Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2020/01000/И |
Дугаар | 183/ШШ2020/01281 |
Огноо | 2020-05-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2020/01281
2020 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2020/01281 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК,
Хариуцагч: Л.Ц,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18 744 125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ...................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Манай компани нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Ц-тай 19/85 тоот бетон худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 487 м.куб буюу 46 679 500 төгрөгийн үнэ бүхий бетог зуурмаг худалдсан. Гэрээний 4-р зүйлд бетон зуурмагийн үнийг захиалга өгөх үед урьдчилгаа болгон 50 хувийг төлөөд үлдэгдэл төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсоны дагуу 24 078 750 төгрөг төлж, үлдэх 22 600 750 төгрөгийг төлөөгүй байна. Манай компаний зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ирээд, “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Барагдуулаагүй тохиолдолд хууль шүүхийн байгууллагад хандахад гомдолгүй ...” гэх хүсэлт өгсөн. Иймд гэрээний 4.5-д “...төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хоцроосон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, худалдагч талд төлнө...” гэж заасны дагуу төлбөр төлөх эцсийн хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс алданги тооцож, үндсэн төлбөр 22 600 750 төгрөг, алданги 11 300 375 төгрөг, нийт 33 901 125 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэрээнд заасан барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг хариуцагч талтай хамт үнэлүүлэх гэтэл ямар нэгэн акт үйлдэлгүй, анх барьцаалж байх үеийн чанар байдлаас дордсон нөхцөл байдалтай машиныг орхиж явсан байсан. Компанийн зүгээс тус машиныг оношлуулахад термостат засвар, оношилгоо, машины татвар, машины торгууль болох 100 000 төгрөгийн торгууль гэх мэт зардлууд гарсан. Түүнчлэн үнэлүүлэхэд уг машины зах зээлийн үнэ 16 000 000 төгрөг болсон. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс зардлууд болох 843 000 төгрөгийг хасаж, үлдэх 15 157 000 төгрөгөнд тооцож тээврийн хэрэгсэлийг хариуцагч өгсөн гэж үзэж, үлдэх 18 744 125 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэв.
Хариуцагч Л.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “…Би бэх ремикон ХХК-иас өөрийн барилгад бэлэн мөнгөөр зээлээр бетон зуурмаг авч байсан нь үнэн. Хүйтэрч, барилга зогссоноос сүүлийн төлбөр тооцоог хийж чадаагүй. Б ХХК-ийн нягтлан Ш.У нэр дээр гэрээнд тусгаж үүргийн гүйцэтгэлд манай 0091 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн ML350 маркийн бенз машиныг шилжүүлж өгсөн, барьцааны автомашиныг мөн хүлээлгэж өгсөн. Иймд уг барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Л.Ц-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 901 125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох автомашиныг хүлээж авснаар, нэхэмжлэлийн шаардлагаа 15 157 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 18 744 125 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Б ХХК-ийн нягтлан Ш.У нэр дээр гэрээнд тусгаж үүргийн гүйцэтгэлд манай 0091 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн ML350 маркийн бенз машиныг шилжүүлж өгсөн, барьцааны автомашиныг мөн хүлээлгэж өгсөн. Иймд уг барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Б ХХК болон хариуцагч Л.Ц нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд, нийт 1000 м.куб бетон зуурмагийг 125 700 000 төгрөгөөр худалдан авагч талын захиалгын дагуу нийлүүлэхээр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон байна.
Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 22 600 750 төгрөг, алданги 11 300 375 төгрөг, нийт 33 901 125 төгрөгийн үлдэгдэлтэй талаар талууд маргаагүй.
Харин хариуцагч нь “...Б ХХК-ийн нягтлан Ш.У нэр дээр гэрээний үүргийн гүйцэтгэлд 00-91 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн ML350 маркийн бенз машиныг шилжүүлж өгсөн, барьцааны автомашиныг мөн хүлээлгэж өгсөн, барьцааны зүйлээр дээрх гэрээний үүрэг биелэгдсэн тул зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Талууд дээрх 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.2 дахь заалтаар “...үлдэгдэл 50 хувийн төлбөр болох 62 800 000 төгрөгт ...00-91 УНТ улсын дугаартай, Бенз МЛ-350 маркийн, сааран өнгийн суудлын автомашиныг 27 000 000 төгрөгт тооцон барьцаалж, машины өмчлөлийг ...Ш.У-д шилжүүлэн өгөхөөр” харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний энэхүү заалт биелэгдэж, барьцааны зүйл Ш.У өмчлөлд шилжсэн болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Ашид билгүүн ХХК-ийн автомашины үнэлгээний тайланд “...эзэмшигчийн нэр Ш.У” гэж тусгасан зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч дээрх үйл баримтад үндэслэж, барьцааны зүйл болсон автомашиныг 15 157 000 төгрөгөнд тооцон, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Дээрх үйл баримтаар талууд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.2 дахь заалтаар, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан фидуцийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан.
Хуулийн дээрх заалт болон гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгч Л.Ц үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс фидуцийн зүйл болох автомашиныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүрэг гүйцэтгүүлэгч Б ХХК бодитойгоор гаргуулан авсан байх тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.
Иймд шүүх нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Ц-с 18 744 125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ