Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/823

 

 

 

 

 

 

 

     2024        07         19                                 2024/ШЦТ/823

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

улсын яллагч Э.Мөнх-Оргил /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй эрүүгийн 2406 01899 1478 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн .... овгийн .... Г ... оны ... дугаар сарын ....-ний өдөр ... аймагт төрсөн, .... настай эрэгтэй, ... боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн 8 дугаар хороо .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: .....)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь ... оны .... дугаар сарын ...-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... төвийн урд талын засмал зам дээр хохирогч .... “зам дээр шахлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний машины онгорхой цонх руу усны сав шидэж, нүүр хэсэг рүү нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Прокурорын тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

Хохирогч ....: “...Би .... оны ... дугаар сарын ...-ны өглөө 09 цагийн үед ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дээр зүүнээс баруун зүгт чиглэлтэй өөрийн Тоёота Приус 20 маркийн саарал .... дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Намайг машинаа бариад явж байхад миний баруун талаар 1 дүгээр эгнээнд явж байсан .... маркийн цагаан өнгийн ... улсын дугаартай машин шахаад байсан. Намайг өөрөө шахчхаад чи яагаад шахаад байгаа юм бэ? гэж хэлэхээр нь би чи өөрөө шахаад байна шүү дээ, зам гулгаатай байна толиндоо харалдаа гэж хэлсэн. Тэгэхэд намайг чи өөрөө замаа харалдаа гэх мэтээр хэлж байсан. Тэгээд бид 2 харалдаа явж байхад нөгөө машины жолооч цонхоо нээгээд миний талын цонхоор цэнхэр өнгийн хуванцар соруултай хэрэглээний усны саваа миний нүүр хэсэгт шидсэн. Би чи яахаараа хүн рүү юм шидээд байгаа юм гэж хэлээд машинаасаа буугаад очих үед намайг боогоод чи намайг хэл амаар доромжлоо биз дээ гэж хэлсэн. Тэндээ намайг боогоод байсан бас зам халтиргаатай байсан болохоор нь би газарт унасан. Тухайн үед цагдаа дуудлаа гэхэд уурлаад зүүн зүгт эргээд яваад өгсөн. Би цагдаагийн байгууллагад ийм учраас гомдол гаргаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №4243 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. .... биед баруун нүдний гадна шарх, цус хуралт, баруун зовхи, баруун шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 18-19/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

 Гэм буруугийн дүгнэлт:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч .... биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйл байхгүй учир хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг гаргасан байгаа. Дээрх хүсэлт болон яллагдагчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн хохирогч .... хохирол, хор уршиг баримтаар нэхэмжлээгүй” гэх дүгнэлт

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх дүгнэлт гаргаж улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч .... үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч .... эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 

Мөн шүүгдэгч ******* нь хохирогч .... биед баруун нүдний гадна шарх, цус хуралт, баруун зовхи, баруун шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ... үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч .... “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ...” гэх санал,

шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч .... нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. .... овгийн .... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    А.БАТМАНДАХ