаагүй нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.О нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасны дагуу шаардах эрхтэй байгаа ч хариуцагч Г.Дгийн  “...уг зээлийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон газрын татвар төлөх зорилгоор авсан. Барилгыг газартай нь зарсны дараа мөнгийг буцаан төлөхөөр хүүгийн хэмжээг өндөр тохирсон байсан. Гэтэл газрын гэрчилгээ сая 2019 оны 05 сард гарсан...” гэх, нэхэмжлэгчийн “...Г.Дөөрийн өмчлөлийн Цог дээд сургуулийн байрыг албадан дуудлага худалдаанаас чөлөөлж, эд хөрөнгөө зараад мөнгийг буцаан өгнө гэсэн...” гэх тайлбар болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзыг багасгах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан.

 

Иймд хариуцагч Г.Дгээс зээлийн үндсэн төлбөрт 25 000 000 төгрөг, зээлийн хүү 15 000 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 49 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 447 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 402 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Од олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийн удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Дгээс 49 000 000 /дөчин есөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 /есөн сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 447 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 402 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ