Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/02187

 

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/02187

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,19-р хороо, Яргайтын богино 0-00 тоотод оршин суух хаягтай О овогт Г. Н /РД:ЧР00000000/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Чингэлтэй дүүргийн 4-р хороо 00-0 тоотод оршин суух Б овогт Ц-Я. У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1-р хороо 19-р хорооллын 49-р байрны 5 тоотод оршин суух Х овогт Ч. З /РД: ТГ00000000/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 52 455 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, Л.А, хариуцагч Ч.З, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.Н нь Герман улсад ажиллаж амьдардаг болно. Г.Н, Ч.З- нар нь найзын хүрээнд бие биенээ дэмжих, мөнгө төгрөг зээлүүлэх, бизнес хамтран хийх зэргээр олон зүйлүүдэд найрсаг харилцан ирсэн. Нөхөрлөлдөө үндэслэн Г.Н нь Ч.З-д 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 35 670 000 төгрөг 16 сарын хугацаатай буюу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүүгүй зээлүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Мөнгийг Ч.З-д бэлнээр өгч, Ч.З- ч өөрийн гараар буцаан төлөхөөр графикаа бичиж өгсөн. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 700 000 төгрөгийг буцаан өгсөн ба зээлсэн мөнгөө эргүүлэн өгөхгүй байх тул 34 970 000 төгрөг болон түүний алданги 17 485 000 төгрөг бүгд 52 455 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Нт нь Монголд ирэхэд хариуцагч Ч.З- мөнгө зээлээч гэсэн санал тавиад 14 000 долларыг хариуцагчид зээлсэн. Тухайн үеийн ханш нь 1311 төгрөг байсан. Зээл олгохдоо урьд байсан харилцаанд үндэслэн ямар нэгэн гэрээ хэлцэл хийлгүй сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Эхний 2 сарын хүүг авж 14 00 долларын төлөлт хийсэн байгаа. Энэ үеэс хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй. Тиймээс Г.Нт нь Ч.З-аас мөнгөө авах гэж удаа дараа шаардахад мөнгийг бэлнээр биш орон сууцаар тооцож төлөхийг санал болгосон. Тухайн үед нэхэмжлэгч нь гадаад улсад байсан учраас тухайн саналыг хүлээн аваад орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Тухайн гэрээг байгуулахдаа Монгол улсад байгаагүй учраас ээж н.Ц-оор хийлгэсэн. Гэрээгээр орон сууцны гурав дугаар давхрын нийт 45 м.кв байр 1 м.кв үнэ нь 1,000,000 төгрөг байхаар тооцсон. Тухайн үед зээлдүүлсэн 14,000 доллар дээр 5000 евро болон өөрийн зурсан уран зургуудыг нэмж өгөхөөр харилцан тохиролцсон. Улсын комиссод хүлээлгэн өгөхөд 5000 евро буюу ойролцоогоор 9,500,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон. Байр ашиглалтанд ороход 75,000,000 төгрөгөөр Ч.З- нь бусдад зарсан байсан. Энэ шалтгааны улмаас Г.Нт нь өөрийн захиалсан байраа авж чадахгүй болсон. Хариуцагч Ч.З- нь Г.Нтад найз нь зайсанд шинэ байр бариулж байгаа тэр байрыг ашиглалтанд орохоор тодорхой хугацааны дараагаар шинэ баригдах оффисийн байр санал болгосон. Г.Нт мөнгөө буцааж аваагүй байсан учраас тухайн үед зөвшөөрч санамж бичиг үйлдээд тухайн санамж бичигт 2014 оны 7 дугаар сарын 5 өдрийн байдлаар хариуцагчийн үйлчилгээний байрны 54,206,770 төгрөг төлөлт хийсэнг хүлээн зөвшөөрөөд гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу байшин баригдаагүй. Гэрээндээ 2014 оны 12 дугаар сард бүрэн ашиглалтанд орох нөхцөлтэй хийгдсэн. Уг гэрээний барилгууд баригдаагүй биелэгдээгүй зөвхөн цаасан дээр амлалт төдий байсан. Энэхүү үйл баримтын дараагаар 2015 оны үед Ч.З-ын эхний барьсан байшингаас ******* гэх хүн 2 өрөө байраа зарахаар болсон танайх тэр байранд ороорой төлбөрийг нь би хийнэ гэж хэлсэн. Нэхэмжлэгч Г.Нт нь ээж болон дүү нар нь тухайн байранд нь орох гэж байгаа учраас засвар хийсэн. Тухайн байранд 3 сар гаруй амьдарч байхад энэ байрны төлөлт хийгдэхгүй байна гээд байраа буцааж авахаар болсон гээд өвлийн хүйтэнд тухайн байрнаасаа хөөсөн байгаа. Амьдарч байх хугацаанд 5,000,000 төгрөгийг н.Т нь Г.Н-ад өгсөн. Энэ 5,000,000 төгрөгийг Ч.З- н.Т-т байраа буцааж авж байгаа учраас буцаагдаж хийсэн байгаа. 2010-2015 оны хооронд 3 удаагийн саналыг хүлээж аваад байр болон гэрээний дагуу байгуулагдсан мөнгөө ч аваагүй өнөөдрийг хүрч байна. 2010 оны аман тохироо хийгдсэн хэлцэлд үндэслэгдэн 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 35,670,000 төгрөгийн үлдэгдэл дээр тооцоо нийлээд зээлийн гэрээ хийсэн. Тухайн зээлийн гэрээний үүрэг нь 35,670,000 төгрөг ба 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүх зээлээ барагдуулахаар тохиролцсон байгаа. 8 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн гэрээнээс хойш 700,000 төгрөгийн төлөлт хийгдэж өөр ямар нэгэн төлөлт хийгдээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн шүүхэд өгсөн хариу тайлбараас нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг тайлбар гаргаж байна. Иргэний хууль 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир Г.Н нь Герман нөхөртөө үзүүлэхээр хийсэн хэлцэл гэж тайлбарласан. Хариуцагч талын хариу тайлбар нь хэрэгт авагдсан боловч одоо хариу тайлбараас дурдахад Г.Нт нь Герман найз залуугийнхаа мөнгөөр ээждээ байр авж өгсөн. Байрны мөнгийг янз бүрийн аргаар төлсөн найздаа үзүүлэх зорилгоор хийсэн гэж хэлээрэй гэсэн байгаа. Зээлийн гэрээ хийхээс 7 хоногийн өмнө өөрийн ээждээ авч өгөхдөө хариуцагчаас авлагатай мэт харагдуулах үүднээс энэ гэрээг хийсэн гэсэн байгаа. Хэрэгт нотлох баримтаар хамаарал бүхий байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хавсаргасан байгаа. Тухайн байр нь Герман хүний нэр дээр байгаа. Бид энэхүү тайлбарын дараагаар тухайн өмчлөгчөөс элчин сайдын яамаар дамжуулан авсан. Мөн гадаад паспортын зохих хэсгийг оруулсан байгаа. Тухайн тайлбарт ******* хэлэхдээ 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 29-ний өдрийг хүртэл өөрийн нэр ******* тоотод байрлах байрыг өөрийн мөнгөөр худалдаж авсан. Өнөөдрийг хүртэл тухайн байрны өмчлөгч гэж дурдсан байгаа. Хуулийн хүрээнд дүр үзүүлэн хийсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахад 2 үндэслэл дурдсан. Үнэн үйлдэл хийсэнг нөгөө тал мэдэлгүй хүлээн авсан байх ёстой. Мөн нөгөө тал хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр бус гэдгийг мэдсэний дараагаар уг илэрхийллийг хүлээн авахаас татгалзсан байх ёстой. Бодит байдалд талуудын хэн аль нь тухайн байдлын талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байсан гэж үзэж байна. Уг зээлийн гэрээ нь Иргэний хууль 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн гэж үзэхгүй. Мөн нэг үндэслэл нь 700,000 төгрөгийг орон сууц захиалан бариулах төлбөрийн буцаалт гэж үзсэн. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч нь Голомт банк дахь өөрийн данснаас гүйлгээний утга дээр ВЖ гэж хийсэн байхаар захиалгын гэрээний буцаалт гэж үзэж байна. Тухайн үед бие биенийгээ сайн мэддэг болохоор эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэний дараа өр төлбөрөө төлөөд яваач гээд хэлсэн гэж байсан. Энэ уулзалтын дараа 700,000 төгрөгийг хийсэн гэсэн. Одоо байгаагаас харахад 700,000 төгрөг хийхдээ санаа нь хариуцагч нь иргэн биш хуулийн этгээд байх ёстой гээд энэ мөнгийг хийсэн гэж бодож байна. Нэхэмжлэгч мөнгөн дүнгээ харснаас биш хууль зүйн үүднээс хараагүй гэж байсан. Хэлцэл гэдгийг Иргэний хууль 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар бичгээр буюу амаар хийж болно. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хуульчилсан байгаа. Энэ хүрээнд 2010 оны 14,000 доллар хугацаагүй зээлсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх ёстой гэж заасан хэдий ч зээлдүүлэгчийн шаардах эрхэд хамааралтай харин зээл төлөгчийн өөрөө хүсэл зорилгоороо хүү төлсөнг хязгаарлах үндэслэл болохгүй учраас хариуцагчийн 14,000 доллар өөрийн сайн дураар төлсөнг хязгаарлахгүй гэж байна. Энэ маргаан 2010 оны зээлийн гэрээтэй холбоотой маргаан учраас хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Тиймээс гэрээнээс үүдэлтэй шаардах эрх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан мөн Иргэний хуулийн 79.1, 78.1 хөөн хэлэлцэх хугацааны тасалдлыг заасан байгаа. Бодит байдалд зээлээ хугацаанд нь төлөхийг шаардах үе 2010 оны 8 дугаар сарын 25-ний өдөр орон сууц өгнө гэдэг санал гаргасан байгаа. Тиймээс орон сууц захиалах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэс хэсэгт зааснаар 2011 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлээд 16 сар гэж заасан байгаа. Тэгэхээр энэ үйлдэл 78.1.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн хойшлуулсан учраас хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж үзэж байгаа. Байр ашиглалтад орох хугацаа хүртэл хойшлуулсан. Дараагийн үйл баримт нь 2013 оны 7 дугаар сарын 5-ний өдөр хийгдсэн байгаа. Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар баталгаа гаргах замаар хүлээн зөвшөөрсөн бол зээлийн хугацаа тасалдана гэж заасан. Хариуцагчийн хувь санамж бичиг үйлдэж үүргээ хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Өнгөрсөн хугацаанд Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь бие биедээ итгэл найдвар төрүүлээд иргэний харилцаанд ороод яваад байсан байгаа. Зээлийн хэлбэрийг мөнгөн дүнгээр биш харин орон сууц өгнө гээд зээл төлөх хэлбэрээ өөрчлөөд байсан болохоос биш яг орон сууц захиалгын гэрээ биш байсан. Орон сууц авна гэхээр бодит байдалд хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн. Хэлцэл нь анх 2010 оны 4 дүгээр сард хийгдсэн. Үүнийг 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн нэг дүн дээр тооцоо нийлээд хасагдсан дүрмээр зээлийн гэрээг хийсэн. Тухайн үед яагаад зээлийн гэрээг хийсэн тухай асуухад нотариат зээлийн гэрээг ийм байдлаар хийж болохгүй гээд нэг загвар гаргаж өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр тооцоо нийлээд эцэслэгдэн хийгдсэн. Хүү байхгүй харин алдангитай гэрээ байгаа. Зээлдэгчийн зүгээс байр, оффис, эсвэл танилын байранд ороод мөнгийг нь төлөөд явна гэсэн олон санал тавьж байсан боловч тухайн үүргийн гүйцэтгэл нь хангагдаагүй гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэл гаргаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Ч.З- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. Г.Н бид хоёр 2003 оноос хойш сайн найз нөхдийн харилцаатай, эгч дүүгээс дутахааргүй байсан бөгөөд энэ хугацаанд түүнд миний зүгээс маш их тусалж дэмжиж, Герман улсаас ирэхэд нь гэртээ байлгаж, үзэсгэлэн гаргахад нь тусалж дэмжиж ивээн тэтгэж, урлан офиссоор хангадаг байсан. Тэрээр герман найз залуу Торстен гэх залуугийн мөнгөөр ээждээ байр авч өгч байгаа, байрныхаа мөнгийг бага багаар төлнө, чи надаас мөнгө авсан гээд гэрээ хийчих, би найз залуудаа үзүүлэх юм гээд Баянгол дүүргийн нотариат дээр уг гэрээг хийж батлуулаад мөнгө бэлнээр авсан гээд гарын үсэг зурах ёстой тэгж байж хүчин төгөлдөр болно гэж түүний хэлсний дагуу найздаа туслах зорилгоор энэ гэрээн гарын үсэг зурсан. Тухайн үед нотариат ч та хоёрын гараар бичсэнийг батлахгүй гээд би гараар нэмж бичсэн. Гэрээ байгуулсан өдөр Наранцацралд тийм их мөнгө байгаагүй би ч аваагүй. Нэхэмжлэлд зээлээс 700 000 төгрөг агсан гэж дурджээ. Энэ нь тусдаа гэрээний төлбөр байсан бөгөөд тодруулбал 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Г.Н нь ******* ХХК-тай орон сууцны зориулалттай үйлчилгээний төвтэй барилга захиалгын нийт 45 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан бөгөөд үүнээс 22 000 000 төгрөгийн төлөлтийг 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн байдаг. Үүнтэй холбоотой мөнгийг буцаан төлсөн мөн уг компаниас нийтдээ 30 778 870 төгрөг, 23 450 000 төгрөгийн барилгын материал авсан байдаг бөгөөд энэ төлбөрийг Г.Н нь одоог хүртэл өгөөгүй учраас сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Хариуцагч Ч.З- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Нт бид хоёр хооронд маш сайн найзууд байсан. ...2008 онд 14,000 доллар надад өгсөн гэж ярьж байгаа. Анх зургийн үзэсгэлэн гарахад нь 14,500 доллараар бүх зургийг нь худалдаж аваад 12,000 долларыг нь чи хадгаламжиндаа хий, чи мөнгөтэй байх хэрэгтэй гэж хэлж байсан. Нэхэмжлэгч нь өөрөө буцаж явах шаардлагатай байсан учраас 2,500 доллар өөрөө аваад явж байсан. Би боломжтой байх хугацаандаа найзыгаа чадалтай байлгахыг хичээдэг байсан. учир нь би эмэгтэй хүн маш сэтгэлийнн дарамттай байхыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. 2008 онд SS club-д үзэсгэлэнгээ гаргаад 14,500 доллараар зургийг худалдаж аваал 12,000 долларыг дансанд нь хийлгэсэн. Ирэхэд нь урлан болон гэр орноор нь хангаж Монголд байдаг охинтойгоо нэг өдөр ч гэсэн хамт байг гээд байраа хүртэл суллаж өгсөн. 2010 онд яагаад байрны санал тавьсан бэ гэвэл. Би нэхэмжлэгчид хэлж байсан охин нь 15 хүрлээ өөрийн гэсэн байртай болвол яасан бэ гээд санал тавьж байсан. Анх удаа ирхэд нь дүүгийндээ байршуулаад найз нь барилга барьж байна. Гэхдээ санхүүжилт хэцүү байна мөнгө зээлэх боломж байна уу гэхэд. Чиний надад өгч байсан 12,500 доллар нь чинь надад байгаа гэхэд би 5 хувийн хүүтэй авъя гэж хэлээд аваад төлж байсан. Дараа нь чи байртай болмоор байна гэдэг яриа гарч байсан. Тухайн үеийн 12,000 доллар нь ханшаараа 22,000,000 төгрөг байсан санагдаж байна. Ямар ч байсан 22,000,000 төгрөг байрны урьдчилгаа болгож өгч байсан. Г.Нт нь өөрөө ирээд үзэсгэлэнгээ гаргаад явахад нь дандаа зураг үлддэг байсан. Миний энэ хүнд яагаад тусалдаг байсан бэ гэхээр гол нь 2 охинтойгоо хамт байгаасай гэж хүсдэг байсан. Улаанбаатар их дэлгүүрт очиж зургийн үзэсгэлэн гаргахад нь хоол зэргийг нь би бүгдийг нь хийдэг байсан. Үзэсгэлэнгээс нь зөндөө зураг үлдэхэд би энэ үлдсэн зургийг чинь 10,000,000 төгрөгөөр үнэлээд байрны урьдчилгаанд чинь тооцоод авна гэж хэлж байсан. Нийт нэхэмжлэгч нь байрандаа 32,000,000 төгрөг төлсөн гэсэн үг. Цаана нь 13,000,000 төгрөг үлдсэн надад 5000 евро өгсөн гэдэг зүйл яригдаж байсан боловч надад өгсөн зүйл байхгүй. Би нэхэмжлэгчид маш их ажил өгч 7, 8 жилийн хугацаа цаг заваа зарцуулж байсан. Надад мөнгө хэрэгтэй байгаа учраас энэ байрыг зарлаа гээд тухайн байрыг зарсан. Байр зарагдсан гээд 2012 оны 7 дугаар сарын 7-ний өдөр хүлээн аваад худалдан аваад 9 сард амрахаар Герман явсан. Нэхэмжлэгч надад мөнгө хэрэгтэй байна. Өөрийн зурсан зурагтай алчууруудаа хийх гэтэл мөнгө байхгүй байгаад байна гэхээр нь өөрийн Герман улсад байдаг данснаас 3500 еврог нэхэмжлэгчийн үеэл дүүгийн дансанд хийж байсан. 2013 онд санамж бичиг хийгдээд би нэг барилга баригдаж байна авах уу гэхэд. Тэгье би авна гэсэн өдрийнхөө маргааш нь би зургийн үзэсгэлэн гаргамаар байна гээд үзэсгэлэнгийн түрээс болон зардлыг даагаад өгөөч гэж байсан. Би тухайн үед өөрөөсөө төлөөд бүх зүйлийг жин тан болж байхад манай аав ээж 2-ийн байшингийн дээвэр эвдэрсэн байна. Дээврийг нь янзлаад өгөөч ээ гэхэд ээж аав нь ирээд манай байгууллагаас 10,000,000 төгрөг бүхий дээврийн хар цаас болон дээврийн үйлчилгээ явуулдаг байгууллагад 3,500,000 төгрөг бүхий засвар үйлчилгээ хийлгээд дээврийг нь 13,500,000 төгрөгөөр хийж өгсөн. Дээвэр хийж өгсөнд манай ээж их баяртай байгаа гэдэг зүйл хэлж байсан. Миний зүгээс байртай болгоё гэдэг зүйл байсан учраас ******* гэх залуу 4 давхарт 2 өрөө байр зарна гэж байхад нь би авна гэж хэлээд нэхэмжлэгчийг ирсэн өдөр уулзаад энэ байрыг авна түлхүүрийг нь аваад засвар хийгээд орсон. Төлбөр тооцооны асуудлыг яах вэ гээд ярилцахад нэхэмжлэгч нийт авсан мөнгийг буцаж төлөх шаардлаггатай болоход их уурласан. Би алчуураа зарж байж төлнө гэж байсан. Би 16,700,000 төгрөг *******ийн дансанд байрны урьдчилгаа гээд төлж байсан. Тухайн үе 2014 онд санагдаж байна Г.Нтад мэнд хүргэх гээд залгахад ууртай утсаа аваад танай н.Т нь байрнаасаа гаргасан байна гэж байсан. Би н.Тярихад мөнгө хэрэгтэй байна төлбөрөө ч төлөхгүй байгаа учраас байраа буцааж авсан гэж хэлж байсан. Тэгээд 2014 оноос хойш харилцаа муутай болж эхэлсэн. Муу харилцаатай байж байхад нэг өдөр нэхэмжлэгч надруу залгаад чамд барилгын материал байвал манай найз н.С- өг янз бүрийн зүйлсээр төлж болно. Би н.С дуудаад 6,000 евро бүхий барилга сангийн материал өгсөн. Өгөөд байж байтал мессэжээр их муухай зүйл бичиж байсан. 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өөрөө ирээд дараа өдөр нь зээлийн гэрээ хийе гэж байсан. Тухайн үед захирал биш байсан учраас компанитайгаа уулз гээд олон удаа хэлж байсан. Намайг төмөр замын нотариат дээр хүрэд ирээ гэж дуудахад ямар байсан ээжийгээ гэртэй болгосон. Энэ мөнгийг нь би бага багаар төлнө гэж байсан. Тэгэхэд би чи үндсэн гэрээгээ бариад явах хэрэгтэй байна. Тухайн гэрээ яваад байгаа эсвэл бага багаар яваад байгааг нь мэдэхгүй байна. Н.С-д материал өг гээд утсаар яриад дараа нь чи бид хоёрыг нэг уулзуулаадахаач гээд хэлж байсан. Бид нар хоолонд ороод хэлж байсан н.Солонгоо би чамд материал өгсөн гэж хэлэхэд нэхэмжлэгч чи тэр материалыг нь авсан юм уу гэж байсан. Хэн хэндээ юу болсон тухай үнэнээ хэлээгүй байсан. Хүнээс олон жилийн өглөг өгч байсаны үүдэнд энэ хүнээс авах ёстой гэдэг ойлголт суусан байх гэж бодож байгаа. Би байж болох түвшин хүртэл зүрх сэтгэлээ зориулсан. Хамгийн гол гайхаж байгаа нь надаас маш их мөнгө авсан дараа нь зээлийн гэрээ хийе гэж итгүүлээд дараа нь тэрэндээ алданги тооцоод уулзалгүй шүүхэд ирж уулзсанд нь би их гомдсон. Ер нь миний тооцоогоор өглөг авлага дууссан дээрээс нь би энэ хүнээс ямар ч мөнгө зээлж аваагүй гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У нэхэмжлэгч Г.Ныг төлөөлөн хариуцагч Ч.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 52 455 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Ч.З- нар нь 2003 оноос найзалж нөхөрлөн бие биедээ мөнгөн болон эд материал сэтгэл санааны харилцан тусламж үзүүлэх зэргээр олон харилцааг үүсгэн харилцаж ирснийг зохигчийн хэн аль нь тайлбарлан ярьлаа.

Нэхэмжлэгч нь 2016 оны 8 сарын 21-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан 35 670 000 төгрөгийн зээлийн гэрээний үндэслэл болсон өмнөх зээлийн үлдэгдэл дээр байгуулсан бөгөөд 700 000 төгрөгийг л буцаан авсан тул үлдэгдэл төлбөр болон алдангийн хамт нэхэмжилж байна гэж тайлбарлан, хариуцагч нь өмнө нь зээлж байсан мөнгийг найз нөхдийн харилцаан дээр бүрэн төлж дуусгасан, өөрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалах гэрээний төлбөр дээрээс маргаан эхэлсэн, уг компанийн өмнөөс би үүрэг хүлээхгүй, зээлийн гэрээг байгуулсан гэж үзэхгүй, бэлнээр мөнгө шилжүүлээгүй гэж татгалзаж байна.

Дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Үүнд:

Хариуцагч Ч.З- нь нэхэмжлэгч Г.Нын зурсан уран зургийг худалдан авч эргүүлээд мөн түүнээс мөнгийг зээлсэн, мөн уг төлбөртөө тооцох замаар ******* ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа /37-р хуудас/ 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түүнтэй барилга захиалгын гэрээ байгуулж, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр уг гэрээг үндэслэн санамж бичиг байгуулан 54 206 770 төгрөгийг төлсөн талаар дурдан, барилгыг барьж дуусгах нөхцөл тохиролцсон байна. /хх53-62/

Ингээд өмнөх өр төлбөрөө тооцон тэдний хооронд 2019 оны 5 сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь гэрээний хуулбарууд болон тэдний хооронд харилцсан цахим зурвасууд /хх128-131/-аар тогтоогдож байх бөгөөд ерөнхий үйл баримтын хувьд талууд маргахгүй байна.

Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо:

Зээлийн гэрээ байгуулсан 2019 оны 5 сарын 21-ний өдөр зээлдүүлэгч Г.Наас зээлдэгч Ч.З-д мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй, уг гэрээний гол үндэслэл байр худалдан авах тохиролцоо болон санамж бичгийн үүргийн гүйцэтгэлийг шаардах хэлбэр болгон нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэм хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 281.2 мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасантай тэдний хороонд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь нийцэхгүй байна.

Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 5-д энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлсэн мөнгийг зээлдэгчид гардуулан өгсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно гэж зааснаас үзэхэд гэрээ байгуулагдсанд тооцох ч үндэслэлгүй болж байна.

Иймд зохигчийн хооронд 2016 оны 8 сарын 21-ний өдрийн байгуулсан зээлийн гэрээ нь өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, мөн хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна гэж дүгнэж байх тул уг хэлцлээс нэхэмжлэгч Ч.З- үүргийн гүйцэтгэлийг Г.Наас шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд талуудын хооронд анх 14 000 ам долларыг нэхэмжлэгч Г.Н-аас хариуцагч Ч.З-д зээлдүүлсэн үүргийн харилцаагаа өөрчлөн явсаар уг төлбөрийн шаардлагыг үүсч гарч байна гэж байгааг шүүх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь 14 000 ам доллар зээлдүүлсэн тухайн үеийн ханшаар 18 сая төгрөг болж байсан гэж талууд тайлбарлаж байх бөгөөд уг үүрэгтээ тооцон ******* ХХК-тай орон сууц захиалах гэрээ хийсэн буюу үүрэг гүйцэтгэгчийг сольж өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авснаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар Ч.З-аас дээрх мөнгийг буцаан авах үүрэг дуусгавар болсон байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Г.Наранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У-гийн нэхэмжлэлтэй, Ч.З-д холбогдох 52 455 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 420 225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Ц.УРАНГУА