| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/02464/И |
| Дугаар | 102/II2021/02337 |
| Огноо | 2021-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/II2021/02337
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацралыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... холбогдох,
4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ... оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би ... 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж 4,000,000 төгрөгөөр ... улсын дугаартай автомашиныг худалдан авахаар гэрээ хийсэн боловч машиныг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй, 6 сарын дараа хувь лизинг дуусаад өгнө гээд, тэр хугацаа нь өнгөрсөн боловч өгөөгүй. Тэгээд ...д машинаа буцааж өгсөн. Тэр хугацаанд миний мөнгийг буцааж өгье гэсэн ч хөдөө ажиллаж байна, коронатай гаргахгүй байна гэж худал хэлсээр сүүлдээ цагдаа шүүхээр аваарай гээд, мөн машиныг чинь онхолдуулсан гэж хэлсэн. Иймд хохирол болох 4,000,000 төгрөгийг ...аас гаргуулахаар шаардаж байгаа. Гэрээг 3,500,000 төгрөгөөр хийсэн нь үнэн. Тэгэхдээ засварлуулахад 500,000 төгрөгийн зардал надаас гарсан. Машиныг нь би 2020 оны 9 дүгээр сард ...д буцааж өгсөн байгаа. Тиймээс миний хохирлыг барагдуулж өгнө үү...гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
... нь ...д холбогдуулан, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 4,000,000 төгрөг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ... 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ..., ... нарын хооронд №44 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу худалдагч ... нь ... ... улсын дугаартай суудлын автомашиныг худалдан авагч ...ын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь 3,500,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж, төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 5-6/
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд ... нь гэрээний үүргээ биелүүлж 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ...д 3,500,000 төгрөгийг 5 удаа хувааж төлсөн болох нь нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-4/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд, хариуцагч ...ыг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч эзэмшлийг шилжүүлээгүй буюу эрхийн зөрчилтэй хөрөнгийг худалан авагчид шилжүүлснээр худалдан авагч гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг худалдагч талд буцаан хүлээлгэж өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ... нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу төлбөрт төлсөн 3,500,000 төгрөгийг хариуцагч ...аас шаардах эрхтэй.
Харин гэрээний зүйлийг засварлахад зарцуулсан 500,000 төгрөгийн зардлыг хариуцагчаас шаардсан ба хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн уг шаардлага нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...аас 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 78,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА