| 2022 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2022/01360 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг * гудамж Засгийн газар * дүгээр байр ТАЗийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, *үгээр хороолол, *ө гудамж, * байр, * тоотод оршин суух Б овогт Б.Г /РД:ГЮ*3/-д холбогдох
Гуравдагч этгээд: Хан-уул дүүргийн ПГ
Төрд учирсан хохиролд 17 488 340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.М, Б.Г,
хариуцагчБ.Г, өмгөөлөгч, Э.Х,
нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТАЗ хариуцагчБ.Гд холбогдуулан төрд учруулсан хохирол 17 488 340 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ИргэнБ.Г нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар Б.Сг тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас халсан бөгөөд Б.С шүүхэд гомдол гаргасан байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0*** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаар магадлалаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б.Сд сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Сг урьд эрхэлж байсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 17 418 141 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинг Б.Сд олгохоор 15 746 526 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1 741 814 төгрөгийг Нийслэлийн татварын газарт шилжүүлсэн байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 17 488 340 төгрөгийг тбуруутай шийдвэр гаргасанБ.Ггаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0*** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 58 дугаар магадлалаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б.Сд сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Сг урьд эрхэлж байсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 17,418,141 төгрөгийг олгож, нийгмийн даатгалыг болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн байгаа асуудлаар маргахгүй. Гэвч албан тушаалтны хувьдБ.Ггийн гаргасан 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 дугаар Б.Сд сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалтай холбогдуулан тайлбар, татгалзал гаргах боломжийгБ.Гд олгоогүй байдаг. Анх 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжийн 1 дүгээр заалтаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Бг үүрэгт ажлаас нь халсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжаар баталсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулалтын бүтцийг дур мэдэн өөрчилсөн гэх шалтгаанаар дээрх хариуцлагыг оногдуулсан. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/39 дүгээр Нийслэлийн засаг даргын Албан үүргийн түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамжаар Худалдан авах ажиллагааны газрын орлогч даргаБ.Гг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.Б.Г нь томилогдсныхоо дараа Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулалтыг Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжинд нийцүүлэн өөрчилж, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/15 дугаар Тазрын зохион байгуулалтын бүтэц батлах тухай тушаалыг гаргасан. Уг тушаалын биелэлтийг хангуулахаар 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б/55 дугаартай Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Б.Сг албан тушаалаас нь чөлөөлөөд мөн тус өдрийн Б/68 дугаар Б.Сг албан тушаалд томилох тухай тушаалаар Б.Сг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон. Гэтэл Б.С нь ажпын 12 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй бөгөөд яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар тодруулах гэсэн боловч утсаа авахгүй, холбогдох ямар ч боломжгүй байсан. Үүнээс үүдэн Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажил зогсонги байдалд орж, үүрэгт ажлыг нь үргэлжлүүлэх шаардлагатай байсан тул 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б/113 дугаар тушаал гаргаж Б.Сд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Үүний дараа Б.С нь үндэслэлгүйгээр халсан байна гэх мэт ямар нэгэн гомдолБ.Гг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд гаргаж байгаагүй.Б.Г нь 2019 оны 04дүгээр сард буюу ажлаас халах тушаал гарснаас 1 жилийн дараа Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллахаа больсон. Гэтэл үүний дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бөгөөдБ.Гг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдмөгц шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхэд маргаж байх явцдаа тухайн үеийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Бгаас ээлжийн амралттай байсан тухай тодорхойлолт гаргуулж авсан байсан. Захиргааны хэргийн шүүх энэхүү баримтыг үндэслэн ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан нь үндэслэлгүй тухай шийдвэр гаргасан байна. Э.Б болон Б.С нар нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Мөн Б.С нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан зүйлгүй бөгөөд Б.Сг амралттай байх хугацаанд ажпыг нь түр орлон гүйцэтгэгчид акт үйлдэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, бүхэл бүтэн 12 хоногийн хугацаанд холбогдох гээд чадаагүй, 2018 оны 03 дугаар сард ээлжийн амралтын олговор олгогдоогүй зэргээс үзэхэд Б.С нь хууль ёсоор ээлжийн амралтын хуваарийн дагуу амарсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэгэнтБ.Г нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн тул өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлээ нотлох, захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлд тайлбар, татгалзах өгөх боломжгүй байсныг дурьдах нь зүйтэй. Төрийн албаны тухай хууль нь анх 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан бөгөөд тус хууль нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл болгож байгаа Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхэлсэн. Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн заалт нь шинээр нэмэгдсэн бөгөөд өмнө нь ийм агуулга бүхий заалт байгаагүй. Иймээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2018 оны 03 дугаар сарын 20- ны өдрийн Б/113 дугаар тушаал хүчингүй болсон ч тухайн тушаалтай холбоотой үүссэн хохирлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс дагаж мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг үндэслэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Төрийн албан тухай хуулийг буцаан хэрэглэхгүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй болно.
4. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 20- ны өдрийн Б/113 дугаар тушаал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0*** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020.04.08-ны өдрийн 158 дугаар Хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2020.04.239-ний өдрийн 51 дугаар шүүхийн тогтоол, 2021.11.10-ны өдрийн №251 Б.Сд шүүхийн шийдвэрийн дагуу 15 746 526,90 төгрөг шилжүүлсэн төлбөрийн хүсэлт, хаягийн бүртгэлийн лавлагаа, ТАЗийн 2022.02.08-ны өдрийн 04/305 дугаарБ.Г танаа албан бичиг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-25/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд
ХариуцагчБ.Г нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар Б.Сг тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас халсан бөгөөд шийдвэр хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 17 418 141 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Б.С нь үндэслэлгүйгээр халсан байна гэх мэт ямар нэгэн гомдолБ.Гг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд гаргаж байгаагүй.Б.Г нь 2019 оны 04 дүгээр сард буюу ажлаас халах тушаал гарснаас 1 жилийн дараа Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллахаа больсон. Гэтэл үүний дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бөгөөдБ.Гг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдмөгц шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхэд маргаж байх явцдаа тухайн үеийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Бгаас ээлжийн амралттай байсан тухай тодорхойлолт гаргуулж авсан байсан. Захиргааны хэргийн шүүх энэхүү баримтыг үндэслэн ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан нь үндэслэлгүй тухай шийдвэр гаргасан байна.Б.Г нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн тул өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлээ нотлох, захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлд тайлбар, татгалзах өгөх боломжгүй байсныг дурьдах нь зүйтэй. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 дугаар тушаал хүчингүй болсон ч тухайн тушаалтай холбоотой үүссэн хохирлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс дагаж мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг үндэслэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. гэж тайлбарлажээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0*** дугаар шийдвэрээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 дугаар тушаал хуульд нийцээгүй талаар дүгнэж, Б.Сг тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17 418 141 төгрөгийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гаргуулахаар шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрт хариуцагч Нийслэлийн худалдан авах газар давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 4-16/
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дагуу Б.Сд 2021 оны 11 сарын 10-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинд 15 746 526 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 1 741 814 төгрөгийг Нийслэлийн татварын газарт тус тус шилжүүлсэн болох нь ТАЗийн 2022.02.08-ны өдрийн 04/305 дугаар ...Б.Гүндсамбууд хүргүүлсэн мэдэгдэлд дурдснаар тогтоогдож байна./хх-ийн 25
5. Хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 дугаар тушаалд 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд хамаарахгүй, хуулийг буцаан хэрэглэж байгаа нь хуульд нийцэхгүй гэх татгалзалыг шүүх үндэслэлгүй гэж дүгнэв.
Тодруулбал, 2019.01.01-ний өдрөөс үйлчлэхээр хуульд оруулсан дээрх зохицуулалтаас өмнө, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 35 дугаар зүйлд энэ агуулга байсан, хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ТАЗ нь ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гэж заасан байжээ. Иймд ТАЗ нь төрийг төлөөлж нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй, хуульд оруулсан өөрчлөлт хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй тул уг хуулийг хэрэглэх нь хууль зөрчихгүй гэж шүүх үзэв.
Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д ...Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан нь хариуцагчид хуулиар хүлээлгэж буй үүрэг болно.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж заасны дагуу хариуцагчБ.Г нь төрд учруулсан хохиролд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон 17 418 141 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т зааснаар ТАЗ нь төрийн албаны төв байгууллага тул мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж заасны дагуу төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгч ТАЗ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бичгийн нотлох баримтуудыг тухайн байгууллагын хуулбар үнэн тэмдэг, шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэгийг даруулж, ирүүлснийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхээргүй байна.
Харин дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь https://shuukh.mn/ сайтад хадгалагдаж байгаа нийтэд илэрхий баримт тул дээрх шийдвэрийг үндэслэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчБ.Ггаас 17 418 141 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, илүү нэхэмжилсэн 70 199 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчБ.Ггаас улсын тэмдэгтийн хураамжид 245 040 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ