Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2018/0828

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 14 өдөр Дугаар 128/ШШ2018/0828 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогтой Ц.М ***********

Хариуцагч: Нийслэлийн Тээврийн газрын дарга

Гуравдагч этгээд: С овогтой М.М /РД:**********/

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Оын ажлаас халах тухай 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот захиргааны актыг хүчингүй болгуулах, Нийслэлийн тээврийн газрын захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээд М.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц овогтой М миний бие Нийслэлийн тээврийн газрын Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн даргаар 2016 оны 09 дүгээр сараас томилогдон ажилласан. Энэ хугацаанд байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, байгууллагаас гарч байгаа тушаал шийдвэрийг зөвтгөх, байгууллага хамт олны дунд нөхөрсөг эв эеийг эрхэмлэх зарчмыг баримтлан ажилласан.

2017 оны 8 дугаар сард Нийтийн тээврийн үйлчилгээнд төлбөр төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий шалгагч нарыг ажиллаж байгаа компаниудаас нь шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын А/591 захирамж гарсан. Уг захирамжид тусгасан ажил үүргийг гүйцэтгэх компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль, журмуудын дагуу явуулж, сонгон шалгаруулахгүйгээр Сити бааз консалтинг ХХК-тай гэрээг шууд байгуулсан. Уг гэрээг шууд байгуулах нь хуульд нийцээгүй, шударга бус үйл ажиллагаа гэж би удаа дараа хэлж байсан ч хүлээж авалгүй, дарга Д.О нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отэй нийлж шууд гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан. Гэрээнд гарын үсэг зурахгүй бол ажлаа өг гэж дарамталсан. Дээрх гэрээг хууль бусаар байгуулсантай холбоотой гомдол Авилгатай тэмцэх газарт очиж үүний дагуу 2017 оны 10 дугаар сард Авилгатай тэмцэх газраас намайг дуудан дээрх гэрээг хууль бусаар байгуулсан, хууль бус гэрээ байгуулахад хамтарсан гэх шалтгаанаар шалгаж эхэлсэн. Миний бие Авилгатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхдөө хууль дээдэлж зөвхөн үнэнийг мэдүүлсэн. Гэтэл үүнээс улбаалан дарга Д.О нь надтай шалтгаангүйгээр муудаж, чи Авилгатай тэмцэх газарт очиж үнэнийг хэллээ, намайг илчиллээ гэж зүй бус зан гарган, элдвээр хараан чамайг хална, ажлаасаа гар, тушаалыг чинь гаргана гэх зэргээр дарамталж эхэлсэн. Надад хариуцлага тооцох, халах гэж удаа дараа оролдоод зогсохгүй нийт албан хаагчдын дунд ёс бус үг хэллэгээр олон удаа дайрч доромжлон ажлаа өгөхийг хагас жил шаардсан. Эцэст нь өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн ажил үүрэгтэй ямарч хамааралгүй зүйлээр үндэслэн ажлаас халлаа.

Энэхүү ажлаас халах тухай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тушаалд заасан 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/74 дугаар тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг нь надад хамааралгүй чиг үүрэг бөгөөд Д.О дарга 2017 оны 12 дугаар сараас хойш шууд удирдлагын дагуу надад үүрэг даалгавар өгч байгаагүй.

Нийслэлийн Тээврийн газрын ахлах нягтлан бодогч Э.Э нь надаас ямар нэгэн үүрэг даалгавар авдаггүй зөвхөн газрын дарга Д.Оаас үүрэг даалгавар авч, хэрэгжүүлснээрээ аудитын хязгаарлалттай дүгнэлт авсан юм. Миний бие ахлах нягтлан бодогчЭ.Эд амаар биш бичгээр үүрэг даалгавар өгч байсан ба энэ талаар үйлдэгдсэн тэмдэглэл протокол, албан бичгийн программ бусад нотлох баримтаар нотлогдох болно.

2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/36, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар тус тус өгсөн үүрэг даалгаврын хугацааг хэтрүүлсэн, чанарын хувьд доголдуулсан гэжээ. Дээрх ажлын хэсгүүдийг хуваарийн дагуу хуралдуулж мөн тодорхой шийдэл шийдвэрүүдийг гарган захиргааны зөвлөлийн хуралд бичгээр танилцуулж байсан боловч Д.О хувийн хонзогносон байдлаа гаргаж ямар нэгэн эцсийн шийдэл гаргаж өгөхгүй байсаар удааширсан.

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаанд нь багтаан хэрэгжүүлээгүй хангалтгүй хэрэгжүүлсэн гэж уг төлөвлөгөөний дагуу миний бие ахалсан ажлын хэсэг 6 удаа хуралдаж тодорхой шийдэл шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэхээр үүрэг даалгавар өгч ажилласан мөн хурлын тэмдэглэл үйлдэж тайлан мэдээгээ Нийслэлийн засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хэлтэст хүргүүлж онц сайн дүн авч байсан.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн дагуу Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба болон нийтийн тээврийн салбарын аж ахуй нэгж, байгууллагуудын гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй гэжээ. Дээрх үйл ажиллагаанд миний бие оролцох бүрэн боломжтой байсан бөгөөд албан ёсоор мэдэгдээгүй, үйл ажиллагаа болох тухай мэдээлэл байгаагүй энэ үйл ажиллагаанд зориулж хээрийн хувцас захиалсан байсан юм билээ, түүнийг нь би мэдээгүй надад хэлээгүй оролцох боломж нөхцөлөөр хангаагүй байсан тул албан ажлаа хийгээд ажлын байрандаа байсан нь цагийн бүртгэл бусад нотлох баримтаар нотлогдох болно.

Захиргааны зөвлөлийн хурлын үйл ажиллагааны журам зөрчсөн гэжээ. Миний бие өнгөрсөн хугацаанд нэг удаа Захиргааны зөвлөлийн хуралд оролцоогүй учир нь Сити баз консалтинг ХХК-ний гэрээг сунгах талаар хэлэлцэх байсан тул албан ёсоор мэдэгдэн хуралд оролцоогүй юм. Ажлаас халахдаа надаас тайлбар мэдээлэл, ажлын тайлан, нэгтгэл авахгүйгээр хууль бусаар ажлаас халсан бөгөөд миний бие ажлаас халсан дээрх хууль бус үйлдлийг эс зөвшөөрч Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилдаа эгүүлэн тогтоолгох гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд 2018 оны 8 сарын 29-ний өдөр бичиж 9 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй болно. Ингээд очиж уулзахад өргөдөл гомдлын бүртгэлийн картыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн. Иймд хууль бусаар ажлаас халж миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул энэхүү захиргааны акт болох Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Оын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах ажилдаа эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан захиргааны актыг хүчингүй болгон ажилд эгүүлэн тогтоож 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлд дурдсан зүйлст дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих хөндлөнгийн байгууллага болох Сити баз консалтинг ХХК-тай гэрээ байгуулсантай холбогдуулан Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.М нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шууд удирдлаган дор ажилладаг албан хаагчдад Сити баз консалтинг ХХК-тай холбогдох асуудлаар Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэрийг нөхөж хийлгэх хууль бус үүрэг даалгавар өгч байсан нь холбогдох баримтаар нотлогдож байгаа болно. Ц.М нь өөрөө гэрээ шууд байгуулах нь хуульд нийцээгүй, шударга бус үйл ажиллагаа гэж мэдсэн хэрнээ харьяа албан тушаалтнууддаа хууль бус үйл ажиллагаа явуулахыг даалгаж байгаа нь удирдлага, арга зүйн чиглэл, зохион байгуулалтаар хангаж ажилладаггүй, ашиг сонирхол болон ёс зүйн зөрчилтэй гэж үзэж байна.

2. Үндэсний аудитын газрын Нийслэл дэх төрийн аудитын газраас 2018 оны 02 дугаар арын 23-ны өдрийн 588 тоот албан бичгээр тус газарт Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2009 онд нийтийн тээврийн 7 компанид зээлээр олгосон 150 автобусны төлбөр 10,837,056.0 мянган төгрөгийн авлагын үлдэгдлийг баталгаажуулаагүй, Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т олгосон их оврын 20 автобусны 5,383,500.0 мянган төгрөгийн авлагыг санхүүгийн тайланд тусгаагүй, баталгаажуулаагүй зөрчлүүд нь санхүүгийн тайлан оршин байх, эрх ба үүрэг, тохиолдсон байх, иж бүрэн байх гэсэн батламж мэдэгдлүүдийг хангахгүй байна гэснээр хязгаарлалттай дүгнэлт гаргасан байдаг.

Дээрх зөрчилтэй асуудлаар Нийслэлийн Засаг дарга 2018 оны Б/64 дугаар захирамжаар тус газрын дарга Д.От арга хэмжээ тооцсон ба захирамжийн 2 дахь хэсэгт "...зөрчил гаргаж, хариуцлагагүй ажилласан албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох... гэж заасны дагуу холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болгосны дагуу Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.М 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/74 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж цаашид ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг хэрэгжүүлж хариуцлагатай ажиллахыг Ц.Мад даалгасан байдаг.

Энэ нь Нийслэлийн Тээврийн газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд үүрэг, даалгавар өгсөн гэж үзэх бөгөөд энэхүү үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, дотоод аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаанд нь багтаан хэрэгжүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн болно.

3. 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/36 дугаар тушаалаар Улаанбаатар смарт карт ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээ-г дүгнэх аргачлалыг боловсруулах, дүгнэх ажлын хэсэг байгуулагдан Ц.Мыг ажлын хэсгийн ахлагчаар томилон тушаалын 2 дахь хэсгээр Гэрээг дүгнэх аргачлал-ыг боловсруулж, дүгнэн танилцуулах болон гэрээг эхний улирлаас эхлэн дүгнэн ажиллахыг даалгасан байдаг.

Гэтэл ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд тушаалын хэрэгжилт хангагдаагүй болно. Учир нь өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хуралдан хэлэлцсэн гэх боловч он дамжин, хугацаа хэтрүүлж, гаргасан гэрээ дүгнэх аргачлал шаардлага хангахгүй удаа дараа тус газрын Захиргааны зөвлөлийн хурлаас буцаагдан үүрэг даалгавар өгөгдөж, гэрээг эхний улирлаас эхлэн дүгнэн ажиллах даалгавар чанарын хувьд доголдсон юм.

4. Нийтийн тээврийн хот орчмын чиглэлийн үйлчилгээний үнэ тарифыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ-гээр тогтоодог бөгөөд зайнаас хамааран харилцан адилгүй үнэ, тарифтай байдаг.

Уг үнэ тарифыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын чиглэлийн тарифыг удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системд тусгах асуудлыг хамтран хэлэлцэх, санал боловсруулах" үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан Ц.М нь ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон болно.

Ажлын хэсэг нийтдээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд нийтдээ 3 удаа хуралдсан гэх боловч 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл үйлдэгдсэн байдаг. Дээрх тушаалын 2 дахь заалтад нэхэмжлэгч /Ажлын хэсгийн ахлагч/ Ц.Мад Дээрх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийн шийдвэр, санал, ажлын тайланг Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулах, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллах-ыг даалгасан боловч уг ажлын хэсэг хангалтгүй ажилласнаас хот орчмын чиглэлийн тарифыг удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системд тусгах асуудал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй доголдсон байна.

Нэхэмжлэлд дурдсан ...Дээрх ажлын хэсгүүдийг хуваарийн дагуу хуралдуулж шийдэл шийдвэрүүдийг гарган, Захиргааны зөвлөлийн хуралд бичгээр танилцуулж байсан... гэх зүйлс нь дээрх тайлбараар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээр байх ба тус газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гаргасан гэж үзэж байна.

5. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тус газрын дотоод аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаанд нь багтаан хэрэгжүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн гэх зөрчил нь тус газрын даргын 2017 оны А/88 тоот тушаалаар тус газрын хэлтэс, нэгжүүдийн 2017 оны үйл ажиллагааны хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, бүх шатанд ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэх, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах үүрэг бүхий дотоод аудитын ажлын хэсэг байгуулагдан зөвлөмж гаргасан бөгөөд өгсөн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсан байдаг.

Дээрх төлөвлөгөөнд тусгагдсан ажил, үүргийг хугацаанд нь биелүүлээгүй зөрчил үйлдсэн нь холбогдох Аудитын ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт болон бусад холбогдох баримтаар нотлогдож байгаа болно.

6. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн дагуу Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба болон нийтийн тээврийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалтад /Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/ нэхэмжлэгч Ц.М нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй байдаг.

Тухайлбал: нэхэмжлэлд "...Дээрх үйл ажиллагаанд миний бие оролцох бүрэн боломжтой байсан бөгөөд албан ёсоор мэдэгдээгүй, үйл ажиллагаа болох тухай мэдээлэл байгаагүй, энэ үйл ажиллагаанд зориулж хээрийн хувцас захиалсан байсан юм билээ, түүнийг би мэдээгүй, надад хэлээгүй оролцох нөхцөлөөр хангаагүй байсан... гэх худал мэдээллийг нэхэмжлэлд бичсэн байна.

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/15 дугаар тушаалаар Онцгой байдлын болон гамшгаас хамгаалах байнгын ажиллагаатай орон тооны бус штаб шинэчлэн байгуулагдсан бөгөөд Ар тал, хангалт хариуцсан ажилтан-аар Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга хамаардаг. Уг тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан Ар тал, хангалт хариуцсан ажилтан-ны ажил үүргийн хуваарийг баталсан байдаг.

Мөн Нийслэлийн Тээврийн газрын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах албаны бэлэн байдлыг хангах зорилгоор бэлэн байдлын үзлэгийн хүрээнд авч хэрэгжүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг ЗУСХ-ийн даргад үүрэг болгосон байна.

Дээрх 2 тушаал болон бэлэн байдлын үзлэг, сургалт явагдах хугацаатай танилцаж, гарын үсгээр баталгаажуулсан байх тул албан ёсоор мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан штаб удаа дараа хуралдсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, ЗУСХ-ийн дарга Ц.Мад хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлд хэмжээ авч захиалгаар хийлгэн, хүлээлгэн өгсөн байдаг. Тухайн арга хэмжээ болохоос өмнө өөрт мэдэгдсээр байтал оролцоогүй нь төрийн албан хаагчийн амаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэх юм.

7. Нэхэмжлэгч Ц.М нь тус газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар батлагдсан Захиргааны зөвлөлийн хурлын гишүүдийн бүрэлдэхүүн-д ордог бөгөөд ажлын байрандаа байсан мөртлөө Захиргааны зөвлөлийн хуралд оролцохоос хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзаж ороогүй байдаг.

8. Нэхэмжлэгч Ц.Мад Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дүгээр тушаалыг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д захиргааны актыг гардаж авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг мэдэгдсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг. Ц.М нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна.

9. Нэхэмжлэгч Ц.Мыг ажлаас халсан захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох журмын дагуу явуулсан тул тус газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5/99 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэж байна.

Иймд Ц.Мын гаргасан Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ц.Мыг ажлаас халах тухай *** тоот захиргааны актыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Тээврийн газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд М.М.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нийслэлийн тээврийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар Нийслэлийн тээврийн газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон. Энэ албан тушаалд Төрийн албаны салбар зөвлөлийн 100 дугаар тогтоолоор дүгнэлт гарсан байгаа. Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын нөөцөд бүртгэлтэй байсан. Үүний дагуу томилогдсон. Нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэдэг нь тодорхой бус. Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам гарсан. Үүнд заасанчлан эзгүй байгаа албан тушаалтныг томилогдох хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгүүлнэ гэсэн зохицуулалт байдаг. Нэхэмжлэгч Ц.М нь Төрийн албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтад ороогүй. Төрийн албаны салбар зөвлөлийн 100 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Тээврийн газрын даргын тушаал гарсан тул хууль зүйн үндэслэлтэй тушаал гэж үзэж байгаа. Иймд энэ албан тушаалдаа хууль ёсны дагуу томилогдсон тул нэхэмжлэгч Ц.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.М нь түр орлон гүйцэтгэгч байсан. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэсэн ба энэ нөхөх хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгэж байсан. Маргаж буй 3 үндэслэл нь Нийслэлийн тээврийн газрын даргын тушаалтай холбогдуулаад хэлбэл нэгэнт түр орлон гүйцэтгэгч, ажил олгогч хоёрын хооронд харилцан тохиролцоод байгуулсан гэрээний хүрээнд ажил олгогчийн зүгээс ямар нэг байдлаар ажлын шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлүүдээ дүгнээд цааш ажиллуулах боломжгүй байна гэж үзсэн. Энэ нь хууль зөрчөөд, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг эдлэх байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Төрийн албаны зөвлөлөөс нөөцөд байх нэр дэвшигчийг санал болгоод үүнийг нь ажил олгогчийн зүгээс томилоод тухайн албан тушаалын сул орон тоо эргээд нөхөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн боломж байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Ц.М нь Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ц.Мыг ажлаас халах тухай дугаар *** тоот тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Тээврийн газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Тээврийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ц.Мыг ажилд томилох тухай дугаар Б/191 тоот тушаалаар Ц.Мыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ц.Мыг ажлаас халах тухай дугаар *** тоот тушаалаар тус газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Мыг

         2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/74 дугаар тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй

         2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/36 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар тус тус өгсөн үүрэг даалгаврын хугацааг хэтрүүлсэн, чанарын хувьд доголдуулсан

         2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тус газрын дотоод аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаанд нь багтаан хэрэгжүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн

         Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн дагуу Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба болон нийтийн тээврийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй

         2015 оны А/31 дүгээр тушаалаар батлагдсан Захиргааны зөвлөлийн хурлын үйл ажиллагааны журам-ыг зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь халсан байна.

Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Ц.Мад сахилгын шийтгэл ногдуулах тухай дугаар Б/74 тоот тушаалын 1 дэх заалтаар Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.М нь хариуцлагагүй ажилласны улмаас нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр тус газар нь хязгаарлалттай дүгнэлт авсан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулж, 2 дахь заалтаар цаашид ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг хэрэгжүүлж хариуцлагатай ажиллахыг Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Мад даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хариуцлага тооцох тухай дугаар Б/64 тоот захирамжаар Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр хязгаарлалттай дүгнэлт авсан Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.От сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нийслэлийн Тээврийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээг дүгнэх аргачлалыг боловсруулах, дүгнэх ажлын хэсэг байгуулах тухай дугаар А/36 тоот тушаалын 1 дэх заалтаар Нийслэлийн тээврийн үйлчилгээний бүртгэл хяналт, мэдээлэл, төлбөр хураалтыг гүйцэтгүүлэх гэрээний 5.1-д заасны дагуу гэрээг дүгнэх аргачлалыг боловсруулах, дүгнэх ажлын хэсгийг байгуулж, уг тушаалын 2 дахь заалтаар гэрээг дүгнэх аргачлалыг боловсруулж, дүгнэн танилцуулах болон гэрээг эхний улирлаас эхлэн дүгнэн ажиллахыг ажлын хэсэг /Ц.М/-т даалгасан байна.

Нийслэлийн Тээврийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай дугаар А/41 тоот тушаалын 1 дэх заалтаар Нийслэлийн тээврийн үйлчилгээний хот орчмын чиглэлийн тарифыг удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системд тусгах асуудлыг хамтран хэлэлцэх, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг-ийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталж, уг тушаалыг 2 дахь заалтаар дээрхи чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг шийдвэр, санал, ажлын тайланг Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулах, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллахыг ажлын хэсгийг ахлагч Ц.Мад үүрэг болгосон байна.

Нийслэлийн Тээврийн газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэх, журам батлах тухай дугаар А/31 тоот тушаалаар захиргааны зөвлөлийн хурлын үйл ажиллагааны журмыг нэгдүгээр хавсралтаар баталсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, маргаан бүхий албан тушаал дээр түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул нэхэмжлэл үндэслэлгүй, тухайн албан тушаал эгүүлэн томилох боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны дугаар *** тоот тушаал нь нэхэмжлэгчийг төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй гэсэн үндэслэлээр гараагүй буюу уг тушаалд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй гэсэн үндэслэлийг заагаагүй байна.

Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлээс үзэхэд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж томилох, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн эсхүл мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэнийг томилох нь хариуцагчийн буюу томилох эрх бүхий албан тушаалтны үүрэг тул төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ц.Мыг ажлаас халах тухай дугаар *** тоот тушаалд заасан 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/74 дугаар тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлийн тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд дээрх Б/74 дүгээр тушаалаар хүлээсэн хэдий хугацаанд гүйцэтгэх, тодорхой ямар үүргүүдийг биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь тодорхойгүй, ямар үүргүүдийг биелүүлээгүй гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, ойлгомжгүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/36 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар тус тус өгсөн үүрэг даалгаврын хугацааг хэтрүүлсэн, чанарын хувьд доголдуулсан гэсэн үндэслэлийн тухайд:

Нийслэлийн Тээврийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/36 дугаар болон 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар нэхэмжлэгч Ц.М томилогдсон байна.

Нийслэлийн Тээврийн газрын захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд[1], нэхэмжлэгчийн тайлбар зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд дээрх 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/36 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар тус тус өгсөн үүрэг даалгаврын хугацааг хэтрүүлсэн, чанарын хувьд доголдуулсан гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

Учир нь дээрх тушаалуудаар өгсөн үүрэг даалгавруудыг багаар хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан байх ба багаар, хамтаар хэрэгжүүлэх ажил, үүргийг зөвхөн Ц.Мыг хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд[2], нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд дээр дурдсан тушаалуудаар хүлээсэн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээргүй, зөвхөн Ц.Мыг буруутгах боломжгүй болох нь нотлогдож байна.

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тус газрын дотоод аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаанд нь багтаан хэрэгжүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн гэсэн үндэслэлийн тухайд:

Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны А/88 тоот тушаалаар батлагдсан аудитын ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө /хүснэгтээр/ болон уг төлөвлөгөөний биелэлт /хүснэгтээр/, дээрх төлөвлөгөөний биелэлтэд хийсэн гүйцэтгэлийн шалгалтын тайлан[3] зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд мөн багаар хэрэгжүүлэх ажил үүргийг зөвхөн Ц.Мыг хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн дотоод аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой ямар ажил, үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд зөрчлийн шинж байдалд нь тохируулан, зөрчлийн шинж байдлаас шалтгаалан сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан бөгөөд зөрчлийн шинжгүй, ялимгүй бол шийтгэл ногдуулах үндэслэл үүсэхгүй юм.

Иймд дээр дурдсан багаар, хамтаар хэрэгжүүлэх ажил үүргийг зөвхөн Ц.Мыг хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь, зөвхөн Ц.Мыг буруутгасан нь үндэслэлгүй буюу зөрчлийн шинж байдал тохироогүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн дагуу Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба болон нийтийн тээврийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй гэсэн үндэслэлийн тухайд:

Бэлэн байдлын үзлэгийн хүрээнд авч хэрэгжүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө[4] болон Нийслэлийн Онцгой байдлын газрын Нийслэлийн гамшгаас хамгаалах нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулалтын албанд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг явуулсан тухай 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн танилцуулгаас[5] үзэхэд гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалт, үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалтад оролцоогүй зөрчлийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байх ба уг зөрчлийг тухайн өдөр илрүүлсэн нь тодорхой бөгөөд уг өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл хүлээлгэх ёстой атал сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн байна.

2015 оны А/31 дүгээр тушаалаар батлагдсан Захиргааны зөвлөлийн хурлын үйл ажиллагааны журам-ыг зөрчсөн гэсэн үндэслэлийн тухайд:

Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ц.Мыг ажлаас халах тухай дугаар *** тоот тушаалаас үзэхэд Захиргааны зөвлөлийн хурлын үйл ажиллагааны журмын аль заалтыг ямар байдлаар зөрчсөн нь тодорхойгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд Нийслэлийн Тээврийн газрын дарга гарын үсэг зурах ёстой атал хэлтсийн дарга гарын үсэг зурсан нь журам зөрчсөн гэсэн агуулгаар шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт цугларсан Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд, хурлын тэмдэглэлд Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга гарын үсэг зурсаар ирсэн практик тогтсон гэсэн агуулгаар тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар, Захиргааны зөвлөлийн хурлын үйл ажиллагааны журам-ын 3.6 дахь заалтаас үзэхэд Захиргааны зөвлөлийн хурлын үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Шүүх Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ц.Мыг ажлаас халах тухай дугаар *** тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.Мыг Нийслэлийн Тээврийн газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Ц.Мын цалингийн картын дагуу тооцон үзэж 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх нийт 2,626,544 (хоёр сая зургаан зуун хорин зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Энд тэмдэглэхэд шүүх нэхэмжлэгч Ц.Мыг Нийслэлийн Тээврийн газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа буюу тус газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөхөх хүртэл хугацаагаар эгүүлэн тогтоож байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Тээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ц.Мыг ажлаас халах тухай дугаар *** тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.Мыг Нийслэлийн Тээврийн газрын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Ц.Мад 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,626,544 (хоёр сая зургаан зуун хорин зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгийг олгохыг Нийслэлийн Тээврийн газрын даргад даалгасугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 110-132 дугаар хуудас

[2] 2 дугаар хавтаст хэргийн 110-132 дугаар хуудас

[3] 2 дугаар хавтаст хэргийн 38-65 дугаар хуудас

[4] 2 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас

[5] 2 дугаар хавтаст хэргийн 100 дугаар хуудас