Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1285

 

 

 

2024       11          25                                  2024/ШЦТ/1285

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хангад овогт Содномжамцийн Нэргүйд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402 00000 0286 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1961 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймагт төрсөн, 63 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ....................... ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт .................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******нь Ахмадмын асрамж, хөгжлийн үндэсний төвийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг шалгалтанд хамрагдаж тэнцээгүй,

Уг шалгалтад тэнцсэн мэтээр 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2021/АЗ-2820 дугаартай гэрчилгээг Б.Болорбатад, 2020 оны 10 дугаар сарын 22- ны өдрийн 2020/АЗ-2580 дугаартай гэрчилгээг Х.Дашбямбад, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/АЗ-2576 дугаартай гэрчилгээг Г.Амарсайханд, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/АЗ-4345 дугаартай гэрчилгээг У.Амарсайханд, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/АЗ-3651 дугаартай гэрчилгээг Н.Лхашиднямд тус тус гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалгын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Дуламсүрэн, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Чинбат нарт “...Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянзүрх дуургийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Дуламсүрэнгийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Хоролсүрэнгийн хүү Б.Баатарчулууны эзэмшлийн Хаан банкин дахь 5564203582 дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь 5727017752 тоот данснаас 600,000 төгрөгийг шилжүүлэн үргэлжилсэн үйлдлээр хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн худалдан авах ажиллагааны газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 43-47/, 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн “Хаан банкнаас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 29/6111 дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны хуулгуудад үзлэг хийж Содномжамцын Нэргүйн нэр дээр бүртгэлтэй 5727017752 дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулгыг тусад нь хуурцаг дээр хуулбарлан авч үзлэг хийхэд хэрэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдал тогтоогдсон болно. Үүнд: 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Гомбожавын Батбилэгийн 5431071306 тоот данс руу 400,000 төгрөгийг 9519, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Гомбожавын Батбилэгийн 5431071306 тоот данс руу 400,000 төгрөгийг Nergui, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б.Баатарчулууны 5564203582 тоот данс руу 200,000 төгрөгийг 95191608, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Баатарчулууны 5564203582 тоот данс руу 200,000 төгрөгийг Nergui, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б.Баатарчулууны 5564203582 тоот данс руу 200,000 төгрөгийг Nergui гэсэн утгатайгаар шилжүүлсэн. *******эргүйн дансанд үзлэг хийхэд түүний дансанд хүнсний бараа борлуулах үйл ажиллагааны орлого орж байгаа бөгөөд өөрийн дансанд байсан эх үүсвэрээс дээрх гүйлгээг хийгдсэн болох нь тогтоогдсон байна..” гэх тэмдэглэл /1хх-ийн 185-186/, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн цахим сайтад үзлэг хийсэн “Албаны Dell маркийн компьютерийн Google chrome хэсэгт орж Төрийн худалдан авах ажилланааны tender.gov.mn сайтад нэвтэрч Ахмад настны үндэсний төвийн ерөнхий нягтлан бодогч *******эргүйн мэдүүлэгтээ дурдсан дараах этгээдүүд нь худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны А-3 сертификат авсан бүртгэлтэй байгаа эсэхийг шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон болно. Үүнд ..Содномжамцын Нэргүй ГВ61011708, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, гэрчилгээний дугаар: 2021/А-32821 гэсэн гэрчилгээг гаргуулан авсан бүртгэлтэй байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчилгээг хүчингүй болгосон байна...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 167/, Гэрч Х.Дашдамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тийм ээ, би А-3 гэрчилгээ олгох сургалтад 2 удаа хамрагдаж байсан ба эхний удаа бол ямар ч байсан сургалтад сууж гэрчилгээ авч байсан.  Харин сүүлийн удаа гэрчилгээ авахдаа мөнгийг нь төлөөд худалдаж авсан. Надад энэ гэрчилгээг *******эгч худалдан авч өгсөн юм. Тухайн үед надтай Г.Амарсайхан гэж хүн мөн гэрчилэгээ мөнгийг нь өгч авч байсан. Энэ гэрчилгээний мөнгийг тухайн үед Нэргүй эгч өгсөн ба Үнэлгээний хороо ажиллах гээд А-3 гэрчилгээтэй хүн байхгүй болчхоод байсан юм. Тэгээд надад А-3 гэрчилгээ авч өгч байсан. Би Нэргүй эгчид мөнгө өгөөгүй байхаа. Тэр талаар одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 195/, Гэрч Ц.Батзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд сургалт зохион байгуулах тухай бүрд сургалтын байгууллага зар оруулдаг ба зарын дагуу сонирхогч, суралцагч тухайн байгууллага руу холбогдож, сургалтад бүртгүүлээд энэ сургалтад хамрагдаж байгаа иргэдийн мэдээллийг сургалтын байгууллага цахим системд бүртгэж явдаг бөгөөд энэ системд бүртгэгдсэн иргэд шалгалтад орох эрх үүсдэг юм. Тэгээд шалгалтын өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас шалгалт хариуцсан мэргэжилтэн шалгалтын тов тогтоож, товлосон цагт танхим болон цахимаар авч байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 210-211/, гэрч А.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг ажиллаж байх хугацаанд ийм зүйл гарч байгаагүй. Харин мэргэжилтнүүд тендер шалгаруулттай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт дуудагдаж, мэдүүлэг өгч байсан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэл ирсэн ба мэдэгдэл дээрээс тухайн асуудлыг мэдсэн байгаа. Манай байгууллагын үндсэн чиг үүрэгтэй харш үйлдэл бөгөөд сургалтын байгууллагад бүртгүүлээгүй, шалгалтад ороогүй этгээдийн тэнцүүлсэн мэтээр цахим системд бүртгэж байгаа нь хууль бус үйлдэл юм. Сургалт хариуцсан 2 мэргэжилтэн байгаа бөгөөд С.Чинбат, Ө.Одбаатар гэсэн 2 ажилтан шалгалтыг авдаг. Миний мэдэж байгаагаар тухайн 2 албан тушаалтан нь худалдан авах ажиллагааны салбарт 10-аад жил ажиллаж байгаа бөгөөд 2020 онд Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдахад худалдан авах ажиллагааны сургалт хариуцсан мэргэжилтнээр томилогдож байсан ба С.Чинбат нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2024 оны 04 дүгээр сарын эхэн үеэр өгсөн. Харин Ө.Одбаатар нь одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 213-214/, Гэрч Г.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд сүүлд намайг Төрийн өмчийн хорооноос гараад өөр ажил хийж байхад Дуламсүрэнтэй тааралдаад уулзсан ба тэр үед юм хум ярьж сууж байгаад Дуламсүрэн надаас “танд карт байна уу” гэж асуухаар нь байна гэж хэлсэн. Тэгсэн чинь та дансныхаа дугаарыг цаасан дээр бичээд өгөөч гэж хэлэхээр нь би цаасан дээр тэр дансныхаа дугаарыг бичээд өгсөн юм. Тухайн үед Дуламсүрэн хэлэхдээ танд ойр ойрхон хэрэглэдэггүй данс байна уу л гэж асууж байсан. Тэгээд би энэ картыг Дуламсүрэнд өгөөд хэзээ авсан билээ бүүр сүүлд нь авсан. Гэхдээ би энэ картаа өгснөө бүр мартсан байсан. Тэгсэн банкин дээр очсон чинь таны нэр дээр ийм ийм данс байдаг юм байна гэж хэлэхээр нь санаад Дуламсүрэн рүү яриад эгч нь картаа авъя гэж хэлээд авсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 228-229/, Гэрч У.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сард хальт цахимаар худалдан авах ажиллагааны зарим гарын авлагыг судалсан. Тэрнээс би албан ёсоор сургалтад хамрагдаагүй. Би мөн шалгалт өгөөгүй. Намайг ажилд ороход ерөнхий нягтлан бодогч *******худалдан авах ажиллагаанд орно тийм учраас А-3 гэрчилгээтэй байх ёстой гээд надад тэр 2021 оны 12 дугаар сард А-2 гэрчилгээний төлбөрийг өөрөөсөө төлж авч өгсөн. Тэгээд би дараа нь цалин дээрээс *******эгчид мөнгийг нь төлсөн. Би тэр үед сургалтын төлбөрийг нь төлж байна л гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 231/, гэрч Н.Лхашиднямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Худалдан авах ажиллагааы А-3 гэрчилгээ олгох сургалтад хамрагдаж байгаагүй. 2022 оны хавар санагдаад байна. Манай дээр худалдан авах ажиллагаа явуулах гээд Үнэлгээний хороонд орж ажиллах хүн байхгүй болчихоод байсан. Тэгээд Нэргүй эгчийн таньдаг хүн нь Төрийн өмчийн хороонд ажилладаг хүн байдаг. Тэгээд тэр хүнтэй ярьж байгаад би гаргуулаад өгье гээд тухайн үед Нэргүй эгчээс төлбөрийг нь хийсэн ба дараа нь би мөнгийг нь өгсөн санагдаж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 233/, Гэрч Б.Болорбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би худалдан авах ажиллагааны А-3 гэрчилгээ олгох сургалтад хамрагдаж байгаагүй. Би Ахмад настны Үндэсний төвд дөнгөж ажилд орсон байсан. Тухайн үед сумын хэмжээнд 3-4 хүн худалдан авах ажиллагааны А-3 сертификаттай байсан учраас манай байгууллагаас худалдан худалдан авах ажиллагааны А-3 сертификат сургалтад сууж авах талаар хэлж байсан. Тэгээд би Нэргүй эгчээс худалдан авах ажиллагааны А-3 сертификатыг хаана сургалтад сууж яаж авдаг юм бэ гэж асуусан юм. Тэгсэн чинь Нэргүй эгч надад нэг таньдаг хүн байгаа тэр хүн төрийн өмчийн газарт ажилладаг юм, тэр хүнтэй яриад асуугаад өгье гэсэн. Тэгээд маргааш нь Нэргүй эгч нөгөө хүнтэй ярьсан гэрчилгээний мөнгө болох 200,000 төгрөгийг өгөх юм байна гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас Нэргүй эгч өөрөө 200,000 төгрөгийг тэр хүн өгөөд дараа нь би 2-3 хуваагаад 200,000 төгрөгийг Нэргүй эгчид өгсөн юм. Он сарыг одоо сайн санахгүй байна..” гэх мэдүүлэг /1хх-ийн 235/, яллагдагч *******эргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баатарчулуун гэх хүнийг танихгүй. Би Дуламсүрэнг 6-7 жилийн өмнөөс ажлын шугамаар таних болсон. Миний ажилладаг Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Ахмад настны үндэсний төв нэртэй байгууллагын үндсэн хөрөнгийн тайланг авч хариуцдаг мэргэжилтэн бол Дуламсүрэн юм. Иймээс тайланг илгээж ажлын шугамаар таньдаг болсон. Төрийн худалдан авах үйл ажиллагааны сургалтад 2020 оноос өмнө суугаад тэнцэж байгаагүй юм. Иймд Дуламсүрэнтэй утсаар ярьж байхдаа “би худалдан авах ажиллагааны сургалтад суугаад тэнцэж байгаагүй” гэдгээ хэлтэл Дуламсүрэнгээс “АЗ сертификат авч болох байх шүү би асуугаад тодруулаад өгье” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа над руу Дуламсүрэн утсаар залгаад “А-З сертификат авч болох юм байна, би танд дансыг аваад өгнө. Тэр данс руу 200,000 төгрөгийг хийгээрэй” гэж хэлээд миний гүйлгээ хийсэн дээрх дансыг өгч би өөрийн хаан банкны 5727017752 тоот данснаасаа өөрийнхөө сертификатын үнэ 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ үед надтай цуг манай ажлын тооцооны нягтлан У.Амарсайхан, мэдээлэл технологийн ажилтан Г.Амарсайхан нар А-З сертификат авсан юм. Би энэ 2 хүнийг Дуламсүрэнтэй хогбогдон сургалтын А-З сертификат авсан юм. Би У.Амарсайхан, Г.Амарсайхан бид 3 худалдан авах ажиллагааны сургалтад суугаагүй, шалгалт өгөхгүйгээр АЗ сертификат авсан юм. У.Амарсайхан, Г.Амарсайхан нар нь тухайн үед мөнгөгүй байна гээд сургалтын төлбөр, сертификатын үнэ 200,000 төгрөгөө надаас зээлээд би тэр хоёрын өмнөөс тус бүр 200,000 төгрөгийг шилжүүлээд нийлээд 600,000 төгрөг болоод байгаад юм. 3 удаа 200,000 төгрөгөөр шилжүүлсэн гэсэн юм. Мэдээлэл технологийн ажилтан Г.Амарсайхан 2022 ондоо ажлаасаа гарсан байгаа ба Г.Амарсайхан өмнө А-З сертификаттай байсан ба түүнийхэн хугацаа дууссан гэж сунгуулсан. Харин тооцооны нягтлан У.Амарсайхан А-З сертификат шинээр авсан одоо байгууллагадаа ажиллаж байгаа. Намайг анх худалдан авах ажиллагааны сургалтад сууж байх үед 2010 оны эхээр сургалтын төлбөр авч байсан юм. Тэр үе шигээ бодоод сургалтын төлбөр, сертификатын үнэ юм байна гэж бодоод шилжүүлсэн. Би сургалтын төлбөр, сертификатын үнэ гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /1хх-ийн 243-244/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл, мөнгө өгснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдана.

 

Шүүгдэгч *******нь Ахмадмын асрамж, хөгжлийн үндэсний төвийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг шалгалтанд хамрагдаж тэнцээгүй,

Уг шалгалтад тэнцсэн мэтээр 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2021/АЗ-2820 дугаартай гэрчилгээг Б.Болорбатад, 2020 оны 10 дугаар сарын 22- ны өдрийн 2020/АЗ-2580 дугаартай гэрчилгээг Х.Дашбямбад, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/АЗ-2576 дугаартай гэрчилгээг Г.Амарсайханд, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/АЗ-4345 дугаартай гэрчилгээг У.Амарсайханд, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/АЗ-3651 дугаартай гэрчилгээг Н.Лхашиднямд тус тус гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалгын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Дуламсүрэн, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Чинбат нарт “...Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянзүрх дуургийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Дуламсүрэнгийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Хоролсүрэнгийн хүү Б.Баатарчулууны эзэмшлийн Хаан банкин дахь 5564203582 дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь 5727017752 тоот данснаас 600,000 төгрөгийг шилжүүлсэн үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр хахууль өгсөн гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч *******нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, *******нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО