Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/02417

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацралыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...,

 

Хариуцагч: ...,

 

Хариуцагч: ... нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагч ... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд ... баруун талд иргэн ...ийн вьетнам засвар, машин угаах газар орон сууцны барилга, түүний гадна талбайн тохижилтыг хариуцан хийлгэхэд иргэн ... инженер ... гэдэг даргатай хэдэн ажилчин авчирж туслагчаар ажилласан. Надаас урьдчилгаа 2,000,000 төгрөг авч ажилласан боловч 500,000 орчим төгрөгийн ажил хийгээд сураггүй болсон. Өөр ажилчид авч, би иргэн ... ажлыг хийж гүйцэтгэсэн. ... ярихдаа ...г их найдвартай сайн залуу гэж надад итгүүлсэн. Одоо уг ажлыг би өөрийн хүчээр хийж гүйцэтгэсэн тул 1,500,000 төгрөгөө авч ажилчдынхаа үлдэгдэл цалинг тавьж, өр авлагагүй болмоор байна. Анх би ... 3,000,000 төгрөгөөр хийлгэхээр санал тавихад 4,000,000 төгрөгт хийнэ гэсэн. Цаг явсан, хүйтэрсэн байсан учир энэ саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Урьдчилгаанд өгсөн 2,000,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг нь газар шороо ухаад ажилласан хүч хөдөлмөрийг нь үнэлээд би нэхэхгүй. ... бол ажил гүйцэтгэхээр тохиролцоогүй, ...г олж өгсөн болохоор хариуцагч ...аас шаардах зүйл байхгүй. Харин хагас дутуу ажил хийгээд, ажлаас хоцорч ирдэг, үр бүтээлгүй ажилласан учраас доголдолтой хийсэн ажлыг нь өөр хүмүүсээр дахин шинээр хийлгэж нэмж зардал гарсан.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа аман хэлбэрээр үүссэн. Туслан гүйцэтгэгчээр ...г оруулсан. Иргэний хуулийн 355 дугаар зүйлд зааснаар гэрээг хуульд заасан үндэслэлээр цуцалж болно. Хариуцагч ... гэрээний дагуу хийж гүйцэтгэх ёстой байсан ажлаа орхиж явснаар дуусгаж, хүлээлгэж өгөөгүй явсан. Ажлыг нь өөр хүнээр хийлгэж 3,500,000 төгрөг төлсөн учир 352.2.2-т заасны дагуу зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

 

Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

 

2020 оны 10 дугаар сарын 13-нд ... гуай миний утас руу залгаад хувиараа ажлын талбайн тохижилтын ажил авсан, хүн хүч, багаж хэрэгсэл гэх юм байхгүй гээд барилгын бригад олж өгөхийг хүссэн. Хүсэлтийнх нь дагуу би очиж уулзаад маргааш өдөр нь ... ахлагчтай барилгын бригад оруулж ажиллуулахаар тохиролцсон. Би мэргэжлийн зөвлөгөө өгч өөр зүйлд оролцохгүй гэдгээ хэлсэн. Тэд миний хажууд ярилцаад ажлын хөлсөө 4,000,000 төгрөгөөр хийх, багаж хэрэгсэл, ажилчдын цалин, илүү цагийн хөлс, хоол унд, унааны түлш шатахуунаа гаргах, өдөрт 10-16 цаг ажиллах, асфальт бетон тарааж тэгшлэх, 2 урсгалд бродюр суулгаж бэхлэх, хог цэвэрлэж талбай тэгшлэх гэхмэт ажлуудыг хийхээр тохиролцсон. Ажлаа 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хийсэн. Өдөрт 10-16 цаг сайн ажилласан. Тохиролцооноос гадна илүү бохирын худгийн өндөржилт өрлөг, фандусны 2 талын бетон цутгалтын ажлыг ч хийсэн. Би Монгол улсад 40 жил авто зам, гүүрний барилга, барилгын инженерээр ажилласан хүн. 10 дугаар сарын 18-нд бродюрын өндөр суулгасан асуудлаас болж бид хоёрт маргаан үүссэн. Нийтийн эзэмшил газрыг гудамж талбайг вьетнам засварын газрын эзэн гэх ... өмчилж, засварын газрын машины талбайн зориулалтаар ашигласан, хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэд цагаан таягтнууд гудамжаар нэвтрэх боломжгүй болгож өндөр суулгасан. Хүүхдийн тэрэг явах боломжгүй, мөн гудамж руу хогны машин нэвтрэх боломжгүй болгосны улмаас бродюрыг хэвтээгээр суулгах шаардлага тавьснаар маргаан үүссэн. Энэ нь хотын гудамж талбайн норм стандарт зөрчсөн үйлдэл байлаа. 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2 урсгалын хашлага бродюрыг ховхолж дахин намсгасан. Гэвч стандарт зөрчсөн хэвээр байсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт мэдээлнэ, торгууль тавиулна гэж би хэлсэн. Хэвтээ суулгах ёстой бродюрыг босоо суулгасан. 10 дугаар сарын 20-нд асфальто бетон хучилт хийх болсон ажилчид шөнөжин ажиллаад 3 цагт дууссан. Тэд нойргүй 6 хоног ажилласан байв. Маргааш нь бригадын ажилчид бага зэрэг унтаж амраад 11 цагийн үед багаж хэрэгсэл, ажлын гутал хувцсаа өмсөөд ирэхэд асфальто ирээгүй байсан. Асфальто аваад тарааж тэгшлээд тохиролцсон ажил дуусаж, үлдэгдэл 2,000,000 төгрөгөө авах байсан ч ... толгойт, ... хоёр ажлаас хоцорч ирлээ, одоо та нарыг ажиллуулахгүй, одоо буц, үлдсэн мөнгөө өгөхгүй гээд хөөж явуулсан. Гол нь тохиролцсон хөлсөө өгөхгүй л гэж үүнийг хийсэн. Ингээд асфальто ирэхэд хүнгүй болж би 5кг хүрзээр асфальто бетон тарааж тэгшилсэн. Анхны өдрөөс эхлэн өдөр тутамдаа ажлын хөлсийг тогтмол өгч байсан. Надтай цалин тохиролцоход би өөрийн хөлсийг 30,000 төгрөгөөр бодоод өгчих, харин барилгын бригадын хөлсөө л тохирсноороо өгөөрэй гэж хэлсэн. Би 2 удаа 6 хоногийн ажлын хөлсөнд 180,000 төгрөгийн цалин авсан. Би 60 настай, гэвч 5кг хүрз бариад 6 хоног хөлсөө дуслуулан байж ажлыг дуусгасан. 7 дахь хоногийн өглөө ажилдаа иртэл бид тэр бригадад 500,000 төгрөг илүү олгосон байна. Түүнийг буцааж авч өг гэсэн. Би тэднийг 2,000,000 төгрөг авч өгөлцсөнийг мэдээгүй. Тэд өөрсдөө л 6 хоногийн ажлын хөлсөө өгсөн. Тохиролцсон 4,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөг өгөөд хөөгөөд явуулсан. Дахин үлдсэн мөнгөө нэхнэ гэж ийм үйлдэл хийсэнд харамсаж байна.

 

Би ...тэй утсаар ярихад таныг гуйсан болохоор итгээд өөрсдийн ажлаа зогсоогоод 6 хоног 16 цаг ажиллаад илүү нэмэлт ажил бохирын сувгийн өрлөг, 2 фандусан ханын цутгалт, хэв зангидалт зэргийг хийсэн.... гуайн буруу тооцооллоос болж бродюрыг 2 дахин хавхалж суулгасан, үүнийг хэн ч хийж чадахгүй байсан. Ажлынхаа 50 хувийн хөлсийг авсан. Цалин, илүү цагийн хөлс, унааны шатахуун, өдөрт 2 удаа хоол унд, тамхи зэрэгт ороод таарсан. Та дахин ийм хүмүүстэй битгий харьцаж байгаарай. Ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөх болохоор өөр хүн болчих юм гэсэн. Барилгын бүтэн бригад 6 хоногт ажлын хөлсөнд 500,000 төгрөг авах ёстой гэсэн түүний шаардлага шударга бус, би тэднээс 1,500,000 төгрөг нэхэхээс үнэхээр ичиж байна...гэжээ.

 

Хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

Би 2020 оны 9 дүгээр сард ... эгчтэй хамт ажиллаж танилцаж байсан. Тэр ажлаа дуусгаад ... эгч таньдаг хүнд нь ажил байна гэсэн. ... нь ...тай ярилцаж ...талд байрлах иргэн ...ийн барилгын гадна талын тохижилтын ажлыг хийлгэх тухай амаар тохиролцсон. ... бид хоёр 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус ажлыг хийж эхэлсэн. Би, ... болон 4 ажилтантай хамт тус ажлыг хийж эхэлсэн. Бид ажлаа эхлээд 5 хонож байхад ... 5 дахь өдрийн өглөө бид нарыг ажлыг чинь хийлгүүлэхээ болилоо, бид нар үлдсэн ажлыг өөрсдөө хийнэ гэж хэлсэн. Тэгээд бид нар ажлыг бүрэн дуусгалгүй явсан. Ажил эхлэхэд ... 800,000 төгрөг, мөн 2 хоногийн дараа 1,200,000 төгрөг өгсөн. Бид анх ажлыг 4,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохирсон. Тухайн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байсан. Асфальт авах л дутуу байсан. Асфальт хийхэд 4 орчим цагийн ажил дутуу байсан. Энэ үед ... ажлыг болиулан бид нарыг явуулсан. Бидний хийсэн ажил нь бродюр суулгалт, фандус, фандусын хэв зангидаж цутгалт хийсэн, шатны марш, газар шорооны ажил, асфальтны тэгшилгээ зэрэг ажлыг хийсэн. Фандусны ажлууд болон шатны ажлуудыг хийхээр тохироогүй байсан. ... дээрх ажлуудыг хийж өгөхийг гуйсан учир бид нар хөлс авалгүй хийж өгсөн. Нийт ажил дуусахад асфальтны цутгалт дутуу, бусад ажил бүгд дууссан байсан. Бид өөрсдийн мөнгөөр багаж худалдаж авсан, мөн өдрийн хоол унааны мөнгө, бусад 4 хүний ажлын хөлс өдрийн 60,000 төгрөг, 4 хоногийн 24,000 төгрөг, нийт 4 хүнд ажлын хөлс 960,000 төгрөг, ойролцоогоор 1,500,000 төгрөг зарцуулсан. Миний хувьд ...д гомдолтой байна. Ажил дуусаж байхад ажлыг болиулан үлдэгдэл 2,000,000 төгрөгийг өгөөгүй байж 1,500,000 төгрөг нэхэж байгаад нь гомдолтой байна. Хүмүүсийг ажиллуулаад ажлыг нь дуусгалгүй мөнгийг нь өгөлгүй явуулаад, үлдсэн жоохон ажил дээр өөр хүмүүсийг хямдхан хөлслөөд ажиллуулаад ажлаа дуусгадаг явдал их байгаа. Миний хувьд ажлаа бараг дуусгаж байсан, үлдэгдэл мөнгө авах ёстой гэж бодож байгаа. Тэр үедээ бид хохироод ажлаа дуусгаж чадалгүй орхиод явсан. Биднийг ажил хийгээгүй гээд байгааг ойлгохгүй байна. Өөрөө болилоо, өөр хүнээр хийлгэлээ гэж хэлчихээд ажлаа хийх гэж очсон хүмүүсийг орхиж явсан гэж байгаа нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

... нь ..., ... нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...ы зүгээс нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй, өөрийн ажилласан хугацааны хөлсийг өдрөөр нь тооцож авсан ба ... болон түүний бригадаар тохиролцсоноос илүү ажил хийлгэсэн, буруу тооцооллын улмаас нэг ажлыг олон дахин хийсэн, үлдэгдэл ажлын хөлсийг өгөхгүй гэж хөөгөөд явуулсан гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

 

Хариуцагч ...гийн хувьд мөн ажил гүйцэтгэх гэрээг аман хэлбэрээр хийж, харилцан тохиролцсоноос илүү ажил хийлгэн, тохирсон ажлаа хийж дуусгаагүй байхад өөр бусад хүмүүсээр хийлгэнэ гээд ажил дуусахын өмнө болиулж, одоо үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, ажлын хөлс буцааж шаардаж байгаад гомдолтой гэж тайлбарлан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж байна.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь хариуцагч ...аас шаардах зүйлгүй буюу түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, ...д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ... нь ...талд байрлах иргэн ...ийн барилгын гадна талын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, 2020 оны 10 дугаар сараас ажлыг гүйцэтгэж эхэлснээр тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

... нь ийнхүү ...тэй аман хэлбэрээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх гадна талын тохижилтын ажлыг хийлгэх, ажлын хөлс 4,000,000 төгрөг төлөхөөр хариуцагч ...тэй тохиролцож, түүнтэй ажил гүйцэтгэх гэрээг мөн аман хэлбэрээр байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээдийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасны дагуу ... нь захиалагч ...ийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч болж, ...тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг ...гээр гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна.

 

... гэрээт ажлыг хийж гүйцэтгэхээр өөрийн ажилчидтай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс ажил гүйцэтгэж эхэлсэн бол захиалагч ... ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

 

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч, ажлын гүйцэтгэлийн чанар, нэмэлт ажил хийгдсэн эсэх талаар өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж мэтгэлцсэн.

 

Хариуцагч ... нь гэрээний дагуу тохиролцсон ажлын талбайд замын хашлага /бродюр/ тавих, асфальт тавих, газрын тэгшилгээ хийх зэрэг ажлыг хугацаа заалгүй гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд тийнхүү тохирсон ажилд ороогүй фандусны хажуу хананд хэв тавьж цутгах ажлыг нэмэлтээр хийлгэсэн болох нь хариуцагч ... болон ... нарын тайлбар, гэрч Энхбатын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Гэрээний дагуу гүйцэтгэгч тал 3 хоногийн хугацаанд хашлага тавих, фандусны цутгалт, газрын тэгшилгээ зэрэг ажлыг хийж гүйцэтгэн, асфальт тавих ажил хийхээр товлогдсон өдөр ажлын талбайд очиход нь ...г болон бусад ажилчдыг ажлаас хоцорсон гэх үндэслэлээр гэрээг цуцлахаар захиалагч ... мэдэгдсэн гэж хариуцагч тайлбарласан бол, нэхэмжлэгчийн зүгээс ...г доголдолтой ажил гүйцэтгэсний улмаас ажлыг зогсоож, өөр бусдаар ажлыг гүйцэтгүүлж хохирсон гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

... нь хууль болон гэрээнд заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байсан болох нь гэрч ..., ... нарын мэдүүлэг, зохигчдын тайлбараар нотлогдсон, харин хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй, нотлох баримтаар гаргасан фото зургуудын он, сар, өдөр тодорхойгүй, бусад баримтаар давхар нотлогдохгүй, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх гэж, 352.2.2 дахь хэсэгт доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй гэж тус тус заасан.

 

... нь ...г ажил гүйцэтгэх явцад доголдолтой ажил гүйцэтгэж, түүнийг нь засварлуулах буюу доголдлыг арилгуулахаар шаардлага хэрхэн гаргасан болох нь тодорхой бус, мөн асфальт тавих ажлын бэлтгэл хангаагүй, ажлаас хоцорсон зэрэг зүйлс нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Ингэхдээ Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуцлах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ... нь хуульд заасан гэрээнээс татгалзах журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул ...гээс ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 1,500,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн ...гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ...гээс 1,500,000 төгрөг гаргуулах тухай ...гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ...д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар ...д холбогдуулан энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлд давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА